No menu items!
HomeСэдэвТөрсөн эхдээ гологдсон төв сувиллын хүүхдүүд

Төрсөн эхдээ гологдсон төв сувиллын хүүхдүүд

-

Цагаан цаас шиг бяцхан амьтад юугаа ч мэдэхгүй инээж баясна. Өрөөнд орж ирэх хүн бүрийг ажиглаж хаашаа л явна дагуулж харна.

0-3 хүртэлх насны 70 гаруй хүүхэд хүмүүжиж буй уг байгууллага бол улсын хэмжээнд хаягдсан, гээгдсэн, эцэг эхдээ гологдсон асаргаа шаардсан хүүхэд бүрийг халамжилдаг Хүүхдийн төв сувилал юм.

Одоогоос 40 гаруй жилийн өмнө байгуулагдсан тус сувилал нь зөвхөн эмзэг бүлгийн, өнчин, хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг авдаг байжээ. Гэвч өнөөдрийн байдлаар тус төвд дутуу нярай, төрөлхийн тархи мэдрэлийн гажигтай, эцэг эх нь хаяад явчихсан зэрэг 0-13 насны 75 хүүхэд халамжлуулж байна.

Тээж төрүүлсэн алаг үрээ хэнэг ч үгүй хаяад явсан эх хүн байна гэж бодохоор зүрх шимширмээр.

Харин тэдний оронд эдгээр хүүхдүүдийн төлөө, ирээдүй нь яах бол гэж санаа зовдог хүмүүс бол Хүүхдийн төв сувиллын эмч, сувилагч, асрагч нар. Тэд хүүхдүүдийг өөрийн үр мэт өдөржин шөнөжин, халамжилна.

Сурвалжлагаар очихдоо бид хамгийн түрүүнд хүлээн авах буюу шинээр ирсэн хүүхдийг тусгаарлах өрөөнд орсон юм. Тус тасагт өнөөдрийн байдлаар таван хүүхэд байна. Тэднийг 14 хоног тусгаарласны дараа ангид нь хуваарилдаг юм байна. Хүүхдийн сувиллын сувилагч, асрагч нар дөрвөн ээлжээр 24 цаг ажилладаг аж.0-3 хүртэлх насны 70 гаруй хүүхэдтэй

Тус сувиллын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Туяа хэлэхдээ “Бид нэг хүүхдийг өсгөхөд ямар хэцүү байдаг билээ.

Гэтэл энд нэг анги нь 13-15 хүүхэдтэй. Тэднийг бүгдийг нь хооллоно, босгоно, унтуулна, хуурайлна, бие засуулна, хувцаслана, тоглуулна, эмчилгээ үйлчилгээнд явуулна гээд ганц асрагч, ганц сувилагчид хүнд ажил. Эмнэлгийн сувилагч, асрагч нараас илүү хүч хөдөлмөр шаарддаг. Манай сувилагч, асрагч нар ачаалал ихтэй ажилладаг.

Гэсэн ч тэд хэзээ ч хэцүү гэж хэлдэггүй. Түүгээр нь бахархдаг” гэж байв. Хүүхдийн төв сувилалд ирдэг хүүхдүүдийн ихэнх нь ямар нэгэн суурь өвчтэй байдаг аж. Тухайлбал, тураалтай, рахиттай, цус багадалттай хүүхэд цөөнгүй гэнэ.

Тэдний олонх нь нийгмийн эмзэг бүлэг буюу гэр оронгүй, орц гудамжаар явдаг, аав, ээж нь шүүхээр эрхээ хасуулсан, бүтэн өнчин гэх хүүхэд дүүргүүдийн Засаг даргын захирамжаар энд ирдэг юм байна.

Хүүхдийн төв сувилал гэх энэ газрыг эмнэлэг, сувилал гэхээсээ илүү цэцэрлэг мэт тохижуулсан нь анги танхим, хонгилоор явах бүрт ажиглагдана.  Элдэв янзын тоглоом, үлгэрийн баатруудаар дүүрэн хана гээд тэнд хүүхдийн тохь тухтай байх орчинг үнэхээр бүрдүүлж чаджээ. Ганцхан тэдэнд эцэг, эхийн хайр энэрэл л дутагдаж байна. 

Саажилттай хүүхдийн анги руу ороход өлөөний цайгаа ууж байхтай нь таарлаа. Элэг эмтрэм юм. Өөрийнхөө хоолыг ч идэж чадахгүй зөвхөн хэн хэзээ хоол өгнө түүнийг нь хүлээж сууна.

Тус тасгийн сувилагч Цэцэгмаа “Эдгээр хүүхэд саажилттай учраас хөдөлгөөн нь хязгаарлагдмал. Заавал хүний оролцоотой хоолоо идэж, бие засаж, хувцасаа өмсөнө.

Гэтэл манай анги есөн хүүхэдтэй. Хамгийн том нь 13 настай ч явж чадахгүй. Өргөхөд хүнд. Бас ихэнх нь залгих эрхтэн муу учраас дандаа шингэн хоол өгнө. Бүгдийг нь ээлжлээд  хооллоно.Цагаан цаас шиг бяцхан амьтад юугаа ч мэдэхгүй инээж баясана

Хоолыг нь өгөхгүй бол зарим нь орилно, чарлана. Зүгээр сууж хоолоо иднэ гэсэн ойлголт байхгүй” гэсэн юм. Үнэхээр энэ хүүхдүүд цаашид хэрхэх бол ийм байдалтай хэр удаан байх бол гэдгийг бодохоос айдас хүрэх шиг болов. Болдогсон бол таны төрүүлсэн хүү, охин энд байна ганц удаа ч болов ирээд хараач гэж орхиод явсан ээжүүдэд нь хэлэхсэн.

Ингээд тус сувиллын дарга Э.Буянмандахаас цөөн асуултад хариулт авлаа.

 Э.Буянмандах: САНХҮҮЖИЛТ ДУТАГДАЛТАЙ БАЙНА

-Таны хувьд ажлаа хүлээж аваад удаагүй юм байна.  Ажлаа юунаас эхэлж байна вэ?

-Би Хүүхдийн төв сувиллын даргаар томилогдоод удаагүй байна. Тиймээс эхний ээлжинд үйл ажиллагаатай нь танилцаж байна. Мөн ажилчидтайгаа уулзаж бэрхшээл юу байгаа талаар судалж байна. Мөн өнгөрсөн өвөл Эрүүл мэндийн сайдын тушаалаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн байгууллагыг лавлагаа төв болгох шийдвэр гарсан. Үүний нэг нь манай сувилал.

Тиймээс байгууллагаа өргөжүүлж лавлагаа төв болгох хэрэгтэй. Манай байгууллага гэхэд сувилал биш эмчилдэг, сувилдаг, эрдэм шинжилгээний ажил явуулдаг, бодлого боловсруулахад оролцдог хүүхдийн чиглэлд нэлээд дуу хоолойтой байх ёстой болж байна. Энэ мэт бүтэц үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байгаа учраас ямар чиглэлээр хөгжүүлж юу хийх вэ гэдэг саналаа өөрсдөө боловсруулах зэрэг ойрын хугацаанд хийх хамгийн гол ажил маань энэ байна.  

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн ганц сувилал учраас бэрхшээл нэлээд байгаа биз?

– Улсын хэмжээнд ганцхан байдаг байгууллага учраас бэрхшээл хүндрэл нэлээд байна. Манайх чинь цэцэрлэг гэхэд хэцүү, эмнэлэг гэхэд хэцүү газар. Яагаад гэхээр цэцэрлэг юм уу гэхээр өвчтэй хүүхэд ирнэ. Тиймээс дандаа эмнэлгийн үйлчилгээ үзүүлж эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг. Гэтэл яг эмнэлэг юм уу гэхээр өвчтэй хүүхдийг эмчлэх боловсон хүчин болоод тоног төхөөрөмж, шинжилгээ хийх боломжгүй байсан. Гэхдээ өнгөрсөн жилээс цусны ерөнхий болоод бактерлиогийн шинжилгээг өөрийн лабораторидоо хийж эхэлсэн.

Ер нь улсын хэмжээнд байдаг ганц байгууллага гэдэг утгаараа хөдөө орон нутгаас хүүхэд ирэхээр, авна, авахгүй гээд асуудал гардаг юм байна. Ялангуяа дутуу нярайн тасагт энэ асуудал нэлээд гарч байна. Яагаад гэхээр сайдын тушаалын дагуу нийслэлд 1500 грамм, хөдөө орон нутагт 1700 граммаас дээш дутуу төрсөн нярайг авах ёстой гэж заасан байдаг бол 800, 900 грамм төрсөн хүүхэд манайд ирэх гээд байдаг. Гэтэл 1500 грамм хүрээгүй бол нарийн мэргэжлийн эмнэлэгт очих ёстой болж байгаа юм. Мөн манай сувилал нь бусад эмнэлгүүдтэй ижил даатгал, татвар зэргээс санхүүждэггүй учраас хөрөнгө мөнгө нэлээд дутагдалтай. Зөвхөн улсын төсвөөс санхүүждэг. Гэтэл энэ онд орж ирэх ёстой байсан мөнгөнөөсөө танаж байгаа гэсэн. Тэгэхээр авах гэж төлөвлөсөн багаж, тоног төхөөрөмжөө авч чадахгүй болж байна.

Э.ОРХОНСҮРЭН

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд