No menu items!
HomeЭмч зөвлөж байнаБ.Энхсайхан: Харшлын сорилыг есдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд тавиулах нь тохиромжтой

Б.Энхсайхан: Харшлын сорилыг есдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд тавиулах нь тохиромжтой

-

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Арьс, харшлын их эмч Б.Энхсайхантай ярилцаж, ургамлын тоосны харшил болон “чонон хөрвөс” өвчний талаарх зөвлөгөө, мэдээллийг бэлтгэлээ.

-Манай орны хувьд ургамлын тоосны харшил элбэг тохиолддог шүү дээ. Одоо эд харшил сэдрэх үе эхэлж байна. Тиймээс иргэдэд энэ талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэхгүй юу?

-Жил бүрийн дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэл монгол оронд ургаж байгаа нийтлэг ургамлын харшлын үе эхэлдэг. Дөрөвдүгээр сараас модлог ургамлын харшил эхэлдэг. Модлог ургамал нь тоосоо бага хэмжээгээр цацдаг учраас арай бага зовиур илэрдэг. Улмаар долоо, наймдугаар сард хогийн ургамал тоосоо цацаад эхлэхээр илүү хүнд зовиур мэдрэгдэнэ. Хүмүүс өөрсдийгөө шарилжны харшилтай л гээд яриад байдаг. Гэтэл сорил тавиад үзэхээр дийлэнхэд нь модлог, үет, хогийн ургамал зэрэг олон төрлийн ургамлын харшил илэрдэг. Тиймээс эмнэлэгт хандаж, сорил тавиулаад яг ямар ургамлын харшилтай, зуны турш ямар арга хэмжээ авах, ямар эм хэрэглэх зэрэг нарийн зөвлөмжийг авах нь маш чухал.

-Эмчилгээний талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай эмнэлгийн хувьд хоёр төрлийн угтуулах эмчилгээ хийдэг. Нэгдүгээрт, шарилжны эсрэг цацлага эмчилгээ. Хамрын шүршлэг байдлаар бэлддэг бөгөөд зөвхөн шарилжны харишилтай хүмүүст зориулагдсан. Долдугаар сарын 15 хүртэл ямар нэгэн зовиур илэрдэггүй хүмүүст гурван сарын турш энэ эмчилгээг хийдэг.

Хоёрдугаарт, сийвэн буюу цус солих эмчилгээ. Энэ нь модлог зэрэг бүх төрлийн ургамлын харшилтай хүмүүст зориулагдсан.  Үүнийг 1, 2, 3-р сард хийх бөгөөд нэг сарын курс эмчилгээ хийгдэнэ. Хүмүүс хамар жаахан битүүрэх, нүд загатнах зовиурыг харшлын шинж тэмдэг биш байдлаар, хүндээр хүлээж авдаггүй. Харин шинж тэмдэг, зовиур нэлээд хүнд илэрсэн тохиолдолд л харшил илэрч байна гэж үзээд байдаг. Хөнгөн зэргийн шинж тэмдгийг тоолгүй өнгөрч болохгүй. Сорил тавиулж яг ямар төрлийн харшилтай болохоо тодруулах хэрэгтэй.

Ингэж тодруулснаар тохирох төрлийн угтуулах эмчилгээг хийнэ. Энэ жилийн хувьд угтуулах эмчилгээ хийх үе дууссан. Тиймээс дараа жилийн 1, 2, 3-р саруудад сорилоо тавиулаад угтуулах эмчилгээнд хамрагдах боломжтой.

-Харшлын сорилыг хэзээ тавьдаг вэ, танай эмнэлэгт сорилыг байнга тавьж байна уу? Иргэд ЭМД-аар хэдэн төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг бол?

-Улиралын хувьд есдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд тавихад тохиромжтой байдаг. Эмч үзлэг хийгээд шаардлагатай тохиолдолд бусад үед тавьж болно. Манай эмнэлэгт харшлын сорилыг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлөлттэйгөөр хийдэг. 

-Сорил тавиулахын өмнө юуг анхаарах ёстой талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Харшлын ямар нэгэн зовиургүй, сүүлийн 10 хоногт гормоны ямар нэгэн тарилга хийлгээгүй, хамгийн багадаа 72 цаг харшлын эм уугаагүй, гар дээр ямар нэгэн тууралтгүй, халуурах гэх мэт үрэвслийн хурц шинж тэмдэггүй байгаа үед сорилыг тавина. 

Манай эмнэлэгт хүнсний болон ургамал, тоос шорооны гэсэн үндсэн хоёр чиглэлийн сорил тавьдаг. Бүх төрлийн харшлыг яг нарийн тодорхойлдог сорил гэж байхгүй. Нэг сорил тавиад л хэд хоногийн өмнө идсэн тийм хүнснээс харшилсан байна гэж нарийн тодорхойлох боломжгүй. Ургамлын харшлын хувьд монгол оронд нийтлэг ургадаг, харшил төрүүлдэг ургамлуудаар сорил тавьж байна. Гэтэл ургамлын төрөл зүйл хэдэн мянгаараа бий. Бүгд л харшил төрүүлэх боломжтой гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй.

-Ургамлын тоос агаарт идэвхтэй цацагдах үед ямар арга хэмжээ авах вэ, юуг анхаарах вэ?

-Харшилтай болсон бол заавал эмчийн зөвлөгөөг авах ёстой. Харшлын өвчин хүндээ маш их зовиур өгдөг, их төвөгтэй өвчин. Ямар хоол хүнсийг хориглох, өдөр тутамдаа ямар маск зүүх, хэзээ гадагш гарч болох, болохгүй гээд маш олон төрлийн онцлогтой. Ургамал тоосоо идэвхтэй цацах үе гэж бий.

Энэ нь өглөөний 04:00-10:00 цаг, оройн 17:00-22:00 цагийн хооронд болон бороо орсны дараа. Эдгээр үеүдэд цонхоо хаах, гадуур аль болох гарахгүй байх хэрэгтэй. Улиас модны харшилтай бол зургадугаар сард унгарил /модны цагаан хөвөн/ хийсэх үед аль болох гарахгүй байх, бага зэрэг чийгтэй маск зүүх гэх мэт онцлог зөвлөмжүүд байна. Тиймээс заавал эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

-Ургамлын харшилтай хүмүүс ямар төрлийн идээ ундаанаас зайлсхийх шаардлагатай байдаг бол?

– Дөрөвдүгээр сараас эхлэн алим, чавга, айраг цагаа хэрэглэхийг хорилодог. Жимснээс өөр төрлийн хүнсийг хориглох нь харьцангуй гайгүй. Дөрвөөс зургаан сарын хооронд үет ургамлын харшлын улмаас зовиур ихтэй байгаа тохиолдолд төмс, лууван хэрэглэхийг тодорхой хэмжээнд хориглодог.

-Хүмүүс шинж тэмдэг илрэхээр харшлын эм уугаад намдаагаад яваад байдаг шүү дээ. Ингэж хүндрүүлсэн тохиолдолд ямар эрсдэл үүсэх вэ?

– Ер нь ямар ч харшлын үед харшилж байгаа зүйлийн огцом урвал явагдах эрсдэлтэй бөгөөд хамгийн хүнд урвал нь анафлаксийн шок бөгөөд энэ нь хоолой бачуурч, ухаан алдах, цаашлаад амь насанд ч аюул учрах эрсдэлтэй.

-Ургамлын тоосны харшлын үед найтаах, хамар битүүрэхээс өөр өвөрмөц шинж тэмдэг илэрдэг үү?

 -Ерөнхийдөө ургамлын тоос хаана хүрч байна тэнд загатнана. Нүд, хамар, хоолой, чих загатнах шинжүүд илэрнэ. Мөн ханиах тохиолдол байдаг. Гэхдээ зөвхөн ханиалгалтаар илэрдэг харшил ховор. Нүд загатнах, хамар битүүрэх, ханиах, найтаах зэрэг шинжүүд зэрэг зэрэг илэрнэ.

-Харшлын өвчин удамших магадлал хэр элбэг байдаг вэ?

-Харшил нь дархлааны өвчин учраас удамших магадлал өндөр. Ээж, аав нь хоёулаа харшилтай байх юм бол 75 хувь, аль нэг нь харшилтай бол 25-50 хувийн удамших магадлалтай. Хүн бүр харилцан адилгүй. Гэхдээ үзлэгийн явцад харшлын тохиолдлын дийлэнх нь удамшлын өгүүлэмжтэй байдаг.

-Аль нэг зүйлээс харшилдаг бол өөр зүйлээс харшлах магадлал хэр өндөр вэ?

-Өндөрсөнө. Угаалгын нунтаг, саван, үнэртэй ус, ургамлын зэрэг ямар нэгэн зүйлийн харшилтай байна гэдэг нь дархлааны хувьд эмзэг байна л гэсэн үг. Тиймээс бүхий л зүйлсээс харшлах эрсдэлтэй. Харшилж буй зүйлээсээ хол байх, хэрэглэхгүй байх нь чухал.

– Харшлын шалтгаант өвчлөлийн нэг төрөл болох чонон хөрвөс юунаас болж үүсдэг вэ, хэр түгээмэл тохиолддог юм бол?

– Чонон хөрвөс нь олон шалтгааны улмаас үүсдэг бөгөөд мөн л дархлааны өвчин гэж үздэг.

 Үүнийг цочмог, архаг хэлбэрийн гэж хоёр ангилна. Арьсан дээр бэлцрүүт тууралт гарах бөгөөд дорхноо арилдаг. Шумуул хазсан мэт тууралт  нь халуу дүүгэж, маш их загатнааас гадна салстууд хавагнана. Уруул, нүдний салст,  гар, хөл бадайрч,  хавагнадаг.

Цочмог хэлбэрийн хувьд ямар нэгэн зүйлээс харшилсан байх магадлал илүү өндөр. Тухайлбал, эмийн бодис, хүнсний бүтэгдэхүүн, химийн бодис, гоо сайхны бүтээгдэхүүн зэргээс болж гарч болно. Мөн олон төрлийн хүнсийг хольж хэрэглэснээс болж гардаг. Тухайлбал, баяр ёслолын үеэр чонон хөрвөс ихэсдэг.

Архаг хэлбэрийн тохиолдол нь дархлаа тогтолцооны гажуудалтай илүү холбоотой байдаг. Дархлаа муудсаны улмаас чонон хөрвөс үүсдэг.

Цочмог хэлбэр нь нэг сарын хугацаанд тууралт гараад арилах  бөгөөд үүнээс дээш хугацаанд илэрч байвал архаг хэлбэр гэж үзнэ. Таван жил гарсан тохиолдол бий. Архаг хэлбэрийн тохиолдол нь дархлаа тогтолцооны гажуудалтай илүү холбоотой байдаг. Дархлаа муудсаны улмаас чонон хөрвөс үүсдэг. Шалтгаан тодорхойгүйгээр ч гарч болно. Чонон хөрвөс архаг хэлбэрт шилжсэн тохиолдолд 2-5 жил шалтгаан тодорхойгүүр гараад, арилаад байдаг.  

Мөн тодорхой өвчний улмаас гарч болно. Тухайлбал, чихрийн шижин, бамбайн өвчлөл, ходоод гэдэс, элэг цөсний өвчлөлтэй хүмүүс, цагаан хорхойтой хүүхдэд чонон хөрвөс элбэг гардаг.

Чонон хөрвөсийг шалтгааных нь улмаас  халууны, хүйтний, даралт, үрэлтийн, физикийн гэх зэргээр ангилна.

-Үүнийг сэдрээгч гол хүчин зүйлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Үүсгэгч хүчин зүйлсийг хэрэглэх тусам сэдэрнэ. Энэ өвчин нэлээд элбэг тохиолддог. Ядаргаанаас болж үүсдэг. Дархлаа унахаар чонон хөрвөсийн тууралт гарч болдог тул ядрахгүй байх, дотор эрхтнүүдээ эрүүл байлгах, олон зүйлийг хольж идэхгүй байх, даарахаар гарч байвал даарахгүй байх, цусан дахь сахарын түвшин ихсэхээр гараад байвал хэвийн түвшинд байлгах зэргээр шалтгаан, хүчин зүйлийг арилгах хэрэгтэй. 

-Хэрхэн эмчлэх вэ?

-Харшлын эмийг эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг. Мөн хоолын дэглэм баримтлах нь чухал. Хүмүүс чонон хөрвөсийн сорил тавиулахаар их ханддаг. Гэтэл энэ өвчний үед сорил тавиулах нь ач холбогдол багатай. Гол нь эмчид үзүүлж, шаардлагатай бусад шинжилгээг өгөх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

шинэ мэдээ

Пакистан улсын Карачи хотод Монгол Улсын консулын газар нээгджээ

Пакистан улсын Карачи хотноо Монгол Улсын Өргөмжит консулын газрыг энэ сард албан ёсоор нээжээ. Монгол Улсын Өргөмжит консулаар Пакистан улсын иргэн Надеем Халид томилогдсон байна. Тэрбээр тус улсын...

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

трэнд