No menu items!
HomeТүүх"Моломжамц дарга яагаад таныг үнсдэг билээ..."

“Моломжамц дарга яагаад таныг үнсдэг билээ…”

-

Спортын ахмад сэтгүүлч С.Түвдэнням гуайн 1992 онд бичсэн Ж.Мөнхбат аваргын тухай ярилцлага, тодруулга тайлбар бүхий “Хаях би яараагүй байхад” номын хэсгээс түүх сонирхогч, үндэсний бөхийн хорхойтон уншигчдадаа хүргэж байна.

С.Т: – Мөөеө аварга аа, Архангайн аранзал хэмээх Гомбодорж их хэнэггүй эр байсан сурагтай. Би нэг удаа уулзсан. Хэрэг түвэгт орооцолдож явсан ч гэх шиг, мөрийтэй тоглоом, бас бус юм хөөгөөд явчихдаг ч байсан юм шиг. Бөхийн хувьд сайн бөх юм билээ.

Ж. М: – Гомбодорж хүнээс мөнгө авбал эргүүлж өгөх ч үгүй, өөрөөс нь юм авчихвал эргүүлж нэхдэг ч үгүй эр. Өгсөн, авснаа ч боддоггүй, ер нь тиймэрхүү зантай. Минскт сургууль төгссөн миний ахтай их үерхдэг байсан юм. Гомбодорж Эрдэнэсантад ирчихээд ачааны машинаараа аргал түүж, айлын тогооны архи их уусан хүн дээ.

С.Т: – Улсын баяр наадамд Өмнөговь, аймгийн бөхчүүд сүртэй ирдэг байсан гэлцдэг Арслан Дэмүүл, начин Ламаажав, аймгийн арслан Манлайжав… гээд тэмээ шиг бие томтой хүрэн бор эрчүүл байсан юм байхаа даа. Та Дэмүүл гуайтай наадамд барилдсанаа…

Ж. М:  Дэмүүл лут л даа. Бид хоёр улсын наадамд хоёр удаа тунасан юм. Анхныхад нь бид хоёр зууралдаад л байлаа. Тэгсэн чинь Дэмүүл миний хөл руү өшиглөчихөөд хэлж байнаа “Бордооны бөх мэхээ хий. Минийх дууссан” гэдэг юм байна. Элэг бүснээс нь би барьчихсан байлаа. Гэдэс ч томтой юм. Харсан чинь хаадайгаад сүртэй ч гэж жигтэйхэн байна, хог чинь, Толгой нь хүзүүтэйгээ үргэлж мухайгаад л… Элэг бүсдээгүй гараараа багалзуур луу нь шахаад түрлээ. Гэдийгээд л байна, тэдийгээд л байхаар нь ганцхан нохой мордоод давчихлаа. Босож ирээд, «Аа, чи муу луйварчин багалзуурдлаа» гэж байна. «Хохь чинээ» гэчихээд дэвээд явчихлаа. Дараа нь дахин таарлаа. Мань хүн чинь бөх гарахаар туг өөд түрүүлж их давхина л даа. Тэр жилийн наадамд Зөвлөлтөөс Косыгин дарга тэргүүтэй төлөөлөгчид ирсэн юм байхаа. Дэмүүлийг түрүүлээд тугны өмнө очтол Косыгин “Энэ олон хүнээс хамгийн тарган хүн нь түрүүллээ” гээд их инээсэн юм гэнэ лээ. Түүнээс биш Косыгин дарга барагтай л бол инээдэггүй юм байхаа. Дэмүүл гуай тэгж дэлчихээд буцаж гүйгээд нэг хонхордуу газар байдаг юм, тэнд ирээд далбааныхаа мөрийг арагш нь шидээд хоёр гараа өвдгөн дээрээ тулаад нэг лут зогсдог юм. Би тэнд нь амдаад хүлээж байлаа. Гэтэл мань хүн давхиж ирээд далбааныхаа мөрийг арагш нь шидээд яг миний өмнө зогсохдоо зэрэг нь хоёр суганаас нь дарж бариад хаячихлаа. Нэг үгээр хэлбэл Дэмүүлийн хоёр гар мухар болчихож байна гэсэн үг л дээ. Дэмүүл, «Аа, чи луйвардлаа» л гэж байна. Би дотроо инээд хүрээд дуугарсан ч үгүй…

Дэмүүл хэнийг хаяхаа, хэнд унахаа тун сайн мэднэ. Гүндүүгүй эрчүүдийн нэг л дээ.

ШИГТГЭЭ: Мөөеө аварга улсын наадам болохын урдхан лам дээр очоод, «Энэ жил Баянмөнх бид хоёрын хэн нь түрүүлэх нь үү?» гэж асуужээ. Үнэн худлыг би мэдэхгүй, хүмүүс ярьдаг юм. Лам үзэж байгаад Мөөеөд хандан, “Энэ жил чи ч түрүүлэхгүй юм байна, Баянмөнх ч түрүүлэхгүй юм байна” гэсэнд Мөөеө “Бид хоёрын хэн нэг нь түрүүлэхгүй юм бол хэн түрүүлдэг юм. Чи юу ч мэддэггүй амьтан байна” гэжээ. Энэ бол 1969 онд улсын баяр наадам бөгөөд Баянаа, Мөөеө 2 хасагдаж, Дэмүүл гуай түрүүлсэн жил юм (улсын начин А.Ганбаатарын ярианаас).

Ж.М: -Тээр жил. Нэг бүтэн сайн өдөр «Хөдөлмөр» нийгэмлэг, Спортын төв ордон, «Барилгачин» нийгэмлэгт барилдаан болоход гурвууланд нь би Дэмүүлийг гурвын даваанд аваад хаячихлаа. Энэ бол Баянмөнхөөс л болсон хэрэг. Дараа нь Дэмүүл гуай надад “Би жолооч хүн шүү дээ. Миний биенд тос л байж болно. Өөр юу ч байхгүй шүү” гэлээ. Энэ бол хөдөөнөөс нойр хоолгүй яваад ирэхэд зааланд гурав давуулахгүй авлаа гэсэн үг л дээ. Ер нь бөх хүн бие биенээ өрөвдөж хайрлаж явмаар юм билээ. Зарим бөх хайрлаад байгаа нь мэдэгдэхгүй, үгүй нь ч ойлгогдохгүй л дээ. Хөдөөнөөс ирж байгаа бөхчүүдээ анхаарч явууштай юм билээ.

ШИГТГЭЭ: Дэмүүл гуай Мөөеө аваргыг ид байхад нь Цэрэн аваргын хамт Өмнөговь аймагтаа урьж л дээ. Энэ тухай дархан аваргын хуучилсан нь: Дэмүүл Цэрэн бид хоёрыг Өмнөговьд ирж барилдаач гэж урилаа. Бид хоёр ч очдог юм байна. Орой нь барилдаантай. Дэмүүл бид хоёрыг гэртээ дагуулж очлоо. Түмпэн дүүрэн мах чаначихаж. Орон доогуураасаа авдартай архи татаж гаргаж ирээд бид хоёрт нэг нэгийг онгойлгоод өгөв. Өөрөө ч бас нэгийг онгойлгоод уулаа. Хоёр дахийг нь өглөө. Цэрэнг харсан чинь царай нь хүрэнтэж байна. Дэмүүлийн царай нэг их хувирахгүй харагдана. Хоёр дахь шилээ уугаад бараг дуусч байтал Дэмүүл яагаад ч юм гараад явчихлаа. Тэгэхлээр нь авдарны Дэмүүлийн талын архинаас нэгийг задлаад амссан чинь ус байдаг гээч. Мань хүн ороод ирлээ. Би, «А, муу залины уут» гэж хэлээд шилдэж байгаад хоёр шил архи онгойлгож тэр дор нь уулгаад гурвуулаа хоёр хоёр шилийг уугаад ижил болов оо. Тэгсэн чинь цүдгэр нохой аймгийхаа хүнсний үйлдвэрт архи захиалахдаа хэдэн шилэнд ус хийлгэж бөглүүлээд авчихаж. Бидэнд архи, өөртөө ус өгчихөөд барилдаж түрүүлэх санаатай байсан хэрэг л дээ. Дэмүүлийн булхай тэгээд баригдахгүй юү.

  Дэмүүл арслангийн тухай НЭМЭЛТ ШИГТГЭЭ: …Түүнийг (Дэмүүлийг) 1957 онд 18 насандаа Дундговь аймгийн наадамд барилдаж хоёр давахад нь улсын начин Доржтовуу амлан аваад өвдөг шороодуулчихжээ. Хойтон жил нь мөн Дундговь аймгийн наадамд барилдаж хоёр давчихаад хурдан морь үзэх санаатай барианы газар руу явж байтал Доржтовуу начин зэрэгцэж ирээд “Сайн байна уу?” гэчихээд, “Энэ наадам хэнийх болно гэж чи бодож байна” хэмээн шазруухан асуусанд Дэмүүлийн дургүй хүрч “Дэнж нь хэлтийдэггүй юм бол Дэмүүл хүү ойчихгүй л дээ” гэчихжээ. «Энэ их өргөн дэлгэр наадамд чинь ингэж амлах нь юусан билээ» гэж дотроо айх шиг боловч зоригоо чангалж «ухаантай барилдах юм шүү. Яарч л хөдлөхгүй дээ. Заавал хаяна даа чамайг» гэж боджээ. Доржтовуу начинтай үзүүр түрүүнд хүрээд өвдөг шороодуулсан байна.

Дэмүүл ярьсан нь: Баянмөнх аварга анх түрүүлдэг жилийнхээ наадамд зургаагийн даваанд намайг амладаг юм байна. Баянаа тэр үед бяр хүч нь ёстой жагсаж, түүнийг тогтсон хүнгүй шахам болсон байлаа. Тэр үед надад иймэрхүү юм бодогдож билээ. «Хөдөөнөөс ирсэн намайг амладаг нь юу билээ. Би чинь аймгийнхаа 30 шахам мянган хөдөлмөрчдийн итгэл найдварыг өвөрлөөд ирсэн хүн шүү дээ. За хүү минь, чамтай ч Туулын голын усыг цалгитал барилдана даа» гэж шүд зуугаад дэргэдэх хүнээрээ шуудагныхаа уяаг уяулах даа, «хуруу битгий хэл хумс ч орохгүй болтол нь чангалчих» гэж хэллээ. Тэгээд би Баянаатай 2 цаг шахам барилдаад унасан л даа,

С.Т: Улсын баяр наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал ямар байдаг байсан бэ? Хүмүүс их сонирхдог боловч бараг хэн ч мэддэггүй шахам байлаа. Одоо жилээс жилд өсөөд Таны түрүүлж явсан үеийнхээс ондоо болсон бололтой.

Ж.М: Бидний үед наадамд түрүүлэх л юм бодохоос бай шагналын их багыг ер тоодоггүй байсан л даа. Бүтэн сайн өдөр заалын барилдаан хэсээд гурав түрүүлэхэд 70 төгрөг авдаг байсан. Улсын наадамд түрүүлэхэд 500-гаад төгрөгний мөрийтэй байсан юм уу даа.   1974 онд намайг түрүүлж Баянмөнхийг үзүүрлэхэд Цэдэнбал, Батмөнх дарга нар Баянааг үнэсэхэд Моломжамц дарга тэднийг дуурайсан ч юм уу намайг үнсдэг юм байна. Попова байхаа ЗХУ-аас ирсэн төлөөлөгч авгай, Цэдэнбал дарга, Моломжамц дарга нар нэг нэг цаг өгч мөрийнөөсөө гадна гурван цагтай болсон л хамгийн их бай байсан юм болов уу даа. Тэгээд хөгтэй. 1978 онд «МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчоо «Биеийн тамир, спортын эвлэлийн төв зөвлөлийн удирдлагын намч бус хариуцлагагүй ажиллагааны тухай» 184 дүгээр тогтоол гэгчийг гаргахад «Моломжамц яагаад таныг үнсдэг билээ…» гээд л их байцаалгасан даа. Харин би Б.Лхамсүрэн гуайтай тааралдвал энээ тэрээ юм ярина уу гэхээс бусад дарга нартай уулздаг ч үгүй, нэг үгээр хэлбэл тоодоггүй явлаа.

Би өөр нэг зүйл яръя. 1951 онд улсын их баяр наадам болохын өмнөхөн Ардчилсан Солонгосын өндөр хэмжээний төлөөлөгчид ирсэн юм байх аа. Тэднээс нэг нь “Танай нөгөө хүчтэй бөх барилдана биз” гэсэн юм асуужээ. Хэн болохыг тодруулаад асуусан чинь Түвдэндорж аварга болоод явчихаж. Гэтэл нөгөө хүчтэй аварга маань шоронд байж байдаг. Дарга нар сандарчээ. Наадмын өглөө (11-ний өглөө гэсэн үг шүү дээ) Хөвсгөлийн хужаа (Чүлтэмсүрэн) арслан тэргүүтэй бөхчүүд Цэвээнравдан гуайнд иртэл тэднийд нэг их том хүн тэрлэг толгой дээгүүрээ нөмрөөд унтаж байна гэнэ. Хужаа арслан Цэвээнравдан гуайгаас энэ хэн бэ? гэж асуусанд, “Түвдэндорж” гэжээ. Түвдэн аваргын хөл ил гарсан харагдаж байв. Хужаа арслан нүцгэн хөл рүү нь хуруугаараа заагаад, “Цэвээнравдаан, чи үүнийг дийлэх үү” гээд аяархан асууж. Цэвээнравдан гуай нүдээ аньж толгойгоо сэгсрээд “Үгүй, үгүй” гэж хэлсэн юм гэнэ лээ. Наадамд Түвдэн аварга Цэвээнравдан гуайд унасны дараа «бууж өглөө, барилаа» гэсэн юм байх. Хэн, нь ч буусан, барьсан гэж хэлээгүй гэнэ. Ардын хувьсгалын 40 жилийн ой байсан тул, Цэвээнравдан гуай УЛСЫН АВАРГА болжээ.

Мань хоёр бай шагналаа авчихаад хувцсаа өмсөөд сууж байж л дээ. Тэгтэл Түвдэн аварга Цэвээнравдан гуайн байн дээр байсан калибр бууг харчихаад «Энэ минийх» гээд өөрийнхөө мөрийн дээр аваад тавьчихаж. Цэвээнравдан гуай юу ч хэлээгүй гэнэ. Түвдэн аваргын бай шагнал зөвхөн буугаар л дутуу байж. Ингээд бодохлоор мань хоёр бие биендээ бууж өгөлцсөн байх гээд, байгаа юм.

Түвдэн аварга ч Солонгосын төлөөлөгчдөөс болоод шоронгоос ямар ч зарлиггүй гарчихаж. Харин бие бартлаа шоронд байгаад байсан юм шиг. Юу гэвэл Түвдэн аваргыг суллалаа гэсэн зарлиг гараагүй юм гэж дуулддаг.

ТАЙЛБАР ТОДРУУЛГА: 1926 оны Ардын улаан цэргийн наадамд (хожим Ардын хувьсгалын ой гэдэг болсон) түрүүлсэн бөхөд торго, дурдам, чисчүү тус бүр нэг зах, зузаан цай 18 ширхэгийг өгч байсан бол 1954 он хүртэл үндэсний алхан хээ, өлзий утсан хээг тавьж, түмэн наст хээг эргэн тойрон хошмоглож гоёулсан хүрэн буюу улбар шар өнгөтэй, цэнхэр дотортой монгол дээлийг бай шагналаас гадна МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын нэрийн өмнөөс шагнаж байсан бөгөөд ийм дээлийг Б.Түвдэндорж, Ц.Чимид-Очир, Ш.Батсуурь, Ж.Цэвээнравдан аварга нар авч байсан.

Түвдэндорж аваргыг 1946 онд түрүүлэхэд гадаад, дотоодын зочид, дарга нар бугуйн цагаа бэлэглэхэд тэрбээр 11 цагтай болж байсан баримт байдаг. Бодвол энэ үеэс л дарга нар түрүүлсэн бөхөд бугуйн цагаа бэлэглэдэг болсон байх. (Ахмад бөх Ц. Шагдаргочоогийн ярианаас. 1989 оны 8 дугаар сар. С.Т)

С.Т: 1939 онд шинэ цэрэг Б. Түвдэндоржийг улсын наадамд түрүүлэхэд нь маршал X. Чойбалсан, «цэрэг хүн төрийн наадамд түрүүллээ, бид дайнд ялах нь» гэж хэлж байсан тухай яриа байдаг. Иймэрхүү утгатай үгийг та мэдээж сонссон л байлгүй.

Ж. М: 1939 оны улсын наадамд үзуүрлэсэн Завхан аймгийн харъяат урт гарт хэмээх Маамын Лхагва арслан хэлмэгдэж шоронд орсон юм гэнэ лээ. Лхагва гуай наадамд Дорнодын (Маршалын нутгийн) Чой. Гончиг, нахиу хэмээх Балсан арслан, «Гулзгай» хэмээх Дамчаа заан нарыг дараалан хаяж үзүүр түрүүнд үлдээд Түвдэн аваргад (тэр жил түрүүлж арслан цол хүртсэн) унахад нь Маршал ихэд хилэгнэж, «зүүн хязгаарт дайн болж байхад Дорнодын бөхчүүдийг дараалан амлан авч унагаад нутгийн ард түмний сэтгэл санааг үймүүллээ» гэсэн хэрэг тулгасан юм гэнэ лээ.

  Тэр жилийн наадам дээр Төрбат арсланд «Би зүүн тийшээ хараад барилдъя, чи баруун тийшээ хараад барилд гэж хэлж байсан юм гэнэ лээ. Тэр нь, «Би зүүн аймгийн бөхчүүдийг амлаж барилдъя, чи баруун аймгийн бөхчүүдийг амлаж барилд» гэсэн үг юм билээ.           ‘

   …1965 онд наадмын дараа М. Лхагва арслан манайд ирдэг юм байна. Би гурав дахиа түрүүлсэн бөгөөд Самбуу гуай, Цэдэнбал дарга нарт «өгдөггүй аваргаа одоо өгөөдөх» гэж хэлсэн үе л дээ. Лүгдэв гуай Лхагва арслан хоёр их найз гэнэ. Лүгдэв гуай Завханых ч юм уу, Говь-Алтайнх ч юм уу, бүү мэд. Лүгдэв гуай Лхагва арсланд «нөгөө Мөнхбат чинь төрийн хоёр том хүнд өгдөггүй аваргаа өгөөдөх гээд хэлчихлээ» гэж гэнэ. Тэгэхлээр нь Лхагва гуай «хөөрхий залуу хүн юмсан, надтай адилхан болчихвий» гэж бодоод манайд ирсэн нь тэр байж л дээ. Лхагва арслан надад ярьсан нь:

– Би 1939 онд үзүүр түрүү булаацалдахаар барилдах болов. Намайг гаргаад зогсоочихов. Би талбайд эогсоод л байлаа. Надтай түрүү булаалдах Булган аймгийн хурандаа Бэх-Очир гэдэг хүн гарч ирдэггүй ээ.

  Би Гандангийн лам Лхагва. Хүлээгээд л байлаа. Тэгтэл Мальж гэдэг хүн (жанжин штабын дарга байсан байх аа даа),

– Лхагва аа, гээд дуудаж байна. Очвол тэр хүн,

– Хүчээр барилдаж давбал амь насанд аюултай. Маргааш бүх цэргийн жанжин Дэмид дээр очоорой гэчихээд явчихлаа. Би ч «за» гээд хоцорлоо. Хурандаа Бэх-Очирт уналаа даа.

  Барилдаан ч дууслаа. Гэтэл дээлийг минь барьж байсан Гандангийн найз банди нар дээлийг минь аваад явчихсан байв. Зодог шуудагтайгаа Гандан дээр ирлээ. Маргааш нь Дэмид жанжин дээр яваад очвол надад,

– Өнөөдрөөс эхлээд Гандангийн Лхагваа биш болно доо. Чи аль хэр ном сурч байна вэ? Хийморийн сан уншиж чадах уу гэсэнд,

– Чадна, бас дөрвөн уулынхаа санг ч уншиж чадна гэвэл,

– Уншаадах гэдэг юм байна. Би уншлаа. Гэтэл Дэмид гуай,

– Овоо ойтой юм байна. Өнөөдрөөс эхлээд Цэргийн Лхагва болно оо гэлээ. Тэгээд Дэмид жанжингийн бөх боллоо. Хойшоо цэргийн сургуульд суралцлаа гэж яриад би хоёр хэргээр шоронд орсон юм. Нэгд, Дэмидийн бөх гэдгээр, хоёрт, Дорнодын бөхчүүдийг дараалан хаяж ард түмний сзтгэлийг үймүүлж дарамтад оруулсан гэдгээр гэж ярьж билээ.

  Лхагва арслан сайхан бөх байсан юм гэнэ лээ. Би харьсан хойно нь танилцсан юм. Түүний ах нь улсын заан Намбар гэдэг хүн байсан гэдэг.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд