No menu items!
HomeТүүх"Тав түрүүлэх нь ч түрүүлчихлээ, өрөөсөн нүдгүй сожоо Мөнхбат боллоо доо"

“Тав түрүүлэх нь ч түрүүлчихлээ, өрөөсөн нүдгүй сожоо Мөнхбат боллоо доо”

-

Спортын ахмад сэтгүүлч С.Түвдэнням гуайн 1992 онд бичсэн Ж.Мөнхбат аваргын тухай ярилцлага, тодруулга тайлбар бүхий “Хаях би яараагүй байхад” номын хэсгээс түүх сонирхогч, үндэсний бөхийн хорхойтон уншигчдадаа хүргэж байна.

С.Т: Баянмөнх аварга та хоёр 30 гаруй жил барилдаж, улсын их баяр наадамд 9 удаа таарч байсан сонин түүхтэй бөхчүүд. Баянаа аварга улсад 10 түрүүлчихлээ, олон ч шөвгөрлөө.

Ж.М: Баянмөнх ч үнэхээр бөх хүн л дээ. Тэр 1961 онд Увсаас ирсэн. Цэнгэлдэхийн гадна 32 бөх барилдахад Сэлэнгийн Задгай шар Лхагвадорж, Дорнод аймгийн арслан Гантөмөр нарт унаж байсан. Хоёуланд нь нэгийн даваанд л даа. Багшийн сургуульд ирсэн үе нь бөгөөд бөхөд дуртайн шинж. Одоо үүнийг хэлэх юм бол ичиж үхэх байх л даа.

Баянмөнх өндөр бор хүүхэд. Гар бөмбөг сайн тоглоно. Дагвасүрэн (улсын арслан) тэр хоёр нэг гэрт амьдардаг байв. Би эднийд очно. Заримдаа талх барьж очно. Одоо бодохоор би энэ хоёрыг сайн болгосон. Тэд сайхан бөхчүүд болцгоохоо өөрсдөө хийцгээсэн улс, учир юунд вэ гэвэл би нэлээн ч аатай байсан учир нөгөө цолтонгуудынхаа дунд ганцаардахын зовлонтой. Баянмөнх, Дагвасүрэн хоёртойгоо нийлэхээр нөгөөдүүл чинь ганцхан над руу биш, амалж авахдаа ч гэсэн гурван хүн рүү явдаг болсон л доо.

ТАЙЛБАР ТЭМДЭГЛЭЛ: Алдарт бөхчүүдтэй уулзаж учирсан, яриа хөөрөөг нь сонссон хүн олон байх юм. Мөнхбат аваргаас сонсож байсан зүйлийг маань өөр нэг хүн ярьж явах юм уу, сонин хэвлэлд нэгэнтээ гарчих юм. Бөх сонирхдоггүй монгол хүн ховор. Тэр утгаараа ч ийм байдаг биз ээ. 1992 оны гуравдугаар сарын 12-18-ны «Бодлын солбицол» сонинд Дархан аварга Ж. Мөнхбат, X.Баянмөнх нартай хийсэн «25 жилийн өмнөх 138 минут буюу хоёр Мөнхийн барилдаан» гэсэн гарчигтай сонирхолтой ярилцлага нийтлэгдсэн байв. Уг ярилцлага нэлээд сонирхолтой байсан тул уг ярилцлагаас иш татъя гэж бодлоо.

СУРВАЛЖЛАГЧ: Та 2 хэдэн жил монгол бөхийн дэвжээнд барилдаж байна вэ?

Х.БАЯНМӨНХ: Би бөхийн аманд 12 настайдаа анх гарсан. Энэ жил тавин нас хүрлээ. 38 жил барилдаж байгаа юм байна.

Ж.МӨНХБАТ:  Миний хувьд олон жил барилдах бололцоо байсан. Хоёр гурван удаа маш хүнд гэмтэл авсан. Зөвлөлтийн алтан гартай эмч нар байгаагүйсэн бол өнөөдөр би өрөөсөн хөлтэй цээж л байх байсан.

СУР: 1967 оны Ардын хувьсгалын 46 жилийн ойн баяр наадмаар та хоёрын барилдаан 2 цаг гаруй үргэлжилсэн. Монгол бөхийн түүхэнд үлдсэн сонирхолтой барилдаан гэж манай бөх сонирхогчид өнөөдөр ч дурсан ярилцдаг юм билээ. Сэтгүүлчид бид ч хэрэгт дуртай улс болохоор уншигчидтайгаа та хоёрын сэтгэгдлийг хуваалцах гэсэн юм.

Х.БАЯНМӨНХ: Сайн үйл олон жил дурсагдах тал бий. Муу үйл ч олон жил хадгалагдах юм. Чухам аль нь юм би сайн ялгахгүй байна. Бид хоёрын хүч, мэх, барилдаан ид тэнцэж байсан үе. Мөнхбат надаас хоёр ах хүн. Хоёр ах хүний хувьд барилдааны илүү туршлагатай байсан нь маргаангүй үнэн. Тийм болохоор хонон өнжин барилдаж байж л хэн хэнийгээ хаяж болно гэж дасгал сургууль, бэлтгэлээ хийдэг байлаа. Хэрэв уналцаж хаялцахгүй бол бие биенээ ядрааж байгаад хаях бодолтой байсан. Нуух юм алга. Би өдөр бүр орой унтахаасаа бусад цагт далбаа, зодог шуудаг дээрээ монгол дээл давхарлаж өмсчихөөд бэлтгэл хийж биеэ хөлсөлдөг байв.

Ж.МӨНХБАТ: Тэр үед би улсад завсаргүй дөрөв түрүүлээд байсан жил л дээ. Завсаргүй 5 дахь удаагаа түрүүлэх юмсан л гэж бодож барилдааны бэлтгэлээ хийсэн. Дамдин аварга тав дараалан түрүүлсэн юм чинь би ч гэсэн тав дараалан түрүүлчих юмсан гэж бодож мөрөөдөж явсан сайхан цаг үе л дээ. Баянмөнхийг ядрааж байж л хаяна даа гэж тооцсон. Удаан барилдах юм бол би Баянмөнхийг унагачихна. Түргэн барилдвал надад гэмтэй. Чухам иймэрхүү байдлаас болоод бид хоёр их удсан.

Х.БАЯНМӨНХ: Тэр үед би 95 кг жинтэй л байсан байх. Бид хоёр хүч тэнцүү, хоёулаа бөхийг отдог хүмүүс байжээ. Хоёр отдог хүн таарчихаар бие биеэ отсоор байгаад тэгж их удаан барилдсан хэрэг л дээ.

Ж.МӨНХБАТ: Тэр жил ганцхан бөх заан цол авсан. Тэр бол Дагвасүрэн юм. Баянмөнх харин арслан цолтой, би нэг их ядраагүй. Баянмөнхийн хувьд нэлээд ядарсан байх. Барилдаад байлаа, барилдаад л байлаа. Наадамчид цэнгэлдэх хүрээлэнг орхиод тараад явчихсан юм. Том дарга нараас буурал Ж.Самбуу гуай ганцаараа сууж үлдсэн. Бусад дарга нар наадмынхаа цайллагад явчихсан байх.

Х.БАЯНМӨНХ: Жараад оны үед монгол бөхийн барилдааныг хуучин уламжлалт дүрмээр барилдуулдаг байсан. Давуулдаг, хасдаг энэ тэр дүрэм журам ч байгаагүй. Би Мөнхбатыг хаячих юмсан л гэж барилдсан. Далбаанаас гар атгаж байдаг юм болохоор гар эхлээд цуцаж ядардаг юм билээ. Хоёр цаг зогсохоор сүүлдээ хөл эцэж, булчин бадайрч эхэлсэн. Тэгтэл бүр сүүлдээ хоёр гарын чилээ зүгээр болчихсон.

Ж.МӨНХБАТ: Барилдааны төгсгөлийн хэсэгт би дэгээдсэн. Амжилт олоогүй. Тэгээд хоёулаа барилдаанаа тавилцаж хөлсөө хэсэг сэврээсэн. Энэ үед би Баянмөнхөд хэлсэн. За бяр байдаг юм бол би бяраа гаргалаа. Чадал байдаг юм бол чадлаа гаргалаа. Чи ч бяр, чадлаа гарга гэсэн. Тэгээд л би дайрсан. Дайрангуутаа дэгээдсэн.

СУР: Аль хөлөнд нь дэгээдэв?

Ж.МӨНХБАТ: Баруун хөлөнд нь зүүн хөлөөрөө дэгээдсэн. Баянмөнх их удсан. Унаж өгөхгүй нахилзаад л нахилзаад л байсан. Тэгж тэгж маш хүчтэй газар савж уналаа. Унахдаа дагзаараа газар савж цохиод газраас ойн дээр нь байгаа миний нүүрийг мөргөж миний өрөөсөн нүдийг цохичихлоо. Нүд тэс явчих шиг болсон. Нүд харанхуйлаад гал манасхийгээд явчихлаа. За яахав ингээд тав түрүүлэх нь түрүүлчихлээ. Өрөөсөн нүдгүй сожоо Мөнхбат боллоо доо гэж бодогдож байна. Нүд өвдөж байна гэж тоймгүй ээ. Үг хэлэх юм биш. Нүдээ аниастай чигээрээ хойшоо дэвчихээд эргээд тахимаа авахдаа нөгөө зүгээр нүдээ дарж байгаад цэцгий нь хага үсэрчихлээ л гэж бодсон нүдээрээ харлаа. Ашгүй юм харагдаж байна аа. За хөөрхий минь нүд ч зүгээрээ. Ингэж л тав дахь удаагаа түрүүлсэн удаатай.

СУР:  Маргааш нь арга хэмжээ авахуулсан гэдэг үнэн уу?

Ж.МӨНХБАТ: Маргааш нь бөхийн холбоон дээр бөхчүүд сүрдмээр айхавтар хурал боллоо. Бид хоёрыг их ч зэмлэсэн. Уддаг л гэнэ. Нам засгийн удирдагчдыг чилээдэг л гэнэ. Ард түмнийг басамжилдаг л гэнэ. За тэгээд тэрнээс хойш монгол бөхийн барилдааны дүрэмд хав дөрвөлжин золгуулдаг, давуулдаг, хасдаг, цаг тогтоодог чөлөөт бөхийн дүрэм шиг нэг тийм айхавтар юм гарч ирсэн.

Х.БАЯНМӨНХ: Мөнхбат бид хоёрын өрсөлдөөн үндэсний бөхийн дүрмийг хэд хэдэн удаа өөрчлөхөд хүргэсэн. Монгол бөхийн барилдаанд бид өөрсдөө ч зохих хувь нэмэр оруулсан юм шүү. Харин бид хоёрын тухайд бие биедээ хэзээ ч бууж өгөөгүй насан туршдаа барилдаж явснаараа үргэлж бахархаж явдаг.

СУР: Та хоёр хэдэн удаа улсын наадамд таарч барилдав, хэд хаялцсан бол?

Ж.МӨНХБАТ: Улсын наадамд 9 таарсан юм. Дөрөв дөрөв давцгаагаад, нэг хөөгдөж хасагдсан юм байна.

Х.БАЯНМӨНХ: Тэр үнэн. Бид хоёр аль аль нь тавь гарлаа. Хөгширч л явна. Мөнхбат ясны бөх хүн. Хөөрхий минь бэртэж гэмтээгүй бол олон жил барилдах байсан даа.

С.Т: Хадбаатар аваргын тухай тантай холбоотой янз бүрийн яриа байдаг. Бодвол түүнийг бөх болоход таны оролцоо их байсан нь мэдээж хэрэг. Та Хадбаатарын тухай бодлоо яриач.

Ж.М: Хадаа бөх хүн. Гэхдээ хувь хүний хувь заяа янз бүр байх л даа. Манай мангар шоронд хэдэн удаа ороогүй бол  хэд ч түрүүлэх юм билээ. Жишээ нь 1976 онд улсад анх түрүүлсэн бол 1986 онд 2 дахиа түрүүлээд дахин шоронд орсон. Нийтдээ 9 жил шоронд суусан байгаа юм шүү. Юу л даа, тэр бид хоёр яагаад ч юм холбоотой юм шиг байгаа юм. Би нэг ондоо юм яръя. Хадаа бөхийн шинж төрхтэй мөртлөө мэх муутай л даа. 1976 онд түүнийг Долгорсүрэнтэй дөрөвт үлдэж тунадаг жил бид нар бөхийн бэлтгэлд хамт гарлаа. Би Хадаад нохой мордох мэх заав аа. Шонгийн модны оройг хөдөлтөл нохой морд. Хэрвээ модны орой хөдлөхгүй бол мэх буруу болж байна гэж хэллээ. Гэтэл Хадаагийн гуяны дотор тал хавдлаа. Хүйтэн усаар шавшиж байж зүгээр болгов. Нохой мордохдоо цээжээрээ түлх гэж заалаа. Техникээр нь хийж байна аа. Модны орой хөдөлж байна. Ингэж хүн унагах нэг мэхтэй болсон юм шүү дээ.

Бас хөгтэй. Мөн л Хадаатай хамт наадмын бэлтгэлд Төв аймаг руу гарлаа. Бидний ойролцоо нохойтой айл байсан л даа. Би яахав нэг буутай, тарваганд санаатай. Тэгтэл тэдний нохой нь Хадаагийн гутал руу сарьчихжээ. Хадаа их зэвүүцэж байна. Учир юунд вэ гэвэл нохой шээсэн морины шон, бөхийн гутал их ариусдаг юм гэнэ лээ. Үдэш болж байсан чинь буун дуу панхийгээд явчихлаа. Тэгтэл Хадбаатар чинь нөгөө нохойг нам буудчихаж. Хэллээ. Одоо наадхаа модны захад аваачиж бул. Эзэн нь ирвэл бид шоронд орно гэлээ. Мань хүн ч нохойг булаад зүлгээр дарчихлаа.

Маргааш нь нохойны эзэн хоёр гөлөг дагуулчихсан ирээд «Манай нэг сайн нохой байсан юмсан. Ирсэнгүй. Энэ хавиар үзэгдээгүй биз» гэдэг юм байна. Хэрэг бишдэх нь ээ. Би ч буугаа үүрээд нохой булсан модны зах руу явлаа. Удсан ч үгүй миний араас хоёр нохой яг ирж байна аа. Үнэрээр нь мэддэг юм шиг байна. Нохой булсан газар руу юу юугүй дөхөөд ирэхээр нь мод руу буу тавьсан чинь зугтаж алга болсон шүү.

Тэр жил Хадбаатар түрүүлэх байсан хүн чинь үзүүрлэсэн. Хийморьгүй золиг.

Би дасгалжуулагч байлаа. Тамирчдын өрөөний дэргэд бидний өрөө байдаг байв. Би өрөөндөө юм бичээд ганцаараа сууж байсан чинь Хадаа амьсгаадан лүг лүг хийтэл шогшиж ирээд хаалга онгойлгон ороод цоожлоодохов. Хадааг таньхад амархан л даа. Тэгтэл удалгүй нөгөөдөхийн чинь хуучин шинэ авгай нарын нь дуу хадаад явчихдаг юм байна. Энэ ноход яах нь уу гээд чагнаж байсан чинь «Та нар явцгаа. Мөөеө багш Та нар шиг банзлуудтай битгий уулз гэсэн» гэдэг байгаа. Нүүр халуу оргиод, нөгөөдүүл нь ороод ирвэл яанаа гэхээс хөдөлж ч чаддаггүй. Хадаа цусгүй алах хүн шүү.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд