No menu items!
HomeТүүхТүмний хараал хүртсэн нэрт хаалгач

Түмний хараал хүртсэн нэрт хаалгач

-

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

1993 онд Бразилын хөл бөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл хийж байх үед очиж сурвалжилж байсан Британийн сэтгүүлчид нь нэгэн өвгөнийг энэ бэлтгэлийг үзэхэд нь тусалж дотогшоо оруулж өгөхөөр болжээ. Тэмцээн биш жирийн л нэг бэлтгэл болохоор Бразилын иргэнийг тэнд оруулахад ямар ч түвэг байхгүй, урьд ч иймэрхүү юм зөндөө байсан, цаашид ч байх болно гэж бодож байсан сэтгүүлчид маш их эндүүрсэн байжээ.

Англичуудтай тун нөхөрсөг харьцаж байсан Бразилын шигшээгийн туслах дасгалжуулагч Марио Загалло нь сэтгүүлч нөхдийнхөө хүсэлтийг дор нь биелүүлээд өгье гэж ам алдсан боловч өнөө өвгөнийг авчрах үед тэрээр гэнэт орилон босч ирэн өвгөнийг тэндээс шууд хөөлөө. Галзууртлаа уурлаж, бас их айсан царайтай дасгалжуулагч эр хэлэхдээ “ та нар надад сая доллар өгье гэсэн ч би энэ хүнийг хэзээ ч багтаа ойртуулахгүй” хэмээн хашхирч байсан гэдэг. Харин өнөө өвгөн уйлсаар стадионыг орхин явжээ. Өвгөний нэр нь Моасир Барбоза!

Бразил болон хөл бөмбөг гэсэн хоёр нэрийг салшгүй гэж хэлж болох байх. Үнэхээр бразилчууд ногоон талбай дээр гайхамшгийг үзүүлж, олон агуу ялалт байгуулж байсан билээ. Гэхдээ тэд бас үндэсний гашуудал зарлах хэмжээнд хүрэхээр ялагдал хүлээж байсан үе ч бий. Энэ бол 2014 онд Бразилд болсон дэлхийн аварга шалгаруулах хагас шигшээ тоглолтод тэд Германы багт 7:1 ээр ялагдсан тэрхүү тоглолт гэж олон хүн бодож байж магадгүй. Үгүй ээ…Энэ бол 1950 онд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх тоглолт (тухайн үед play off байгаагүй) юм.

1950 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн хүчтэй баг нь Бразил. Нутагтаа хийх энэ тэмцээнд тэднийг түрүүлнэ гэдэг бараг хэн ч эргэлзэхгүй байсан бөгөөд шинэхэн барьсан Маракано цэнгэлдэх хүрээлэнд хамгийн чухал тоглолтууд явагдах байв.

Тэмцээн эхэлж Бразилчууд эхний гурван тоглолтод 2 хожиж нэг хожигдсон ба Сан Паулод болсон тэр тоглолтод багийн дасгалжуулагч нь уг мужийн залуусыг талбайд гаргасан учраас л хожигдсон байна. Гэхдээ нөгөө хоёр тоглолтод үндсэн баг гарч Шведийг 7:1, Испанийг 6:1 ээр уулгаж авсан гэхээр ямар хүчтэй баг байсан нь ойлгомжтой байх. Харин дараагийн тоглолтыг, аваргыг тодруулах шийдвэрлэх тулааныг Мараканод Уругвайн эсрэг хийх байлаа. Уругвайд өмнөх хоёр тоглолтод Испани болон Шведийг ёстой зовж байж “азаар” хожсон гэдэг. Үгүй дээ хөл бөмбөгийн мэргэжилтнүүд, Бразилын хөгжөөн дэмжигчид ингэж үзэж байсан ба шийдвэрлэх тоглолтод Бразил залуучууд ёстой сүйд хийнэ гэж хүлээсээр. Бразилчуудын хувьд тэнцэхэд л хангалттай бол Уругвайчууд хожиж байж аварга болох байв.

Тухайн үеийн Бразилын баг нь дэндүү гэмээр шилдэг олон тоглогчтой байсны дотор хаалгач Моасир Барбоза онцгой ялгарч байжээ. Бээлий өмсөлгүй тоглодог энэ хаалгач нь “солиотой” хурдтай, резин адил “сунадаг”, тэнэг юм шиг зоригтойгоор өрсөлдөгчийн өмнөөс дайрдаг, хаалгачийн бүсэд маш идэвхтэй (тухайн үед хаалгач нар хаалганаас холдох огт сонирхолгүй байж), хүн хаахын аргагүй хурдтайгаар “90-ийн” болон “шороон” булан руу ирж байгаа бөмбөгт хүрч чаддаг найдвартай, дэлхийн хамгийн шилдэг…Ийм хаалгачтай багт бөмбөг хийх боломжгүй мэт.

Тоглолт эхлэх өдрийн өглөө Бразилын сонин хэвлэлүүд “ Бразил дэлхийн аварга!” гэсэн нэртэй тэргүүн нүүр гаргаж байсан ба Мараканад тоглолт үзэх 174 000 билет зарагдсан байна. Дээр нь өч төчнөөн урилгатай хүмүүс, “туулай”-нууд гэхээр 200 000 давсан хүн байж таарах юм гэнэ.

Тоглолтын эхний үед Бразилчууд илт давамгайлж нийтдээ 17 удаа хаалга руу цохьсон боловч ганц ч гоол оруулж чадсангүй. Харин Урагвайчууд 5 цохьсон бөгөөд Бразил хаалгач тун эвгүй бөмбөгнүүдийг хаасаар, барьсаар.

Тоглолтын 2-р үе эхлээд удаагүй байхад Бразилчууд гоол хийж Маракана битгий хэл өмнөд Америк доргих шиг боллоо. Гэсэн ч удалгүй Уругвайчууд захаар довтолж өрсөлдөгчийнхөө хаалганы хажууханд ирээд төв рүү дамжуулсан бөмбөгийг Скьяффино хаалганд оруулж тоог тэнцүүлжээ. Барбоза яаж ч чадсангүй.

Гэсэн ч Бразилчууд тайван байлаа. Тэнцсэн ч аварга болно, дээр нь Бразил залуус дахиад хэд хэдэн бөмбөг хийхээр хүчтэй байгаа …

79 дахь минутад Уругвайчууд яг өмнөх шигээ довтолгоо хийж, Гижа бөмбөг хөөсөөр хамгаалагчаас сугарч гараад төвд ганцаараа гарч ирсэн тоглогчдоо дамжуулах яг тэр агшинд Барбоза бөмбөг таслахаар үсэрлээ. Гэтэл Гижа дамжуулалт хийлгүй пауз аваад хоосон болсон хаалга руу бөмбөгийг зөөлхөн түлхэн оруулж тоо 2:1.

Маракано таг чиг. Хаалгач Барбоза удаан сөхөрч сууж байгаад дэндүү гунигтай гэмээр босоход хүмүүс хашхиралдаж эхэлсэн байна. Хараал зүхэл, сүрдүүлэг…

Тоглолт дуусан Уругвайчууд аварга болсныг зарлах үед Барбоза амиа аврахыг л бодож байв. Тэрээр талбайгаас яаж ийж байгаад нууцаар гарч гэртээ ирсний дараа холоос бөөн хүмүүс түүний гэрийг чиглэн, Барбозаг алж, дүүжилж, гэрийг нь шатаахаар (Линчийн шүүх) ирж байгааг харсан хаалгач маань эхнэрээ аваад зүгээр л зугтсан байна. Галт тэргэнд суухдаа сонингоор нүүрээ халхлах бөгөөд энд тэндгүй Барбоза гэдэг новшоос болж улс орон шившиг болсон тухай, “адгийн хар сармагчинг” алж талах тухай яриа энд тэндгүй. Сонин дээр ч мөн адил.

Үүнээс хойш олон жилийн турш энэ хүн мөнхийн доромжлол, дарамт дунд амьдарч ирсэн бөгөөд хөл бөмбөгөө ч удахгүй орхисон байна. Хамгийн муухай нь “хар арьст хаалгачтай баг дэлхийн аварга болохгүй нь” гэсэн муухай үзэлд Бразилчууд тэр чигээрээ автаж, Барбозагаас хойш 49 жилийн дараа л хар арьст Дида шигшээ багийнхаа хаалга дээр зогссон түүхтэй.

Барбоза дараа нь ярихдаа “Бразилд цаазын ял байхгүй. Хамгийн хүнд ял нь 15 жил хорих байдаг. Гэтэл би бүх насаараа айж амьдрах ял авлаа ш дээ. Би үхэж байж л энэ аймшиг дуусах байх…” гэж байсан гэдэг. 

Тэрээр ядуу зүдүү амьдарсаар 2000 онд нас барсан бөгөөд үхэхдээ өөрийн өргөмөл охинд “Би буруугүй, бид талбайд 11-үүлээ байсан ш дээ” гэж үглэсээр амь тавьсан байна.

P.S

Барбозагийн буруутай эсэхийн тухайд мэдэх юм алга. Тэр тусмаа өмнөх гоол нь яаж орсон билээ. Ямар ч байсан хөл бөмбөгийн хаалгачийн хувьд өрсөлдөгч жигүүрээр довтолж байх үед эцсээ хүртэл ойрын шонгоо хамгаалах ёстой гэсэн нэгэн “хууль” бий. Довтолж байгаа хүн төв рүү дамжуулалт хийх гэж байгаа мэт болж хаалгачийг шонгоос холдуулах гэж оролдох ба хаалгач үүнд автахгүйгээр, дамжуулалт өгөн өгтөл хэрэм мэт зогсох ёстой. Энэ нь хэлэхэд амархан ч хийхэд дэндүү хэцүү гэдгийг хөл бөмбөгийн өндөр зэрэглэлийн хаалгачид байтугай жирийн нэг муу сонирхогч-хаалгач хүртэл бүгд л мэдэх билээ. Барбозад жаахан тэвчээр дутсан бололтой.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд