No menu items!
HomeТүүх“Ялагдашгүй Ямато” хөлгийн сүйрэл

“Ялагдашгүй Ямато” хөлгийн сүйрэл

-

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Дэлхийн 2-р дайн үеийн хамгийн том, хамгийн хүчирхэг хөлөг онгоц бол Японы Ямато хэмээх хуягт линкор (warship, battleship) байлаа. Энэ хөлгийг усанд тавьж байх үед түүнээс том цорын ганц усан онгоц байсан нь иргэний “Куин Мэри” бөгөөд “Ямато” нь 460 мм-ийн 2820 тонн жинтэй 9 их буутай,түүний нэг сум нь л гэхэд 1,5 тонн жинтэй, энэ сум нь 45 км-ийн зайтай байг устгах боломжтой…түүнээс жижиг хэмжээтэй янз бүрийн зориулалттай үй олон том жижиг буунуудыг тоочих гэвэл нэлээд цаг орохоор их юм гэсэн.

Хөлгийн их биеийн урт нь 263 метр, 40 метр өргөн, усан түрц нь 72810, хөдөлгүүр нь 150 000 морины хүчтэй, 27,5 зангилаа хурдтай (ойролцоогоор 50 км/цаг), их бие нь 50-650 мм хуягтай…гээд үнэхээр дайны том мангас байжээ.

Япончууд энэ хөлгийг хийх гэж маш их хүч, зүтгэл, хөрөнгө гарган босгосон бөгөөд наран улсын сүр хүч болсон онгоцоо дайн байлдаанд оруулсан нэртэй боловч үнэндээ хайрлаж хамгаалан их тулалдаанд оролцуулахгүй шахам явсаар 1943 онд торпедод оногдож томхон гэмтсэн байна. Японы зэвсэгт хүчний ялагдашгүй сүр хүчний илэрхийлэл болсон энэ хөлгийг засаж байгаа нэрээр дайн тулаанаас бүр ч холдууллаа.

Тухайн үеийн Японы тэнгисийн нисэх хүчний офицеруудын дунд нэгэн ийм яриа явдаг байсан гэдэг:

“Хорвоо дэлхийд хэнд ч хэрэггүй гурван зүйл байдгийн нэг нь Египетийн пирамид, нөгөөх нь Хятадын цагаан хэрэм, гурав дахь Японы Ямато хөлөг…”

1944 он буюу Япончууд тэнгис далайд ялагдан баларч байсан үед Яматог тулалдаанд оруулахаас өөр аргагүй болж Филиппиний төлөөх тулалдаанд буудалцаж эхэлсэн байна. Үнэндээ бол 5 том линкор бүхий энэ том цувааны хамгийн аюулгүй газарт Ямато байрлах ба нэгэн удаагийн тулалдаанд анхны байлдааны буудлагаа хийсэн гэдэг. Энэ нь зенитийн их буугаар дайсны нисэх онгоцыг буудсан хэрэг гэх боловч үнэндээ өөрийн онгоцыг л буудсан байжээ. Аз болоход харин оносонгүй.

Дараа нь Сибуян, Лейте орчимд бас л дайтаж тулалдан гавьяа байгуулсан гэж Японы суртал нэвтрүүлэг ухуулж байсан ч үнэндээ Яматогийн агуу том их бууны ганц ч сум байгаа онож байсангүй.

Сүүлчийн аян

1945 оны 4-р сард Ямато нь 9 дагалдах хөлгөө дагуулан Окинавад буусан Америкийн десантуудтай тулалдахаар гарлаа. Хэдийгээр энэ том ажиллагаанд илүү олон хөлөг оролцуулах шаардлагатай байсан боловч Япончуудад шатахуун байсангүй. Олж чадсан нь ердөө л 2500 тонн.

Төлөвлөгөө ёсоор бол Ямато нь гэмтэх, эсвэл шатахуун хүрэлцэхгүйгээс болж буцах аргагүй болбол эрэг дээр хайрдан, хүчирхэг их буугаараа арлыг хамгаалж байгаа цэргүүдээ дэмжих ёстой байлаа. Дайны ид хэрэгтэй цагт хайрлаж байсан хөлгөө одоо бараг шууд золионд гаргаж байгаа нь энэ.

Японч флотын удирдагч Тоеда нь энэ ажиллагаа амжилтад хүрэх ямар ч найдлага алга гэдгийг мэдэж байсан боловч хөлгөө далайд гаргахгүй бол тэдгээр нь ерөөсөө дахиж далайд гарахгүй байсаар зүйл дуусах нь гэдгийг сайн ойлгож байлаа. Ядаж байхад Америкийн бөмбөгдөгч, торпед зөөгч онгоцноос хамгаалах ямар ч сөнөөгч онгоц байдаггүй.

Ямато тэргүүтэй том цуваа далайд гарангуут л Америкчууд тэдгээрийг хаана явааг нь тогтоож мөрдөж эхэлжээ. Хэдийгээр цувааг устгах сайхан боломж байсан боловч эргээс аль болох холдуулж, нэмэлт хүч ирэх боломжгүй үед л дайрах гэж тэвчээртэй хүлээн дагасаар байсан ба Америкийн хөлөг онгоцнууд нь Яматогийн тухай мэдээ мэдээллийг нэг нэгэндээ ил задгай холбоогоор дамжуулж байсан нь Япончуудын зүрхийг үхүүлэх зорилготой байв. Япончууд ч өөрийг нь нүд цавчихгүй хянаж байгааг сонсоод хэцүүхэн байдалтай байсан нь мэдээж.

Маргааш өглөө нь Америкийн анхны дайралт эхэллээ. Америкийн 58-р цохилтын бүлгийн 300 орчим онгоц агаарт гарсан (98 нь торпед зөөгч) боловч яг байгаа 227 онгоц  олж очиж, бусад нь төөрөн алга болсон байна.

Америкчууд цувааны түрүүнд яваа хөлөг онгоцнуудыг эхэлж дайрахад Японы бүх л онгоцнууд зенитийн их буугаараа буудаж эхэллээ. Хамакаже, Яхаги зэрэг эсминцүүд бараг тэр даруй живсэн бол Яматогийн тавцан дээр 3-4 бөмбөг унаж, ихэнх 127 мм-ийн агаарын их бууг нь ажиллагаагүй болгон, үндсэн их бууны удирдах системийг бас гэмтээж чадсан байна. Залгаад 2 торпед зүүн талаас нь оносноор хөлөг 5-6 хэм хазайж эхэлсэн ч маш хурдан хариу арга хэмжээ авсны дүнд хөлгийн хазайлтыг 1 хэм болгон тэгшилж чадлаа.

Хэдхэн минут амсхийсний дараа Америкийн дараагийн хэсэг ирж яваа гэсэн мэдээ ирж тэнгэрт дахиад л үй түмэн онгоц гарч ирэн торпед хаялж эхэллээ. Зүүн талаас гурав, баруун талаас 1 торпед оносны дараа хөлгийн хазайлт бүр 15 хэм хүрч, цахилгаан хангамж энд тэнд тасалдаж, цөөхөн үлдсэн хүнд их буунуудын ихэнхийг нь ажилгүй болгон гэмтээсэн байна. Хазайж байгаа талын эсрэг талд зарим нээлхийг нээж чадсанаар хазайлтыг 5 хэм болгож чадсан ч Ямато нь одоо байлдааны хөлөг гэхээсээ илүү ямар нэг буудлагын байтай төстэй болж хувирчээ. Хэзээ ч ялагдашгүй юм шиг санагдаж байсан энэ онгоц 6-7 торпедын дайралтыг арай гэж давсан нь энэ.

Цагийн дараа 3 дахь дайралт. Дахин 4 торпедод оногдож, хэд хэдэн бөмбөг тавцан дээр нь дэлбэрснээс хөлгийн бүх их буу ажиллагаагүй болж, хурд нь 12 зангилаа болтол буурсан ба удалгүй ажиллаж байсан цорын ганц сэнс нь ч зогслоо. Нэгэнт бүх юм дуусаж байгааг ойлгосон усан цэргүүд хөлгөө аврах гэж зүтгэхээ болин амь гарах зам хайж эхэллээ.

Энэ үед Юкиказе, Фуюцуки зэрэг эсминец нь агаарын довтолгооноос Яматог хамгаалах гэж бүх л арга чаргаа хэрэглэж байсан ч линкор зүүн талдаа 26 хэм хазайж, удирдлагын болон хөлөг залах систем, холбоо харилцаа бүгд үгүй болжээ.

Ийм байдлаар удсангүй. Хөлгийн хазайлт улам бүр нэмэгдсээр хэзээ мөдгүй хөмрөх нь гэж байх тэр үед аймшигтай хүчтэй тэсрэлт болон Ямато алга боллоо. Хөлгийн дотор байсан 500 тонн сум хэрэгсэл бүгд дэлбэрч, дэлбэрэлтийн утаа нь 6 км хөөрч, галан дөл бараг 2 км хүрч байсан гэдэг.

Энэ хөлгийн багийн гишүүн болох 2498 хүн тэр чигээрээ амь үрэгдсэн төдийгүй, Яматог хамгаалан явсан 4 эсминец, 1 крейсер мөн живж, нийтдээ 3665 усан цэрэг байхгүй болсон юм.

Харин ялагдашгүй гэж итгэж байсан Ямато хөлөг нь дайсныхаа 5 нисэх онгоцыг унагаж, 20 гаруйг гэмтээсэн бол цувааны бусад хөлгүүд нийлээд 4 шумбан бөмбөгдөгч, 3 торпед зөөгч, 3 сөнөөгч онгоцыг л  унагаж чадсан байна.

Японы флотын гол сүр хүч, агуу том, ялагдашгүйн билэг тэмдэг болсон хөлгийн бодит үнэ цэнэ нь ердөө л энэ хэдхэн нисэх онгоц байжээ.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд