ОХУ-ын гимнастикч Иван Куляк өнгөрөгч бямба гарагт Катарт болж буй тэмцээний медаль гардуулах индэр дээр Украины өрсөлдөгчтэйгөө зэрэгцэн зогсохдоо дайны бэлгэ тэмдэг ашигласны улмаас сахилгын шийтгэлийн хэргээр шалгагдаж байгаа аж.

Катарын нийслэл Доха хотноо болж буй Уран сайхны гимнастикийн дэлхийн цомын тэмцээнд Оросын гимнастикч Иван Куляк Украины тамирчин Илья Ковтунд ялагдаж, хүрэл медалийн болзол хангажээ.
Улмаар медалийн индэр дээр гарахдаа цээжиндээ “Z” үсэг наасан нь олны дургүйцлийг хүргээд байна. Учир нь “Z” үсэг нь Орос Украинд түрэмгийлснийг илэрхийлэх бэлгэдлийн шинж чанартай бөгөөд Оросын танк, цэргийн машинууд дээр тэмдэглээтэй байхаас гадна дайныг дэмжигч улстөрчид үүнийг хувцсандаа наадаг байжээ. Ийнхүү ёс зүйгүй авирласных нь төлөө түүнийг Олон Улсын Гимнастикийн холбооноос шалгахаа мэдэгдээд байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Олон Улсын Гимнастикийн холбооноос Орос, Беларусийн тамирчид, шүүгчдийн эсрэг тавьсан хориг өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоног тэдний хувьд боломж байлаа гэж BBC агентлагаас мэдээлжээ.