No menu items!
HomeОнцлохМ.Эрхэмбаяр: Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүст удаан хугацаагаар хий ханиалгах шинж илэрч...

М.Эрхэмбаяр: Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүст удаан хугацаагаар хий ханиалгах шинж илэрч байна

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт УГТЭ-ийн  Уушги судлалын тасгийн эмч  М.Эрхэмбаярыг урьж, ярилцлаа

– Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүст уушги, амьсгалын замд нь ямар өөрчлөлт гарч байна вэ. Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд өөрчлөлт анзаарагдаж байна уу?

– Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүст удаан хугацаагаар хий ханиалгах, багахан ачаалалд амьсгаадах, цээж давчдах шинж илэрч байна. Мөн амьсгал авах болон гаргахад саадтай буюу өөрт амьсгал дутуу аваад байгаа мэт санагдах зовиурууд нэг сар болон түүнээс дээш хугацаагаар илэрч болно.

Ковид-19-өөр хөнгөн, хүндэвтэр өвчилсөн хүмүүсийн 25-60 хувьд нь үрэвслийн шалтгаантай уушгины хатуурал буюу соривжил, наалдац үүсч байна. Хоёрдогчоор гуурсан хоолойн тэлэгдэл мөн үүсч байгаа юм. Түүнчлэн 30 орчим хувьд нь хатгааны үрэвслийн нэвчдэс илэрч байна.

Гуравдугаар эмнэлгийн уушгины тасаг болон амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн дунд дээрх өөрчлөлтүүд 45-аас дээш насны, архаг суурь өвчтэй, тамхи татдаг хүмүүсийн дунд давамгайлж, рентген зургаар батлагдаж байгаа. Ковид-19 халдвараар хүндэрч эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн нийт өвчтөний 39 хувьд нь нэг жил хүртэлх хугацаагаар ядарч сульдах, 26 хувьд нь үе мөч өвдөх, 21 хувьд булчин өвдөх шинж илэрч байгааг судалгаанд дурдсан байна.

– Ковидын халдвар аваад эдгэсэн хүмүүс цээжний рентгенд заавал харуулах шаардлагатай юу. УГТЭ даатгалаар үйлчилж байна уу?

– Гэрээр болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан хүмүүс 10-14 хоногийн дараа уушгины эмчийн зөвлөгөө авч, цээжний рентген зураг авахуулах хэрэгтэй.  Ингэж хяналтын үзлэгт хамрагдах нь хожим гарах хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой юм. Учир нь хөнгөн туссан хүмүүст үе үе илрэх шинж тэмдэг удаан хугацаагаар үргэлжлэх, улмаар энэ байдал ажлын бүтээмжид нөлөөлөх эрсдэлтэй. Хүндэвтэр болон хүндээр өвдөөд эдгэсэн хүмүүст хатгаа бүрэн шимэгдэлгүй үлдэх, фиброз хэлбэрт шилжих зэргээс сэргийлж чадна.

Ковидоор өвдсөний дараах хяналтад хэзээ хамрагдахыг эмч товлож өгөх бөгөөд тухайн хүний үрэвслийн идэвх, хатгааны шимэгдэлтийн байдлыг үнэлэн эмийн болон эмийн бус эмчилгээг зөвлөж байгаа. Хяналтын явцад эмч шинжилгээний сайжирсан үзүүлэлтүүд дээр үндэслэн хяналтаас хэзээ гарч болохыг мөн шийдэж өгнө.

Уушгины хатгаа хэр их талбайг хамарсан гэдгээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацаа хүн бүрд харилцан адилгүй байдаг. Иймд  эмчилгээг дунд нь таслах эсвэл бусдын сайн гэснийг дур мэдэн хэрэглэхгүйгээр эмчийн зөвлөсөн эмчилгээг бүрэн хийснээр уушги үрэвслийн үлдэц, сорвижилтгүй хурдан эдгэх боломжтой.

Харин эмнэлгээс гарсны дараа шинж тэмдэг нэмэгдэх, архаг суурь өвчин сэдрэх, бага зэргийн ачаалал авахад амьсгал олширч амьсгаадалтыг хөнгөвчлөх байрлал үр дүнгүй байх, анхаарал хандуулах, ойн санамж сэтгэн бодох чадварууд сайжрахгүй байвал шууд харьяаллын дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь зүйтэй. УГТЭ-т цээжний рентген зураг, цээжний компьютер томографын шинжилгээг даатгалаар хийж байгаа.

– Уушгины хатгаа хэр их талбайг хамарсан гэдгээс хамаарч эмчилгээний үргэлжлэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг гэлээ. Уушгины хатгаа өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

– Уушгины хатгаа нь нянгийн болон вирусийн шалтгаантай эсвэл  хавсарсан шалтгаантай үүсч болно.   Ковид-19 бол вирусийн халдвар бөгөөд хатгаа нь түүний хүндрэл юм. Ковид-19-ийн вирус амьсгалын дээд зам болох хамар залгиурын салстаар дамжин цагаан мөгөөрсөн хоолой, бронх, бронхиал, улмаар хийн солилцоо явуулдаг цулцангийн хялгасан судсаар дамжин цусаар тархан уушгийг төдийгүй бусад эрхтэн тогтолцоог гэмтээдэг.

Хатгаа уушгины нэг болон хоёр талыг хамрахад амьсгалд оролцож буй эд эс хамгаалах тогтолцоог гэмтээснээр тухайн хэсэг газар амьсгалах үйл ажиллагаагүй болж, хүчилтөрөгчийн хэмжээ багасаж, амьсгалын дутагдал үүснэ. Энэ нь насан туршид сэргэхгүй үлдэх хүндрэл ч гарч болно.

Мөн хүндэвтэр, хүнд явцтай хатгааны дараа хатгааны үрэвсэл сорвижиж үлдэж байна. Энэ байдал сэргэх эсэх нь тухайн хүний бие махбодын онцлог болон архаг суурь өвчнөөс хамаарч 1-2 сар түүнээс дээш хугацаа шаардахыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд ковид-19 аваад эдгэснээс хойш 10-14 хоногийн хугацаанд уушгины нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч ковидын дараах хяналтад хамрагдах зайлшгүй шаардлагатай.

– Уушгины хатгаа өвчний шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?

– Ихэвчлэн хуурай болон цэртэй ханиалгах, цээжээр өвдөх,  амьсгаадах, халуурах, үе мөчөөр шархирч өвдөх шинж тэмдэг илэрдэг. Мөн цэрний өнгө нь шаргал, ногоон өнгөтэй гарах нь тухайн цэрэнд ямар нэг үүсгэгч буюу нян бактери агуулагдаж байх магадлалтайг илтгэдэг. Тиймээс мэргэжлийн эмчид  хандан цэрний бактериологийн шинжилгээ өгөх нь оношилгоо, эмчилгээнд ихээхэн ач холбогдолтой. Одоогийн нөхцөлд антибиотикийн зохисгүй хэрэглээ их болсон. Харин тухайн бактериологийн хариу нь антибиотик зөв сонгох, хэрэглэх заалт болж өгдөг.

Хэрэв үүсгэгч илэрсэн байвал дурын антибиотик хэрэглэх бус яг л тухайн цэр, уушгинд агуулагдаж байгаа нянгийн үржлийг саатуулах, устгах антибиотикийг сонгон хэрэглүүлнэ гэсэн үг. Түүнчлэн амьсгаадалт, цээжний өвдөлт нэмэгдэх, цэр цусны судалтай гарах, ханиалгахад цус гарах нь уушгины хатгаа хүндэрч байгааг илтгэнэ.

– Ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар мэдээлэл өгөөч. Уушги, амьсгалын замын эрхтэн системээ сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

– Ковид-19 халдвараар өвчилсөн хүмүүсийн 83-84 хувьд нь сэргээн засах  эмчилгээ шаардлагатай гэж үзэж байгаа л даа. Гэхдээ иргэд маань амьсгалын дасгал, өөрт тохирсон дасгал, хөдөлгөөнийг нарийн мэргэжлийн эмчийн заавраар зөв техникийн дагуу хийх нь илүү үр дүнтэй.

Ковид-19 халдвар нь уушгины цулцан бүхий цусан хангамж хамгийн ихээр байдаг ар доод хэсгийг илүү гэмтээдэг учраас тухайн  хэсэг газрын агааржилтыг сайжруулах, амьсгалд оролцдог цээжний булчингуудын хөдөлгөөний идэвхийг сайжруулах дасгал хийх хэрэгтэй.

Хамгийн энгийн, хийхэд хялбар амьсгалын дасгалын жишээ гэвэл хэвтээ байрлалд дээш харж өвдөгөө нугалж хамраараа амьсгал авахдаа гэдсээ төмбийлгөх юм. Эсрэгээрээ амьсгалаа амаараа гаргаж  хэвлийгээгээ татна. Мөн суугаа байрлалд, нуруу эгц байхад дээрх дарааллаар хийж болно. Булчингийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор шаар үлээх, иогийн дасгал хийвэл илүү тохиромжтой.

– Хаврын улирал эхэлж байна. Энэ үеийн цаг агаар хүний амьсгалын эрхтэн тогтолцоо, уушгинд хэрхэн нөлөөлдөг вэ?

– Хувь хүн ямар төрлийн зүйлд мэдрэг байдлаас шалтгаалаад илрэх шинж тэмдэг, зовиур үргэлжлэх хугацаа ялгаатай, харилцан адилгүй байдаг. Хаврын саруудад, ургамал цэцэглэж тоосжих үед ургамлын болон тоосонцрын харшил сэдрэх хүчин зүйл болдог.

Мөн 4-5 саруудад нарны хэт ягаан туяаны идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой нарны харшилтай хүмүүсийн мэдрэг байдал ихсэж, шинж тэмдэг илэрдэг. Үүнтэй холбоотой харшил сэдрээж байдаг гадаад, дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр гуурсан хоолойн хэт мэдрэгшил үүсч, гуурсан хоолойнууд нарийсч, цэрээр бөглөрч үрэвсэл ихэссэнээс агаар дамжилт саатдаг.

Энэ байдал удаан үргэлжлэх, арга хэмжээ аваагүй тохиолдолд даамжирч астма болж архагших эрсдэлтэй. Астма  нь  гуурсан хоолойн гөлгөр булчингийн агчилт, гуурсан хоолойн салст бүрхэвчийн хөөнгөшил, хавагналт, шүүрэл ялгаралт ихэссэнтэй холбоотойгоор илэрдэг архаг дахилтат явцтай халдварт бус бие даасан өвчин юм.

– Улиралд солигдож байгаа энэ үед хүмүүс юу анхаарах нь чухал вэ?

– Улиралдаа зохицуулж хувцаслах, харшил төрүүлэгч зүйлсээс өөрийгөө тусгаарлах, хязгаарлах, амны хаалт тогтмол хэрэглэх шаардлагатай.

Гадаа гудамж талбайд цэр, шүлсээ хаяхгүй байх,  эмийн бэлдмэлийг эмчийн зааваргүй хэрэглэхгүй байх нь хамгийн хялбар, энгийн алхам болно. Мөн амьсгалын замын өвчин, түүний хүндрэлээс сэргийлэх зорилгоор олон улсад томуугийн вакциныг  жилд хоёр удаа буюу хавар намар хийлгэхийг  зөвлөдөг. Энэ нь томуу, томуу төст өвчин 9-4 сар хүртэл үргэлжилж байдагтай холбоотой юм.

– Ярилцсанд баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд