No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

76: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын  гишүүдийн талаар уншигч та бүхэндээ мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг онцолж байна.

Товч намтар

Ж.Эрдэнэбат 2012 оноос хойш Сэлэнгэчүүдийг төлөөлж байгаа төрийн түшээ билээ. Эдийн засагч мэргэжилтэй тэрбээр ажил, амьдралын гараагаа төрсөн нутгаасаа эхлүүлж, “Сүүтэй” хэмээх компанид нягтлан бодогчоор нэг жилийн хугацаанд ажиллажээ. Улмаар Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч хийж байгаад 2000-2004 он хүртэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар, 2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, 2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар тус тус ажилласан байна.

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат эцэг, эхээс дөрвүүлээ бөгөөд  нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй, айлын том хүү. Харин Ж.Эрдэнэбат гишүүнийх ам бүл тавуулаа. Тэрбээр гэргий Д.Тунгалагтайгаа арван жилийн нэг ангийн хүүхдүүд ажээ.

Ж.Эрдэнэбат 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, өдгөө УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. 2016-2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан тэрбээр эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байсан.

Улсын дээд шүүхээс 2021 оны нэгдүгээр сарын 16-нд Ж.Эрдэнэбат нарт ял оноосон өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Ж.Эрдэнэбатад ногдуулсан шийтгэх тогтоол хүчингүй болсон.

Хэдийгээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон ч Ж.Эрдэнэбат нар цагдан хоригдсон хэвээр байсан юм. Харин 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, уг хэргийг дахин эхнээс нь шалгаж эхлэх болж Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдсэн байдаг.

Хөрөнгө орлого

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг АТГ-аас цахимд нээлттэй байршуулдаг билээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын 2019 оны хөрөнгө орлогын хураангуйг хүргэе. Тэрбээр 2020 оны хөрөнгө орлогоо АГТ-д мэдүүлээгүй байгаа юм.

Түүний жилийн орлого 109 сая төгрөг бол гэр бүлийн гишүүд нь жилдээ 244 сая төгрөгийн орлоготой. Тэрбээр 81 сая төгрөгийн хоёр нийтийн орон сууц, нэг авто зогсоолтой бөгөөд 240 саяын Lexus, 570 маркийн машинтай аж.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 163 сая 432 мянган төгрөгийн мал, аж ахуйтай, 131 сая төгрөгийн  үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй хэмээн тайлагнасан байна .

Тэрбээр мөн Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 110 гаруй сая төгрөгийн хадгаламжтай. Түүнчлэн Сүүтэй ХХК, Хэрх-Илч ХХК, Хэрх-Өргөө ХХК, Гүн сан эрдэнэс ХХК, Талын агт ХХК, Их түмэн сүрэг ХХК-иас хувь эзэмшдэг байна.

Хөрөнгө орлогын дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү.

Хэвлэлийн хуудаснаа

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татаж байсан түүний талаарх мэдээллийг энд хүргэе.

Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөв

УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат хараахан гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулаагүй байсан. 

Учир нь түүнийг сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хорьж, улмаар хэргийг шүүхийн шатанд шилжүүлсэн. Гурван шатны шүүхээр хэргийг хянасны эцэст дахин шалгахаар болж, 2021 оны 3-р сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан юм. 

Ийнхүү сонгогчдын олонхын саналыг авч, СЕХ-ноос түүнийг УИХ-ын гишүүнээс сонгогдсонд тооцох тогтоол гаргасан хэдий ч хорих ял сонсоод байсан тэрбээр 2021 оны гуравдугаар сарын 18-нд парламентад тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажуулсан.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, зургаан жил хорих ял оногдуулаад байсан юм. 

Х.Баттулга: Ж.Эрдэнэбатын асуудал эмгэнэлтэй жүжиг болох гээд байна шүү

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга тухайн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслолтой холбогдуулан байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэрбээр “…Авлигатай тэмцэх нүсэр ажлыг эхлүүлснээс хойш хоёр жил болж байна. Энэ ажил дөнгөж эхэлж байгаа. Ж.Эрдэнэбатын хувьд залуу наснаасаа аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайд байсан, хариуцлагыг өөрөө ухамсарлах хэмжээний албан тушаал хашиж байсан хүн учраас би зориуд үг хэлж байна. Холбогдоод байгаа эрүүгийн хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй байхад яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу?

Тэртээ тэргүй одоогийн УИХ-ын гишүүдийн талаас илүү хувь нь гэмт хэрэгтэн байна. Гэмт хэрэгтнүүд УИХ-д орж ирж хамгаалагддаг процесс маш эрчимтэй явж байгаа. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон парламент ч ийм байсан. Би өнөөдөр ёс зүй ярьж байна.

Ж.Эрдэнэбат төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан залуу хүн байна, тангараг өргөхөө хойшлуулж болохгүй юу?

Мэдээллээс үзэхэд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа ашигт малтмалын лицензүүдийг өөртөө хамаарал бүхий компаниудад гарын үсэг зураад авчихсан. 2017 оны есдүгээр сарын 14-ний өдрийн Засгийн газрын тогтоол олон нийтэд ил болсон. Энэ байж болохгүй асуудал учраас хэрэг үүсгэж, тодорхой хэмжээнд шалгуулсан. Одоогийн байдлаар энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна гэж би ойлгож байна.

Хэрвээ Ерөнхий сайд болонгуутаа өөртөө хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд газрын баялгийн лицензүүдийг авч болж байгаа бол цаашдаа ээлж дараалан зургаа, зургаан сараар Ерөнхий сайд болоод өөрөө өөртөө гарын үсэг зурж, газрын баялгийг авах боломж байгаад байх ёстой юм уу?

…2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тухайн үеийн Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой” гээд “ЖДҮ”-чдийн асуудлыг оруулж ирсэн. Гэтэл гар гараасаа барьсаар байгаад, 50 орчим хүнээс хасагдсаар байгаад гурав, дөрөв нь л ял авсан.

Би УИХ-ын ээлжит бус чуулган зарлая гэсэн санал оруулахад Д.Тогтохсүрэн дарга МАН-ын бүлгээр ярилцана гэсэн ч зарлаагүй. Өрх бүрд нэг сая төгрөг өгөх асуудлыг ярья гэсэн ч яриагүй. Цар тахлаар улстөржихөө больё, намчирхахгүйгээр ард иргэдээ бодсон шийдвэр гаргая гэж ярьсан ч хэрэгжээгүй. Ж.Эрдэнэбатын асуудал эмгэнэлтэй жүжиг болох гээд байна шүү. Тэртээ тэргүй гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шүүхийн шинэчлэлийн тухай хуулиар Шүүхийн сахилгын хороог УИХ мэдэлдээ авсан шүү дээ. Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрыг авсан. Асуудлаа нэг талд нь гаргачхаад тангараг өргөж болдоггүй юм уу? Би ийм үгийг хэлэх гэж орж ирсэн юм” гэсэн байдаг.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд