No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

76: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг онцолж байна.

ТОВЧ НАМТАР

УИХ-д анх удаагаа сонгогдоод буй Ц.Цэрэнпунцаг гишүүн 1971 онд Завхан аймгийн Цагаанчулуут сумын нутагт төржээ. Түүний төрсөн ах нь үндэсний бөхийн улсын харцага Ц.Бэгзсүрэн билээ. Тэрбээр 1988 онд Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургууль, 1996 онд АНУ-ын Сан-Франциско хот дахь Американ Академи Англи хэлний курс төгсжээ. 1997 онд ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуульд Авто машин ашиглалтын инженер мэргэжлийг эзэмшсэн.

АНУ-ын Колорадо мужийн Их Сургуулийн Болдор дахь Эдийн Засгийн институтид мэргэжил дээшлүүлэх курс, АНУ-ын Калифорни муж дахь Доминикан Их Сургуульд Бизнесийн Удирдлагын Магистр, АНУ-ын Беркелигийн Их Сургуульд Улс Төр судлалийн Магистрантаар тус тус суралцжээ.

1999 оноос бизнесийн гараагаа эхлүүлж, “Жем Групп”-ийг үүсгэн байгуулжээ. 2005 оноос Жи-Мобайл ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2008 онд “DDish TV” ХХК, “Жем Нэт” ХХК-г үүсгэн байгуулжээ. 2013 оноос “SPS TV” ХХК-г үүсгэн байгуулж, 2018 оноос “Хужирт Тур” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллажээ.

Нэгэн үе “зургаан залуу заан” гэж байхад түүний тоонд багтаж явсан Ц.Цэрэнпунцаг гарьдын бөхийн анхны багш нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Завхан аймгийн баяр наадамд 3 түрүүлж, 3 үзүүрлэн, 8 удаа шөвгөрсөн Сандаг-Очирын Юнрэн арслан юм.

Тэрээр 1993 онд ардын хувьсгалын 72 жилийн ойгоор улсын заан Д.Сүхбаатараар дөрөв, улсын заан Д.Амгаагаар тав давж начин цол хүртсэн байдаг. Зургаагийн даваанд Ц.Баярсайхан заанд тахимаа өгсөн. 1994 оны наадмаар найм давж сүүлд батлагдсан хууль ёсоор гарьд цолны болзол хангасан түүхтэй.

Ид барилдаж байсан үедээ буюу 1995 оны наадмыг алгасаж, 1996 онд улсын начин Л.Өлзийбаяраар зургаа давж “Саруул сайжрах” чимэг аваад долоогийн даваанд Д.Сумьяабазартай тунаж барилдаад өвдөг шороодож байжээ. Улсын гарьд цол нь 2003 онд бий болсон бөгөөд Ц.Цэрэнпунцаг 1994, 2001 оны наадмуудад 8 давсан амжилтаараа уг цолыг хүртсэн юм.

Монгол Улсын аварга Д.Сумъяабазар улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн тухай “Бөх хүн цаанаасаа төрдөг гэж Монголчууд ярьдаг. Пунцаг ах бол яалт ч байхгүй төрмөл бөх. Дөрвөн мөчиндөө энэ тэнцүү бяртай хүн. Зургаан залуу заан гэж байхад бид нар хэд хэдэн удаа хоорондоо таарч барилдсан. Хамгийн барилдаан таардаггүй хүнд учраа нь Ц.Цэрэнпунцаг ах байсан юм уу даа. Сонгодог, жүдо хэв маягтай бөх шүү дээ. Босоо өрөөтэй тэгээд хоёр шууны бяраар бол бөхчүүд дотроос урд нь гарах хүн байхгүй л болов уу” хэмээн өгүүлж байжээ.

Хувийн амьдрал:

Түүний гэргийг Б.Ойгонжаргал гэдэг. Аав ээж хоёр нь төрсөн нутгийнхаа шүтлэгт нуур болох Ойгон нуурын нэрийг оролцуулан охиндоо энэ нэрийг хайрласан аж. Тэрээр Жем Интернэшнл гэх “их айл”-ыг анх үүсгэн байгуулсан нэгэн. Тэд 1989 онд ТИС-ын 1-р курст байхдаа танилцаж, гэр бүл болжээ. Өдгөө тэднийх гурван хүүхэдтэй. Пушки нэрээр олонд танигдсан ууган охин Ц.Пүрэвжаргал нь 1990 онд төржээ. Пүрэвжаргал 2016 онд АНУ-ын Санфранцискогийн Их сургуулийг төгссөн бөгөөд өдгөө “SPS” HD телевизийг удирддаг аж.

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө, орлогын мэдээллийг нийтэд ил болгосон билээ. Энд тэрбээр өөрийн орлого 436,2 сая, гэр бүлийн орлого 124,1 сая гэж мэдүүлжээ. Ц.Цэрэнпунцаг гишүүн 6,7 тэрбумаар үнэлэгдэх хоёр амины орон сууц, нийтийн орон сууцтай. Мөн 257 саяын үнэтэй

736,4 саяар үнэлэгдэх Toyota SIENTA, Land Rover Range Rover, BMW-X-6, Mercedes Benz G500, Lexus 570, Porsche Cayenne автомашинтай, 10 саяын үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.

Гадаадад дансгүй бөгөөд дотоодын хадгаламжиндаа 150,7 сая төгрөгтэй тэрбээр Жем интернэшнл ХХК, ДДЭШТВ ХХК, Жи би си си ББСБ, Жем групп ХХК, Жи эн бевережис ХХК, Жем нэт ХХК, Автоимпекс ХХК, Жем проперти ХХК, Жем трейд ХХК, Хужирт тур ХХК, Жем Хужирт ХХК, Кевико ХХК, Гарди менежмент ХХК, Митсолюшнс ХХК, Фрэндшип наран ХХК, Ти вай жи ХХК, Эс пи эс эйч ди ХХК, Аспайр майнинг лимитед ХХК-д хувьцаа эзэмшдэг. Хөрөнгө орлогын мэдүүлгийн талаарх дэлгэрэнгүйг ЭНД  дарж харах боломжтой.

ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА

Хатуу хөл хорионы дэглэм зөрчжээ

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хатуу хөл хорионы үед Бага тэнгэрийн аман дахь өөрийн гэртээ лам нар залж, ном хуруулж буй зураг цахим орчинд түгж, хэсэгтээ олныг шуугиулсан.

Улс орны хэмжээнд хатуу хөл хорио үргэлжилж байгаа энэ үед олон хүн цуглуулсан үйл явдал нь УОК-ын дэглэм, журмыг ноцтой зөрчсөн явдал хэмээн иргэд үзсэн бөгөөд хууль тогтоох, сахиулах үүрэгтэй төрийн түшээ хүн өөрөө дүрэм журам зөрчсөн үйлдэл гаргасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм.

“Хайгуулын лиценз олгодог журмыг хөнгөвчлөх хэрэгтэй”

Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэж байх үед УИХ-ын гишүн Ц.Цэрэнпунцаг “хайгуулын лиценз олгодог журмыг хөнгөвчилж, хурдан шуурхай олгодог болгох ёстой” гэсэн нь олон хүний эгдүүцлийг хүргэлээ.

Учир нь тэрбээр манай улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн салбарын хамгийн том компани болох “Аспайр майнинг”-ийн тал хувийг эзэмшдэг. 2019 онд “Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани БНХАУ-ын компаниас 100 сая ам.долларын зээл авсан, Хөвсгөлийн уул тайгыг Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг ухах гэж байна” гэсэн мэдээлэл гарч, Хөвсгөл аймгийн иргэд жагсаж, тэмцэхээ мэдэгдэж байсан билээ.

“Хятад компанид зарагдсан газарт “Богд Зонхова” барих гэж байгаад баяртай байна”

“Богд Зонхова” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тус төслийг Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпцунцаг нарын гурван гишүүн санаачилсан. Тэгвэл бурхны хөшөөтэй холбоотой асуудлаар дараах тайлбарыг өгч байв.

Тэрбээр, “Зураг төсөл нь нарийвчлан гараад мөнгө нь 32 тэрбум төгрөг болсон тухай Барилга хөгжлийн төв тайлбарлаж байх шиг байна лээ. Соёлын яам ч тайлбарыг өгсөн. Мэдээж 32 тэрбум төгрөг болж өссөнийг нь мэдсэн. Энэ төслийг уулын орой буюу Залаатын аманд хэрэгжүүлэхээр болсон байсан. Гэвч уулын оройд бүтэхгүй л дээ. Үүнийг барих компани ч байхгүй. Дэд бүтэц ч байхгүй. Тиймээс Үндэсний соёл амралтын хүрээлэн юм уу өөр газар хийе гэж яриад Тасганы овоонд барихаар болсон.

Өвчин зовлонтой, ковидын үед хөшөө барилаа гэж иргэд нэлээн шүүмжилж байх шиг байна. Боловсрол, эрүүл мэндэд их наяд, их наядаар нь төсөв тавилаа шүү дээ. Харин үүнийг сайн анхаарах ёстой шүү. Яг хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж байна уу гэдгийг анхаарч ажиллах хэрэгтэй. Бидний амьдрал үргэлжилж байна. Ковидтой байна гээд бид хүүхдүүдээ сургуульгүй  хаях уу? Бүгдийг зэрэг авч явах хэрэгтэй. Жуулчид ирэхээр юу үзэж харах уу? Өв соёлоо сэргээж, үзэж харах зүйл байх ёстой. Энэ том төсөл явах ёстой. Одоогоор улсаас нэг ч төгрөг гараагүй байгаа.

Хүмүүс өвдөж зовохоороо ганданг зорьж, Жанрайсаг бурхандаа мөргөөд гардаг. Тэгэхээр жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд  Гандандаа л очно. Тэгэхээр энэ газраа сэргээж, нүүр улайхааргүй болгох хэрэгтэй. Харин ч хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Монголоо алдах сонирхол хэнд байна вэ. Хэрэгтэй болоод л УИХ-аар шийдвэрлэсэн” гэжээ.

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд