No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

76: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүдийн талаар уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг онцолж байна.

Товч намтар

2008 оноос хойш тасралтгүйгээр УИХ-д сонгогдсон тэрбээр 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургуулийг төгсөж, улмаар 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн 1998 онд Австралийн Сидней Их сургуульд эдийн засагч мэргэжил эзэмшсэн гэж түүний намтарт бий. УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан тэрбээр Англи, Орос хэлтэй.

Ч.Хүрэлбаатар ажлын гараагаа 1991 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлсэн. Тэрбээр 1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд ЭЗБД төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Харин 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байгаад 2008 оны сонгуульд өрсөлдөж, тасралтгүй УИХ-д сонгогджээ.

Түүний эхнэрийг Р.Саранцэцэг гэдэг бөгөөд 2016 оноос Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажиллаж байгаа аж. Саяхан Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэрийг томилно гэсэн мэдээлэл хэвлэлд гарсан байдаг.

Хөрөнгө, орлого

Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т тайлагнадаг билээ. Түүний жилийн орлого 39 сая 150 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь орлого 111 сая 555 мянган төгрөг. Тэрбээр 303 сая төгрөгийн үнэтэй гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, тээврийн хэрэгсэлгүй хэмээн ХОМ-тээ дурдсан байна.

Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаанаас өөр компани нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт байхгүй хэмээн мэдүүлсэн тэрбээр 616 сая 885 мянган төгрөгийн хадгаламжтай. Зээл, авлага байхгүй.

Түүний хөрөнгө, орлогын дэлгэрэнгүй эндээс үзнэ үү.

Хэвлэлийн хуудаснаа

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын талаар ХМХ-ээр цацагдаж, олны анхаарал татаж байсан мэдээллийг товчлон хүргэе.

Хотгор шанагын нүүрсний уурхай

Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байрлах Хотгор шанагын нүүрсний уурхайн 51 хувийг БНСУ-ын Корэй Коал компанид худалдахад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар оролцсон гэх агуулгатай мэдээлэл 2018 онд гарчээ.  Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар хамааралгүй хэмээн тайлбар хийсэн байдаг. Тэрбээр өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулан “Өчигдөр орой намайг гүтгэсэн ээлжит захиалгат нэвтрүүлэг гарчээ. Үүнд тайлбар өгье.

Нэг: “Хотгор шанагын” уурхайг худалдан авах үйл ажиллагаанд миний бие ямар нэг байдлаар оролцсон эсэхийг тодруулахаар албан бичгийг Солонгосын талд хүргүүлсэн бөгөөд ирсэн хариуг нь англи, монгол хэл дээр (орчуулга) та бүхэнд хүргэж байна. Энэ бичгийн хариуд Хотгор шанагын уурхайг худалдан авахдаа Ч.Хүрэлбаатартай холбогдож ярилцсан, хэлэлцсэн, туслалцаа авсан зүйл огт байхгүйг дурджээ. Намайг Солонгосын талд нөлөөлөх гэж оролдсон юм шигээр гүтгэж байна лээ. Надад атгуулдаг, дарамтлуулдаг Солонгосын төр гэж юу байхав, санааны минь зоргоор хөдөлдөг бүхэл бүтэн улс үндэстэн гэж юу байхав. Хэрвээ үнэхээр тийм бол би өөрийгөө Монгол Улсын гадаад бодлогод тун тустай нэгэн болохоо ойлгож авъя. Өглөөнөөс эхлээд виз хэлээд өгөөч, хүүхдээ сургуульд явуулах гэсэн юм гэж иргэд эхнээсээ хандаж эхэллээ. Солонгос орон хуулиа хатуу чанд сахиж, дээдэлдэг төртэй улс учир бодит мэдээллийг өгсөн л энэ.

Хоёрдугаарт: Бөхмөрөн суманд 2006 онд ашиглалтад орсон Нүүрсний хийн цахилгаан станцыг намайг бариулж, туузыг нь хайчилж, улмаар 800 гаруй сая төгрөг шамшигдуулсан мэтээр дурджээ. Гэтэл тэр үед миний бие Сайд битгий хэл УИХ-д нэр дэвшихээ ч мэдээгүй төрийн албанд зүтгэж явсан нь бас үнэн. Юун тууз хайчлах манатай. Харин намайг Эрчим хүчний сайд байхад Бөхмөрөн сумыг Цагааннуураас өндөр хүчдэлийн шугамд холбох ажил эхэлж байнгын тог цахилгаантай болсон гэдгийг хэлье” гэсэн байна.

Ерөнхийлөгч /тухайн үед/ Х.Баттулга У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийг томилоход Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас бусдыг нь дэмжсэн. Ерөнхийлөгч, Сангийн сайд /тухайн үед/ Ч.Хүрэлбаатарыг эрх мэдлээ ашиглан уул уурхайн лиценз худалдсан хэмээн үзэж, анх удаа сайдын томилгоонд хориг тавьсан ч УИХ хүлээн аваагүй. Түүнчлэн АТГ-аас Хотгор шанагын нүүрсний ордтой холбоотой асуудлыг шалгаж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас мэдүүлэг авсан байдаг. Гэхдээ уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хуулийн байгууллагаас Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн гэх мэдээлэл ч байдаг.

“БНСУ-ын Ганнам дүүрэгт гурван орон сууцтай”

“Монголын улстөрч БНСУ-ын Ганнам дүүрэгт гурван орон сууцтай” гэсэн мэдээлэл БНСУ-ын хэвлэлээр цацагдаж эхэлснээр монголчууд хэн нь баячуудын дүүрэгт байр худалдан авав гэдэг  “эрэлд” гарсан. Удалгүй нийгмийн сүлжээнд “Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  Ганнам гэдэг газар гурван хаустай” гэсэн мэдээлэл цацагдсан байдаг.

Харин уг асуудалд тэрбээр өөрийн цахим хаягаараа дамжуулан “Төрсөн эхийгээ ч мөнгөөр худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцөлөөр сүнсээ аль эрт худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү? Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү” хэмээсэн байдаг.

Ч.Хүрэлбаатар: ХААН-ы эздүүд тодорсоор л байна

Сүүлийн үед Хаан банкны хувьчлалтай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байх болсон.УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар анх Хаан банкны хувьчлалын асуудлыг хөндсөн байдаг. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус асуудалд дахин байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “ХААН-ы эздүүд тодорсоор л байна. Жинхэнэ эзэд тодортол багагүй хугацаа орох байх гэж би бодож байсан юм. Үгүй юм байна. Эзэд сандарч байна. Олон нийтийн анхаарлыг үндсэн асуудлаас холдуулж өөр ач холбогдолгүй сэдэв болгон хувиргах арга бол МОЯА-чуудын үндсэн арга. Арга чинь явахгүй байна, самар сайн идээд арга тактикаа өөрчил.

Хөлсний нэгэн бичээч намайг эхнэрээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гээд ХААН банкны асуудал босгож ирсэн гэж. Шал худлаа мэдээлэл. Эхнэрээ гуйж Монцамэ-гийн дарга болж байсан А.Баатархуяг ингэж бичихээр нэг л авцалдахгүй байна. Арай өөр хүнээр сүртэй, үнэмшилтэй бичүүлээрэй. Монголбанк 2 дэд ерөнхийлөгчтэй. Одоогийн 2 дэд ерөнхийлөгч томилогдохоосоо өмнө хоёулаа миний удирдлагад ажиллаж байсан залуучууд. Ажилдаа сайн, өндөр боловсролтой, туршлагатай залуучууд. Дэд ерөнхийлөгч болоход нь дэмжиж байсан. Цаашдаа ч дэмжинэ” гэжээ.

Ч.Хүрэлбаатар: У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй

УИХ-аас 2022 оны төсөв батлахдаа нийслэлийн нутаг дэвсгэрт 32 тэрбум төгрөгөөр Богд Зонхова бурхны хөшөө барихаар баталсан нь шүүмжлэл дагуулж байна. Энэ хөшөөг Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоонд барих ажээ. Энэ төсөл бол Соёлын сайд Ч.Номингийн оруулж ирсэн хөрөнгө оруулалтын багцын нэг юм.

Түүнчлэн хөшөө босгох мөнгийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед баталсан гэх ч мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн байдаг.

Тэрбээр “Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй. УИХ дээр гурван гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье” гэжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд