No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

76: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг онцолж байна.

Товч намтар

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 1973 онд Ховд аймагт төржээ. Тэрбээр Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар 1994 онд Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн байна. Б.Пүрэвдорж гишүүн Англи, Орос хэлтэй.

Харин тэрбээр ажлын гараагаа 1995 онд Монгол улсын Гаалийн ерөнхий газрын харьяа Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хот дахь гаалийн газарт байцагчаар эхэлсэн. Б.Пүрэвдорж 2009 хүртэл ажилласан бөгөөд албаны дарга хүртэл дэвшиж байжээ.

Үүний дараагаас буюу 2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаад 2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргаар томилогдон 2014 он хүртэл ажилласан байна. 2014 оноос хойш нэг жилийн хугацаанд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин парламентад анх удаагаа сонгогджээ. Мөн 2020 оны сонгуульд дахин нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон байна.

Хөрөнгө, орлого

Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг АТГ-аас цахим системд нээлттэй байршуулдаг билээ. Түүний 2020 оны хөрөнгө орлогын хураангуйг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн жилийн орлого 26 сая 526 мянган төгрөг бол гэр бүлийн гишүүдийнх нь нийт орлого 18 сая 892 төгрөг. Тэрбээр 210 сая төгрөгний нэг нийтийн орон сууцтай бөгөөд 124 сая 750 мянган төгрөгний Lexus, 570 маркийн автомашинтай.

Б.Пүрэвдорж гишүүн 38 сая 500 мянган төгрөгний үнэ бүхий мал аж ахуйтай. Харин түүний үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлийн нийт дүн нь 45 сая төгрөг. Тэрбээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, дансандаа 2 сая 663 мянган төгрөгтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Баруун Монгол Интернейшнл” ХХК, “Эрдэнэс таван толгой ХК”-аас ногдол хувь эзэмшдэг байна.

Хэвлэлийн хуудаснаа

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарал татсан түүний мэдээллүүдийг товчлон хүргэе.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, “19-ийн үйлчилгээний төв”-ийн урд авто замын зорчих хэсэгт автомашин шатсан гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа бий. Тодруулбал, Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 18-ны 22:55 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид нэг км замыг туулан 22:58 цагт очиход иргэн Д-ийн “Ниссан Тиана” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн байдаг. Харин энэхүү ослыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гаргасан хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан нь олны анхаарлыг татаж байв.

“30 грамм буюу нэг амны халбага архи”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг энэ оны 4-р сард хэлэлцсэн байдаг. Хуулийн төслийн танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийж, байнгын хорооны дүгнэлтийг Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм. Х.Нямбаатар “Энэ хуульд баар, ресторан, лоунжд архийг бүтэн шилээр нь зарахыг хориглосон заалт тусгасан. Харин граммаар нь зардаг болгоно. Соёлтой хэрэглээгээр дамжуулж, архидалтыг багасгах зорилготой” гэсэн байдаг.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Нэг шот архи зарна гээд байгаа юм. Тэр нь 30 грамм буюу нэг амны халбага архи гэсэн үг. Уг нь шилээр нь зарвал хүмүүс үнэтэй байна гээд мөнгөө хадгалчихъя гэж бодно. Гэтэл одоо граммаар уухаар харин ч амар болох юм биш үү. Дараа нь пиво уухдаа шанагаар уу гэх юм байна л даа. Гэр хороололд архи хямдхан байгаа. Үнэтэй байдаг бол үнэтэй л байх. Амьдралд нийцтэй байдлыг бодоорой” гэв. Тэрбээр үг хэлэх үедээ амны халбага, хоолны халбага авч ирсэн байсан бөгөөд бодитоор харуулж, дээрх заалтыг үгүйсгэсэн байдаг.

Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд найман тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй

Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Сангийн яам нэг УИХ-ын гишүүнээс дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын саналыг авсан. Энэ талаар нийгэмд шүүмжлэл өрнөөд буй билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэрбээр “Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд байр сууриа илэрхийлсэн. Нийтдээ 170 гаруй хэрэгцээ шаардлагагүй объектыг царцаагаад 570 тэрбумыг гаргах боломжтой байна. Тиймээс Засгийн газар арга хэмжээ авах ёстой гэж хэлсэн.

УИХ-ын гишүүдэд 8 тэрбумын төсөв өртөгтэй, 4 тэрбумыг ирэх жил санхүүжүүлэх эрх өгсөн. Миний сонгогдсон Ховд аймагт хүмүүс амьдардаг. Нийгмийн асуудлыг төрөөс шийдэхгүй бол болохгүй. Төсвийн зарлагын хяналтын дэд хороон дээр 570 тэрбумыг хэмнэх боломжтой гэж хэлсний дараа миний хөрөнгө оруулалтуудыг бүгдийг нь хассан. Гурван тэрбумын хөрөнгө оруулалт шаардагдах багшийн хөгжлийн ордныг үлдээсэн байна лээ. Бусдыг нь бүгдийг нь хассан” гэв.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өнөө шөнө зарим нутгаар хасах градуст хүрч, хүйтэн хононо

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 6-11 метр, говь, талын...

“Би М.Бадарчтай “Голдс” дээр бэлтгэл хийдэг байсан. Надаас панангин байна уу гэхээр нь эм өгсөн”

Улсын арслан М.Бадарчтай холбоотой допингийн маргааны шүүх хурал өнөөдөр болж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг Спортын Арбитр хэвээр үлдээсэн. Харин шүүх хуралдааны үеэр нэгэн гэрч ирж, хэргийн...

Польш улсад зорчих “С” ангиллын визийг Улаанбаатар дахь ЭСЯ-наас олгоно

Бүгд Найрамдах Польш улсад зорчих богино хугацааны буюу “С” ангиллын визийг Монгол Улсад суугаа тус улсын Элчин Сайдын Яам энэ сарын 6-ны өдрөөс олгож эхэлжээ. “С”...

Төв цэнгэлдэх хүрээлэнг бүтэн тойрсон ус зайлуулах шугамтай болж байна

100 хувь нийслэлийн мэдэлд шилжсэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1,200 метр ус зайлуулах шугам угсралтын ажил 90 хувьд хүрчээ. Уг ажлыг...

трэнд