No menu items!
HomeЭмч зөвлөж байна"Мэдрэлийн ёзоор дарагдсан үед эмчлүүлэхгүй удвал тухайн мэдрэлээр тэжээгддэг хөлийн булчингууд...

“Мэдрэлийн ёзоор дарагдсан үед эмчлүүлэхгүй удвал тухайн мэдрэлээр тэжээгддэг хөлийн булчингууд хатангиршдаг”

-

УБ Сонгдо эмнэлэг “Сонгдо” подкастаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Тус эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч А.Энхжаргал хүзүү, нурууны өвдөлт хүндэрвэл ямар эрсдэл үүсгэж болох талаар сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл өгсөнийг сийрүүлэн хүргэж байна.

-Нуруу нь өвдөхөөр бариа засал хийлгэх, эсвэл өвдөлтөө намдаах замаар эмнэлэгт хандалгүйгээр аргалаад яваад байх тохиолдлууд байдаг шүү дээ. Энэ нь ямар эрсдэлд хүргэх вэ?

-Нурууны өвчлөл гэдэг нь өөрөө маш том сэдэв. Маш олон өвчин эмгэг, олон өөрчлөлтүүд байдаг. Зөвхөн бариа засал хийлгээд явах нь учир дутагдалтай. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо бүрэн тодорхойлуулахгүй, дур мэдэн эмчилгээ хийлгэх нь зарим эрсдэл, хүндрэлийг үүсгэдэг. Зарим тохиолдолд өвчнийг улам хүндрүүлэх эрсдэл байдаг. Тиймээс эхлээд эмчид үзүүлж, зураг авахуулж, оношоо тогтоолгосны дараа бариа засал, физик эмчилгээнд явах эсэхийг шийднэ.

Нурууны дискний ивэрхий буюу жийргэвчийн цүлхийлтийн үед бариа хийлгэснээр улам хүндрүүлж, хагалгаанд орох заалттай болсон тохиолдлууд байдаг. Зарим хүмүүс гэмтлийн шалтгаант нурууны өвчнийг дур мэдэн эмчилж, бариа засал хийлгэснээр хугаралын түвшинг нэмэх, өөрчлөлтийг нэмэгдүүлэх тохиолдол бий. Нурууны өвдөлт удаан хугацаагаар үргэлжилж байвал мэдрэлийн эмч болон нарийн мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

-Ямар, ямар хүндрэлүүдийг үүсгэж байна вэ?

-Дур мэдэн эмчлэх, бариа засал хийлгэснээс нурууны жийргэвчний цүлхийлтийн өөрчлөлтүүд давамгай тохиолддог. Цүлхийлт нь нугасны сувгийн хөндий рүү орж мэдрэлийн ёзоор буюу мэдрэлийн гарах хэсгүүдээ дарснаас өвдөлт нь маш их нэмэгддэг. Цаашлаад хагалгаанд орохоос өөр аргагүй эрсдэлд хүрдэг.

Бүсэлхий нурууны мэдрэлийн ёзоор дарагдсан үед мэдрэлээ чөлөөлөхгүйгээр удаан хугацаанд явбал тухайн мэдрэлээр тэжээгдэж байгаа хөлний булчингууд хатангирших, мэдрэхүй алдагдах, алхаж, гишгэхэд хүндрэлүүд ажиглагдаж улмаар шээс задгайрах, таазны эрхтний үйл ажиллагаа алдагдах зэрэг хүндрэлүүд үүсдэг. Мэдрэлээ чөлөөлөх эмчилгээ хийлгэхгүй хэтэрхий удчихвал мэдрэл дарагдсан талын хөлийн булчингууд нь хатангиршдаг. Нэгэнт хатангиршчихсан тохиолдолд хагалгаа хийж, мэдрэлийг чөлөөлсөн ч эргэж сэргэхдээ маш муу. Мэдрэлийн дарагдалт, нурууны өөрчлөлтүүд нь дийлэнхдээ эргэшгүй өөрчлөлтөд ордог.

-Нуруугаа дуугаргаж, “блокоо гаргууллаа” гэж ярьдаг шүү дээ. Энэ хэр эрсдэлтэй вэ?

-Дуугаргаж байгаа нь блок гаргаж байгаа явдал биш. Үе, мөч мушгих хөдөлгөөн хийснээр тодорхой хэмжээний дуу авиа гардаг. Тэгж дуугаргах нь бас тийм ч сайн зүйл биш. Нурууны гэмтэл, үе хоорондын холбогч эдийн гэмтэлтэй үед хамаагүй дуугаргах нь гэмтлийг сэдрээх эрсдэл байдаг. Тухайн үедээ мэдэгдэхгүй ч хэсэг хугацааны дараа хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөлт мэдрэгдэх шинжүүд илэрдэг. Тиймээс блок гаргуулж байна гээд нуруугаа дуугаргахын оронд үелбэр болгоныг хөдөлгөөнд оруулж, сунгалтын дасгал хийх нь маш сайн үр дүнтэй.

-Хүзүү хөших үед яах ёстой вэ, үүнийг тоохгүй яваад байвал ямар сөрөг нөлөөтэй вэ?

– Хүзүүний өвдөлт хөгшин, залуу гэлтгүй элбэг тохиолддог. Ялангуяа суугаа ажил эрхэлдэг хүмүүсийн хүзүү хөших нь элбэг. Мөн хуян хөөрөх талаар хүмүүс зөвлөгөө, мэдээлэл ихээр асуудаг. Хуян гэдэг бол хатуурсан өөхний хуримтлал юм. Хэсэг газрын хөдөлгөөний дутагдлаас үүсч байгаа тул хүзүүнд янз бүрийн өвдөлт үүсгэдэг.

Хүзүүний өвдөлтийг тоолгүй орхиж болохгүй. Хүзүү нь нуруутай адил үелбэрүүдээс бүрддэг. Хүзүү нь багана нурууны нэг бүрэлдэхүүн бөгөөд долоон үенээс бүрддэг. Бүсэлхий нуруу, хүзүү хоёр хамгийн ихээр хөдөлгөөнд оролцдог тул хамгийн түрүүнд өөрчлөлтөд ордог. Хүзүү өөрчлөлтөд орсноор булчин чангарах, гоёодох зэрэг өвдөлтийн олон шинжүүд илэрдэг. Тиймээс мөн л дээр дурьдсанчлан мэдрэлийн эмч болон нарийн мэргэжлийн эмчид хандан оношоо зөв тодорхойлуулж, эмчлүүлэх шаардлагатай.

Эх сурвалж: Сонгдо Подкаст

шинэ мэдээ

Төв аймгийн замд том оврын машин, автобус мөргөлдсөний улмаас 18 ажилтан гэмтэж, хоёр жолооч нас баржээ

38 ажилтныг тээвэрлэж явсан “Хьюндай юниверс" загварын автобус "ФАВ СА4250" загварын ачааны машин мөргөлдсөний улмаас хоёр жолооч нас барж, 18 ажилтан гэмтсэн осол өнөөдөр гарчээ. ОБЕГ-ын мэдээлснээр Төв аймгийн...

Б.Жаргалан: Ирэх сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ

Улсын Онцгой Комисс (УОК)-оос өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Ус, Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер...

Т.Баярхүү: 82 настай хоёр иргэний нэг нь гэртээ эсэн мэнд ирсэн, нөгөөг эрэн хайж байна

УОК-оос өнөөдөр ээлжит мэдээлэл хийх үеэрээ 82 настай хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Нийт нутгийг хамарсан цаг агаарын...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д айлчилж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж байгаа юм байна. Тэрбээр Сөүл хотноо “Go Mongolia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцжээ. Айлчлалын үеэр тэрбээр...

трэнд