No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Чулуунхүү: Живхийг буруу хэрэглэх нь парапроктит үүсэхэд нөлөөлдөг

Д.Чулуунхүү: Живхийг буруу хэрэглэх нь парапроктит үүсэхэд нөлөөлдөг

-

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн мэс заслын Ахлах зэрэгтэй эмч Д.Чулуунхүүтэй Парапроктит өвчний талаар ярилцлаа.

-Сүүлийн үед бага сартай хүүхдүүдэд ихэвчлэн тохиолдох болсон парапроктит гэж өвчин юунаас болж үүсдэг талаар яриагаа эхэлье?

-Энэ нь хошного орчмын өөхөн эдийн идээт үрэвсэл юм. Шалтгаан нь шулуун гэдэсний дотор хунигч булчингийн ойролцоох булчирхайнуудын үрэвслээс болж, буглаа үүсч, өөхөн эд рүүгээ идээлж, үрэвсдэгийг хэлнэ.

Хошного орчмын булчирхай нь наашаа шулуун гэдэсний шүдлэг бүс рүүгээ цорго нээгдсэн байдалтай байдаг. Моргоны хуниасын шүдлэг сэртэн дээр криптийн булчирхайнуудын цоргоор халдвар орж үрэвссэнээс парапроктит үүсдэг.

-Илрэх шинж тэмдгүүд нь?

-Өвчин цочмог байдлаар илэрдэг. Хүүхдүүд хоолонд дургүй болох, биеийн хэм нь 37-39 болж нэмэгдэн, нялх хүүхдийг өлгийдөх болон бөгсийг нь угаахад тайван бус байдалтай болно. Хошного орчимдоо улайж, эмзэг нэвчдэс үүснэ. 

-Ямар эмчилгээ хийгддэг бол?

-Парапроктит нь хүүхдэд тохиолдож буй яаралтай мэс заслын нэлээд хувийг эзэлж байгаа эмгэгийн нэг. Эмийн эмчилгээгээр эмчилнэ гэж байхгүй. Ингэвэл хүндрэх буюу архагшиж, ужгирдаг. Тиймээс заавал эрт үзүүлж, мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай. Гэтэл монголчууд маань өөрөө өөрсдөдөө “оточ” байдаг. Буруу харсан хатиг байна гээд ногоон тос тавиад явуулаад байдаг. Гэтэл ингэж ногоон тос тавиад байхаар буглаа нь шулуун гэдэс рүүгээ цоорч, улмаар архагшин дахин дахин өвчилдөг аюултай.

-Зөвхөн мэс заслаар эмчилдэг гэлээ. Тэгэхээр мэс заслын дараа хэрхэн асаргаа сувилгаа хийх шаардлагатай вэ?

-Ер нь хошного орчмын мэс заслыг хийсний дараах арчилгаа маш чухал. Энэ нь олгой, цөс гэх мэтчилэн хэвлийн хөндийн мэс заслыг хийлгэсний дараагийн арчилгаа, сувилгаанаас хэд дахин их сувилгаа, асаргаа шаарддаг. Нэг талаар мэс заслын дараах асаргаа сувилгаа нь мэс заслын үр дүнд шууд нөлөөлдөг ч талтай. 

Эцэг, эхчүүд маань хүүхдээ хагалгаанд орсны дараах эхний долоо хоногт аль болох живх хэрэглэхгүй байж хүүхдийн шархыг ил байлгах, аргаах үйлчилгээтэй марганцтай усанд суулгах, давхар антибиотик эмчилгээ болон физик эмчилгээнүүдийг хийлгэх шаардлагатай. Мөн хоёрдогч халдварууд буюу суулгалт, биеийн эсэргүүцэл сул эсэхийг сайтар хянаж, дархлааг нь сайн дэмжих хэрэгтэй. 

Нэг зүйлийг сануулахад парапроктит нь нэг гарсан бол эсрэг талын өгзгөндөө гарах магадлалтай байдаг тул хоёр өгзөгнийх нь завсар ариун марль болон нимгэн хөвөн хавчуулж байх нь зүйтэй юм.

-Дахин дахин энэ өвчнөөр өвчлөх эрсдэл бий юу?

-Хүүхдэд шаардлагатай эмчилгээг нь хийлгэхгүй хүндрүүлэх, эмчилгээ дутуу хийх, мэс заслыг буруу хийснээс болж дахин парапроктитоор өвчлөх тохиолдол бий. Мөн арчилгаа сувилгааг буруу хийвэл дахиж өвчлөх магадлалтай. Хамгийн чухал нь эмчилгээгээ сайтар хийлгэх болон мэс заслын дараах асаргаа сувилгаа гэдгийг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. 

-Ихэвчлэн ямар насны хүүхдүүдэд тохиолдож байна вэ?

-Хөхүүл насны буюу нэг хүртэлх насны хүүхдүүдэд нэлээд тохиолддог. Сүүлийн үед нярай хүүхдүүдэд элбэг байна.

-Парапроктитын үүсэх шалтгаан нь живхийг болон нойтон салфеткийг их хэрэглэснээс болдог гэж сонсч байсан. Энэ үнэн үү?

-Живх хэрэглэх нь энэ өвчнийг үүсгэх шалтгаан болохгүй. Харин живхийг буруу хэрэглэх нь энэ өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болдог. Ажиглаад байхад эцэг, эхчүүд хүүхдүүдээ нэг живхтэй нь хэт удаан буюу 6-8 цаг байлгадаг. Ер нь бол шингэнээр дүүрээгүй л бол байлгаад байх хандлагатай.

Зүй нь 3-4 цаг болоод, хүндээр бие зассан бол тэр даруйд нь живхийг сольж байх хэрэгтэй. Мөн хүүхдийн живх нь хүүхдийн арьсанд тохирсон, харшил үүсгэдэггүй байхаас гадна агаарыг солилцуулдаг байх ёстой.

Түүнчлэн харшил өгдөггүй, үнэргүй чийгтэй салфетка хэрэглэж болно. Сүүлийн үеийн чийгтэй салфетканууд нь үнэр дарах зориулалтаар янз бүрийн хурц үнэртэй, зарим нь спиртэн суурьтай үнэртэй байдаг болсон. Ийм төрлийн салфеткийг хүүхдэд хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь хүүхдийн арьс маш нимгэн, эмзэг байдаг учраас амархан харшлах гээд байдаг. 

Тэгэхээр эцэг эхчүүд маань хүүхдэдээ хэрэглэх бүтээгдэхүүнийг сайтар нягталж, сонгох хэрэгтэй.

Б.Бадамгарав

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд