No menu items!
HomeUncategorizedД.Болормаа: Хүн дөрвөн давхарга бүхий гэрлэн бие(аура)-тэй

Д.Болормаа: Хүн дөрвөн давхарга бүхий гэрлэн бие(аура)-тэй

-

ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй Д.Болормаатай ярилцлаа. Тэрбээр эх орондоо ирж, энергийн сургалт зохион байгуулан, гадны оронд сурсан мэдсэнээ монголчуудтайгаа хуваалцаж байгаа юм.

-ГЕРМАНД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИЖ, ГУРВАН ДЭЭД СУРГУУЛИЙН ДИПЛОМТОЙ БОЛСОН-

-Та юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг Дамбадоржийн Болормаа гэдэг. Би Улаанбаатар хотод төрсөн, орос хэлний сургалттай нийслэлийн 23-р сургуулийг 1986 онд алтан медальтай төгссөн. Аав, ээж хоёр маань “Эдээр биеэ чимсэнээс эрдмээр биеэ чим” гэж сургадаг, өөрсдөө ч надад үлгэр дууриал болдог хүмүүс. Аав маань Монгол Улсын гавьяат багш, Дамбаа багш нэртэй, хот хөдөө хаана ч явахад “Багш аа, сайн байна уу” гэх олон шавьтай, өдгөө 80 гаруй насыг элбэг зооглосон ч зүгээр суухгүй зөгий шиг ажилсаг, одоо ч гэсэн Эдийн засгийн сургуульдаа хичээл зааж, гэртээ үргэлж компьютерийнхээ ард, мэргэжлийн ном туурвих, орчуулах хоббитой хүн дээ. Би багаасаа ном их уншдаг, юм үзэж нүд тайлахыг мөрөөддөг байсан болоод ч тэр үү, энэ хүсэл сонирхлынхоо дагуу нэг мэргэжил эзэмшээд зогсохгүй гурван дээд сургуулийн дипломтой болсон. Тухайлбал, ХБНГУ-ын Бонн хотын Их Сургуулийг улс ардын аж ахуйн эдийн засагчийн мэргэжлээр, эчнээгээр суралцаж үйлдвэрийн эдийн засагчийн мэргэжлээр, Франкфуртын Банк-санхүүгийн дээд сургуулийг банкны менежментийн чиглэлээр төгсөж, улмаар KPMG, Zurich Group, Deutsche Telekom зэрэг компаниудад хариуцлагатай албан тушаалуудад ажилласан. ХБНГУ-ын Бонн хот орчим суугаад одоо 30 шахам жил болж байна.

-Одоо хаана, ямар ажил эрхэлж байна вэ?

-Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад “хувиа борлуулж довоо шарлуулах” гэгчээр яваад байж болох ч гэсэн нийтэд тустай бөгөөд хүртээлтэй ямар нэг онцлог юм сурвал түүнийгээ олон хүнд хүртээж тус болохсон гэсэндээ хөтлөгдөөд Баруун Европ болон АНУ-д хүчээ авч дэлгэрч байгаа Солонгон Рейки-д өөрийн сонирхлын дагуу мэдлэгийн хүрээгээ тэлэхээр олон жил суралцан, Солонгон Рейкийн мастер багш (2nd Dan Rainbow Reiki® Master Teacher) болж одоо үүгээрээ Германд дагнан ажиллаж байна. Үүгээр би өөрийгөө олж авсан, далд авъяасаа нээн хөгжүүлж, өөртөө болоод бусдад хэрэгтэй юм хийж чадахыг ухааран мэдэрсэн гэж үздэг. Солонгон Рейкийг зөвхөн би биш, хүн бүр хурдан сурч чаддаг тул Герман улсад оршин сууж буй хүмүүст Солонгон Рейкийн хичээл заагаад одоогоор герман, польш, турк, египет гаралтай шавь нартай боллоо.

-Таныг Монголдоо анх удаа энергийн сургалт зохион байгуулсан талаар сонслоо?

-Эх орондоо ирээд анх удаагаа Солонгон Рейкийн энергиэр засах анхан шатны бүтэн 2 хоногийн эрчимт сургалтыг энэ есдүгээр сарын 10, 11-нд амжилттай явууллаа. Оролцсон хэн боловч маш идэвхтэй, амжилттай оролцож цэнэгжилтийн авшиг хүртэхээс гадна сонсоогүй юмаа анх удаа сонсож мэдлэгийнхээ хүрээг тэлсэн. Энэ тухай фэйсбүүк фэн хуудастаа (Bolormaa Müller, Rainbow Reiki Meisterin/ Lehrerin) пост оруулахад манайханы ихэд сонирхсон хариу комментэд урамшиж, шинэ жилээс өмнө амжин ирж Солонгон Рейкийн анхан шатны (1-р зэргэ) болон ахисан шатны (2-р зэргэ) явуулахаар төлөвлөж байна.

-Оршин буй бүх зүйлс өөрийн гэсэн энергитэй. Бидний ярианы эхлэл ч энэ сэдэв рүү чиглэж байна. Та энергийн талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Та бидний орчин тойрны бүх юмс та бидэнтэй адил энерги буюу эрч хүчтэй байдаг. Бодит бие бол нягтаршсан эрч хүч гэж ойлгож болно. Тийм учир бүх зүйл энергиэс бүрэлдэн үүсдэг, энергийн хуулинд захирагддаг, энергиэр тэжээгдэн оршдог, энергиэ нэмэгдүүлснээр хөгжиж цэцэглэдэг. Бүхнийг бүтээгч хүч нь арга билгээр (yin, yang) зохилдоно. Хүн өөрөө биоэнергитэй, дөрвөн давхарга бүхий гэрлэн биетэй (аура), энергийн долоон үндсэн болон арван туслах хүрдтэй, ийм маш төгөлдөр байгалийн бүтээл юм.

Энергийн хүрд бүр нь хүний амьдралын тодорхой агууламжтай байдаг. Жишээлбэл, нарны сүлжээ хэмээх энергийн хүрд нь хувь хүний шинж чанар, саруул ухаанаар логиктой сэтгэх, ажил гүйцэтгэх чадвар, “Үгүй” гэж хэлэх зориг (өөртөө зохисгүй бүхнээс зайлсхийх), хоол боловсруулалт, мэдрэлийн систем, ид хав зэргийг агуулан энерги анхдагч матери хоердогч гэдэг утгаараа гэрлэн биеийн түвшинд сэтгэл зүйн болон бодит бие организмын эдгээр процессыг захирна. Зүрхний хүрд болохоор өрөвдөх, хайрлах, энэрэх, нигүүлсэх сэтгэл, нийгмийн орчин, гэр бүл, тэсвэр тэвчээр, “За” гэж хэлэх чадвар (өөртөө зохистой бүхнийг хүлээн зөвшөөрөх), зүрх гэдэг анатомын эрхтний хувиар юм.

Мөн хүний гэрлэн бие, энергийн хүрдний түвшинд засал, эерүүлэл хийж аливаа зовиурын хэт хандлагыг өөрчилбөл бие махбодь нь дагаад хувь хүний онцлог, үйлийн үр, бусад хүчин зүйлсээс шалтгаалан засагдан эерэх боломжтой.

-ӨӨРИЙН ХҮЧ ЭНЕРГИЭ НӨХӨЖ ЧАДДАГГҮЙ БОЛ УУР УЦААР, АТАА ЖӨТӨӨ, ХОРСОЛ БИЙ БОЛДОГ-

-Энерги муудсан тохиолдолд хүний биед ямар шинж тэмдэг илэрч, өөрчлөлт орох вэ?

-Амьдралын хэмнэлд зохицож чадаагүй, дотоод ертөнцөө гадаад орчинтойгоо эвсүүлж чадаагүйн улмаас дотоод зөрчилдөөн үүсэж, стресс (сэтгэлзүйн болон бие организмын хямрал), ачаалал дарамт ихсэж, түүнд зарцуулсан өөрийн хүч энергиэ нөхөж чаддаггүй бол уур уцаар, атаа жөтөө, түрэмгий зан, үл эвлэрэх байдал, хорсол буй болдог. Хүний стрессдараах 4 хэлбэрээр илэрдэг байна: ямагт үзэлцэх (өөртөө таагүй, ямар нэгэн хүндрэлтэй болгоныг дайснаа гэж үзэх, хүлээн авахдаа эсэргүүцэл үзүүлэх хандлага), халган зайлсхийх (өөртөө таагүй, ямар нэгэн хүндрэлтэй болгоос шууд зугатах хандлага), албадан захирах (чадах эсэхийг нь үл харгалзан бусдад ямар нэгэн зүйл тулгах), албадуулан захирагдах (“далайхад нь далд орж, даллахад нь гарч ирэх” гэгчээр дарамтлалд орших) ийм 4 хэлбэрээр илэрдэг байна. Ийм янзаар бие болоод сэтгэлийн тэнцвэр буюу зохицол алдагдсанаас үүдэж элдэв зовиур, өвчин эмгэг үүсэх энергийн түвшин дэх өдөөгүүр болдог.

-Энэ тохиолдолд яах вэ?

-Юуны түрүүнд эмчид хандаж зовиур шаналгаагаа оношлуулж эмчлүүлэх нь маш чухал. Нөгөө талаар хүний гэрлэн биеийн түвшинд энергийн засал, эерүүлэл хийж аливаа зовиурын хэт хандлагыг өөрчилбөл бодит бие дагаад засагдан эерэх боломжтой болдог байна. Гэвч энергийн засал эерүүллээ өөрийн биоэнергиэр бус, харин Рейки хэмээх нэмэх, хасах, эсвэл арга-билэг (yin, yang) гэсэн туйлгүй, амьдралын эх булгаас үүдэлтэй, амьд бие махбодийн жам ёсны тайвшрах, сэргэх, хоргүйжих г.м. процессыг тэтгэдэг энергиэр үйлчилж хийвэл үнэхээр гайхмаар үр дүнд хүрдэг. Тухайлбал, Берлин хотын Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлэгчдийн өвчин намдаахад жилд 7.000 Рейкийн засал хийдэг байна. Түүнээс гадна 80 гаруй сая хүн амтай ХБНГУ-д ойролцоогоор 5 сая хүн Рейкийн анхан шатны, ахисан шатны болон мастер багшийн зэргэтэй хүмүүс ихэнхи нь өөрийн хүрээнд, зарим нь дагнасан Рейкийн мэргэжлийн засал хийдэг байна. Түүнээс гадна Рейкийг шинжлэх ухаан талаас нь тайлбарлах, тодорхой өвчин зовиурыг анагаах талаар АНУ болон Европын орнуудад судалгаа хийгдэж байна.

-Солонгон рейкийн энерги гэж анх удаа дуулж байна. Энэ талаар тайлбарлаж өгөхгүй юу?

20-р зуунаас нэвтэрсэн уламжлалт энергийн аргатай харьцуулбал Солонгон Рейкийн систем нь 21-р зууны эхний ахархан хугацаанд ихэд шинэчлэгдэн ноу-хаужиж, боловсронгуй болсноороо асар их стресс, ачаалал, зовиур нүүрлэсэн өнөө үед цаг хугацаа бага зардаг, олон цагаар дасгал хийх шаардлагагүй, хүн бүр амархан сурч дадлагаждаг мөн үр дүн нь онцгой сайнаараа ялгаатай. Мөн стресс алжаалыг хурдан тайлах, тайвшруулах, эрчимжүүлэх, хоргүйжүүлэх, өөрийгөө олж нээх, далд авъяас билгээ нээх, гэгээрлийн замд хөтөлдөг нь нэн гайхамшигтай.

Байгалийн анагаах эрдмийн Рейкийн арга барилыг (Reiki system of natural healing) үндэслэгч Микао Усуй (1865-1926) багшийн өвийг залгамжлагч олон улсад алдаршсан Рейкийн 4 мастер багшийн нэг нь болох Германы иргэн Вальтер Любек Солонгон Рейкийн арга барилыг уламжлалт Рейкийн ул суурь дээр түшиглэн байнга өргөжүүлэн хөгжүүлсээр ноу-хаужуулсан юм. Рейки болон Солонгон Рейкийн талаар нийт 8 ном туурвисан нь 25 улсын хэлээр орчуулагдан тархсан бөгөөд энэ хүний Солонгон Рейкийн шавь нар нь Өрнөдөд хэдэн мянгаараа байгаа. Миний хувьд уламжлалт Рейкийн мастер багш болсны дараа мэргэжил дээшлүүлэх зорилгодоо хөтлөгдөж Солонгон Рейкийг сурч эхлэхдээ Будда Шагжмунийн ангилсан үндсэн 4 төрлийн зовиурын жишээн дээр Солонгон Рейкийн цар хүрээ ихээхэн өргөн байдгийг мэдрээд ихэд гайхаж билээ.

-Ямар ямар төрлийн зовиур байдаг вэ?

-1-рт, өнгөц шинж чанартай зовиур. Эдгээр нь тухайн хүн эмийн зүйл хэрэглэсэн, эмчилгээ хийлгэсэн эсэхээс үл хамааран хэсэг хугацааны дараа өөрөө илааршдаг. 

2-рт, ноцтой шинж чанартай зовиур. Эдгээр нь хүнд аюултай эсвэл амь насанд хүрч болохоор ч гэсэн зөв эмийн зүйл хэрэглэх болон бусад төрлийн эмчилгээ хийвэл аюулгүй илааршдаг. 

3-рт, эмийн зүйл болон бусад эмчилгээний аргуудаар илааршуулах боломжгүй зовиур. Энэ тохиолдолд тухайн хүний дэлхий ертөнцтэй зохицлыг сэргээхийн тулд бясалгал, уучлал өршөөл, сэтгэл санаагаа ариусгах, сахиусан тэнгэрээр дамжуулан илааршуулах, Манла бурхан буюу Анагаагч Буддад хандах зэрэг аргуудыг хэрэглэх нь хүнийг үйлийн үрийнхээ уршгийг ухааран өсөн дэвжихэд, зовиураасаа салахад тусалдаг. 

4-рт, маш хүчтэй карма, үйлийн үрийн үл зохицлоос үүдсэн зовиур. Эдгээр нь тухайн хүний энэ төрөлдөө эзэмшиж буй бие организмынх нь бүтцэд эргэшгүй сөрөг өөрчлөлт оруулсан байдаг бөгөөд эмчилгээний болоод ариусгалын арга барилууд нэмэр болдоггүй. Ийм хүмүүст үхлээс зугтах арга зам байхгүй ба зөвхөн дараа төрөлдөө өвчинтэй холбоотой асуудлыг шийдэж чадахуйц бие организмтай болох бөгөөд ариусгалын тусламжтай эдгэрнэ гэдэг байна. Солонгон Рейкийн энергиэр засах арга барил нь уг ангиллын гуравдугаарт заасан түвшинд үйлчлэх ба энгийн, хурдан, өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэхэд хялбар, бүх төрлийн дасгал, заслыг зөвхөн цэнэглүүлж авшиг авсан өөрийн гарын алгаар үйлддэг, 2 хоногийн эрчимт сургалтанд ямар ч насны хүмүүс амархан сурч өөрийн болгох бүрэн боломжтой.

-ХЭРЭГТЭЙ ҮЕДЭЭ “АМАА ХАМХИЖ” СУРАХ НЬ ЭНЕРГИЭ ХАДГАЛЖ СЭЛБЭХЭД ДӨХӨМ БОЛНО-

-Энергиэ хэрхэн хамгаалвал зохих вэ?

Миний хувьд энергиэ хамгаалах гэх бус, харин орчинтойгоо эвсэн зохицож, өөртөө тааламжгүй элдэв байдлын нөлөөнд автагдахгүй байх, дотоод ертөнцөө танин мэдэх, улмаар гадаад орчинтойгоо хөрвөн зохицож өөрт хэрэгтэй юмаа “За” гэж зөвшөөрөөд, хэрэггүй гэсэн юмаа “Үгүй” гэж орхиод “Нүд хардаг, чих сонсдог, хамар үнэрлэдэг бол хэрэгтэй үедээ амаа хамхиж” сурах нь энергиэ хадгалж сэлбэхэд дөхөм болно. Түүнээс гадна уучлан өршөөх, талархах, бясалгах, сэтгэл санаагаа ариусгах, ертөнцийг халиах өнцгөө өргөтгөх, өөрийн далд авъяасыг нээн хөгжүүлэх, өөрийгөө ойлгож олох, өөрөөр хэлбэл, өөрийгөө гэгээрлийн зам руу хөтлөхөд илүү үр өгөөжтэй сэтгэхүйн зиндаанд дэвшинэ.

-Хүмүүс хоорондын био энергийн солилцооны асуудал бий. Сайхан энергитэй хүнтэй уулзахад таатай, муу энергитэй хүнтэй уулзахад ажил бүтэлгүйтдэг гэдэг. Ийм байх боломжтой юу, эсвэл сэтгэл дагаад хүний санаа бодол өөрчлөлтөд ордог уу? Хүн энергиэ зөв зарцуулж чадвал юунд хүрэх боломжтой вэ?

Арга билэг хослон тогтсон энэ ертөнцөд үнэмлэхүй буюу зуун хувь сайн юм уу, муу юм огт үгүй. Манай соёмбонд байдаг хос загас бол арга билгийн тэмдэг бөгөөд нэг загас нь арга гэж бодвол нүд нь билгийн илэрхийлэл юм. Тэгэхээр сайн энергитэй гэж яриад байгаа хүн маань хүний санаанд багтамгүй бусармаг үйл хийж болзошгүйг үгүйсгэмгүй. Муу энергитэй гэгдсэн хүн уучлан өршөөж, талархаж, бясалгаж, сэтгэл санаагаа ариусгаж, Рейкийгээр хичээллэж, өөрийгөө хөгжөөж дэгжээн энергийн түвшинээ дээшлүүлэн энэрэнгүй нигүүлсэх сэтгэлтэн болж гэгээрсэн байж болно. Хүн өөрийн энергиэ нөхөн сэргээж хөгжүүлэх арга барил чадвартай болсон өнөө үед муу энергитэй гэж хэлээд байгаа хүнтэй уулзах, тэр байтугай нэг гэрт амьдардаг хүмүүс ямар нэгэн шалтгааны улмаас энерги муутай бол Солонгон Рейкийн Мараяана Сажи хэмээх энергийн заслын арга барилаар нийт гэр бүлийн хүмүүсийн энергийг нэгэн зэрэг засаж болдог нь гайхалтай. Миний Германд хийсэн нэг лекц ярианд ирсэн 50-аад хүнд энэ энергийн заслыг нэгэн зэрэг хийж өгч байж билээ. Харин хүний гар харахгүйгээр сонирхсон хүн өөрөө сургалтанд суугаад сураад авбал хэрэгтэй гэж үзэж байна.

-Гаднаас эх орноо тольдоход ямар өнгөтэй харагдаж байна вэ?

-Өнөөгийн мэдээллийн эрин зуунд манай оронд хичээж мэрийсэн, аль ч насны бүх хүмүүс мэргэжлийн болоод дур сонирхлынхоо дагуу мэдлэгийнхээ цар хүрээг тэлж, өөрийгөө өсгөн дэгжүүлэх бүрэн бололцоотой нь ил харагдаж байна. Жишээлбэл, манайхан гадаад хэлийг гарамгай эзэмшиж төр-нийгмийн төрөл бүрийн ажил эрхлэх, гадаадад суралцах, аялах, ажил эрхлэх, эрдмийн цол зэргэ хамгаалах, зохиол бүтээл туурвих чадвартай болсон нь бахдалтай байна. Түүний хажуугаар амьдрах хугацаандаа ноогдсон буюу заяасан цагаа зөв хуваарилж үр бүтээлчээр хариуцлагатай ашиглаж занших нь хамгаас чухал үе ирсэнийг ухаарах хэрэгтэй. Хөлбөмбөгчдийн хэллэгээр бол I, II үе дуусахад нэмэлт цаг сунгах нөхцөл гарч болдог бол хүн бидний амьдралд тэр нэмэлт цаг байдаггүй. Замын түгжрэлд саатаж байхдаа ядаж сонирхсон гадаад хэлний юм уу танин мэдэхүйн бичлэгтэй CD сонсож мэдлэгээ зузаатгаж байвал зохилтой.

-20 МИНУТ НЬ ХҮНИЙ БИЕ МАХБОДЫН БАЙГАЛИАС ЗАЯАСАН АМРАХ, ӨӨРИЙГӨӨ НӨХӨН СЭРГЭЭХ ХУГАЦАА-

Монголын нийгэм стресс, бухимдал ихтэй. Энэ утгаар та 20 минутад стресс тайлж энергижих өвөрмөц аргын талаар үнэгүй лекц яриа хийв үү? Хуримтлагдаад удсан стресс бухимдлыг тийм богинохон хугацаанд тайлна гэхээр огт бууж өгөхгүй байна л даа.

-Үүний улмаас эрч хүч энерги доройтон суларч мөн стрессээ тайлах завгүй, цаг зав гарган идэвхитэй идэвхигүй ямар ч маягаар амарсан ч амарсан болохгүй тохиолдол танд ч гэсэн гардаг байх гэж таамаглаж байна. Солонгон Рейкийн 1-р зэргийн сургалтанд цэнэгжилтийн авшиг өгч заадаг зөвхөн 20 минут зарцуулдаг Мараяана Сажи хэмээх энергийн заслыг миний лекц яриаг сонссон хүн бүрт нэгэн зэрэг ямар ч багаж төхөөрөмж хэрэглэхгүйгээр зөвхөн өөрийн гараараа хийж өгсөн. Чихээрээ мянган удаа сонссоноос нүдээрээ нэг удаа үзэж биеэрээ турших завшаан олдсон тэдгээр хүмүүс стресс алжаалаа тайлан тайвширч, бие организмаа цэвэрлэх зорилгоор тарнидсан ус ууцгаасан.

-Та лекц ярианд ирэхэд 0.5 литрийн ус хэрэгтэйг хэлсэн байсан. Энэ ямар учиртай вэ?

Ер нь ус гэдэг нь амьдралын эх булаг бөгөөд хүн биднийг Этүгэн эх болох газар шороотой холбох, улмаар бие организмын хэрэгтэй гэснээ уусган шингээх, хэрэггүй юмаа цэвэрлэн гадагшлуулах чадвар нь уусан уснаас ихээхэн шалтгаална. Иймээс нэг килограмм жин бүртээ 0.30-0.40 литр цэвэр ус ноогдохоор бодож өдрийн турш уухад сайн. Мөн 20 минут үргэлжлэх Солонгон Рейкийн бүтэн биеийн дасгал болох Мараяана Сажи нь бие махбодийн болон биоэнергийн процессыг хэвийн байдалд оруулан засах, мөн гэрлэн бүрхүүл аура болон энергийн хүрдүүдийг засаж тэнцвэржүүлдгээрээ чухал ач холбогдолтой. Ингэж хүний гэрлэн биеийн түвшинд Солонгон Рейкийн энергиэр эрчимт дасгал, засал, эерүүлэл хийхэд аливаа зовиурын хэт хандлага өөрчлөгдөн улмаар бодит бие даган засагдан эерэх боломж бий болдог байна.

20 минут нь хүний бие махбодын байгалаас заяасан амрах, өөрийгөө нөхөн сэргээх хугацаа юм. Тийм учраас 20 минут дуг хийгээд босоход амраад бие сэргэдгийн адил Солонгон Рейкийн Мараяана Сажи энергийн засал нь 20 минут үргэлжилнэ. Милтон Эриксон хэмээх суут ховсч засалч (trance therapist)-ийн шавь болох алдарт сэтгэл засалч Эрнест Росси нь анхлан “20 минутын завсарлага” (The 20 Minute Break) хэмээх номондоо уг 20 минутын учрыг тайлбарласан байдаг.

-Германд стресс бухимдал бий юү? Хэрвээ байдаг бол түүнээс германчууд хэрхэн ангижирч байна вэ? Герман хүмүүсийн энерги монгол хүмүүсийннхтэй хэр зохицдог вэ гэж асуумаар санагдлаа?

Стресс буюу ажлын болон хувийн амьдрал дахь цаг нартай уралдах ачаалал хаана ч байгаа. Тиймээс германчуудад стрессээ тайлах онцгой арга барил ажиглагдаагүй. Гэхдээ амьдралын хэв маяг нь хэвшсэн гольдролтой учраас манайх шиг хөгжиж буй улс орны хүмүүсийнх шиг стресс байхгүй. Жишээлбэл, хурдны зам нь хот хөдөөд ялгаагүй, хөдөлгөөний дүрмээ болон бусад дүрэм журмаа чанд сахидаг. “Уулын мод урттай, богинотой байдаг” шиг хаанахын ч хүмүүс янз бүрийн энергитэй. Германы хот, суурингийн хөгжил нөхцөл адил тул орчноо дагаад хүмүүсийн энергийн илэрхийлэл онцын ялгаагүй бол манайхны хот, хөдөөгийн ялгаанаас болж хөдөөнийхний эерүү тайван байдал нийслэл хотод ховор. Хүмүүсийн энерги хоорондоо зохицох нь ястан үндэстний бус, харин хувь хүний ухамсар, боловсрол, хөрвөн зохицох чадвартай шууд холбоотой.

-Танд амжилт хүсье.

Эх сурвалж: Өдрийн сонин

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд