No menu items!
HomeУИХ-ын гишүүн76: УИХ-ын дарга Г.Занданшатар

76: УИХ-ын дарга Г.Занданшатар

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын дарга Г.Занданшатарыг онцолж байна.

Товч намтар

Гомбожавын Занданшатар 1970 оны 3 сарын 8-нд Баянхонгор аймагт төрсөн. Тэрээр өдгөө эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Түүний гэргийг Г.Отгонгэрэл гэдэг бөгөөд тэд 1992 гэр бүл болжээ.

Г.Занданшатар 1987 онд ЗХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургуульд (Одоо Байгалийн Улсын их сургууль) элсэж, санхүү-зээлийн эдийн засагч мэргэжлээр 1992 онд төгсгөсөн. Түүнчлэн 2002-2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, Монголын Бизнес Хөгжлийн агентлагийн хамтарсан магистрын хөтөлбөрт суралцаж дүүргэжээ. Тэрээр орос, англи хэлтэй.

Г.Занданшатар 1992 онд Зах зээлийн коллежид багш-эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. Харин 1996 оноос Хөдөө аж ахуйн банкинд Гадаад тооцооны газрын эдийн засагч, гадаад тооцооны менежер, улмаар тус газрын захирал, мөн зээл, мөнгөний бодлогын газрын захирлаар ажиллаж байгаад 1999 онд Монгол банкны Сургалтын төвийн захирлаар томилогджээ. Тэрээр 2000-2003 онд Хаан банкны дэд захирлаар ажиллаж байгаад  2003 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдсон байна.

Г.Занданшатар 2004 онд  Баянхонгор аймгийн долдугаар тойргоос дэвшиж ялалт байгуулж, анх удаагаа УИХ-ын гишүүн болсон түүхтэй. Мөн 2008 оны сонгуульд нэр дэвшин УИХ-ын гишүүнээр улиран сонгогдов. Харин үүний дараа 2009 оны 11 дүгээр сард Гадаад харилцааны сайд Сү.Батболд Монгол улсын Засгийн газрын ерөнхий сайд болсноор Г.Занданшатар Гадаад харилцааны сайдаар томилогджээ. Тэрээр 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байгаад 2016 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүн болжээ. Мөн 2020 оны сонгуульд дахин дэвшиж, Монгол Улсын Их Хурлын гишүүн, улмаар Монгол Улсын Их Хурлыг даргалж байна.

Хөрөнгө, орлого

Авилгатай тэмцэх газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэйгээр, цахим системд байршуулдаг билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе. 

УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 онд 506 сая төгрөгийн орлоготой гэжээ. Энэ нь өмнөх оноос өссөн үзүүлэлт бөгөөд 2019 онд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ.

Г.Занданшатар нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай гэж мэдүүлжээ. Эдгээр нь нэг тэрбум 175 сая төгрөгийн үнэлгээтэй. Мөн 80 сая төгрөгний суудлын жижиг автомашинтай бөгөөд 130 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй аж.

Тэрээр дотоодын банк, санхүүгийн байгууллагад 188 сая төгрөгийн хадгаламжтай бол гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн нь 3 сая 890 төгрөг аж. УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголиан силикон валлей” ХХК  болон “Монитор консалтинг” групп ХХКомпаниудын 30-100 хувийг эзэмшдэг.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

УИХ-ын дарга Г.Занданшатарын талаар хэвлэлд гарч, олны анхаарал татсан мэдээллүүдийг товчлон хүргэе.

“ЖДҮХС-гаас зээл авсан”

2018 онд Г.Занданшатар аж ахуйн нэгж, иргэдэд олгох ёстой зээлийг өөрийн хамаарал бүхий компаниуддаа олгосон гэх мэдээлэл гарчээ. Тодруулбал Г.Занданшатар гишүүн  “Асрал” ХХК “Эмийн үйлдвэр”ХЖК, “Путь ХХК, “Хөх цэнхэр нуур” зэрэг компаниуддаа зээл олгуулахад нь нөлөөлсөн байж болзошгүй хэмээн хэвлэлүүд бичиж байв.

Харин тэрээр энэ асуудалд өөрийн цахим хуудсаараа дамжуулан хамааралгүй гэдгээ мэдэгдсэн байна. Г.Занданшатар “Сүүлийн үед миний нэр хүнд болон ажил төрөлтэй холбоотойгоор хий гүтгэлэг сошиал орчинд хэрээс хэтэрлээ. Миний бие болон надтай хамааралтай ямар ч хувь хүн аж ахуйн нэгж, компани ЖДҮ буюу жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлд хамрагдаж зээл аваагүй, нөлөөлөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Зориудаар улс төрийн зорилгоор тарааж буй гүтгэлэгт албан ёсоор няцаалт хийж хууль хяналтын байгууллагад хандан шалгуулж, үнэн зөвийг тогтоолгож нэр төрөө сэргээлгэх болно” гэжээ.

Нутгийн бөхчүүдээ шагнав

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран МУ-ын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт гурван өрөө байрны түлхүүр гардуулсан. Харин Ц.Цогтбаатарт  УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд, нийслэлийн Засаг даргын орлогчид Баянхонгор аймгийн удирдлагууд хамтран гурван өрөө орон сууц бэлэглэсэн билээ.

Харин мөнгөн медаль хүртсэн  Саид Моллаейд  ямар нэг шагнал урамшуулал өгөөгүй бөгөөд Саид Моллай ихэд гомдолтой санагдсан талаар хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. Тэрээр “Өнөөдөр бол гомдолтой байна. Учир нь намайг орон сууцаар шагнуулсан, их хэмжээний мөнгөөр шагнууллаа гэсэн хуурамч мэдээллүүд их цацагдаж байна. Үнэндээ би аваагүй. Хэдийгээр би мөнгөн медаль хүртсэн ч эдгээр шагналыг аваагүй.

Харин хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан. Олимпын дараа маш олон хүн надад баяр хүргэсэн. Би Монголд ирээд хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, Монголын ард түмэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Ингээд Монголд ирснээс хойш 10 гаруй хоногийн турш зочид буудалд байрлаж байхад Монголын төр засгаас хэн ч надтай уулзаагүй. М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт олон төрлийн бэлэг бэлэглэсэн мөртлөө надад юу ч өгөөгүй учраас жаахан харамсаж байна. Би уг нь Монгол иргэншилтэй, Монгол иргэн болсон шүү дээ” хэмээжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд