No menu items!
HomeЭмч зөвлөж байнаГ.Ундрах: Харшлаа удаан хугацаанд хяналтгүй орхисноор астма тусах эрсдэлтэй

Г.Ундрах: Харшлаа удаан хугацаанд хяналтгүй орхисноор астма тусах эрсдэлтэй

-

ТТАХНЭ-ийн Дотрын II тасгийн Арьс харшлын эмч Г.Ундрахтай ярилцлаа.

– Улирлын улмаас хүмүүсийн харшил хөдөлдөг. Өдийд ямар төрлийн харшилтай хүмүүсийнх түлхүү сэдэрдэг вэ, юу анхаарах вэ?

– Жил бүрийн 7-8 сард хогийн ургамал тоосжилтоо хаядаг.Тухайлбал энэ үед шарилж, таван салаа, лууль, дурваалиг, рагвид, багваахай цэцгийн харшил элбэг  тохиолддог.  Ургамлын тоосонцроос харшилтай бол өдөр тутамдаа мөрдөх энгийн хэд хэдэн зүйлс бий.

  • Гадуур явах шаардлагатай бол чийглэсэн даавуун маск зүүх, нүдний шил зүүх хэрэгтэй.
  • Тоос шороо болон ургамлын харшлаас ангид байя гэвэл ургамал тоосоо гөвдөг цаг буюу өглөөний 04:00-10:00 цаг, оройдоо 17:00-20:00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй.  
  • Гаднаас орж ирэнгүүтээ хувцсаа солино.
  • Өдөрт 2-оос дээш удаа усанд орох, үсээ угааж, ам хамраа сайтар зайлах.
  • Тасалгааны цэцэг тарихгүй байх.
  • Өд, сөд, будаа буурцаг, цай, хушгаар хийсэн дэр дэрлэхгүй байх.
  • Солбицон харшил өгдөг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. Жишээ нь: Архи дарс, халуун ногоотой хоол, жүрж, лемон сармис, өнгө, үнэр, будагч бодистой бүтээгдэхүүн, айраг, хоормог, кофе, өндөг, самар, түүхий ногоо зэрэг нь харшлыг сэдрээдэг.
  • Нарны харшилтай хүмүүс бол нарнаас хамгаалах SPF, РА бичигтэй тосыг наранд гарахаасаа 30 минутын өмнө ил гарах хэсгүүддээ түрхэх хэрэгтэй.

– Харшлын хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

– Харшил хяналтгүй удаан хугацаанд үргэлжилсэнтэй холбоотойгоор харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа буюу астма тусах эрсдэлтэй. Нийт астматай хүүхдүүдийн 80%, насанд хүрэгсдийн 50% нь харшлын шалтгаантай байдаг. Ургамлын тоосны харшилтай хүүхдүүдийн 20% нь астма болж хүндэрдэг.

– Харшлын улмаас гуурсан хоолойн багтраа өвчтэй болсон хүмүүс юуг анхаарах вэ?

– Хэдий гуурсан хоолой багтраа өвчтэй гэдэг нь батлагдсан ч гэсэн хяналтын тусламжтай энгийн ажил амьдралын хэв маягаа үргэлжлүүлэх боломжтой. Хүмүүс харшилтай гээд шууд дур мэдэн өндөр тунгаар гормон эмчилгээ хийлгэдэг. Үүнийг хориглоно. Гормон эмчилгээг дур мэдэн хийлгэснээр бөөрний дээд булчирхай болон бусад дааврыг дарангуйлж дархлааны өөрчлөлтөд оруулдаг. Энэ талаар хүмүүс тэр болгон мэдэхгүй учир ам дамжсан яриагаар хийлгэдэг. Энэ нь сүүлд нь маш их хор уршиг дагуулдаг.

– Сүүлийн үед харшилгүй хүн бараг байхгүй болчихлоо. Тэгэхээр энэ өвчин олдмол байдаг юм уу, Удамшдаг юм уу?

– Харшлын өвчин бусдад халддаггүй. Харин удамших магадлал өндөр хувьтай байдаг. Гэхдээ ургамлын харшилтай эхээс заавал ургамлын харшилтай хүүхэд төрөхгүй.

Эцэг, эхийнхээ аливаа нэг зүйлд харшилдаг мэдрэмтгий шинж чанар, генийг өвлөж төрдөг. Өөрөөр хэлбэл, эцэг, эх хоёр хоёулаа харшилтай байвал хүүхэд нь харшлын өвчтэй төрөх магадлал 75-100 хувь.

Харин ээж, аав хоёрынх нь аль нэг нь харшилтай бол хүүхэд нь харшлын мэдрэмтгий шинж чанарыг нь авч төрөх магадлал 25-75 хувь гэж үздэг. Тиймээс эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд эцэг эхчүүд харшлын өвчнөө сэдрээхгүй байх, жирэмсэн үедээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

– Харшил нь хүний амь насанд аюултай юу?

– Харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчнөөр хүндэрсэн тохиолдолд амь насанд хүрэх магадлал маш өндөр. Буурай хөгжилтэй орнуудад багтраатай хүмүүсийн 80% нь нас бардаг. Харшлын шалтгаант гуурсан хоолойн багтраа өвчнөөр 2019 оны байдлаар 469,000 хүн нас барсан тоо бий. Эдгээр тоон мэдээллийг харвал амь насанд хүрэх магадлал өндөр учир уушгины эмч болон арьс харшлын эмчийн хяналтад байх шаардлагатай.

– Харшил бүрэн эдгэрэх үү?

– Эхлээд арьс харшлын эмчид үзүүлж, арьс хатгах сорил тавиулж харшлаа тодорхойлуулах шаардлагатай. Манай эмнэлгийн хувьд арьс хатгах сорилыг нийт 70 төрлөөр ЭМД-ын сангаас 70% хөнгөлөлттэй үнээр тавьж байгаа.

Тодорхойлуулсны дараа харшил эхлэхээс өмнө эмчийн хяналтад урьдчилан сэргийлэх эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Бүрэн эдгэрэх боломжгүй ч эмчийн хяналтад байснаар хүндрэлээс сэргийлэх боломжтой.

-Баярлалаа.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд