No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЁ.Наранцэцэг: Даралтыг яарч сандарч огцом хурдан буулгахыг зорих хэрэггүй

Ё.Наранцэцэг: Даралтыг яарч сандарч огцом хурдан буулгахыг зорих хэрэггүй

-

Сүүлийн үед хүн амын дунд цусны даралт ихсэх өвчин нэмэгдэх хандлагатай болсон. Энэ өвчин юунаас үүдэлтэй талаар бид Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дотрын эмч Ё.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед цусны даралт ихсэх өвчтэй хүний тоо ихсэх хандлагатай болсон гэж яриад байгаа. Энэ ямар шалтгаантай юм бэ?

-Артерийн гипертензи буюу цусны даралт ихсэлт нь манай улс төдийгүй дэлхий нийтийн насанд хүрэгчдийн дунд хамгийн их түгээмэл тархсан архаг эмгэг юм.

Цусны даралт ихсэх өвчин хоёр янз байдаг. Биеэ даасан даралт ихсэх өвчин, нөгөө нь шинж тэмдгийн даралт ихсэх өвчин гэж бий. Ер нь даралт ихсэх өвчин маш олон шалтгаантай. Үүнд удамшил гол нөлөөтэй, бас хэн хамгийн түрүүнд өвчинд өртөмтгий байна гэдэг талаасаа мөн даралттай болдог.

Цусны даралт ихтэй байна гэдэг нь та сэтгэл санааны хэт их хямралтай гэсэн үг биш боловч сэтгэл зовнил түгшүүр нь цусны даралт ихсэхэд хүргэдэг. Ер нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 18-аас дээш насныхан 2-5 жил тутамд, 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа даралтаа заавал хэмжүүлж хянуулж байх шаардлагатай.

-Даралт ихсэх өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?

-Энэ өвчний эхэн үед нэг их зовиур илэрдэггүй. Толгой өвдөх, шилэн хүзүү чилэх, нүд бүрэлзэх гэх мэт хөнгөн шинж тэмдэг илэрч болдог. Харин хүндэрсэн үедээ амьсгаадах, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэх, хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ер нь нэг удаагийн үзлэгээр цусны даралт их эсвэл бага байна хэмээн оношилж болохгүй л дээ. Хэд хэдэн удаагийн үзлэг хийх хэрэгтэй.

-Насанд хүрсэн хүмүүсийн даралт ер нь хэд байвал хэвийн гэж үздэг юм бэ?

-Ер нь 140/90-ээс доош байх хэрэгтэй гэж үздэг. Бидний нэрлэж заншсанаар доод даралт 90, дээд даралт 140 гэсэн үг ш дээ. Гэхдээ энд зорилтот түвшин гэж бас байна. Тэр нь 120/80-тай байлгах гэсэн үг. Яахав чихрийн шижин өвчтэй хүмүүс 130/ 80 байхад хэвийн гэж үзэж болно.

-Та 40-өөс дээш насныхан жилдээ нэг удаа заавал даралтаа хэмжүүлж байх ёстой гэсэн. Тэгэхээр нас ахихын хэрээр даралт ихсэх магадлалтай гэсэн үг үү?

-Тийм ээ. Эрчүүд 55 нас хүрээд энэ өвчнөөр өвдөх нь элбэг. Харин эмэгтэйчүүд 55-аас дээш нас буюу цэвэршилт явагдсаны дараа даралт ихсэх өвчтэй болсон нь илүү ажиглагддаг. Манай Монголд хийсэн судалгаагаар 4 хүн тутмын нэг нь даралт ихсэх өвчинтэй гэдэг нь тогтоогдсон. Нас залуу мөртлөө даралт ихсэж байгаа бол энэ шинж тэмдгийн даралт ихсэлт гэсэн үг.  80-аас дээш насныханд бол биеэ даасан даралт ихсэх өвчин их тохиолддог.

-Сүүлийн үед энэ өвчин залуужиж байгаа тухай ярих болж?

-Маш олон шалтгаан байна. Хотжилт, суугаа ажил, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, давсны хэрэглээ гэх мэт. Бас 40-өөс дээш насныхны дунд даралт ихсэх, харвах үзэгдэл илүү ажиглагдах болсон.

-Цагаан халаадны даралт ихсэх өвчин гэж юуг хэлдэг юм бэ?

-Энэ их сонин. Эмнэлгийн цагаан халаадны даралт ихсэх өвчин, хуурамч даралт ихсэх өвчин гэж бас байдаг. Энэ нь өвчтөн эмнэлэгт үзүүлэх үед даралт өндөр хэмжигдэх мөртлөө гэртээ байх үед хэвийн байх тохиолдол байдаг.

Заримдаа гэртээ байх үед даралт ихсэх мөртлөө эмнэлэгт ирээд хэмжүүлэхээр буурсан байх тохиолдол бас бий. Даралт ихдэх өвчтэй хүмүүс эм ууж байгаа бол эмэндээ анхаарал хандуулах хэрэгтэй.

Мөн амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Эм уухаас илүү ач тустай нэг зүйл бол давсны хэрэглээгээ багасгах. Давс их хэрэглэдэг бол эм уусан ч гэсэн даралт ихсгэж байдаг. Дараагийн нэг арга амьтны гаралтай өөх тосыг хязгаарлах хэрэгтэй.

За бас илүүдэл жинтэй юу үгүй юу, унтаж амарч чадаж байна уу. Хэт их стрессдэж байна уу гэдгээ байнга хянаж байх шаардлагатай. Хөдөлгөөний хомсдолтой, тамхи их татдаг, судасны хатууралтай, даралт ихсэх өвчтэй, мөн дээр нь архины хэрэглээ их бол зүрхний булчинг гэмтээж байдаг.

Даралтаа зөв хэмжүүлэх нь их чухал байх тийм ээ?

-Тэгэлгүй яахав. Даралтыг хэмжихдээ аль болох хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Хөдөлгөөн ихтэй байх тусам даралт хэлбэлздэг. Их хөдөлгөөн хийсэн бол 30 минутын дараа, хоол унд идэж уусан бол 2 цагийн дараа даралтаа хэмжих хэрэгтэй. Яагаад гэхээр бидний идсэн хоол, хөдөлгөөн бүр зүрхэнд ачаалал өгдөг.

Хэмжилт хийхээс 30 минутын өмнө юм идэхгүй кофе агуулсан зүйл уухгүй байх, бугалгыг чөлөөтэй байлгах богино эсвэл дээш шуухад хялбар ханцуйтай хувцас өмсөх, даралт үзэхийн өмнө бие засах, аль болох давсаг дүүрэн бус байх, 5 минутын турш тайван суусны дараа даралтаа үзэх, юм ярихгүй, хөлөө ачихгүй, шалан дээр хөлийн тавхайгаа бүрэн нааж суух хэрэгтэй.

Бас анх удаагаа даралтаа хэмжүүлж байгаа бол хоёр гараа хэмжин, аль өндөр даралттай талыг нь цаашдын хэмжилтэндээ анхаарах хэрэгтэй. Цусны даралтыг 1-2 минутын зайтайгаар доод тал нь хоёр удаа хэмжиж үзэх хэрэгтэй. Нэг удаагийн үзлэгээр онош тавих бол маш буруу.

-Даралт ихсэх өвчин эдгэрнэ гэсэн ойлголт бий юу. Эмийг хэр удаан хугацаагаар хэрэглэх вэ?

-Эдгэрнэ гэсэн ойлголт байхгүй. Даралтыг хэвийн хэмжээнд барих л хэрэгтэй. Даралт ихсэх өвчтэй гэж оношлогдоод эм ууж эхэлсэн бол насан туршдаа эмийн эмчилгээтэй, хяналтаа хийж явах ёстой.

Ерөөсөө даралтыг хянах гэдэг нь тухайн өвчтөнд тохирсон эмийг багаас нь эхлээд өгнө. Гэхдээ бид даралтыг зорилтод түвшин, ямар түвшинд хүргэх вэ гэдгээ тооцож байж л эмнийхээ тунг тохируулна.

Маш өндөр даралттай хүмүүс яарч сандарч маш олон эмийг уугаад даралтыг хэт буулгадаг. Энэ нь бол маш аюултай. Даралтыг яарч сандарч огцом хурдан буулгахыг зорих хэрэггүй. Аажмаар зөөлөн буулгаад түүнийгээ тогтвортой барих гэсэн зарчмаар л даралтаа буулгана, хянана.

Манай иргэдийн дундах нийтлэг нэг алдаа бол даралт хэвийн болмогц эмээ уухаа зогсоочихдог. Энэ бол маш буруу. Эм хэрэглэхээ болингуут хэд хоногийн дараагаас дахин даралт ихэсдэг. Тиймээс насан туршид өдөр болгон даралтныхаа эмтэй байж, эмчийн хяналтнаас гарч болохгүй.

Даралтны эмийн тухайд гэвэл манайхан эм уугаад л байдаг, уугаад л байдаг. Гэтэл тэр эм маань тохирч байна уу үгүй юу гэдгээ өөрсдөө хянаж чаддаггүй. Иргэд маань дур мэдэн эм уух биш заавал эмчид хандаад тохирсон эмээ хяналттайгаар уух нь л хамгийн чухал. Манай иргэд эмчид үзүүлэх их дургүй. Дандаа ам дамжсан яриагаар өөрсдийгөө эмчилдэг. Энэ бол маш буруу үйлдэл.

-Даралт хэт бага байх нь бас их аюултай байх. Зарим хүн даралт багатай байдаг шүү дээ?

-Даралт огцом хэт багадах юм бол маш аюултай. Даралт багасах нь олон шалтгаантай. Нэгдүгээрт, цус багадалт байна уу гэдгийг тодруулж үзэх хэрэгтэй. Цус багадалттай хүн байх юм бол тэр хүнд төмрийн хэмжээ ямар байна гэдгийг мэдэх нь чухал. Ер нь цусны нарийн шинжилгээнүүдийг өгөх хэрэгтэй.

Мөн даралт унах нэг шалтгаан бол бөөрний дээд булчирхайн дутагдал байдаг. Тэгэхээр дотоод шүүрлийн эмч юм уу, цусны эмчээс зөвлөгөө аваад даралт бага байгаагийнхаа шалтгааныг тодруулах хэрэгтэй. Жишээ нь, эмэгтэй хүн олон төрсөн байж болно, эсвэл төрөх үедээ цус алдсан байж болно, нэг бол цэвэршлийн үеийн эмэгтэйчүүд байх юм бол өөрчлөлтүүд гарч байдаг. Иймээс олон юмыг тодруулж байж оношийг нь тавих ёстой.

-Бөөрний даралт гэж ярьдаг. Энэ ямар учиртай юм бэ?

-Даралт ихдэх өвчин нь шинж тэмдгийн даралт ихдэлт, биеэ даасан даралт ихдэлт гэж хоёр янз байдаг тухай би хэлсэн. Өөрөөр хэлбэл, зарим нэг өвчний хувьд даралт ихдэх өвчин давхар явагдаж байдаг. Үүнээс гадна хоёр бөөр хоёулаа гэмтдэг түүдгэнцрийн үрэвсэл гэж өвчин бий. Энэ өвчний үед даралт маш их ихсэх хандлагатай байдаг. Үүнийг хүмүүс бөөрний даралт гэж нэрлэдэг.

Сүүлийн үед энэ өвчин залууст их ажиглагдах болсон. Манай монголчуудад нэг буруу ойлголт бий. Доод даралт өндөр бол үүнийг бөөрний даралт гэж ойлгодог. Гэтэл доод даралт ихдэх бас олон шалтгаан бий. Өөрөө өөрийгөө оношлоод би тийм даралттай гээд яваад байж болохгүй. Та яг ямар өвчнөөр өвдөөд байна вэ гэдгийг эмч л оношилж, зөвлөгөө өгөх ёстой.

-Даралт ихсэлтийг хянахгүй, бууруулахгүй удаан хугацаанд явбал ямар, ямар аюулд хүрч болох вэ?

-Маш олон хүндрэл гарч ирж болно. Хамгийн гол нь даралт ихсэлт ямар эрхтэнд илүү ихээр нөлөөлж байна вэ гэдгээсээ болдог. Ер нь судасгүй нэг ч эрхтэн байхгүй. Тэр дундаа хамгийн их жижиг судасны өөрчлөлтүүдтэй тархи, зүрх, бөөр, нүдний уг гэх мэт ийм эрхтэнүүдэд гол хүндрэлүүд нь гарч ирдэг.

Тэгэхээр даралт ихсэх өвчтэй хүмүүст хамгийн их тохиолддог хүндрэлүүд нь тархинд цус харвах, зүрхний шигдээс өвчнөөр өвдөх, мөн бөөрний дутагдалд орох, нүдний угны судас гэмтсэнтэй холбоотойгоор нүдний уганд цус харвах, тэрнээс болж хүн хараагүй болох зэрэг хүндрэл гарч мэднэ.

-Даралт ихсэх өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар уншигчдад маань зөвлөгөө өгөөч?

-Ер нь идэвхтэй дасгал хөдөлгөөн тогтмол хийж хэвших хэрэгтэй. Ялангуяа суугаа ажилтай хүмүүс ажлын байрны дасгалыг байнга хийж хорт зуршлаас татгалзах. Архи согтууруулах ундаа, тамхи хэрэглэхгүй байхын зэрэгцээ дам тамхидалтад өртөхгүй байх нь чухал. Мөн давсны хэрэглээгээ багасгах, хоногт хагас халбага давснаас хэтрүүлж болохгүй. Зөв зохистой хооллох, мах махан бүтээгдэхүүнийг тохируулж, жимс жимсгэнэ хэрэглэх хэрэгтэй. Мөн цусны даралтаа тогтмол үзүүлж байгаарай.

-Манай уншигчдад үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа.

Н.Хоролсүрэн

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд