No menu items!
HomeЭмч зөвлөж байнаД.Чулуунцэцэг: Живхний буруу хэрэглээ бөөрний өвчин үүсгэдэг

Д.Чулуунцэцэг: Живхний буруу хэрэглээ бөөрний өвчин үүсгэдэг

-

Олон улсын бөөрний эмч нарын нийгэмлэгийн санаачилгаар дэлхий дахинаа “Бөөр Хамгаалах дэлхийн өдөр”-ийг 2006 оноос эхлэн дэлхий даяар зохион байгуулж, 200 гаруй улс орoнд тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулсаар иржээ. Ингэхдээ тухайн жилийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэж байхаар тогтсон бөгөөд энэ өдөр нь бөөрний өвчин болон түүнээс урьдчилан сэргийлэх талаар хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.  Манай улсын хувьд 2009 онд АШУүИС-ийн Бөөр судлал тэнхимээс санаачлан ЭМЯ, ДЭМБ, УКТЭ, ШКТЭ-ийн хамт олны дэмжлэгтэйгээр тэмдэглэж эхэлжээ.

Бөөр хамгаалах өдрийг энэ жил “Бүх нийтээрээ бөөрөө хамгаалъя” сэдвийн хүрээнд тэмдэглэх бөгөөд өчигдөр ЭМСЯ, Олон улсын Бөөрний нийгэмлэг, АШУҮИС-иас хэвлэл, мэдээллийн салбарынханд зориулсан сургалт, хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа.Хуралд УКТЭ-ийн Бөөрний төвийн дарга Б.Бямбадаш УКТЭ-ийн Гимодиализийн төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг Шастины нэрэмжит III эмнэлгийн Гемодиализийн төвийн эрхлэгч Мөнхзул болон АШУҮИС-ийн Бөөр судлал тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор, профессор Т.Ариунаа нар оролцлоо. Хуралд оролцогчид бөөрний өвчний менежмент анхдагч болон хоёрдагч урьдчилан сэргийлэлтийн талаарх орчин үеийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. ДЭМБ-ын тайланд дурьдсанаар дэлхий дээр халдварт бус өвчин нийт хүн амын өвчлөлийн 72 хувийг эзэлдэг. Судлаачдын үзэж байгаагаар халдварт бус өвчин дотор тэргүүлэх байрыг чихрийн шижин, даралт ихсэх өвчин болон бөөрний архаг өвчин эзэлдэг ба дэлхийд 600 сая гаруй бөөрний архаг өвчтэй хүн амьдарч байна.

Эдгээр хүмүүсийн эмчилгээнд олон улс орны эрүүл мэндийн салбарын нийт төсвийн 80 хүртлэх хувийн эмчилгээнд зарцуулдаг аж. Тиймээс урьдчилан сэргийлэх асуудалд дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Манай орны хүн амын дунд бөөр шээсний замын өвчин их байгаа бөгөөд түүний эцсийн хүндрэл болох бөөрний архаг дутагдал ихсэж өвчтөний амь насанд аюул учирч олон тооны хүн гадаад, дотоодод өндөр өртөг зардал бүхий эмчилгээ хийгдэх боллоо.  Эрүүл мэнд, спортын яамны мэдээгээр бөөрний архаг өвчин нь хүн амын сүүлийн таван жилийн дүнгээр гуравт бичигдэн, хэвтэн эмчлэгсдийн шалтгаан дундаас тэргүүлэх байрыг эзэлж байна.

Судалгаанаас харахад бөөрний архаг өвчин нь даамжран жилд шинээр 70-100 өвчтөн БАД буюу бөөрний архаг дутагдалд ордог гэж тогтоосон байдаг. Энэ байдал нэг талаасаа өвчний эрт үеийн оношилгоо, эмчилгээ, сэргийлэлттэй холбоотой нөгөө талаасаа тухайн хүний амьдралын хэв маяг, эрүүл мэндийн мэдлэг боловсролтой нь шууд холбоотой аж.

Харин дэлхий дахинд Бөөр хамгаалах өдрийг тэмдэглэж ирснээр энэ төрлийн өвчлөл болон халгаат хүчин зүйлсийн тархалт хүн амын дунд бууран, бөөрний өвчний эцсийн үе шатны эмчилгээ болох асар үнэтэй хиймэл бөөрний аппарат эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд орох хүмүүсийн тоо тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлт гарч байна.

Энэ жилийн хувьд уг өдрийг нийт хүн амыг бөөрний өвчнөөс сэргийлэх арга хэмжээ авч явуулахын зэрэгцээ бөөрний болон дотрын эмч нарт зориулсан сургалт зохион байгуулагдаж , эмчилгээ, оношлогооны орчин үеийн аргуудыг эмч нарт хүргэхийг зорилж байна. Энэхүү үйл ажиллагаа нь бөөрний архаг өвчнөөс сэргийлэх ажилд төр, иргэний нийгмийн хамтын оролцоог нэмгэдүүлэн, түншлэлийг хөгжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилго тавьж байна.

Бөөрний өвчин ууц нуруугаар өвдөх, хавагнах, даралт ихдэх, шээсний гарц болон найрлага өөрчлөгдөх зэрэг анхны шинж тэмдэгтэй байдаг. Олон нийтийн хувьд ихэнх тохиолдолд хэнэггүй байдлаасаа болж бөөрний өвчнийг хүндрүүлдэг бөгөөд эмч нарын зүгээс багадаа зургаан сар ихдээ нэг жилийн хугацаанд заавал шээсний шинжилгээ өгч бөөрний үйл ажиллагаагаа хянаж байхыг анхааруулсаар байна.

Сургалт, мэдээллийн үеэр УКТЭ-ийн Гемодиализийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор Д.Чулуунцэцэгтэй цөөн хором ярилцсан юм.

-Ихэнх хүн нуруу өвдөж байна. Бөөр юм шиг байна гэсэн ойлголттой байдаг. Эмчийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүн хорвоод мэндлэхдээ төрөлхийн гажиггүй л бол эрүүл төрж байгаа шүү дээ. Гэвч нэг л мэдэхэд бөөрний архаг өвчтэй болчихсон байдаг. Ингэхгүйн тулд хамгийн түрүүнд памперс буюу живхний буруу хэрэглээ, өтгөн хаталт, цагаан хорхой зэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг маш сайн санаж, хэвшүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн хүүхэд насандаа хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал. Хамгийн гол нь монголчууд хоолойн өвчинд дэндүү дасчихсан. “Архаг ангиннтай” гээд тоодоггүй. Энгийнээр тайлбарлахад аманд байдаг бактерийг шүүж байдаг гүйлсэн булчирхай ачааллаа дийлэхээ болиод, өөрөө өвчилчихсөн гэсэн үг. Яах вэ эхний ганц, хоёр удаа бол эмчлээд дарчихдаг. Гэхдээ цаагуураа бол архагшаад, байнгын бактерийн голомттой болчихдог. Тэрхүү бактер нь цусаар нэвчиж, хамгийн ихээр гэмтээж болох эрхтнүүдэд очно гэсэн үг.

-Тэгээд хамгийн түрүүнд бөөр гэмтэнэ гэж үү?

-Тийм ээ. Бөөрөөр эргэлдэж буй цусны хэмжээ зүрхээр эргэлдэж байгаа цусны хэмжээнээс 6 дахин илүү, тархиныхаас 8 дахин илүү байдаг. Өөрөөр хэлбэл бөөр тэр хэмжээний их цусан хангамжтай гэсэн үг. Тиймээс л халдвар хамгийн их цусны эргэлттэй газар очиж гэмтээж буй хэрэг. Түүнчлэн хорхойтой шүдийг манайхан бас тоодоггүй. Энэ ч мөн мөнхийн бактерийн голомт.

-Тэгвэл амны хөндийн ариун цэвэр хамгийн чухал байх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ зөвхөн амны хөндийгөөс үүдэхгүй. Амьдралын буруу хэвшил буюу мах их идэх, таргалалт, даралт ирсэх, буруу хувцаслалт зэргээс үүдэлтэйгээр өөртөө бөөрний архаг өвчинтэй болж байна.

-Нэгэнт бөөр нь өвчилчихсөн тохиолдолд яах ёстой вэ?

-Бөөрний эмчид хандах хэрэгтэй. Зөв оношлуулж, эмчилгээ, шинжилгээг цаг алдалгүй хийлгэж байх ёстой. Өвчтэй хүний тухайд 14-30 хоногт нэг удаа шинжилгээ өгөх тохиолдол бий.  Энэ нь тухайн оношоос хамаарна. Харин эрүүл хүний хувьд жилдээ болвол хоёр, боломжгүй бол нэг удаа заавал шинжилгээ хийлгэж хэвших хэрэгтэй. Нэгэнт бөөр өвдсөн хүн архаг болгохгүйн тулд заавал эмчид хандах хэрэгтэй. Хэрвээ цаг алдаад бөөрний архаг өвчтэй болчихсон бол эмчээс битгий холд гэж зөвлөх байна.

-Байнгын хяналтанд байх ёстой гэж үү?

-Архаг өвчин гэдэг хэзээ ч эдгэдэггүй. Байнга эмчилж, аргадаж байж бурхны өгсөн насыг наслана. Цочмог өвчин бол эдгэдэг.

-Хүн хэдий хоёр бөөртэй ч 40 гаруй төрлийн өвчлөл байдаг гэсэн. Монголд яг аль төрлийн өвчин давамгайлж байна вэ?

-Монгол Улсын 3 сая иргэний дунд бөөрний яг ямар өвчин их байна вэ гэсэн албан ёсны судалгаа бол байхгүй. Манай нэгдүгээр эмнэлэг бөөрний өвчнөөр бие даан ажиллаж байна. Тэр утгаараа эмнэлгийнхээ статистик бүртгэлийг харж байхад яг энэ өвчин гэхээр зүйл байдаггүй. Энэ нь нийт ард иргэд эрүүл мэнддээ хандах хандлага нь муу байна гэсэн үг.

Бөөрний чулуу, бөөрний хавдар, шээсний замын эмгэгүүд хүүхэд насанд нь үүсч байна, бөөрний түүдгэнцэр буюу хоёр бөөрийг гэмтээдэг өвчин гээд тоочвол бүгд байна. Сүүлийн үед бөөр, шээсний замын халдвар нэмэгдсэн. Энэ нь хүн биеийн дархлаагаа муутгаснаас үүснэ. Бөөр шээсний замын ариун цэвэр муу байна. Мөн эр, эмийн ёсны зөв харилцаагүйгээс халдвар авч байгаа хэрэг. Эцэст нь хэлэхэд архаг өвчнийг хүн өөрөө өөртөө л бий болгоод байна.

-Зарим хүн бөөрний дутагдалд орчихсон ч эдгэдэг гэдэг. Гэтэл нөгөө хэсэг нь эдгэхгүй гэж ярьдаг шүү дээ

-Аливаа өвчин архаг, цочмог гэж байдаг. Цочмог өвчнийг зөв тактиктай эмчлээд, хувь хүн эмчийн зааврын дагуу дэглэм бариад явбал бүрэн эдгэнэ. Жишээлбэл ямар нэгэн байдлаар гэмтээд их хэмжээний цус алдахад хүн бөөр гэж хэзээ ч боддоггүй. Зөвхөн цусаа тогтоохыг л хичээдэг. Гэтэл маргааш нь ч юм уу шээс нь гарахаа больчихдог. Энэ нь цус эргэлдэж, хортой бодис гадагшлуулах үүрэгтэй бөөр маань ажиллахаа больчихсон байгаа байдал.  Цочмог дутагдалд орж байна гэсэн үг. Үүнийг бол аппаратанд хэд ороод нөхөн төлжүүлээд ирэхээр бөөрний ажиллагаа хэвийн болоод эдгээж болдог.

Харин архаг дутагдал гэдэг нь дээр дурьдсан өвчний суурь хүний биед 10-15 жил болсны дараа эхэлдэг. Архаг дутагдал нь дөрвөн үе шаттай. Эхний гурван шатанд бол эмийн эмчилгээ хийгдээд явж болдог. Харин эцсийн шатанд очоод, бөөрний аппаратад орсон бол эдгэхгүй. Нэг бол аппаратаараа эсвэл хэн нэгнээс бөөр шилжүүлэн суулгаж амьдарна гэсэн үг. Энэ бол хэтэрхий хатуу үг боловч үнэн юм шүү. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс хийж байх ёстой.

Эх сурвалж: Өглөөний сонин

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд