No menu items!
HomeОнцлох76: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

76: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

-

“76” булангаараа 2020 оны сонгуулиар сонгогдсон УИХ-ын шинэ 76 гишүүнийг уншигч та бүхэндээ танилцуулж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг онцолж байна.

Товч намтар

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль, 1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Дараа нь МУИС-ийн ХЗДС-д Хууль зүйн шинжлэх ухааны магистр, докторын зэрэг хамгаалжээ. Мөн орос, англи хэлтэй.

Тэрээр 1983-2010 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.

Үндэсний бөхийн түүхэнд мөнхөрч, олны хайр хүндэтгэлийг хүлээж чадсан Бат-Эрдэнийг 2004 оноос хойш хэнтийчүүд УИХ-д сонгож иржээ. Тэрээр 2004 оноос хойш 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Мөн 2016-2017 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Түүнийг уншигчид Монгол Ардын Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан гэдгийг сайн мэдэх билээ.

Хөрөнгө, орлого

Авилгатай тэмцэх газраас УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэйгээр, цахим системд байршуулсан билээ. Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэе.

Түүний өөрийнх нь жилийн орлого 28 сая 259 мянган төгрөг, гэр бүлийн нийт гишүүдийн орлого 21 сая 854 мянган төгрөг. 685 сая 100 мянган төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, нэг зуслангийн байшинтай.

Мөн 145 сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр, Nissan, X-Trail- 1,Суудлын жижиг машин,Nissan, Datsun- 1 машинуудтай.

Түүнчлэн хурдан удмын адуу-11, адуу-410, үхэр-51, хонь-2100, ямаа-310 байдаг бөгөөд эдгээр нь 495 сая 899 мянган төгрөгөөр үнэлэгддэг.

Тэрээр 10 сая төгрөгөөр үнэлэгдэх 0.07 га газартай бөгөөд 100 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй. Харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламждаа 59 сая 643 мянган төгрөгтэй гэсэн байна. Мөн тэрээр Атар Чандгана ХХК, Атар Чандгана Сүү ХХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс МГЛ ХК ХК-аас 5-5360ш хувьцаа, 14-18 ногдол хувь авдаг хэмээн мэдүүлжээ.

Хэвлэлд гарсан онцлох мэдээллүүд

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн талаар хэвлэлд гарч, олны анхаарал татсан мэдээллүүдийг товчлон хүргэе.

Х.Баттулга: Намтар бол худлаа шүү

Тэрээр өөрийнхөө намтарт хууль зүйн шинжлэх ухааны доктор хэмээн бичсэн байдаг. Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэвтрүүлэгт орох үерээ “Бат-Эрдэнэ бид хоёр багын, бүр хүүхдийн найзууд. Би 19-тэй шигшээд орж байсан, Бат-Эрдэнэ 18-тай шигшээд орж байсан. За тэр намтар бол худлаа шүү. Орос хэл байхгүй, англи хэл байхгүй. Хүн намтраа буруу бичээд ирэхээрээ л энэ бол асуудал байхгүй юу, ер нь бол. Үнэнээ  л бичих хэрэгтэй ш дээ. Бөх барилдаж байгаад сургуульд сурна гэж байдаггүй юм. Би чинь их сургуульд 6 удаа орсон хүн шүү дээ. Хамгийн удаан суусан нь нэг сар л байхгүй юу, гуч хоног. За бүтэхгүй юм байна гээд л. Тэхээр Бат-Эрдэнэ бол барилдаж байсан үеэрээ сургууль төгссөөр байгаад доктор профессор болгоод, хууль зүйн ухааны доктор болчихсон явж байгаа байхгүй юу…” хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татаж байсан билээ.

Б.Бат-Эрдэнэ: Гишүүдийн хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр огцом нэмэгдээгүй гэж үзсэн

Тэрээр Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороон даргаар ажилладаг. Өнгөрсөн оны нэгдүгээр сард УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, хөрөнгө орлого нь үндэслэлгүй нэмэгдсэн гэх гишүүдийн асуудлыг хэлэлцсэн байдаг. Тэрээр энэ талаар мэдээлэл өгөхдөө “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд нарын гишүүдийн хөрөнгө орлого нь үндэслэлгүй нэмэгдсэнийг шалгуулах хүсэлт тавьсан. Энэ асуудлаар өнөөдөр хуралдлаа. Хурал гишүүний горимын саналаар хаалттай болсон. Ёс зүйн зөрчилд холбогдсон гишүүдээс тайлбар авсан. Хурлаар энэ асуудалд техникийн алдаа гарсан байна. Тиймээс гишүүдэд зөвлөмж өгөх шаардлагатай гэсэн шийдвэрт хүрсэн. Техникийн алдаа гэдэг нь янз бүрийн төрийн бус байгууллагад өмнө нь ажиллаж байсан, байгуулснаа мэдүүлээгүй гэх мэт зөрчил гарсан. Үндсэндээ гишүүдийн хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр огцом нэмэгдээгүй гэж үзсэн” гэжээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар Б.Бат-Эрдэнэд дургүйцлээ илэрхийлэв

Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Өлзий-Орших УИХ-ын нэр бүхий гишүүдийг уучлал гуйхыг шаардаж, ёс зүйн хариуцлага тооцуулж өгөхийг хүссэн бичгийг УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд ирүүлсэн байна. Тус бичигт “УИХ-ын зарим гишүүд олон нийтийн сүлжээгээр УБТЗ-ын 16 мянган ажилчдын нэр хүндэд халдаж, хөдөлмөр бүтээлийг нь үгүйсгэж гутаан доромжилсон тул олон нийтийн сүлжээгээр УБТЗ-ын ажилчдаас уучлал гуйхыг шаардаж байна” гэжээ.

Иймд УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүдийнхээ нэрийн өмнөөс УБТЗ-ын ҮЭХ-нд хандан уучлал эрсэн байна.

Харин тус бичгийг харсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар “Надтай уулзаагүй. Авилгачийн өмнөөс уучлал гуйдаг ёс зүй байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлснийг хэвлэлүүд онцолжээ.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд