No menu items!
HomeЯрилцлагаЛ.Болд: Монгол шиг цомхон зэвсэгт хүчинтэй улсын хувьд энэ бол гайхалтай үзүүлэлт

Л.Болд: Монгол шиг цомхон зэвсэгт хүчинтэй улсын хувьд энэ бол гайхалтай үзүүлэлт

-

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд асан, Монгол   Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалахын бодлогын зөвлөх Лувсанвандангийн Болдтой ярилцлаа.

-Өнгөрсөн 29-ний өдөр Энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” одонг ЗХЖШ-т олголоо. Ерөнхийлөгчийн Батлан хамгаалахын бодлогын зөвлөхийн хувиар таны сэтгэгдлийг сонсоё?

-Олон улсын энхийг сахиулагчдын өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал төв талбайд болж, Улаанбаатар цэргийн хүрээний анги, нэгтгэлүүд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнийг төлөөлүүлж, Зэвсэгт хүчний Жанжин штабыг “Чингис Хаан” одонгоор шагнасан түүхэн үйл явдал энэ үеэр тохиосон.

Монгол цэргийн сүр хүч, хийморь жавхааг харуулсан хур бороотой, ховорхон хувь тохиолтой сайхан өдөр байлаа. Чингис хаан одонт Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүндээ баяр хүргэе!

-Монгол Улсын Ерөнхийлөгч Аюулгүй байдал, Батлан хам­гаалахын бодлогын зөв­лөхөөрөө Батлан хам­гаа­лахын сайд асныг ажиллуулж байгаа нь зүгээр ч нэг тохиолдол биш байх гэж бодож байна. 2008-2012 онд таны БХ-ын сайдаар ажиллаж байсан цаг үеийг эргэж нэг дурсвал?

-Өдгөөгөөс 13 жилийн өмнө. 2008 оны намар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдож, эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг биелүүлж яваа офицер, албан хаагчдынхаа дунд алхаж орсон. Одоо ч хувь тохиолоор батлан хамгаалахын салбартаа хувь нэмрээ оруулж явна даа.

Монгол Улс 1996 оноос эхлэн Батлан хамгаалахын сайдаар энгийн хүн томилж, цэрэг, иргэний харилцаа, иргэний хяналтыг хэрэгжүүлэх зарчимтай болсон юм. Эхнээсээ л ирээд буцдаг зочин шиг байхгүйг хичээж, салбарынхантайгаа гар нийлэн өөрчлөлт шинэчлэлийн үйлсэд хүчин зүтгэж байв. Намайг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдэн батлагдаж, Үндэсний аюулгүй байдлын тулгуур зарчмуудыг хэрэгжүүлэх эхлэл тавигдсан. Үүнд сэтгэл нэн хангалуун байдаг.

Тэр цагт бид эрх зүйн шинэчлэл хийх хүрээнд их анхаарч байлаа. “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Дайны байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд орол­цуулах тухай”, “Цэргийн ал­бан хаагчийн тэтгэвэр, тэт­гэм­жийн тухай”, Тэсэрч, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” зэрэг хуулиудын төсөл, үзэл баримт­лалыг боловсруулж Монгол Улсын Их хурлаар батлуулсан.

Улс орны эдийн засгийн чадамж тааруу, салбарын төсөв ч ядмаг байлаа. Гэсэн хэдий ч тарчиг төсөвтөө захирагдалгүй дэлхийн энтэй харж, томоор сэтгэхийг би салбарынхандаа уриалж, өөрөө үлгэрлэж ажиллахыг хичээж байсан. Энэ нь ч үр дүнгээ өгч Зэвсэгт хүчний зэвсэглэл, техник хэрэгсэл хоцрогдсон, хөрөнгө мөнгөний гачигдлаас болж ойрын жилүүдэд дорвитой бүтээн босголт, шинэчлэл хийгдээгүй салбар маань хэдхэн жилийн дотор дүр төрхөө шинэчлэн өөрчилсөн юм.

-Би буруу санаагүй бол тэр үед Зэвсэгт хүчин хэрэгтэй юу, үгүй юу, хэнтэйгээ бид байлдах юм гэсэн сэдэв өндөрт гардаг байлаа. Энэ хандлага таныг сайд болохын өмнө хүчтэй байлаа?

-Энэ бол бидний өвөг дээдсийн олон үеэрээ бүлээн цус, халуун амиараа дархалж бий болгосон тусгаар тогтнол гэдэг эрхэм зүйлийг монголчуудын оюун санаанаас хумслах оролдлогын л нэг хэлбэр. Зэвсэгт хүчин гэж хэрэг байна уу, батлан хамгаалах салбар нэрээр баахан хүн тэжээж зардал гаргаж байна гэдэг хэл, үг намайг сайд болохын өмнө хүчтэй явдаг байсан л даа. Энэ хандлагыг би эрс эсэргүүцдэг хүн, тиймээс ч Батлан хамгаалахын сайдаар ажилласан хугацаандаа хийсэн ажлаараа ийм хандлагыг арилгахыг хичээсэн.

Батлан хамгаалахын сайдын хувиар гэрээт цэргийн алба хаагчдын нийт бие бүрэлдэхүүнд эзлэх хувь хэмжээг 30 хувьд хүргэсэн юм. Хугацаат цэргийн албанд хамрагдаагүй үлдсэн оюутан залуусыг сайн дурын үндсэн дээр богино хугацааны цэргийн сургалтад хамруулах, цэргийн албан хаагчдыг сургах, мэргэшүүлэх ажлыг санаачлан ажил хэрэг болгож эхлүүлсэн. Цэргийн боловсролын бодлогыг орхигдуулсангүй, өсвөр наснаас нь эхлэн залуусаа цэргийн хэрэгт бэлтгэж ирсэн өвөг дээдсийнхээ уламжлалыг сэргээж “Тэмүжин Өрлөг” сургуулийг ҮБХИС-ийн харьяанд байгуулсан нь одоо нэгэн аравны нүүр үзчихлээ. Жил тутам 200 гаруй алба хаагчийг гадаадын цэргийн академиудад урт, богино хугацааны сургалтад хамруулж боловсон хүчнээ мэргэшүүлж ирсэн. Зөвлөлтийн үед офицеруудаа хойд хөршид бэлтгэж, мэргэшүүлдэг байсан уламж­лалыг сэргээж, тэр хэм­жээнд нь хүргэсэн, Суворовын ака­демид жил бүр 20 гаруй хүүх­дүүдийг явуулж сургах болсон нь онцгой ач холбогдолтой ажил юм.

Монгол Улсын Үндсэн хуулинд Монгол Улсын иргэд эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан байдаг. Харамсалтай нь бодит байдал дээр олон олон шалтаг, шалтгаанаар мянга мянган залуучууд цэргийн амьдрал, эх оронч сэтгэлгээнээс хол хөндий байсаар ирснийг бид өөрчлөх гэж оролдсон.

Хувь хүний бодлоор ч тэр манай улс шиг хүн ам цөөнтэй оронд цэргийн насны залуусыг цэргийн хэрэгт хамруулах зайлшгүй шаард­­ла­­га­­тай, ер нь иргэн бүр бат­­лан хам­гаалах үүрэгтэн байх ёс­­той гэдэг байр суурин дээр ха­туу зогсдог. Тиймээс л Батлан хам­гаа­лахын сайдын дэргэд эр­дэм­тэд, олон нийтийн тө­лөөл­лөөс бүрдсэн орон тооны бус ир­гэ­ний зөвлөл ажиллуулж, Мон­гол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Б.Чимид, Тө­рийн соёрхолт хөгжмийн зо­хиолч Н.Жанцанноров, УИХ-ын ах­мад гишүүн Л.Мөнхөө нарын олон оюуны соруудыг эгнээндээ нэгтгэсэн.

Дээрх ажлыг үр дүнд хүргэхийн тулд ард олон, хүүхэд залуусын дунд соёл урлагаар дамжуулан сурталчлах ажил нэлээдгүй хийсний нэг нь тухайн үед олны хүртээл болж, гадаадын кино наадмын шагнал хүртэж байсан “Догшин хар сүлдний нууц”, цэргийн амьдралыг үзүүлсэн “Тусгай салаа” кинонуудыг дурдаж болно. Мөн улс орны Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах ажлыг аймаг бүрт, цэргийн анги бүрт хийж, олон нийтэд цэргийн ёслолын жагсаал, үзүүлэх тоглолтууд, урлаг соёлын үйлчилгээг үзүүлж байсан. Миний ажиллаж байсан энэ жилүүдэд цэргийн ёслолын бүрэн хэмжээний парад 1986 оноос 23 жил тасраад байсныг сэргээн, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй бусад байгууллагын төлөөлөл хамрагдаж, яруу алдар, сүр жавхаагаа гайхуулах Монгол цэргийн өдрийг тэмдэглэх болж, холбогдох хуульд өөрчлөлт оруулж чадсанд би маш их баяртай байдаг.       

-Одоо “Монгол цэрэг-дэл­хийн цэрэг” гэдгийг дэл­хийн дахин хүлээн зөвшөөрч байна. Монгол хүн бүрийн бахархал болж байна?

-Тэгэлгүй яахав. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын жагсаалтад эхний 20-д орж байна гэдэг бол Монгол шиг цөөн хүн амтай, цомхон зэвсэгт хүчинтэй улсын хувьд бол гайхалтай үзүүлэлт. Нэг жишээ дурдъя. 2011 онд өнөөдрөөс 10 жилийн өмнө Зэвсэгт хүчний ойгоор дэлхийд хамгийн хүчирхэг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин бүхий таван орны Батлан хамгаалахын сайд нар, цэргийн дээд албан тушаалтнууд манай улсад айлчлан хүндэтгэл үзүүлж байсныг би санаж байна.

Одоо хэдэн мянган монгол цэргийн албан хаагчид дэлхийн халуун цэгүүдэд хүн төрөлхтөний нэрийн өмнөөс аюулыг сөрж, энхийг сахиулж, энхийг дэмжих ажиллагаанд цэрэг илгээгч дэлхийн топ орнуудын тоонд манай улс зүй ёсоор багтах болсон. Урьд нь манай улсаас салаа цэрэг бусдын далбаан дор энхийг сахиулахаар явдаг байсан бол энэ байдал өөрчлөгдөж, бүхэл бүтэн батальон, цэргийн эмнэлэг дангаараа явдаг болсон. Цэргийн бааз хамгаалдаг байсан бол нисэх онгоцны буудал хамгаалах зэргээр үүрэг өргөжиж, хариуцлага ч нэмэгдсэн. Үүний ачаар манай цэрэг дайчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдлын түвшин дээшилж, зэвсэгт хүчний чадавхи бэхжихээс гадна цэргийн алба хаагчдын нийгмийн хангамжийн асуудал, цаашлаад улс орны эдийн засагт ч ихээхэн ашиг тустай байх болсныг энд онцлон дурдууштай.

-Нийгмийн хангамж гэснээс таны үед цэргийн алба хаагч­дын орон сууц ашиг­лал­тад орж, олон албан хаагч гал го­лом­тоо шинэ орон сууцанд бад­рааж байсныг санах юм байна?

-Цэргийн алба хаагчдыг орон сууцаар хангах асуудалд онцгой анхаарсан. Манай салбарт чинь 300 айлын орон сууц барьж алба хаагчдаа оруулж байсан түүх өмнө нь байхгүй байлаа шүү дээ. Өвөрхангай, Баянхонгорт боломжоороо орон сууц бариулсан. Хамт олонтойгоо уйгагүй хөөцөлдөж байж цалингийн 60 хувиар тэтгэвэр тогтоогддог байсныг 80 хувь болгосон, 36 сарын тэтгэмжийг элдэв шалтгаан зааж хасдаг байсныг болиулснаар цэргийнхний тэтгэвэр сард 800.000-1.500.000 төгрөгөөр тог­тоог­дох болж, 36 сарын тэтгэм­жинд алба хаагчид 40 гаруй сая төгрөгийг авдаг болсон.

Дээрээс нь энхийг сахиулах ажил­лагаанд оролцох тусам ца­лин, хөлсний нэмэгдэл сай­жирч байгаа юм. Монгол Улсын Зэв­сэгт хүчний хүчний багууд мэр­гэж­лийн ур чадвараа олон улсын хэмжээнд харуулж, Иракийн дайны дараах сэргээн бос­гох хүмүүнлэгийн ажиллагаа, Афганистан Улсад сургалтын хө­дөл­гөөнт баг болон Сьерра-Леон, Косово, Чад, Афганистан зэ­рэг ул­суу­дад ажиллаж, үүрэг гүй­цэт­гэх бүрэлдэхүүн жилээс жилд нэмэгдсэн.

Зөвхөн Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх 850 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багийг илгээж эхэлснээс хойш Монгол Улс жилдээ 50 тэрбум төгрөг олж зэвсэгт хүчнийхээ хөгжилд зарцуулдаг болсон. Үүнээс гадна уг ажиллагаанд оролцсон цэрэг дайчдын хувьд гэртээ ирэхдээ унах унаа, орон байр гэхчилэн нийгмийн асуудлаасаа аль нэгийг нь шийдчих бэлтэй болцгоосон. Нэг зүйлийг онцолж хэлэхэд энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн албан хаагчид НҮБ-аас олгодог цалингийн 40 хувийг улс авчихдаг байсныг бидний санаачилгаар 30 болгож бууруулсан. Ер нь цаашдаа дэлхийн энх тайвны төлөө үйл хэрэгт оролцож үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдадаа НҮБ-аас өгдөг цалинг нь 100 хувь өгчих хэрэгтэй юм.

Намайг сайдаар ажиллаж байхад 2006 оноос тогтмол зохион байгуулж ирсэн “Khaan Quest” олон улсын хамтарсан сургалтыг Зүүн хойд Азийн бүс нутагт хүлээн зөвшөөрүүлж, ОХУ-тай хамтарсан “Дархан” сургалт, дадлагыг 2010 онд ОХУ-ын нутаг дэвсгэрт, 2011 онд “Сэлэнгэ” нэртэйгээр эх орондоо амжилтай зохион байгуулсан. Монгол Оросын Засгийн газар хоорондын “Цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийн хүрээнд ихээхэн өндөр үнийн дүнтэй зэвсэг техник, сэлбэг хэрэгсэл, МИ-24В нисдэг тэрэг, Э-72А танк, БТР-80М хуягт тээвэрлэгч, эдгээр зэвсэглэл, техникийн сургалтын танхим, тренежёр, засварын болон шатахууны хөдөлгөөнт цогцолборууд, авто, хуягт танкийн техникийн сэлбэгийг  хүлээж авч байв.

Монгол Улсын Батлан хам­гаалах, Зэвсэгт хүчний бодлогоо шинэчлэн тодорхойлж, салбарын гадаад харилцаагаа идэвхжүүлж, 20 гаруй оронтой гэрээ, хэлэлцээр байгуулан ажиллаж, хоёр хөршөөр тогтохгүй АНУ, ХБНГУ, БНСУ, БНТУ, Энэтхэг, Япон зэрэг орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Зэвсэг, техник хэрэгслийн шинэчлэлээс гадна бүтээн байгуулалтууд шил шилээ даран хийгдэж, барилга инженерийн батальонууд бай­гуулж улс орныхоо томоохон төсөл, хөтөлбөрүүдэд ханцуй шамлан зүтгэцгээсэн.

Одоо энэхүү зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний зэвсэг техникийн шинэчлэл улам бүр өргөжсөөр байгаа.

-Зэвсэгт хүчин төмөр зам барина гэхэд олон хүн гайхаж, янз бүрийн шүүмжлэлүүд явж л байв? Энэ тал дээр таны бодлыг сонсоё?

-Хуучин цагт эх орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад манай барилгын цэрэг үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг байсныг зарим нэг хүмүүс мартсан байдаг бололтой. Сайдаар ажиллахдаа зэвсэгт хүчний энэ хувь нэмрийг сэргээж, Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад шинээр барилга, инженерийн батальоныг байгуулж байсан юм. Олон ч бодитой ажлууд хийгдсэн. Тухайлбал ОХУ-ын нутгаар дамжин очдог Асгатын мөнгөний ордын замыг эх нутаг дээгүүрээ шууд тавих ажлыг Баян-Өлгийн батальон хийсэн гээд нэрлэвэл олон олон бүтээн байгуулалт бий. Одоо ч энэ цагийн хамгийн том бүтээн байгуулалтуудыг Зэвсэгт хүчин цар тахлын үеийг үл хайхран бүтээн босгож байгаад гайхах юм огт алга.

-Батлан хамгаалахын тог­тол­цоо гэхээр зарим хүмүүс бай­шин сав, зэр зэвсэг, төсөв мөн­гө гэж харж бодоод, яриад байдаг?

-Үгүй юм. Монголын офицер, ахлагч, байлдагч нарын эх орондоо үнэнч, албандаа үнэнч, хариуцлагатай сэтгэлгээ энэ тогтолцоог авч явдаг юм. Ямар ч эдийн засгийн асуудалтай үед хөсөр хаягдсан байхдаа ч энэ тогтолцоо унадаггүй, хэн нэгэн сайд дарга ирэхээс ч үл шалтгаална. Ийм гайхамшигтай хамт олон. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний гар нийлсэн хамтач ажиллагаа, халуун дэмжлэг, идэвх зүтгэлийн үр дүнд харьцангуй богино хугацаанд олон ажлуудыг хийж гүйцэтгэснээ нэхэн санахад сайхан байна.

Эх сурвалж: Монголын Мэдээ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд