No menu items!
HomeЭмч зөвлөж байнаА.Отгонболд: Хөхөндөө силикон шахуулсан эмэгтэйд 5-10 жил болоод мэс засал хийлгэх шаардлага...

А.Отгонболд: Хөхөндөө силикон шахуулсан эмэгтэйд 5-10 жил болоод мэс засал хийлгэх шаардлага гардаг

-

Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тархсан өвчнүүдийн нэг нь хөхний хавдар. Дэлхий дахинд жилд ойролцоогоор 18 мянга гаруй хүн хөхний хавдраар өвчилдөг гэсэн статистик мэдээ бий. Манай улсад ч гэсэн хавдрын энэ төрөл сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар “Хатагтай” эмнэлгийн их эмч А.Отгонболдтой ярилцлаа.

-Хөхний хавдартай эмэгтэйчүүд нэмэгдэх хандлагатай байгаа нь юутай холбоотой вэ?

-Би Германд хөхний хавдраар мэргэжил дээшлүүлсэн. Манай орныг Европтой харьцуулахад хөхний хавдраар өвчлөгсдийн тоо харьцангуй цөөн гэж үздэг юм билээ. Гэхдээ сүүлийн үед хөхний хавдартай эмэгтэйчүүд нэмэгдэх болжээ. Энэ нь төрөлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл, цөөхөн төрдөг эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр гэсэн үг. Төрөөгүй гурван эмэгтэйн нэгд тохиолддог өвчин гэж ч үздэг юм. Европт 45-аас дээш насны эмэгтэйчүүд жилдээ нэг удаа, түүнээс доош насныхан гурван жилд нэг удаа урьдчилан сэргийлэх оношлогоо үзлэгт хамрагддаг. Гэтэл манай улсад ийм стандарт байдаггүй. Дээр үеийн монгол эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлдэг байсан болохоор энэ өвчин тусах нь бага байсан. Харамсалтай нь сүүлийн 25 жилд төрөлт багассанаар өвчин нэмэгдсэн. Хөхний хавдар яг юунаас болж үүсдгийг ийн тодорхойлох боломжгүй. Удамшлын, гаднын нөлөө, олон удаа үр хөндүүлсэн, цөөн төр сөн, чихрийн шижинтэй, 45-аас дээш насны эмэгтэйчүүд эрсдэлтэй бүлэгт багтдаг.

-Бүрэн эмчлэгдэх боломжтой юу?

-Хөхний хавдрын хэмжээ хоёр см дотор оношлогдох юм бол өвчнийг 90 хувь эмчлэх боломжтой. Нэг см-ээс бага хэмжээтэй байгааг илрүүлбэл 100 хувь эмчилж болдог. Хамгийн гол нь эмэгтэйчүүд эрт оношлуулах нь чухал байна. Ганц хөхний хавдар гэлтгүй юуны ч хавдар байсан эрт оношилж чадвал эдгэрэх боломжтой. Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн наснаасаа эхлээд ядаж жилд нэг удаа урьдчилан сэргийлэх зорилгоор хөхний зургаа авахуулж шинжилгээ өгч занших хэрэгтэй. Жилд нэг удаа эсийн шинжилгээ өгч савны амсрын хорт хавдраас урьдчилан сэргийлэх оношлогоонд хамрагдвал бүр сайн. Гэтэл энэ урьдчилан сэргийлэх арга манай улсад ерөөсөө хэрэгждэггүй. Монголд урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэгт ханддаг хүн байдаггүй. Тиймээс өвчний хүнд шатандаа орсон үедээ эмчид ханддаг. Учир нь хавдар нь жижигхэн байхдаа мэдэгддэггүй юм. Тиймээс энэ өвчний талаар эмэгтэйчүүдэд мэдээлэл өгөх нь хамгийн чухал байна.

-Өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хөхөө тэмтрэх үед ямар нэгэн хатуу зүйл мэдрэгдэж байвал эмчид хандах хэрэгтэй. Мөн хөхний толгойноос шүүс гарах шинж тэмдэг илэрдэг. Эмэгтэйн хөхний толгойны гаднах арьс дотогшоогоо татагдаж орох нь хөхний хавдартай байх нэг шинж болдог юм. Ер нь ямар нэгэн зовиуртай зүйл мэдэгдвэл эмчид хандах нь хамгийн чухал. Хөхний хавдрыг эрт үед нь оношлоход эмэгтэйчүүдийн үүрэг их. Эмчид хандалгүйгээр ахуйн нөхцөлд хөхөө хавдартай эсэхийг шалгадаг арга бий. Энэ аргаар өглөө болгон эмэгтэйчүүд маань шүдээ угаадаг шигээ хөхөө шалгаж занших хэрэгтэй.

-Хавдрыг оношлох төхөөрөмжийн хүрэлцээ хэр байдаг юм бол?

-Дүүргийн эмнэлэг бүрт маммографи буюу хөхний хавдрын зураг авдаг рентген аппарат бий. Гэсэн ч тэр аппаратыг ашиглаж байгаа нь цөөхөн байна. “Хатагтай” эмнэлэгт ирсэн хүмүүсийг дүүргийнхээ маммографи аппаратандаа ороод ир гэхээр ажиллахгүй байна гэж хэлдэг. Тийм болохоор дүүргийнхэн маммографийн аппаратыг ашиглахгүй байгаа юм. Тэгээд авсан аппаратаа агуулахдаа хадгалсаар байгаад эвдэлчихдэг. Уг нь хөхний зураг авах нь хор хөнөөл багатай. Цээжний зураг авахуулахад биеийг нэвт рентген туяагаар хардаг. Харин хөхний зураг авахад бусад газрыг хамралгүйгээр хөхийг хоёр талаас нь авдаг юм. Тиймээс хүний биеэр рентген бодис тарах нь харьцангуй бага. Үүгээрээ рентген үзлэгүүдээс хамгийн хор багатай гэж үздэг.

-Маммографийн аппаратыг ажиллуулж чадах боловсон хүч цөөн байдаг нь үүнтэй бас холбоотой байх?

-Нэгэнт л хүн арддаа үйлчилье гээд авсан бол ажиллуулах хүнийг нь бэлтгэх хэрэгтэй. Нарийн мэргэжлийн эмч нараа бэлтгэх хэрэгтэй байна. Тэдний нийгэм хангамжийн асуудлыг шийдэхгүй бол болохгүй. Яагаад гэвэл манай нарийн мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн эмч нар гадаад уруу яваад байна. Миний мэдэх Монголд нэр хүндтэй сайн эмч болохоор байсан залуучууд гадаад сарын 70-80 мянган ам.доллараар цалинжаад хүн шиг амьдарч байна. Тийм 150 гаруй эмч байна шүү дээ.

-Хөхний хавдар удамших уу?

-Ямар ч хорт хавдар удамшлын шалтгаантай. Өөрөөр хэлбэл, ээж нь энэ өвчнөөр өвчилж байсан тохиолдолд урьдчилсан үзлэгт хамрагдах хэрэгтэй юм. Тухайн эмэгтэйн амьдралын арга барил нь ээжийгээ дагадаг. Тиймээс энэ эрсдэлээс гарахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй.

-Цэвэршилт нь эрт эхэлсэн эмэгтэй хөхний хавдраар өвчлөх магадлал өндөр байдаг. Энэ талаар тайлбарлахгүй юу?

-Эмэгтэй хүнд идэвхтэй 400, идэвхгүй 5000 өндгөн эс байдаг. Хүний сарын тэмдэг ирэхэд нэг эс гадагшилдаг. Тэр үед хүн бие давхар болно. Эсвэл тухайн эс үхдэг юм. 13 наснаасаа сарын тэмдэг нь ирсэн хүн 40 хүрэхээр нөгөө идэвхтэй эс дуусдаг. Өөрөөр хэлбэл, цөөхөн төрсөн эмэгтэйчүүд эрт цэвэршдэг. Жирэмсэн байх, төрсний дараа тодорхой хугацаанд сарын тэмдэг ирдэггүй. Энэ нь өндгөн эсээ хадгалаад байгаа хэрэг юм. Гэхдээ орон орны онцлогоос шалтгаалдаг. Гэвч одоо хүртэл хөхний хавдрын үүсэх шалтгааныг тогтоогоогүй байгаа юм. Нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлс гэж бий. Тухайлбал, даралт их, чихрийн шижин, жин ихтэй эмэгтэйчүүдэд хөхний хавдраар өвчлөх магадлал бусад хүнтэй харьцуулахад хоёр дахин их.

-Хөхний хавдраа авахуулсан хүн дараа нь ямар гам баривал бие нь илаарших вэ?

-Хөхний хавдар I, II шатанд оношлогдож байгаа тохиолдолд мэс засал хийж, үргэлжлүүлээд хосолсон байдлаар химийн эмчилгээ хийдэг юм. Эрт илрүүлсэн үед гагцхүү мэс засал хийгээд бүрэн эдгээх ч боломжтой. Мөн хөхнийх нь дөрөвний нэг, хавдартай хэсгийг аваад дээрээс нь суганы булчирхайг түүдэг. Заримдаа нь хөхний дөрөвний нэгийг аваад булчирхайг түүхгүй байх аргаар эмчилдэг.

-Хөхөө авахуулсан хүнд зориулагдсан сэргээх засах эмчилгээ байдаг уу?

-Хавдартай эмэгтэй хүний хувьд эрүүл болох нь хамгийн чухал. Харин хөхгүй болох нь хоёрдугаарт тавигдах байх. Хөхөө авахуулсан хүнд сэргээх мэс засал хийж болдог. Өөрөөр хэлбэл, силикон, хиймэл хөх хийлгэх боломжтой. Сүүлийн үед эмэгтэйчүүдийн гоё сайхан харагдах гэж хийлгээд байгааг силиконыг ийм өвчтөнүүдэд сэргээх засах зорилгоор анх хийдэг байсан. Гэтэл одоо бизнес болжээ. Хөхний протезийг Францад маш хортой бодисоор хийж байсныг дэлхий нийтээр мэдэж, дөрвөн сая гаруй эмэгтэйчүүд хортой буюу техникийн силиконоор хийсэн протез хийлгэсэн. Түүнээс болоод 30 гаруй эмэгтэйчүүд амь насаа алдаж, 300 гаруй эмэгтэй эрүүл мэндээрээ хохирсон. Энэ нь анагаах ухаан бизнес болохоороо аюултай байдгийг харуулж байгаа юм.

-Силикон шахуулсан эмэгтэй хүүхэд хөхүүлэхэд сөрөг нөлөөтэй юу?

-Ямар нэгэн хэмжээгээр хүндрэл гарна. Энэ төрлийн бизнес хийдэг компаниуд эмэгтэйчүүдэд сөрөг нөлөөтэй гэдгийг хэлдэггүй. Гэтэл хөхөндөө силикон шахуулсан эмэгтэйд 5-10 жил болоод мэс засал хийлгэх шаардлага гардаг. Мөн хүүхдээ хөхүүлэхэд хүртэл хүндрэл гарах аюултай.

-Эрэгтэй хүн хөхний хавдраар өвчлөх үү?

-Эрэгтэй хүнд хөхний булчирхай байдаггүй. Тиймээс хөхний хавдраар өвчлөхгүй. Ховор тохиолдолд эрэгтэй хүний хөх үрэвсдэг. Жишээлбэл, эмэгтэй хүн шиг эрэгтэй хүн горьддог. Хөхний толгой хавьд нь ариун цэвэр дутагдсанаас хавдаж болно.

-Эмэгтэйчүүд хэн нэгнээс горьдоод хөх хавдлаа гэж ярьдаг. Тэгээд ямар нэгэн юм хуурч өгөөд зүгээр болгочихдог шүү дээ?

-Горьдох гээд нэрлээд байгаа зүйл зөвхөн монгол хүнд л байдаг юм. Хөхүүл эмэгтэйчүүд ихэвчлэн горьддог. Хөхөө арчилж чадахгүй байгаагаас хөх хавдахыг ингэж нэрлэдэг. Хөхөнд сүү орсон байхад зөв сааж чадахгүй, дотроо хадгалснаас үүдээд хөх өвчилнө. Бодоод үз дээ. Гадаа наранд сүү тавихаар хоёр цагийн дотор гашилж, зургаан цагийн дотор идээлнэ. Манай төрсөн эмэгтэйчүүд усанд ордоггүй. Үүнээс болоод нэг эмэгтэй бөөстсөн байсан. Тиймээс төрсний дараа ариун цэвэр сайн сахих хэрэгтэй.

-Та ирээдүйн ээжүүдэд хандаж зөвлөгөө өгнө үү?

-Хөх нь хүүхдээ хөхүүлэх зорилготой эрхтэн. Харамсалтай нь манай эмэгтэйчүүд хөх ямар үүрэгтэйг үнэнийг хэлэхэд сайн мэддэггүй. Яагаад сарын тэмдэг ирдгийг асуухаар мэддэггүй юм. Сарын тэмдэг ирсэн бол тухайн охин хүүхэд төрүүлэхэд бэлэн болсныг илэрхийлдэг. Гэхдээ сарын тэмдэг ирлээ гээд охидыг бэлгийн харьцаанд ор гэж хэлж байгаа хэрэг биш. Энэ үед хүний зан ааш өөрчлөгддөг. Тийм болохоор тэднийг сайн ойлгох хэрэгтэй. Гэтэл хүүхдийг бага наснаас нь үүнийг зөв ойлгуулж мэдээлэлтэй болговол урьдчилан сэргийлж чадна. Эрүүл мэндийн хичээлийг мэргэжлийн бус хүнээр заалгаад байгаа нь хамгийн буруу. Хүн байгалийн хуулийн дагуу амьдарвал эмч хэрэггүй.

Эх сурвалж: “Монголын Үнэн”

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд