No menu items!
HomeЭмч зөвлөж байнаХ.Цэрэндорж: Дандаа уучилж, өршөөж байдаг хүн эрүүл байдаг

Х.Цэрэндорж: Дандаа уучилж, өршөөж байдаг хүн эрүүл байдаг

-

Зохиолч, яруу найрагч, хүний их эмч, эзотерик ухаан судлаач Х.Цэрэндорж өрнө, дорнын анагаах ухаанд 60 шахам жил зүтгэж нэрээ тодоос тод бичихийн зэрэгцээ өнөөдөр “Дээд эрүүл мэнд” хэмээх сэтгэл зүйн эмчилгээг санаачлан бий болгож, энэхүү эмчилгээнийх нь ачаар өвчнөөсөө салсан хүн олон. Энэ ч утгаараа Х.Цэрэндорж гуай “Судсаар онож танихуйн 108 шид оршвой”, “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй”, “Найман маналын гэгээ” зэрэг ном бичиж хэвлүүлсэн төдийгүй “Мөнхөд бадамлах зул”, “Тулгын гурван чулуу” зэрэг эмнэлгийн түүхэн баримтат кино бичиж олны хүртээл болгожээ. Тэрбээр яруу найрагч, “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир нар болон өнөө цагт нэрээ дуудуулж яваа олон найрагчийн багш гэгддэг аж.

-Ярилцлагаа нийслэлчүүдэд унших гэж буй лекцийн тань талаар эхэлье. Ямар сэдвийг хөндөх гэж байгаа талаараа мэдээлэл өгнө үү? 

-Баярлалаа. Энэ нь миний нийслэлчүүддээ хүргэх анхны лекц биш ээ. Өмнө нь хэд хэдэн удаа бүтээлээ танилцуулж байсан. Энэ удаа өмнө нь ярьж байсан “Дээд эрүүл мэнд” гэсэн сэдвээ үргэлжлүүлэн ярина. Өөрөөр хэлбэл, өмнө нь “Дээд эрүүл мэнд”-ийн тогтолцоо, бүтэц гэж юу болох талаар илүү ярьж байсан бол энэ удаа үйл ажиллагаа тал руугаа илүү хэлбийж сэтгэл, ухамсраар өөрийгөө хэрхэн эмчлэх талаар дэлгэрэнгүй ярих болно. 

-Ингэхэд та “Дээд эрүүл мэнд” гэж юуг хэлээд байна вэ? 

-Бид дээд эрүүл мэнд гэдгийг нэгдүгээрт, бие нь эрүүл гоо сайхан хоёрдугаарт, оюун ухаан саруул тунгалаг, цэцэн мэргэн гуравдугаарт, сэтгэл ариун өршөөнгүй, уужуу дөрөвдүгээрт, амин орон нь тунгалаг, гэрэлтэнгүй тавдугаарт, дотоод хийн эргэлт тэгш, амар амгалан зургаад, сүнсний ухамсар төгс төгөлдөр, гэгээнгүй, бурханлаг гэсэн ийм зургаан чанараар товч томъёолж байгаа юм. Энэ нь зөвхөн хавдар эмчилгээн дээр бус бүх өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтөнийг эмчлэхэд зайлшгүй зарчим болгох зүйлүүдийг дорно дахины гүн ухаан, арга билгийн үүднээс гаргаж ирж байгаа цоо шинэ үзэл баримтлал юм. Иймээс бид “Дээд эрүүл мэнд” гэдэг асуудлыг дэвшүүлэн гаргаад арваад жил болж байна. Үүний үр дүнд өнөөдөр олон хүн авч хэрэглэж байгаа. Эрдэмтэн мэргэд ч сонирхож эхэлж байна. Хүний билэг талын чанарыг эмчилснээр гайхамшигтай үр дүнд хүрч байна. 

-Тэгэхээр билэг талын эмчилгээ гэж яг юуг хэлээд байна вэ? 

-Үүнд бид ухаан, ухамсар, сэтгэл, сэрэмсэр, хий, эргэлт, тарни, бясалгал, тэр байтугай инээмсэглэл, мэдээлэл эмчилгээнүүдийг оруулж байгаа. Өнөөдөр энэ бүхнийг анагаах ухаанд огт ярихгүй байна. Зайнаас болон тарниар эмчилж буй ганц нэг хүн байдаг гэж сонссон. Энэ бүхэн эрүүл мэндийн байгууллагын цогц үйл ажиллагаанд нэвтэрсэн юм алга. Бидэн дээр 14 хоногийн настай гэсэн хүн ирж эмчлүүлээд олон сар жилээр амьдарч байна. Энэ мэтчилэн үхлийн ирмэгт ирсэн өчнөөн хүн зорьж ирээд эрүүл саруул болсон. Бүр хорт хавдартай гэж оношлуулсан ч 20-28 жил амьдарч байгаа 800 гаруй хүн байна. Үүнийг эмчилгээний үр дүн гэхээс өөр юу гэж хэлэх вэ. Хүний ухамсар, мэдээлэл, өөрөө өөрийгөө ариусгах чанарыг уламжлалын эм тантай холбож өгвөл хүний насыг уртасгах боломжтой. Үүнийг нэвтрүүлье, бүх хүн өөртөө авч хэрэглээсэй гэж өвгөн би хаа хол орон нутгаас ирж лекц уншиж явна даа. 

-Ингэхэд та эрүүлийг хамгаалах салбарт хэдэн жил зүтгэж яваа билээ? 

-Анагаахын дунд болон их сургуулийг төгсөж эмч болоод 59 жил энэ мэргэжилдээ үнэнч явна. Аз завшаанаар би гурван сайн багштай тааралдаж эрдэм мэдлэгээс нь хүртсэн. Хөдөө гарсан хойноо шүү дээ. 1966 онд Өмнөговь аймгийн их оточ Жанцанд шавь орсон. Тэрбээр хүний судас барьж оношлохдоо гайхалтайгаас гадна нутгийнхаа хуучин эмнэлгийн түүхийг сайн мэддэг нэгэн. Мөн энэ багш маань нутгийн хамгийн сүүлчийн их маарамба Гочоо гэдэг хүний төрсөн ганц хүү нь байсан. Түүнээс судас барих арга заалгаж энэ талаар төс суусан. Гэхдээ гарын мэдрэмж сууна гэдэг амаргүй юм билээ. Дараа нь нутагтаа Одь гэж алдаршсан их маарамба Д.Дорж болон Хэнтий, Сүхбаатар аймгийн заагт орших Алтанбулагийн хийдийн зоч сахалт багш гэж алдаршсан Д.Самбалхүндэв нарт шавь орсон. Их ухаантай мэргэн өвгөдөд шавь орж тэднээс ном судар сонсож байсандаа өөрийгөө хэмжээлшгүй азтайд тооцдог. 

-Таныг нутаг усандаа их алдартай хүн гэж сонссон. Одоо Та ямар ажил хийж байна? 

-Нутагтаа “Оточ Одь” эмнэлгийн жижиг салбартай. Би өөрөө зүрх судасны эмч учраас энэ төрлийн өвчтэй хүн үзэж зөвлөгөө өгдөг. Мөн дээд эрүүл мэнд гэж юу болох талаар бас ярина. Хүн үзэхээс илүү үүнийхээ тухай ярих нь илүү гэж үздэг. 

-Цэрэндорж гуай та тэгвэл өдөр тутам хэрэгжүүлэх эрүүл мэндийн зөвлөгөө хэлж өгнө үү? 

-Нэгдүгээрт, хонь, үхэр, гахай гээд юуны мах идэх нь хамаагүй. Гол нь бага идээч ээ гэдэг. Өглөө бага ид, өдөр бүр бага ид, орой битгий ид гэж хэлмээр байна.

Хоёрдугаарт, дандаа уучилж, өршөөж бай. Хэн буруутай байх нь хамаагүй, чи л түрүүлээд уучлах нь хамгаас чухал. Халааснаас чинь мөнгө хулгайлж, чамд муу хандсан ч тэр хүнийг уучлах ёстой. Өршөөл, уучлалгүйгээр хүн эрүүл явна гэж ерөөсөө байхгүй. Өршөөж байгаа хүн эрүүл амьдарч чадна. Харин гурав дахь зүйлд мэдээж бусад зүйл багтана. Хөдөлгөөн, биеийн тамир, бясалгал гэх мэт. Энгийнээр тодорхойлоход энэ гурван зүйл эрүүл явах түлхүүр. 

-Хүний дархлааг сайжруулахад амин дэм, уураг ихтэй хоол, унд хоёрын аль илүү вэ? 

-Гадуур хүнсний нэмэлт бүтээгдэхүүн биед сайн гэж их сурталчилж, бизнесийн ашиг олох гэсэн сонирхол нэлээд давамгайлах болж. Би үүнийг бараг л дэмждэггүй. Сүү, ааруул, ээзгийг би багадаа идэж өссөн. Өнөөдөр би 77 насыг зооглотлоо цоо эрүүл явж байна. Энэ чинь цагаан идээний буян юм шүү дээ. 

-Уламжлалт анагаах ухаан хөгжлийн өнө эртний түүхтэй. Ойрын жилүүдэд бүр илүү хөгжиж байх шиг санагддаг. Энэ салбарыг цаашид улам сайн хөгжүүлэхийн тулд төрийн бодлого хэрэгтэй юу. Эсвэл өнөөдрийнх шиг урсгалаараа хөгжих нь зүйтэй юу? 

-Уламжлалт анагаах ухааны хувийн эмнэлэг олон бий болсон. Гэхдээ үүнийг уламжлалт анагаах ухааны хөгжил гэж үзэх үндэс байхгүй. Учир нь 45 хоногийн бариа заслын дамжаа төгссөн хүн жаахан зүйл сурчихаад эмнэлэг нээж байгаа нь нууц биш. Гэхдээ түүгээр дамжуулж ард түмэндээ тусалж байгааг бас үгүйсгэж, тэдний үйл ажиллагааг гоочлох гээгүйг минь зөвөөр ойлгоорой.

Гол нь 45 хоногийн сургалтаар Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс уламжлалт анагаах ухааныг цаашид хөгжүүлэхэд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Тэр ч байтугай сургууль шаардлагатайгаас гадна магадгүй энэ талын анагаах ухааны хүрээлэн ч хэрэгтэйг үгүйсгэх аргагүй. Төрийн бодлогогүйгээр шинжлэх ухааны салбарын хөгжил явдаггүй шиг уламжлалт анагаах ухаан, тэр дундаа дээд эрүүл мэндийн талаар дэвшүүлж буй асуудлууд хөгжихгүй. Өнөөдөр манайд 95 хувь нь европ эмнэлэг байхад түүний ердөө таван хувь нь л уламжлалт анагаах ухааны хувийн эмнэлэг байна. Түүнчлэн эрүүл мэндийг хариуцсан яам, тамгын газарт уламжлалт анагаах ухааныг хариуцсан мэргэжилтэн байхгүй. Ер нь уламжлалт анагаах ухаан гэдэг чинь их нарийн дэг жаягтай зүйл. 

-Та уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн гарын хэдэн шавьтай вэ. Шавь нартаа өөрийн хүн чанар болон эрдэм мэдлэгийг хангалттай өгсөн гэж боддог уу? 

-Гарын хэдэн сайн шавьтай. Анагаах ухааны их сургуулийн 600 оюутанд лекц унших, өөрийгөө дагуулаад шавь оруулах хоёрын хооронд их ялгаа бий. Өөрийгөө дагуулсан шавь гэвэл гарын арван хуруунд багтана. Шавь нартаа би өөрийн зүгээс өгөх ёстой зүйлээ бүгдийг өгсөн. Тэгэхээр миний шавь нар лав өвчтөндөө хандах хандлагын талаар алдаа гаргахгүй гэдэгт бүрэн итгэдэг. Шавь нартаа би нэг л зүйлийг хэлдэг. Миний шавь нар над дээр ургаж байх ёстой. Би бол тэдний газар шороо нь юм. Түүнээс биш миний хормой дор байнга явах юм бол юуных нь шавь байх вэ дээ. Тэгээд ч миний шавь нар хүн ардынхаа эрүүл энхийн манаанд нүүрийг минь улайлгахааргүй бүр бахархал төрүүлэхээр зүтгэж яваад нь би баярладаг.

П.Баатар, Ц.Александра, Батхуяг нарын олон шавь маань хүмүүсийн дунд сайн оточ гэгдэж байгаад багш хүний хувьд сэтгэл хангалуун явдаг. Би өнөөдөр “Оточ Одь” эмнэлгийн зөвлөх эмчээр ажилладаг. Тиймээс эл эмнэлгийн талаар товчхон яръя. Энэхүү эмнэлгийг байгуулсан гурван их эмч бол Дорноговийн их маарамбын долоо дахь үеийн оточ, их багш Одь Дорж хэмээх оточийн шавь нар бөгөөд багш маань таалал төгсөхөд түүний үйл хэргийг залгамжлуулан үргэлжлүүлэх хэрэгтэйг ойлгож, түүний нэрээр нэрлэсэн монголын уламжлалт анагаах ухааны “Оточ Одь” эмнэлгийг байгуулсан юм. Нөгөө талаар, манай багшаар эмчлүүлж байсан олон хүн бидэнд хандаж ирдэг байсан. Энэ нь бидний сайных бус харин багшийн минь эрдэм, чадал, нэр нөлөө их байсных юм. Ингээд арав орчим жилийн эмчилгээний арга туршлагаа олон нийт, эрдэмтэн мэргэдийн сонор мэлмийд хүргэх, зөвхөн хавдрыг эмчлэх бус ер нь эмчилгээний арга ухааны талаар зарим нэг санал дэвшүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг өмнө зохион байгуулсан юм.

Энэ бага хурлын үеэр манай эмнэлэгт хандаж эмчлүүлэгсэд өөрсдийн өвчний түүх болоод өнөөдөр биеийн байдал ямар болсон талаар санал сэтгэгдлээ ярьсан байгаа. Саяхан тус эмнэлгээс “Дахин төрөхүйн хувь тавилан” хэмээх хорт хавдар өвчнөөсөө эдгэсэн 108 хүний сэтгэлийн дурсамжаас бүтсэн ном өлгийдөн авлаа. 

-Тэгвэл та бүхэн хорт хавдрын шалтгааныг хэрхэн тодорхойлж байна вэ? 

-Өнөөдөр миний ойлгож байгаагаар хавдар гэдэг олон тодорхойлолттой өвчин гэж үзэж байна. Тиймээс хавдрыг нэгд, эзнээс урвасан эсийн цугларалт гэж тодорхойлж болно. Жишээлбэл, элэгний хавдартай болно гэдэг нь элэгний эс элгээ хамгаалдаг ёстой атал түүнээ хайрлаж хамгаалахгүй болохоор нь эзнээсээ урваж байгаа гэсэн үг юм. Тэр эс яагаад урвав гэхээр эзэн нь буруу хооллодог, хэт их иддэг, эсвэл хэт өлөн явдаг, архи уудаг, тамхи татдаг байвал элгээ хайрлаж байгаа бус харин гомдоож байгаа хэрэг юм. Тиймээс эзэн нь гомдоосон элэгний эс урваж байна гэж үзэж болно. Хоёрт, хавдар гэдэг буруу гажигтай мэдээллийн бөөгнөрөл юм. Үүнийг юу гэж ойлгох вэ гэвэл, хүмүүс ойр дотны хэн нэгэн нь хорт хавдар тусч өвдөөд нас барах үеэс хавдрын тухай ойлголт авч, манайхан ийм өвчнөөр төгсдөг удамтай юм гэх зэрэг энэ өвчний тухай муу мэдээллүүдтэй болдог.

Тэгээд хожим эцэг эхээ санан дурсах, энэ өвчний тухай ярилцах хэлэлцэх бүрт нөгөө хорт хавдрын тухай бодлууд нь мэдээлэл болоод хуримтлагдаад үлддэг. Гуравт гэвэл, хавдар гэдэг өвчин хүний орон зайд бараг байж байдаг зүйл. Амин орон гэж биеийн гадуур байдаг цэнэгт орон цахилгаан орон, гэрлийн орон гээд өдий төдий оронд байдаг. Тодруулбал, гадна талын амин орон зайд тав, зургаа, арваад жилийн ч өмнө буй болчихсон байдаг ийм хийсвэр сэтгэлгээний орон зайн өвчин гэж ойлгож болно. Дөрөвдүгээрт, үйлийн үрийн орон байдаг гэж үзэж байна. Хүнийг төрөхөөс нь өмнө хавдрын шалтгааныг өмнөх элэнц хуланц, өвөг дээдэс нь буй болгочихоод явчихсан байдаг. Жишээлбэл, тэд буруу хооллох аргаа буй болгоод явчихдаг.

Хүнд хар буруу, атаа жөтөө санадаг, хар ёр нуудаг, муу санаатай, зан араншин төлөвийг тэр орон зайд үлдээгээд явчихсан, үр хүүхэд нь тэр л зан төлөвөөр хүмүүждэг. Тэр нь мөн чанартаа хавдрын уртал нөхцөл, үйлийн үрийн орон болдог. Тиймээс энэ дөрвөн чиглэлээр хавдрын эмчилгээг явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. 

-Өвчнөөсөө салахын тулд хүн юунаас эхлэх ёстой вэ? 

-Ер нь хавдраар өвчилсөн хүн өвчний онош тодрох хүртэлх хугацаанд явж ирсэн бүх дадал зуршил, дэглэм, хэв маяг, сэтгэл зүйгээ зуун хувь өөрчлөх шаардлагатай болно гэсэн үг. Сэтгэхүйгээ өөрчилнө гэдэг нь тэр хүн зуун хувь хайрлах, нигүүлсэх, энэрхүйн гурван сэтгэлгээний төв болох хэрэгтэй юм. Хавдартай хүн өнгөрсөн цагийнхаа өөрийн амьдралын бүх хэм хэмжээг зуун хувь өөрчилж чадах юм бол хавдрын эсийн урвалт шууд зогсоно гэж америкийн эрдэмтэд хэлсэн байдаг. Энэ чинь бидэнд гайхамшигтай чадвар, боломж байгааг хэлээд өгсөн байна шүү дээ. 

-Танай эмчилгээний онцлог юу байна вэ? 

-Манай бүх уламжлалт эмнэлэгт хавдрын эмчилгээг биднээс илүү мэдэж байгаа эмч нар зөндөө бий. Харин бидний хэрэглэж байгаа сэтгэл зүйн эмчилгээ, жишээлбэл, тарни, төвлөрөл, бясалгал, гүрэм энэ бүгд хамт хийгдэх ёстой юм. 

-Уучлаарай, нэг л сайн ойлгосонгүй. Та арай тодорхой тайлбарлаж болох уу? 

-Бид мэдээллийг мөн цэнэгт орон зайг эмчилгээнд хэрэглэе, эс эзэндээ гомддог юм бол эзнээ хайрлах тийм сэтгэлгээг эсэнд бий болгох хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлээд байгаа юм. Эс гэдэг өөрөө маш их мэдээллийг авдаг шүү дээ. Жишээлбэл, элэгний нэг эс аравын есөн зэрэгт мэдээллийг хадгалах сантай байдаг. Элэгний эсийн мэдээллийн орон зай гэдэг тийм хязгааргүй. Тиймээс энэ эсийн мэдээллийг өвчнийг эмчлэхэд ашиглая л даа. Зөвхөн мэдээллийг эмчилгээнд хэрхэн хэрэглэж болох талаар товч тайлбарлая.

Мэдээлэл гэдэг туйлын түгээмэл зүйл. Бид ойлгохдоо мэдрэхүйн таван эрхтнээр авдаг гэж боддог. Гэтэл мэдээлэл бидний хүсээгүй орон зайгаар их ордог юм байна. Тухайлбал, эмч хэдийгээр өвчтөнд та эдгээд сайхан болно гэж хэлэхдээ дотроо, за үнэхээр хэцүү болчихсон хүн байна даа гэж бодоход л тэр мэдээллийг нөгөө өвчтөн хэлсэн хэлээгүй хүлээгээд авчихдаг. Эмч бол ямагт өвчтөнийг би босгоно гэж эх шиг нь байх ёстой.

Хэрвээ хүн миний өвчин хүндэрч байна гэж бодвол тэр хүндэр гэдэг мэдээлэл гадагшаа цацагдаад өвчин нь хүндрэх үйл явц өөрт нь явагддаг. Тиймээс хүн юу гэж бодох ёстой вэ гэвэл, би энэ хавдрын төвд ирээд сайжирч байна гэж бодох ёстой. Гэтэл хүмүүс эмнэлэгт ямар бодолтой ирж байна вэ гэвэл, за яахав, энэ туяа эмчилгээнд ороод үзье дээ гэсэн эргэлзээтэй ирдэг. Тэгээд эмчилгээний дараа бие нь жаахан тавгүйрхвэл энэ ч тусгүй юм байна даа гээд бодчихдог. Харин үүний оронд би эдгэрч дээрдэж байна гэж бодвол туяа эмчилгээний нөлөө өөрийх нь гадагшаа эдгэрч байна гэж цацагдсан мэдээтэй нийлээд энэ хавдар эдгэх ёстой гэсэн мэдээлэл болж өөрт нь хурж байдаг юм. Мэдээлэл ингэж гадагшаа цацагдаад буцаж хурдаг юм. Тиймээс хүний сэтгэл зүйд хандана гэдэг хамгийн чухал зүйл. 

-Сөрөг мэдээллээс ангид байх боломжтой гэж үү? 

-Сөрөг мэдээллийг нэвтрүүлэхгүй байх хамгийн гол арга бол бурхантай цуг байх юм. Тэр нь юу вэ гэхээр тарнийн мөн чанарыг ойлгох, өөрийгөө тарни мэт болго гэдэг. Энэ бол эмчилгээний болоод урьдчилан сэргийлэх маш том арга байгаа юм. Тарнийн тантрын ёс гэдэг туйлын гайхамшигтай, туйлын хүнлэг, хүний өөрийн судалсан, таньж олсон тийм зүйл юм. Харамсалтай нь зургийг нь аваад тавьчих боломжгүй, лабораторид оруулаад баталчих боломжгүй. Зөвхөн өөрөө бясалгаж, зөвхөн өөрөө уншиж байж үр шимийг нь хүртдэг зүйл шүү дээ. Энгийн арга бол инээж явах, бүх юманд сайн санах. Ингэж цөмөөрөнд нь хайр ивээлээр хандах юм бол муу юм ирэхгүй, сөрөг энерги нэвтэрдэггүй юм. 

-Ингээд сүүлчийн асуултыг танд үлдээе. Хүмүүст хандаж хэлэх зүйл юу байна? 

-Баярлалаа. Дээд эрүүл мэндийг Монголын эрүүл мэндийн байгууллагын ухаалаг эмч, ажилчид өөр өөрийнхөөрөө авч хэрэгжүүлээсэй. Учир нь төр засаг мөд анзаарч харахгүй юм шиг байна. Гэхдээ ЭМЯ болон төр засаг миний саналыг дэмжсэнгүй гэж гомдох юм алга. Гол нь эрүүл мэндийн салбарынхныг дээд эрүүл мэндийн үйлчилгээг ажилдаа нэвтрүүлэхийг хүсч байна. Яагаад хүн ухамсар, сэтгэл, хийн төвшин, тарни, бясалгалаар эдгэж болохгүй гэж. Юунаас болж хүн өвдөөд байгаа юм. Дээд эрүүл мэндийн бүх чанарыг өөртөө хэрэгжүүлж чадвал бид бүхэн эрүүл явах боломж бүрэн байна. Нэг үгээр хэлбэл, “Өвчин үүссэн нөхцөл шалтгааныг бүрэн арилгаад өвчин арилах нөхцөл шалтгааныг бий болговоос эдгэрэхгүй өвчин байхгүй”. Энэ бол “Дээд эрүүл мэнд”-ийн үзэл баримтлал. Ингээд сэтгүүлийн эрхэм уншигчиддаа “Дээд эрүүл мэнд”-ийг эзэмшиж эрүүл, саруул сайхан амьдарцгаая гэж хэлье дээ.

Ярилцсан Б.Даариймаа 

шинэ мэдээ

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана

Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын бүртгэл энэ оны хоёрдугаар сарын 19-ны 09:00 цагт эхэлсэн.  Бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт дуусна. Өөрөөр хэлбэл ЭШ-ын бүртгэл хаагдахад ердөө гурав хоногийн хугацаа...

ЦЕГ: Сургуулийнхаа дөрвөн давхраас унасан сурагчийг эмнэлэгт хүргэж, нөхцөл байдлыг үргэлжлүүлэн шалгаж байна

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах "Ерөнхий боловсролын сургуулийн байрны дөрвөн давхраас хүүхэд унасан" гэх дуудлага өнөөдөр 11:00 цагийн үед цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.  Тус дуудлага мэдээллийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт бэлэг явуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нэрт дуучин Н.Расторгуевт гарын бэлэг илгээжээ. Уг бэлгийг дуучинд гардуулж өгөх арга хэмжээ Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төв байранд энэ сарын...

трэнд