No menu items!
HomeЯрилцлага"Хийгээр хямарвал эрүүл мэнд, хийморь лундаа гээд бүх зүйлд өөрчлөлт ордог"

“Хийгээр хямарвал эрүүл мэнд, хийморь лундаа гээд бүх зүйлд өөрчлөлт ордог”

-

Alta Yogini гэх фейсбүүк нэрээрээ олны танил босон йог, бясалгалийн багш Т.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Таны сургалтуудад “Арьс цэвэрлэгээ” заавал багтдаг. Учир нь юу вэ?

Аливаа эрүүлжих болон жин хасах хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүн өөрийн тогтсон өдөр тутмын дадлаа өөрчлөн тодорхой хэмжээгээр хоол хүнсний хязгаарлалт хийдэг тул хүмүүс ядрах бухимдах, сэтгэл санаа тогтворгүй болох нь ажиглагддаг.

Энэ юутай холбоотой байдаг бэ гэхээр, монгол орны цаг агаарын онцлогоор уламжлалт анагаах ухааны үүднээс авч үзвэл хий хямрах шинж тэмдэг юм. Хийн хөнгөн хөдөлгөөнтэй шинжийн улмаас хүний сэтгэл санаа их хувьсамхай, тогтворгүй болж улмаар бухимдаж ядарч эхэлдэг.

Хий өөрөө хуурай шинжтэй учраас арга билгийн хуулиар хуурайн эсрэг арьс арчилгаа тосолгоо хийдэг. Ингэснээр хий маш амархан дарагдаж, ямар нэг хөтөлбөрийн үед үүсдэг бухимдал ядаргаа арилдаг. Хий ядаргаа гэж ярьдаг даа энэ нь хий хямарснаар үүсдэг учир нь энэ юм.

-Арьс цэвэрлэгээг хэрхэн хийх ёстой вэ? Дараалал гэж бий юү? Өдрийн аль цагт хийвэл тохиромжтой вэ

Миний хөтөлбөртөө хэрэглэдэг арьс арчилгаа нь энгийн арьс арчилгаанаас жоохон өөр. Хүмүүс гэрээ шүүрдээд дараа нь шалаа угаадаг тийм үү, энэ дарааллаар би арьс цэвэрлэгээ хийлгэдэг. Өөрөөр хэлбэл зориулалтын массажны сойзоор биеийн үхсэн гуужсан арьсыг цэвэрлээд дараа нь Ааюурведын уламжлалт анагаах ухааны хий дарах биеийн скрабаар арьсаа сайтар гуужуулаад тэгээд усанд орно.

Энэ биеийн арьс гуужуулах скрабыг хүмүүс маань гэртээ гарын доорх материал болон ургамал ашиглан хийдэг. Би жороо судалж, жороо өөрөө гаргадаг. Дараа нь арьсаа сайтар чийгшүүлж тосолдог. Оройн цагаар хийвэл илүү үр дүнтэй мөн сайхан бөх унтаж амрахад нөлөөлдөг.

Манай монголчуудад энэ арьс цэвэрлэгээ нь шинэлэг зүйл учраас биеийн сойзыг бараг анзаарч байгаагүй байх. Гадаад ихэнх гоо сайхны дэлгүүрт body brush биеийн сойз байдаг. Манай Монос үйлдвэр хийдэг болсон сурагтай байсан шүү.

-Арьсаа ямар тосоор тослох нь тохиромжтой вэ?

Хүний биед хоол хүнсний шингээгүй үлдсэн үлдэгдлээс хорт бодис буюу toxins үүсдэг. Энэ нь бидний арьс болон амьсгалаар гадагшилдаг.

Оройн 22 цагаас хэтрэлгүй унтах нь арьсны нүх сүвийг тэлж улмаар хорт бодис гадагшлах замыг нээж өгдөг. Зориулалтын массажны гүнжидийн тос гэж байдаг. Энэ нь огт үнэргүй, тунгалаг өнгөтэй байдаг.

Манайд зөвхөн хоолны зориулалтаар орж ирдэг. Гүнжидийн тос нь хамгийн сайн эмчилгээний чанартай тос боловч манайд энэ зориулалтын тос зардаг газар байхгүй учир оливийн тос түрхэж болно. Мөн эмчилгээний журмаар шар тосон бариа хийж болох ч салхи авуулахгүй гамаа сайн барих хэрэгтэй.

Сүүлний тосны хувьд эмчилгээний журмаар хэрэглэдэг ч монголчууд хий давамгайлсан махбодтой учир арьсны температур нь хүйтэн талдаа. Тиймээс амьтны гаралтай тос түрхэх нь шингэж байгаа юм шиг боловч яг үнэндээ арьсны нүх сүвийг хааснаар хорт бодис биеэс гадагшилахад саад болдог юм байна гэдгийг өөрийн ажиглалтаар дүгнэсэн. Сүүлний тосыг сонголт багатай эрт үед хэрэглэж ирсэн.

Одоо ургамлын ногооны гаралтай тос элбэг боллоо. Гэхдээ сүүлний тосны эмчилгээний чанарыг үгүйсгээгүй шүү. Гарынхаа илчээр бүлээсгээд биеийн тодорхой хэсгүүдэд түрхэх нь зөв гэж бодож байна.

-Заавал цаг гаргаж, тухтай хийхийн ач холбогдол нь?

Яарсан сэтгэлээс бухимдал үүснэ гэж үздэг. Байнга сандрах яарах нь мөн хий үүсгэнэ. Бид арьс арчилгаагаар хийгээ дарж улмаар сэтгэлийн бухимдал биеийн ядаргаагаа эмчилж байгаа шүү дээ гэтэл яарч сандран, дааран хийх нь эмчилгээний ач тусыг бүрэн хүртэхгүй байх муу талтай. Жишээ нь гал дээр хоол тавьчихаад дэврэх бий гэж арагшаа яарах, утсаа оролдох, хүүхэд уйлж байхад тайван хийж чадахгүй шүү дээ. Тийм учраас ажлаа зохицуулаад өөртөө 30 минут гаргахад хангалттай сайхан болно.

-Арьс цэвэрлэгээг хэдий давтамжтай хийхэд тохиромжтой вэ?

Долоо хоногт 2-3 удаа хийвэл долоо хоногоо бариад байна. Хийж үзэх л хэрэгтэй, хийгээд сайхан үр дүнд хүрээд бие амраад ирэхээр хүн өөрөө дурлаж эхэлнэ.

-Улирлаас хамаараад хэрэглэх тосоо өөрчлөх хэрэгтэй юү?

Улирлаас хамаараад тосоо өөрчлөх ёстой юу….их сонин асуулт байна. Бодоход хүйтэн сэрүүний улиралд хийдэхгүйн тулд илүү гүнжидийн тос, оливийн тос хэрэглэх байх. Дулааны улиралд сайхан үнэртэй бие чийгшүүлэх тос илүү хэрэглэх болов уу. Миний хувьд би жилийн дөрвөн улиралд зориулалтын гүнжидийн тос түрхдэг.

Таны явуулдаг арьс арчилгаа, мацаг, йога орсон онлайн хөтөлбөр байдаг. Та энэ сургалтынхаа тухай ярьж болох уу, сургалтанд суусан хүмүүс таны энэ жин хасах эрүүлжих хөтөлбөрийг хэр амар давдаг бэ.

-Миний суралцсан йогийн багшийн сургалт бүрийн агуулгад энэтхэгийн уламжлалт анагаах ухаан болох Ааюурведын тухай мэдлэгийг өгдөг. Энэ мэдлэгийг би монголынхоо уламжлалт тэжээхүйн ухаан болон монгол орныхоо цаг агаарын онцлог, хүмүүсийн махбодын төрөл дээр тулгуурлан илүү хийдэг.

Мөн хүний хүсэл гэж их том зүйл байна. Хүний хүслийг барьж болдогийг би сургалтаараа таньж мэдсэн. Сайн муу бүх зүйл хүслээс эхтэй шүү дээ. Хүн тархиа хуурч хүслээ дүүргэж болдогийг ажиглаж мэдлээ.

Тэр хүслийг тогтоон барьж хоолоо зохицуулж улмаар биеийн эрүүл мэнд болон жингээ барьж болохыг судлаад таниад л явж байна. Сургалтууд маань тайван, хүмүүс маань их дуулгавартай сайн хийдэг. Учир нь би тэдний хийг нилээн сайн дараад өгдөг учраас сэтгэл санаа савлаад байх нь харьцангуй гайгүй болдог.

Ямар нэг хөтөлбөрийг хүчилж биш ухамсарлаж хийх, өөрөө хүлээн зөвшөөрч хүсэж хийх нь чухал байдаг. Тэрнээс энэ сайн гэсэн гээд өөрийгөө хар хүчээр чангалаад бариад өөрийгөө хуурч хийгээд нэмэргүй. Өдрийн турш ядарбал хийх амьсгалын богино дасгал, орой ажлаа тараад ирээд хийх йогийн амралт гээд йогийн хичээлүүд бас ордог.

Мөн сургалтын дараа долоо хоногоо хэрхэн зөв хуваарилах, сургалтаас авсан мэдлэгээ дадуулах зэрэгт илүү анхаардаг.

-Танд баярлалаа.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд