No menu items!
HomeХүмүүсСагсны талбайгаас бүжгийн тайзнаа тодорч буй Т.Санчир

Сагсны талбайгаас бүжгийн тайзнаа тодорч буй Т.Санчир

-

Сагсан бөмбөгийн спортын мэргэжлийн шилдэг тамирчин, Олон улсын хэмжээний мастер, “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Т.Санчирыг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж, түүний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Тэрээр 2009 оноос үндэсний шигшээ багт элсэж, 2014 онд Азийн наадамд амжилттай оролцон Монгол Улсын сагсан бөмбөгийн спортын түүхэнд бичигдсэн юм.

Т.Санчир 1989 оны дөрөвдүгээр сарын 8-нд мэндэлжээ. Тэрээр спортын мастер М.Мэндсайханд шавь орохын Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулиас Баянгол дүүргийн 40 дүгээр сургуульд шилжин суралцаж төгссөн. Есдүгээр ангидаа 188 см өндөр байжээ.

Сагсан бөмбөгийн спортыг сонирхох болсон түхээ “Энэ спортыг сонгосон минь сонин түүхтэй л дээ. Уг нь би хоёроос дөрөвдүгээр анги хүртлээ чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Тэр үед би Монгол Улсын гавьяат тамирчин, Москвагийн олимпийн хүрэл медальт Дугарсүрэнгийн Оюунболд агсны удирдлага дор явдаг байлаа. Намайг бөх болгоно гээд их л хичээж байсан даа. Харамсалтай нь 2001 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр би бөхийн дугуйлангаа орхисон. Тэгээд хичээлийнхээ чөлөөт цагаар үеийнхээ хүүхдүүдтэй байрныхаа өмнөх сагсны талбайд бөмбөг хөөдөг болсон. Тэр мөч л намайг энэ спортод дуртай болгосон” хэмээн өгүүлжээ.

Түүний аав Монгол Улсын гарьд Д.Баяраа агсан. Өвөө нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, циркийн гавьяат жүжигчин Дарийн Дамдин билээ. Тэрээр “Аав минь намайг Д.Оюунболд багшид “Бөх болгоорой” гэж захисан юм билээ” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ. Түүний ээж Тунгалаг МҮОНТ-д 20 гаруй жил ажилласан сэтгүүлч, хөтлөгч юм.

Тэрээр 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон анхны тамирчин юм.

2007 онд “Отгонтэнгэр” Их сургуульд элсэн орсон. Түүнийг есдүгээр ангийн сурагч байхад урилга ирснээр аравдугаар ангиа алгасан оюутны ширээнд суужээ. Оюутан болоод хувийн хэвшлийн дээд сургуулиудын дунд зохион байгуулагддаг аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлжээ. Ийнхүү Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалын хараанд өртсөнөөр ХҮДС-ийн “Ёлууд” багт тоглосон. Тэр багтай нэгдсэн эхний жилдээ оюутны сагсан бөмбөгийн лигийн аварга, шилдэг тоглогчоор шалгарч 18 насандаа ирээдүйн амжилтын гараагаа эхлүүлжээ.

2010 оноос МСБХ-ын “Баянзүрх Буллз” багт тоглож байсан. 2011 оны МСБХ-ны бүх оддын тоглолтод тоглогчдыг тэргүүлэн “Үнэ цэнэтэй тоглогчийн шагнал”-ыг хүртсэн. Мөн ондоо Гуанжоугийн Азийн наадамд оролцжээ.

2011-2012 оны улирлаас лигийн гурван удаагийн аварга “СБЛ Хасын Хүлгүүд” багт тоглосон бөгөөд тэр цагаас хойш таван удаа лигийн шилдэг тоглогч болсон.

2013 оны дэлхийн Оюутны Universiade тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож, 8 тоглолтонд 20.6 оноог дунджилж, шилдэг довтлогчдын нэг гэдэгээ олон улсын тавцанд харуулж байв.

2014-2015 оны улиралд “Мон-Алтиус”, “Мадимос Шонхорууд” багт тоглохоор гэрээ байгуулж байжээ.

2014 оны Азийн наадамд 16.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт дундажлан, оноо авалтаар багаа тэргүүлэн тус тэмцээнд наймдугаар байрт шалгарч, Шилдэг гурван тоглогчийн нэгээр нэрлэгдэж, Монгол улсын сагсан бөмбөгийн түүхэнд томоохон амжилт үзүүлсэн юм.

2014 онд түүнд Их аварга Д.Дагвадоржоор дамжуулж, Япончууд өөрийн багтаа тоглох санал тавьсан ч тэрээр татгалзаж, Филиппинээс ирсэн хүсэлтийг хүлээн авсан ажээ.

 2015 оны 4-р сарын 1-нд Филиппиний сагсан бөмбөгийн холбооны “Barangay Ginebra” багт нэгдэж дөрвөн сар тогложээ. Т.Санчир гадны улсын мэргэжлийн лигт тоглохоор гэрээ байгуулан, нутагт нь очсон Монголын хоёр дахь сагсчин юм. Анхных нь Гавьяат тамирчин Ц.Шаравжамц.

Тэрээр Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын “үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорсон билээ.

2018 онд тэрээр “Архангай Алтан дорнодын дайчид” багт тоглох гэрээ байгуулжээ.

Тэрээр зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй усан сэлэлт, теннис, хөлбөмбөг зэрэг өөрийгөө сорих тэмцээнүүдэд хүч үзэх сонирхолтой. МҮОНРТ-ээс зохион байгуулсан “Монголын нинжа дайчид” шоу нэвтрүүлэгт оролцож хүчээ сорьж байсан удаатай.

Мөн “Single Ladies 2” уран сайхны кинонд туслах дүрийг бүтээж байсан бөгөөд “Би ер нь урлагт дуртай элэгтэй гэхүү дээ. Ялангуяа дуу хөгжимд илүү дуртай. Зав гарвал хөгжим сонсдог. Миний найз нөхдийн хүрээнд урлагийн авьяастай хүн олон шүү. Спорт урлаг хоёр хосолбол их сайхан. Гитар гэдэг хөгжимд сонирхолтой, сурах гэж маш их хичээдаг” хэмээжээ.

Өдгөө урлаг спорт хоёрыг хослуулан үзэгч олныг баясгаж, “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт оролцож яваа билээ. Түүний хамтрагч СТА бүжигчин Б.Халиун нь Латин Стандарт, Монгол бүжгийн төрлөөр 14 жил хичээллэсэн туршлагатай бөгөөд “Mongolia Entertainment” хамтлагийн бүжиг дэглээч, бүжигчнээр ажилладаг.

Харин ажил мэргэжлийн хувьд “Соёмбо даатгал” компанид даатгалын менежер, “Төрийн банк”-ны харилцааны менежерээр ажиллаж байсан. “Скайтел” компанийн маркетингийн менежерээр ажилладаг хэмээн 2019 оны ярилцлагадаа дурьджээ.

Түүний ханийг О.Сарнай гэдэг бөгөөд нэг сургуулийн оюутнууд байжээ. Тэд гурван хүүхэдтэй.

 Тэрээр тун саяхан сагсан бөмбөгийн өмсгөлөө цахим хуудсандаа дуудлага худалдаагаар борлуулж, Ананд хүүгийн эмчилгээний зардалд 800 000 төгрөг хандивлажээ. Тус өмсгөлийг Филиппин улсыг сагсан бөмбөгний лигт тоглохдоо өмсөж байсан аж.

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд