No menu items!
HomeХүмүүсЖүжигчин Т.Хулангийн тухай сонирхолтой баримтууд

Жүжигчин Т.Хулангийн тухай сонирхолтой баримтууд

-

“Сарны нулимс”, “Намрын синдром”, “Зөрлөг”, “Түцний охид” зэрэг кинонд тоглож, олонд танигдсан жүжигчин , Соёлын тэргүүний ажилтан Т.Хуланг энэ удаагийн “Хүмүүс” буландаа онцолж байна.

1. “Ээжийнхээ хийж чадаагүйг хийе гэж хүссэн”

Жүжигчин Т.Хулан 1983 оны нэгдүгээр сард мэндэлжээ. Тэрээр нэг дүүтэй айлын том охин. 77 дугаар дунд сургуулийг төгсөөд, жүжигчин болох  хүсэлдээ хөтлөгдөн СУИС-д орж 2004 онд төгссөн. Түүнийг жүжигчин болох шийдвэр гаргахад гэрийнхэн нь таатай хүлээж аваагүй гэдэг.

Тэрээр “Би эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн. Багаасаа биеэ даагаад, хэрсүү өсчихсөн. Гэрийнхэн маань намайг жүжигчин болгох их дургүй байсан. Ээж маань жүжигчний мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй. Амьдралын эрхээр хоёр хүүхдийнхээ төлөө Америкт арван жил ажилласан. Тийм болохоор ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн. Биднээс болж ээжийнхээ хийж чадаагүйг хийе гэж хүссэн. 2000 онд гэрийнхэндээ “Өөр сургуульд орж байгаа” гэж хэлчихээд СУИС-д шалгалт өгч тэнцэж байлаа. Тэгээд эмээ маань “Нэгэнт тэнцчихсэн юм чинь одоо яая гэх вэ” гээд аргагүйн эрхэнд зөвшөөрч байсан. Тэр үед маш их баярлаж билээ” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьджээ.

2. Сургуулиа төгсөөд “Х-түц” хамтлагийн жүжигчнээр ажиллаж байгаад 2006 онд Драмын театрт орсон юм. Тэрээр “Би драмын урлагт маш их дуртай. Өөрийгөө драмын жүжигчин гэж бодож явдаг. Улсын Драмын Эрдмийн театрыг нэг ёсондоо академи гэж үздэг. Жүжигчин хүнд маш их сургалт олгодог. Тийм ч учраас би их зүйлийг сурч, мэдэж авах зорилготой драмын урлагт хөл тавьж найман жил ажилласан. Харин сүүлийн үед кино урлаг руу түлхүү орж ажиллаж байгаа” хэмээжээ.

Ийнхүү 8 жилийн хугацаанд тайзнаа “Найзууд”, “Бооцоо”, “Хориотой жүжиг ”, “Хайрын виз”, “Нууц амраг чинь болъё” “Гамлет”, “Лусын дагина”, “Норовын намтар” зэрэг жүжгийн маш олон дүрийг амилуулсан. Энэ дундаас “Гамлет” жүжгийн Опелиагийн дүрийг хамгийн их уран чадвар шаардсан дүрээ хэмээн тодорхойлсон байдаг. Тэрээр 2014 онд эрүүл мэндийн шалтгааны улмаас театраа орхижээ.

3. Түүний хамгийн анх дэлгэцнээ бүтээсэн дүр нь “Чиний эзгүйд” киноны Сэргэлэн охины дүр. Харин түүнийг олон таниулсан дүр нь “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүр билээ. Тэрээр дэлгэцнээ ихэвчлэн гэнэн цайлган, сахилгагүй, дурлалт бүсгүйн дүрүүдийг бүтээсэн гэдгийг үзэгчид юу эс андах билээ. Харин түүний бүтээсэн эсрэг дүр нь “Хэнд ч хэлээгүй нууц” киноны Сувдмаагийн дүр аж.

Тэрбээр “Найруулагчид миний дүрийг харахдаа гэнэн цайлган, даруу төлөв, хүний өмнөөс үг дуугарч чадахгүй гэж дүгнээд байдаг. Харин би амьдрал дээр хүний өмнөөс үг хэлж чадахгүй суугаад байх хүн биш шүү дээ. Ер нь их шударга зан чанартай. Гэнэн цайлган зан чанар надад байдаг л даа. Хааяа бас сахилгагүйтэх дуртай. Ийм төрлийн дүрийг бүтээж ажиллахдаа их жаргалтай, яг хүүхэд шиг болчихдог” хэмээжээ.

4. Т.Хулан хувь хүнийхээ хувьд маш хөдөлмөрч, ажил хэрэгч нэгэн. Учир нь тэрээр жүжигчнээс гадна продюссер, зургийн даргаар давхар ажилладаг юм. Нөхрийнхөө найруулсан “Шуугиан таригч” киноны продюсерээр ажилласан билээ. Хэрэв жүжигчин болоогүй бол хуульч эсвэл ажил хэрэгч нэгэн болох байсан байх гэж хэлж байсан удаатай. Ажлыг сунжруулах дургүй, дор дор нь гүйцэтгэдэг зарчмыг баримталдаг. 

5. Тэрбээр “Лусын дагина” жүжгийн дагины дүрийг бүтээснээр “Гэгээн муза” хүртэж байсан. Мөн 2011 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаасан билээ.

6.Түүний ханийг нэрт жүжигчин Г.Дашхүү агсаны хүү, найруулагч Д.Галбаяр гэдгийг үзэгчид сайн мэдэх бизээ. “Go adventure” студийн захирал,  Соёлын тэргүүний ажилтан Д.Галбаяр “Намрын синдром”, “ТҮЦ-ийн охид”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч”, “Миний нууц”, “Хайрын рекорд” зэрэг 10 уран бүтээлийн найруулагчаар ажиллаж чадварлаг найруулагч гэдгээ баталсан билээ. Мөн тэрээр хэд хэдэн кинонд дүр бүтээсэн жүжигчин. 13 настайдаа “Цахилж яваа гөрөөс” кинонд тоглож байсан бөгөөд “Шуугиан таригч”, “Гэр дүүрэн охид”, “Киносутра” зэрэг 4 кинонд дүрээ бүтээжээ. Тэрээр 2004 онд СУИС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн юм.

7. Найруулагч Д.Галбаяр, Т.Хулан нарын хайрын түүх оюутан ахуй цагаас нь эхлэлтэй. Энэ талаар Т.Хулан “Бид хоёр оюутан байхын найзууд байсан. Харин төгссөнөөсөө хойш амьдралаа холбосон. Төгсөх гээд дипломын жүжгэн дээр хамтарч ажиллаж байхдаа манай хүн намайг анзаарч, эмэгтэй хүн гэж харж эхэлсэн гэсэн. Харин би найз гэж ойлгоод л явдаг байсан. Тэгээд сургуулиа төгсөөд манай хүн нэг студи байгуулаад хамтарч нэвтрүүлэг энэ тэр хийж байсан үеэс л намайг найрч эхэлсэн дээ. Их удаан найрагдсан. Жил гаран болоод үерхэж, хоёр жил болоод хуримаа хийсэн дээ” хэмээсэн байдаг.

Одоо тэд хамтдаа 25-р суваг телевизээс зохион байгуулж буй “21000” реалити шоу нэвтрүүлэгт оролцож байгаа билээ.

8. 28 насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд хоёр дахь хүүхдээ 2015 онд өлгийдөн авчээ. Өдгөө гурван хүүхдээ харж хандан гэрийн сайн эзэгтэй байхыг илүүд үздэг тэрээр “Урьд нь карьертаа илүү их анхаардаг байсан л даа. Одоо бол сайн ээж, гэрийн эзэгтэй, хүний хань байхын тулд маш их хичээж байгаа. Цаашид ч тийм байх болно” хэмээсэн удаатай.

9. Тэрээр нөхөртэйгөө театр руу явж кино, жүжиг үзэх дуртай. Брендлэг биш бөгөөд ээж болохоосоо өмнө  гоёл чимэглэл, аксесуар ихээхэн сонирхож, цуглуулдаг байсан гэнэ. Т.Хулан, Д.Галбаяр нар чамгүй дуучид гэдгээ хэд хэдэн удаа харуулсан билээ.

10. Тэрээр “Мэргэжил маань сэтгэл зүйчээс дутахааргүй хүний дотор сэтгэлийг судалж байдаг. Тийм ч учраас сэтгэлийн тэнхээтэй, унахдаа маш хурдан. СУИС-д байхад сургуулиасаа гарчихмаар үө зөндөө тохиолдож байсан. Хэрэв тэр үед сургуулиасаа гарчихсан бол өдийд ямар хүн байх бол гэдгийг ерөөсөө төсөөлдөггүй. Хүнд хэцүү үеийг даван туулаад өдийг хүртэл урлагт зүтгэж ирсэн учраас би урлагаа хэзээ ч орхихгүй” хэмээжээ.

шинэ мэдээ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэж байна.  Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,...

“Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх замыг тавдугаар сарын 15-наас түр зааж, засварлана

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу "Зоос гоёл"-ын уулзвараас Соёл Урлагийн Их Сургууль(СУИС)-ийн уулзвар хүртэлх авто зам засвар, шинэчлэхээр болжээ.  Тодруулбал 2024 оны тавдугаар...

Өнөөдөр 14:00 цагт олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын эхний ээлжийн захиалга нээгдэнэ

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор 2024 оны хуваариа өмнө нь танилцуулсан.  Тус цогцолбор эхний ээлжийн хүүхдүүдээ зургаадугаар сарын 3-8-нд хүлээн авах юм. Үүнд 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр...

Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийн бүрэн унтраалаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Дорнод аймгийн Матад сумын нутагт өчигдөр гарсан ой, хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, бүрэн унтраалаа. Дээрх...

трэнд