LOADING

Type to search

Д.Оюунзул: Чихэвчээр хөгжмийг удаан, чангаар сонсоод байвал дүлийрэлд хүрэх аюултай

Share

“Эмч зөвлөж байна” булангийнхаа энэ удаагийн дугаарт ШУГТЭ-ийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр Д.Оюунзултай ярилцлаа.

– Чихний  бүтэц болон сонсгол бууралтын тухай эхлээд мэдээлэл өгөхгүй юу?

– Чих нь чамархай ясанд байрлаж гадна, дунд, дотор гэсэн гурван хэсгээс тогтох, нарийн бүтэц зохион байгуулалттай сонсгол, тэнцвэрийн эрхтэн юм. Чихний дэлбээ нь дууны долгионыг цуглуулж гадна сувгаар  дамжуулан,  хэнгэргэн хальсыг хэлбэлзүүлнэ. Хэнгэргэн хальс хэлбэлзсэнээр, дунд чихэнд байдаг алх дөш дөрөө гэсэн сонсголын жижиг яснууд хөшүүргийн хуулийн дагуу хөдөлж, дотор чихрүү дуу чимээг дамжуулдаг. Дотор чихний дун нь дууны механик энергийг цахилгаан энерги болгон хувиргаж, сонсголын мэдрэлээр дамжуулан тархины чамархай хэсэгт байх сонсголын төвд дуу чимээг хүргэнэ. Ингэж тархи  дуу авиаг ялгаж, анализ хийн хариу урвал үзүүлдэг байна.

– Сонсголын бууралт гэдэг нь нэг болон хоёр чихний үйл ажиллагаа доголдохыг, харин сонсгол бүр үгүй болохыг нь дүлийрэл гэнэ. Гурван хэлбэрийн сонсголын бууралт байдаг.

1.Дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт: Гадна, дунд чихний янз бүрийн үрэвсэлт өвчнүүд, чихний сувгийн битүүрлүүд, хамар дайвар хөндийн өвчлөлтэй холбоотой сонсгол буурахыг энэ ангилалд хамааруулдаг. Энэ төрлийн сонсгол бууралт нь эмчлэгддэгээрээ давуу талтай. Сонсгол бууралтад нөлөөлөөд байгаа шалтгааныг тогтоогоод, эмчлээд ирэхээр аяндаа сонсгол сайжирна.

2. Мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсгол бууралт: Энэ үед  дотор чих, дунгийн үйл ажиллагаа болоод сормууслаг эсийн хэвийн байдал алдагддаг. Мөн сонсголын мэдрэл түүний дамждаг замууд дээр нь гэмтэл, өөрчлөлт гарсантай холбоотойгоор мэдрэл, мэдрэхүйн гаралтай дүлийрэл үүсдэг. Харамсалтай нь энэ төрлийн дүлийрлийг эмчлэх эм тариа дэлхийн хэмжээнд одоогоор байхгүй байна.

3. Холмог хэлбэрийн сонсгол бууралт: Дээрх хоёр тохиолдол хавсраад ирэхээр холимог хэлбэрийн сонсгол бууралт үүсдэг.

– Сонсгол бууралттай хүмүүс хэр олон байдаг вэ. Үүний гол шалтгаан нь юу байна вэ?

– ДЭМБ-ын 2018 оны мэдээгээр дэлхий дээр 466 сая хүн сонсголын бэрхшээлтэй байна гэсэн тооцоо гарсан бөгөөд үүний 36 сая нь хүүхэд байгаа юм. Харин Монгол Улсын хэмжээнд 250 мянга гаруй сонсголын өөрчлөлттэй хүн байдаг гэсэн тоо баримт бий. Ер нь сонсгол бууралт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна, дэлхий дээр  2018 онд 466 сая байсан бол 2030 гэхэд 630 сая, 2050 он гэхэд 900 сая болж өснө гэж ДЭМБ-ын урьдчилсан прогноз гарсан байдаг. Сонсголын бууралт ингэж ихсээд байгаагийн гол шалтгаан нь орчин үеийн техник технологийн хөгжил, хотжилттой холбоотой орчны дуу чимээ, үйлдвэрийн дуу шуугиан, цэнгээний газрын хэт чанга хөгжим мөн хүүхэд залуучуудын чихэвчний зохисгүй хэрэглээ, осол гэмтэл, эмийн буруу хэрэглээ юм.

-Та саяын эмийн хэрэглээ сонсгол бууралтын шалтгаан болдог гэлээ. Үүнийг тодруулж, хэлж өгнө  үү?

– Гентамицин стрептомицин, канамицин зэрэг аминогликозидын бүлгийн антибиотикууд, цисплатин, флюрурацил гэх мэт хавдрын эм, салицилийн бүлгийн болон шээс хөөх гэх мэт эмүүдийн замбараагүй, зохисгүй хэрэглэснээс сонсгол бууруулдаг. Тиймээс эм тариаг дур мэдэн хэрэглэж огт болохгүй. Заавал  эмчийн заавраар хэрэглэх ёстой байдаг.

– Дэлхийн сонсгол хамгаалах өдөр 3-р сарын 3нд тохиодог. Танай эмнэлэг энэ өдрийн хүрээнд ямар ажлууд хийсэн бэ?

– Манай эмнэлэг дэлхийн сонсгол хамгаалах 3 сарын 3-ны өдрийг “Бүх нийтээрээ сонсголоо хамгаалцгаая” уриан дор тэмдэглэсэн. Бид олон нийтийн сүлжээгээр  ард иргэдэд сонсгол хамгаалах эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөмж болон богино хэмжээний шторк цацсан. Мөн хэвтүүлэн эмчлүүлж буй болон амбулаториор үзүүлж буй хүмүүст сонсголоо хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө өгч, боршур тараан ажилласан.

– Сүүлийн үед залуучууд чихэвчийг ихээр ашиглах болсон. Чихэвчээс хамааран сонсголгүй болох уу?

– Болно. Дууны хүчийг децибелээр хэмждэг. Шивнээ ярианы дууны хүч 15-20, энгийн ярианых 50- 60 , онгоц буух үеийнх 120, MP3, Ipod зэргийн 110-120 децибел  байдаг. Харин эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээ нь 85 децибел юм. Гэтэл манай хүүхэд, залуучууд чихэвчийг удаан хугацаагаар ашиглаж, хөгжмийг маш чангаар сонсдог. Ингэж чихэвчийг удаан ашиглаж, хөгжмөө  чангаар сонсох нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрдэг бөгөөд онгоц буух үеийн дуу чимээтэй тэнцэж байна гэсэн үг юм. Тиймээс чихэвчээр хөгжмийг  удаан, чангаар сонсоод байвал эргэшгүй дүлийрэлд хүрэх аюултай.

Энэ их дуу чимээ нь дотор чихний дунгийн сормууслаг эсүүдийг гэмтээдэг. Харамсалтай нь энэ нь хэзээ ч эргэж сэргэхгүй бөгөөд тухайн мөчөөс эхлээд насан туршдаа дүлий явах аюултай гэдгийг хүүхэд, залуучууд ойлгох хэрэгтэй гэж анхааруулмаар байна.

Зураг 1 : Хэвийн сормууслаг эс, Зураг 2: Гэмтсэн сормууслаг эс

Одоогийн байдлаар шинжлэх ухаанд тэр сормууслаг эсийг сэргээгээд, ургуулдаг эмчилгээг нээгээгүй. Зарим хүмүүс, чихэвчээр хөгжим зөндөө л сонсдог гэтэл  миний сонсгол зүгээр л байдаг шүү дээ гэж бодож болох юм. Энэ нь буруу ойлголт, хэт чанга чимээ аажмаар хүний сонсголыг бууруулж байдаг. Түүнчлэн дууны хүчээсээ хамаараад зарим тохиолдолд гэнэт сонсголоо алдах ч эрсдэл бий.

– Байнга чихэвчээр юм сонсох нь  бусад эрхтэнд ямар нөлөө үзүүлдэг юм бэ?

-Байнгын чанга дуу чимээ сонсоод байхаар наад зах нь мэдрэл сульдана, ядарна. Үүнээсээ болоод ажлын бүтээмж буурч, нойргүйдэлд орох эрсдэлтэй. Нойргүйдэл бол олон өвчний үндэс суурь. Нойргүйдснээр чих шуугиж, анхаарал төвлөрөлт суларч танин мэдэхүй, ой тогтоолтын чадвар буурч улмаар уурлаж, бухимдан сэтгэл хөдлөлийн сөрөг өөрчлөлт гарч, архаг ядаргаанд орно.   

– Тэгвэл сонсголоо хэрхэн хамгаалах вэ?

– Нэгдүгээрт:

  • Чихэвчээр хөгжим сонсохдоо зохистой хэмжээнд нь тааруулж байх нь зүйтэй. Чихэвчний хөгжмийн зохистой хэрэглээ буюу  60х60 дүрэм гэж бий. Энэ нь  дууны сонсох түвшинг 60%-с хэтрүүлэхгүй, өдөрт 60 минутаас ихгүй байна гэсэн үг. Энэ дүрмийг баримталж чадвал чихэвчний шалтгаант сонсголын бууралтад орохгүй байх бүрэн боломжтой.
  • 30 минутын турш чихэвчээр хөгжим сонссон бол хоёр цаг чихээ амрааж байгаарай.
  • Дуу чимээтэй орчинд чихэвчийг хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл орчны чимээнээс давж сонсохын тулд хүн түүнийг чангалсаар байдаг.

Хоёрдугаарт: Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг хүмүүс “Хөдөлмөр хамгаалах хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага”  MNS 4931:2000 стандартад заасны дагуу сонсгол хамгаалах бөглөө, чихэвч зэргийг хэрэглэж хэвших хэрэгтэй. Эдгээр нь дууны хүчийг 20-40  децибелээр бууруулж, дүлийрлээс сэргийлнэ.

Гуравдугаарт: Тархи толгойн гэмтлээс хамгаалж байх шаардлагатай.

Дөрөв: Ханиад томуу, чих хамар хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлж, өвдсөн бол даруйхан эмчлүүлэх хэрэгтэй. Учир нь чих, хамар, хоолой гурав нь хоорондоо холбоотой байдаг. Тухайлбал харшлаас юмуу хамар дайврын үрэвсэлт өвчин, аливаа үүсгэвэр зэргээс хамар байнга битүүрээд байвал чих, хамрыг холбодог сонсголын гуурс бөглөрч, дарагдан дунд чихэнд агаар орохоо больчихдог. Үүнээсээ болоод дунд чихний үрэвсэл үүсч хэнгэргэн хальс цоорон, сонсгол буурдаг.

Тавдугаарт: Чихэнд хортой эм тариаг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой.Сүрьеэгийн эм уух гэж байгаа хүмүүс эмчилгээ эхлэхийн өмнө болон дараа сонсголоо заавал шалгуулах хэрэгтэйг бас зөвлөмөөр байна.

– Ямар хүмүүс сонсголоо тогтмол шалгуулах шаардлагатай вэ?

– Чанга дуу чимээ бол дүлийрэлтэд хүргэдэг хамгийн том шалтгаануудын нэг. Тиймээс уул уурхайн ажилчид өрөмдлөг хийдэг хүмүүс, төмөрлөгийн болон үйлдвэрийн шуугиан ихтэй орчинд ажиллагсад, буу шийдэмтэй харьцдаг цэрэг цагдаагийнхан, хүнд машин механизмын болон  утасны операторууд мөн баар цэнгээний газрын ажилчид, чих хамар хоолойн өвчлөлтэй хүмүүс  сонсголоо тогтмол шалгуулах хэрэгтэй. Тэд жилдээ 1-2 удаа үзүүлэх нь шаардлагатай байдаг.

Мэдээжийн хэрэг, хөгжмийг чихэвчээр байнга сонсдог хүүхдүүд, ахмад хүмүүсийг шалгуулахыг мөн зөвлөж байна. Ер нь хүн жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, сонсголоо шалгуулж байх нь зүйтэй л дээ. Нэг чихнийх нь сонсгол муудчихсан, нөгөө нь хэвийн сонсож байгаа тохиолдолд хүн мэдэхгүй  яваад байдаг тохиолдлууд их. Тиймээс үзүүлж, эртхэн оношлуулж байгаарай.

– Эмчилгээний талаар мэдээлэл өгнө үү. Сонсгол буурсан үед ямар эмчилгээ хийдэг вэ. Мөн  дунгийн суулгацын мэс заслыг ямар тохиолдолд хийлгэх вэ?

– Гадна болон дунд чихний  үрэвсэлт өвчнийг эмчилснээр бид дамжуулах замын сонсголын бууралтыг эмчлэх боломжтой. Харин мэдрэлийн гаралтай сонсгол бууралтыг эмээр эмчлэх боломжгүй учраас нөхөн сэргээх эмчилгээ буюу сонсголын аппарат тохируулж зүүлгэдэг. Мөн сонсголын бууралтыг хөнгөн, дунд, хүндэвтэр, хүнд, таг дүлий гэж ангилдаг. Мэдрэл, мэдрэхүйн гаралтай дунд, хүндэвтэр зэргийн сонсголын бууралтад сонсголын аппарат зүүлгэдэг бол хүнд болон таг дүлий хүмүүст “Дунгийн суулгац” гэх сонсгол оруулдаг мэс заслыг хийдэг. Энэ мэс заслыг манай оронд анх 2009 оноос хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 300 орчим хүнд  хийгээд байна. Уг мэс заслыг хийхэд маш олон мэргэжлийн баг ажилладаг. Түүнчлэн эцэг эх асран хамгаалагчдын оролцоо хамгийн чухал байдгийг нь дурдах нь зүйтэй болов уу. Дүлий төрсөн хүүхдүүд маань дунгийн суулгац мэс засалд орж сонсгол ороод улмаар хэвийн хүүхдүүдийн адилаар сурч боловсроод явж байгааг харахад үнэхээр бахархалтай, сайхан байдаг.

– Дунгийн суулгац мэс заслыг хаана хийдэг вэ? ЭМД-д хамрагдах боломжтой байдаг уу?

– Энэ мэс заслыг “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”, “Улсын нэгдүгээр төв эмнэлэг”, “Хоёрдугаар төв эмнэлэг”, “ЭМЖЖ” эмнэлгүүдэд хийж байгаа. Дунгийн суулгацын мэс засал нь өндөрт өртөгт хагалгаанд багтдаг тул эрүүл мэндийн даатгалын сангаас 75 хувийн хөнгөлөлт үзүүлдэг.

-Ярилцсанд баярлалаа.

error: Content is protected !!