No menu items!
HomeУхаарахуйСудалгаа: Ой мод ихтэй хотод хүн амины хэрэг бага гардаг

Судалгаа: Ой мод ихтэй хотод хүн амины хэрэг бага гардаг

-

“Бахархал ба бардамнал” зохиолоос сэдэвлэн 2005 онд бүтээсэн кинонд Элизабет Беннет шувууд жиргэж, мод, цэцэгс алагласан нугад алхаж байдаг. Зохиолч Жейн Остины баатруудын хувьд байгаль гэдэг бол тайтгарал, урам зориг авах эх үүсвэр.

Зохиолч Флоренс Уильямс “The Nature Fix: Why Nature Makes Us Happier, Healthier and More Creative” буюу “Байгалийн эмчилгээ: Байгаль яагаад биднийг жаргалтай, эрүүл, бүтээлч болгодог вэ” хэмээх номоо хэвлүүлжээ. Үүнээс үзэхэд, орчин үеийн технологийн тусламжтай бид гадагш гарахад тархинд юу болдог тухай мэдэх боломжтой болсон байна.

“National Geaographic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа зохиолч Флоренс Уильямс гэрт цөөн хэдэн ургамал байсан ч хүний сэтгэлийг засах чадалтай, Японы Засгийн газар “Ойд умбах” аргыг сурталчлах болсон, ой модтой ойрхон хотод хүн амины хэрэг бага гардгийг тэрбээр онцлов. Судалгаанаас үзвэл хүмүүс ажил дээрээ тийм ч баяр жаргалтай байдаггүй.

Харин амрах, найзуудтайгаа уулзах болон хөгжим сонсохдоо хамгийн жаргалтай байдаг ажээ. Мөн тэд гадаа, байгальд байхдаа аз жаргал, сэтгэл ханамж нь дээд түвшиндээ хүрч байв. АНУ-ын тооцооллоос харвал тус улсын ээжүүдийн 70 хувь нь хүүхэд байхдаа байнга гадаа тоглодог байжээ.

Харин одоо тэдний хүүхдүүдийн ердөө 26 хувь нь өдөр бүр гадаа тоглодог гэж хариулсан байна. Урьд нь хүүхдүүд хичээлийнхээ дараа харьж гэрийн даалгавраа хийчихээд л гадаа тоглодог байсан. Харин одоо гарахаар бол заавал эцэг, эхтэйгээ ямар нэгэн зохион байгуулалттай арга хэмжээнд оролцдог болсон.

Угтаа бол гадаа тоглоход хүүхдийн мэдрэмжүүд хөгжиж, асуудлыг даван туулах чадвар нь нэмэгддэгийг эрдэмтэд тогтоожээ.

Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтууд романтик уран зохиолын шинж чанарыг л баталж, сурталчилж байгаа. Тухайлбал, үйлдвэржилтийн эриний “үүр цайх” цагаар романтик зохиолууд эрчээ авсан.

Хөл хөдөлгөөнтэй, бохир орчныг орхиж, байгальд цаг өнгөрөөхийн ашиг тусыг ойлгосон хэрэг. Түүнчлэн XVIII зууны сүүлчээс XIX зууны эхэн үед Альпийн нурууны аялалд маш их хүн хамрагдаж байжээ. Бурхны амарлингуйд энх амгаланг олох, итгэл үнэмшилтэй болоход гол асуудал байсан юм биш.

Харин хүн байгалийн холбоог мэдэж, сүнслэг төсөөллийг нэмэгдүүлэх, дутууг нөхөж, сэтгэлийг бүтэн болгоход оршино. Жейн Остин тэргүүтэй зохиолчдын бүтээлийг анзаарвал гол баатрууд сэтгэлээр унаж, асуудалтай тулгарахаараа үргэлж гарч, байгальд цаг өнгөрөөдөг.

Үүний учир шалтгааныг тогтоохын тулд АНУ болон Их Британийн мэдрэл судлаач эрдэмтэд хүн өөр өөр орчинд очиход тархинд нь ямар өөрчлөлт гардгийг судалжээ. Тэд хүмүүсийн тархины долгионыг нь хэмжиж үүнийг тогтоосон байна.

Судалгаагаар, орчин үеийн өдөр тутмын амьдралд маш их оролцоотой урд тархи гадаа гарах үед идэвхгүй болдог. Харин альфа долгион гэгч гүн тайвшралт, сонор сэрэмжтэй байдал эрчээ авдаг аж.

Дашрамд сонирхуулахад, буддын шашны лам болон бясалгал хийдэг хүмүүсийн альфа долгион хялбархан идэвхждэг. Иллинойсын их сургуулиас хийсэн судалгаагаар байгальтай ойр хотод хүн амины хэрэг бага гардаг нь тогтоогдсон.

Тодруулбал, Хүн болон хүрээлэн буй орчин судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч Фрэнсис Куо ногоон орчинд оршин суугчид гадаа илүү их цаг өнгөрүүлж, хоорондоо харилцдаг. Ингэснээр стресст бага өртдөг гэсэн дүгнэлтэд хүрсэн буйзаа.

Нью-Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэнгийн зургийг гаргасан Фредерик Лоу Олмстед хүүхэд байхдаа хичээлдээ дургүй, модонд авирч ихэнх цагаа өнгөрөөдөг байжээ. Тэрбээр Йосемитиг тусгай хамгаалалтад авах нь чухал гэж дуугарсан анхны хүн билээ.

Их хотод цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж байгуулахын ач холбогдлыг тэр л анх томоохон сонинд нийтэлсэн. Фредерик хүн байгальтай ойр байснаар эерэг хандлагатай болж, өөрийнхөө мөн чанарыг таньдгийг аль эрт ухаарсан иргэн юм.

Япончууд “ширин йоку” буюу “Ойд умбах” үйл хийдэг. Йоку гэдэг нь тогтоол усанд орох гэсэн утгатай үг. Хүн дөрвөн хананы дунд байхдаа харах болон сонсох мэдрэмж л түлхүү ажиллаж, бусад нь дарагддагийг Японы эрдэмтэд тогтоожээ. Харин байгальд бид горхи хоржигнохыг сонсож, салхи хацар илбэхийг мэдэрч, модны үнэрийг таалдаг шүү дээ.

Япончууд “ширин йоку” буюу “Ойд умбах” үйл хийдэг

Ёшифүми Миязаки зүрхний цохилт, цусны даралт, кортизолын түвшинг хэмжиж шалтгааныг нь тогтоохоор ажиллаж буй судлаачдын нэг. Тэд хүний дархлааны эс буюу хорт хавдартай тэмцдэг “байгалийн устгагч эс” ой модонд нэмэгддэгийг нээсэн. Японд дагаж мөрдөх 48 эмчилгээний арга бий. Үүнд ой модонд алхах хамгийн чухал нөлөөтэй гэж онцолдог.

“Байгалийн пирамид” гэдэг нь байгаль бидний эргэн тойронд өдөр бүр байдаг гэсэн ойлголт. Байгалийг эм, тариа шиг тунтай гэж үздэг. Бага хэрэглэвэл үр дүн муу байдаг шиг. Эхлээд өдөр тутмын амьдралдаа байгальтай ойр байх арга зам хайх хэрэгтэй. Тасалгааны ургамал, модтой гудамжаар алхах гэх мэтээр пирамидын оргил руу өгсөх тусам арга замаа ихэсгэнэ. Дараагийн удаад сардаа нэг удаа модонд алхаж, хотоос гадагш гарч байж болно шүү дээ.

Финландын эрүүл мэндийн яамнаас иргэд сард хамгийн багадаа таван цагийг ой модонд өнгөрүүлэхийг санал болгож эхэлжээ. Энэ нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан сэтгэл гутралыг эмнэх, цаашлаад сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нэг арга юм байна. Байгаль бол ардчиллын суурь хэсэг, хүний эрх, хэрэгцээ шаардлага гэдгийг Азийн олон орон ойлгосон. Байгаль, хот хоёр зэрэгцэн орших боломжтой.

Сингапурт гэхэд л “Цэцэрлэгт хүрээлэнтэй хот” гэх санаачилга хэрэгжүүлдэг. Үүний ачаар одоо тодорхой хэмжээний ногоон байгууламжгүйгээр тэнгэр баганадсан барилга барихыг хоригложээ. Хүмүүс дээвэр болон ханаа цэцэрлэгжүүлж, үзэсгэлэнтэй саад байгуулдаг болсон. Энэ бүхний үр дүн нь иргэдийн амар амгалан байдал, сэтгэцийн эрүүл мэнд юм.

Г.Сайнзаяа

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд