No menu items!
HomeХүмүүс1990 оноос хойш Засгийн газрыг удирдсан Ерөнхий сайдууд

1990 оноос хойш Засгийн газрыг удирдсан Ерөнхий сайдууд

-

1990 оноос хойш Засгийн газрыг тэргүүлж байсан эрхмүүдийг он цагийн дарааллаар нь “Хүмүүс” буландаа онцоллоо.

Дашийн Бямбасүрэн /1990-1992/

Дашийн Бямбасүрэн нь 1942 оны 6 сарын 20-нд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. Эдийн засгийн ухааны доктор бөгөөд Статистикийн Хороо,Улсын Үнийн Хороо, Үнэ Стандартын Улсын Хороо, Авто тээврийн барилга угсралтын засварын трест, ШУТ-н Улсын хорооны харьяа Эрдэм шинжилгээний төвд тус тус ажиллаж байжээ.

Тэрээр 1989 онд Сайд Нарын Зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд 1990 оны ардчилсан сонгуулийн дараа Ардчилсан Монгол улсын анхны Ерөнхий сайдаар томилогдсон байна.

Пунцагийн Жасрай /1992-1996/

Тэрээр 1933 оны 11 сарын 26-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1970 онд Эдийн засгийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан бөгөөд Олон улсын дээд боловсролын академийн жинхэнэ гишүүн, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургууль, МУИС-ийн Хүндэт доктор цолтой эрхэм юм.

Тэрээр  Говь-Алтай аймгийн Бугат, Баян сумын бага сургуульд багш, захирал, аймгийн АДХГЗ-ны Гэгээрлийн хэлтэст байцаагч хийж байжээ. 1961-1967 онд Эдийн засгийн дээд сургуульд багш, 1965-1966 онд Эдийн засгийн хүрээлэнд аспирант байв.

1967-1970 онд Статистикийн төв газарт орлогч дарга, 1970-1976 онд Улсын үнийн хороо, Үнэ, стандартын улсын хорооны дарга, 1976-1978 МАХН-ын Төв хороонд хэлтсийн эрхлэгч, 1978-1984 онд Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга бөгөөд БНМАУ-ын сайд, 1984-1989 онд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга бөгөөд Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1989-1990 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны дарга бөгөөд Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, УИХ-ын гишүүн, 1992-1996 онд Монгол Улсын Ерөнхий сайд зэрэг алба хашиж байжээ.

Мэндсайханы Энхсайхан /1996-1998/

Мэндсайханы Энхсайхан нь 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. Олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжилтэй.

Тэрээр 1978-1988 онд Гадаад худалдааны яаманд эдийн засагч, эрдэм шинжилгээний ажилтан, газрын орлогч дарга, 1989-1990 онд Зах зээл судлалын хүрээлэнгийн захирал, 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга, 1992-1993 онд УИХ-ын гишүүн, 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байжээ.

1998-2003 онд “Премьер интернейшнл” ХХК-нд захирал, 2003-2005 онд Ардчилсан намын дарга, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байна. 2006 онд Ардчилсан намаас гарч Үндэсний Шинэ Намыг байгуулан 2007 он хүртэл анхны даргаар ажилласан. 2011 онд тус нам нэрээ Монгол Үндэсний Ардчилсан Нам болгон солиход даргаар нь сонгогджээ.

Цахиагийн Элбэгдорж /1998 оны 4 сараас – 1998 оны 12 сар/

Монголын түүхэнд Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан хоёрхон хүний нэг нь Цахиагийн Элбэгдорж юм. Мөн Монгол Улсын Их Хурлын дэд даргаар нэг удаа, УИХ-ын Олонхийн бүлгийн даргаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа тус тус сонгогдон ажиллажээ.

Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Эрдэнэт үйлдвэрт засварчин, машинист, Ардын армид байлдагч, түрүүч, ХЗЭ-ийн үүрийн дарга, “Улаан-Од” сонинд сурвалжлагч байжээ. Мөн Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч, “Ардчилал” сонины эрхлэгч, АИХ-ын депутат, УБХ-ын гишүүн, Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн зэрэг албыг хашиж байсан.

Жанлавын Наранцацралт /1998 оны 12 сараас 1999 оны 7 сар/

Тэрээр 1957 онд Улаанбаатар хотод төрсөн. 1976 онд Беларусийн Улсын Их Сургууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, 1990 онд Монгол Улсын их сургуулийг тус тус төгсжээ.

Тэрээр 1981-1989 онд ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер, ахлах инженер, ерөнхий мэргэжилтэн, 1989-1991 онд БОЯ-ны газрын бодлогын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторын эрхлэгч, 1991-1996 онд Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хэлтэс, албаны дарга, тус хотын Захирагчийн албанд ахлах мэргэжилтэн, 1996 онд Нийслэлийн газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд даргаар ажиллаж байв.

1996-1998 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 1998-1999 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогджээ. 1999-2000 онд МУИС-д багш, зөвлөх профессор, 2000, 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байна.

Ринчиннямын Амаржаргал /1999-2000/

Ринчиннямын Амаржаргал нь 1961 оны 2 сарын 27-нд Улаанбаатар хотод төржээ. Монголын үйлдэврчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч, Цэргийн нэгдсэн дээд сургуульд санхүү-эдийн засгийн багш, Техникийн их сургуульд санхүү-эдийн багш, Эдийн засгийн коллежийн захирлаар ажиллаж байсан ба одоогийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийг үүсгэн байгуулжээ. Монгол улсын 21 дэх Ерөнхий сайд тэрээр ардчилсан засгийн газрын 5 дахь тэргүүнээр 1999 оны 7 сард 38 настайдаа томилогдсон байна.

Намбарын Энхбаяр /2000-2004/

Н.Энхбаяр нь 1958 оны зургадугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн. 1965- 1975 онд 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга-зохиолын дээд сургуулийг Утга-зохиолын ажилтан, орчуулагч мэргэжлээр төгсжээ. Тэрээр Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй.

Н.Энхбаяр нь Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч, Соёл-урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга, УИХ-н гишүүн, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан. Ерөнхий сайд, Хурлын дарга, Ерөнхийлөгч гэсэн төрийн гурван өндөр албыг хашсан анхны хүн юм.

Цахиагийн Элбэгдорж /2004-2006/

Хоёр дахь удаагаа Ерөнхий сайдын албыг хашжээ.

Миеэгомбын Энхболд /2006-2007/

Монгол Улсын 24 дэх Ерөнхий сайд тэрээр эдийн засагч мэргэжилтэй.

Тэрээр 2006 оноос 2007 хүртэл ерөнхий сайдаар ажилласан бөгөөд 2007 оны 12 сараас 2012 оны 8 сар хүртэл Шадар Сайдаар ажиллажээ. 2005 оноос 2007 онд МАХН-ын даргаар, 2008 оноос УИХ-ын гишүүн, дэд даргаар ажиллаж байв. Тэрээр 2013 оноос хойш МАН-ыг тэргүүлж 2016 оны УИХ-ын сонгуульд намаа удирдан ялалт байгуулж, улмаар УИХ-ын даргаар ажиллаж байсан ч 2017 онд намын дарга, 2019 онд УИХ-ын даргын албан тушаалаасаа буув. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшин өрсөлдсөн ч Халтмаагийн Баттулгад ялагдсан билээ.

Санжийн Баяр /2007-2009/

Санжийн Баяр 1956 оны 3 сарын 4-нд төрсөн, Монголын улс төрч,дипломат, Монгол улсын 25 дахь ерөнхий сайд юм.

Тэрээр 1978-1979 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, “Монгол пресс” агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-д сэтгүүлч бөгөөд “Залуучууд” нэвтрүүлгийн хамтран хөтлөгч байжээ.

1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Сүхбаатарын Батболд / 2009-2012/

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд тэрээр эдийн засагч, дипломатч мэргэжилтэй.

Тэрээр Эдийн засгийн гадаад харилцааны хангамжийн яаманд мэргэжилтэн, “Монгол импекс” нэгдэлд экспорт фирмийн дарга, хувийн хэвшилд “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар, Гадаад хэргийн яамны дэд сайд, УИХ-ын гишүүн, Үйлдвэр худалдааны сайдын албыг хашиж байсан.

Норовын Алтанхуяг /2012-2014/

Норовын Алтанхуяг нь Монгол улсын 27 дахь ерөнхий сайд юм. Тэрээр 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. МУИС-ыг физикч мэргэжлээр төгсөж, багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

Мөн 1998 онд Монгол улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд МУ-ын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон байдаг.

Чимэдийн Сайханбилэг /2014-2016/

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч. Сайханбилэг нь түүхч, хуульч мэргэжилтэй.

Монголын Залуучуудын Холбоонд, нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, Хууль зүйн Е&Т товчооны захирал, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байжээ.

Тэрээр Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг баталж, Рио Тинто компанитай гэрээ (“Дубайн гэрээ” гэж алдаршсан) байгуулжээ.

Жаргалтулгын Эрдэнэбат /2016-2017/

Жаргалтулгын Эрдэнэбат нь Монгол улсын 29 дахь Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд 2017 оны 9-р сарын 8нд Ерөнхийн сайдын албан тушаалаас огцрон дараагийн Ерөнхий сайд сонгогдох хүртэл түр орлон гүйцэтгэж байжээ. Жаргалтулгын Эрдэнэбат 1974 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эдийн засагч мэргэжилтэй.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч, Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын албыг хашиж байсан.

Ухнаагийн Хүрэлсүх

Ухнаагийн Хүрэлсүх нь Монгол Улсын улс төрч, одоогийн Ерөнхий Сайд. 2016 оны 7 сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 4-нд Ерөнхий Сайдаар томилогдсон. Мөн тэрээр НҮБ-ын Манлайлагч төрийн түшээ өргөмжлөл, спортын мастер, бэлтгэл хурандаа цолтой.

1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

2020 оны 07 сарын 02-ны өдрийн УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг дахин Монгол Улсын Ерөнхий Сайдаар 98.5 хувийн саналаар дахин томилов.

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд