No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЖ. Батсайхан: Цусны даралт ихсэлттэй удаан хугацаанд явснаар нүдний торлогийн судас бөглөрөх...

Ж. Батсайхан: Цусны даралт ихсэлттэй удаан хугацаанд явснаар нүдний торлогийн судас бөглөрөх эрсдэл өндөр

-

Нүдний торлог шилэнцэрийн эмгэг” сэдвийн хүрээнд нүдний их эмч, Анагаах ухааны доктор Ж. Батсайхан дараах зөвлөгөөг хүргэж байна.

-Нүдний бүтцийн талаар товчхон танилцуулахгүй юу. Нүдний торлог ямар үүрэгтэй вэ?

Нүдийг анатомийн бүтцийн хувьд нүдний өмнөд болон хойд хэсэг гэж хоёр ангилж үздэг. Нүдний өмнөд хэсэгт зовхи, эвэрлэг бүрхүүл, салст бүрхүүл, болорын хэсгүүд ордог. Нүдний дотор хэсэгт мэдээллийг хүлээн авч тархи руу дамжуулдаг чухал хэсэг байрладаг. Тэрхүү хэсгийн хамгийн дотор талын давхрааг торлогийн давхарга гэж нэрлэдэг. Нүд гэдэг нь хөндийт эрхтэн. Хөндий нь шилэнцэр гэх гелэн хэлбэртэй нялцгай биетээр дүүргэгдэж нүд өөрийн гэсэн хэлбэр дүрс, даралттай байна. Энэхүү шилэнцрийн цаана буюу нүдний хамгийн дотор талд байрлах давхарга нь торлог давхарга юм. Энэ нь эвэрлэг давхаргыг нэвтлэн орж ирж буй гэрэл, гэрлээр дамжих мэдээллийг хүлээн авч харааны замаар харааны төв рүү дамжуулах чухал үүргийг гүйцэтгэдэг. Торлог эрүүл байж л харж буй зүйлс тунгалаг харагдана.

Торлог шилэнцрийн эмгэг гэж яагаад хамтад нь авч үздэг вэ гэвэл торлогийн давхарга нь гэмтэх, өвчлөлд өртөхөд ихэнх тохиолдолд шилэнцэр дагаад заавал өртдөг. Тиймээс хамтад нь авч үздэг юм.

-Торлог шилэнцрийн эмгэг нь дотроо олон төрөл байх. Манай иргэдийн хувьд хамгийн түгээмэл тохиолддог нь ямар төрлийн эмгэг вэ, торлог нь юунаас болж гэмтдэг юм бол?

– Европын орнуудад метаболизмын эмгэгээс үүдсэн торлогийн эмгэг түгээмэл байдаг бол манай орны хувьд метаболизмын өвчнөөс гадна цусны даралт ихсэх, чихрийн шижин, гэмтлийн улмаас үүдэлтэй эмгэгүүд илүү давамгайлдаг. Зарим тохиолдолд оношлогдож чадаагүйгээс болж, үрэвсэлт өвчнүүд даамжирсаар хараагүйдэлд хүргэх эрсдэл элбэг байдаг нь сүүлийн хэдэн жилийн ажлын туршлагаас харагдаж байна.

Торлог шилэцэр гэмтсэн тохиолдолд тухайн хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ, хэрхэн оношилдог вэ?

-Торлогийн давхаргад ямар нэгэн эмгэг үүссэн тохиолдолд заавал ямар нэгэн шинж тэмдэг илэрнэ. Шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бараг байдаггүй. Нүдний өмнөд хэсгийн бусад өвчлөлөөс эрс ялгаатай. Тиймээс богино хугацаанд оношлох, эмчлэх бүрэн боломжтой юм. Үүнийг оношлохын тулд тусгай аппаратаар нүдний хүүхэн харааг тэлж, үзлэг хийдэг. Энэхүү үзлэгээр торлог зах хэсгээрээ урагдсан, ховхорсон, цоорч урагдсан, нүдний даралт ихтэй хүмүүст цус хаясан эмгэгүүд зэрэг нь бүрэн оношлогддог.

Өглөө сэрэхэд нүдэнд олон тооны хар цэгчилсэн зүйлүүд ажиглагдах, харааны талбайн аль нэг хэсэгт хар бараан сүүдэр харагдах, тал хэсэг нь харахгүй байх, том том зүйл хөвж харагдах, тодорхой зураглалын аль нэг хэсэг бусад хэсгээс бүдэг харагдах тохиолдолд яаралтай нүдний эмчид хандах шаардлагатай. Үүнийг мэргэшсэн эмч нар оношилж эмчилнэ. Зарим тохиолдолд оношилгоо муу, үзлэг тааруугаас болж оношлогдохгүй удаан хугацаанд явснаар торлог ховхрох, үрэвсэл даамжрах, хараагаа алдах зэрэг эрсдэлүүд тохиолддог.

Зөв  оношлох, эмчлэх нь маш чухал. Гадны улс орнуудын туршлага ямар байдаг бол, Сүүлийн үед шинээр нэмэгдэж буй эмчилгээний төрлүүд ямар байна вэ?

-Би Европын нэлээд хэдэн оронд тэр дундаа Англи, Энэтхэгт ажилласан. Эдгээр орнуудад торлог шилэнцрийн чиглэлээр нэлээд сайн ажиллаж байна. Гадаад орнуудын хувьд тоног төхөөрөмжийн хувьд сайн хангагдсан байдаг учир торлогийн эмгэгийг буруу оношлох, оношилж чадахгүй байх тохиолдол бараг байхгүй. Би Английн Манчестрийн нүдний эмнэлэгт ажиллаж байсан. Тэндээс ажиглаж байхад зөвхөн торлогийн эмгэгийг клиник талаас төдийгүй мэс заслын талаас эмчлэх тусдаа нэг тасаг байх жишээтэй. Аль болох мэс заслын бус аргаар эмчлэхийг хичээж ажилладаг. Урьдчилан сэргийлэлт сайн, эмчилгээг цаг алдалгүй хийдэг тул цөөн тооны хүмүүс мэс засалд ордог юм байна лээ. Энэтхэг улсын хувьд маш том давуу талтай. Тэд эмчилгээний шинэ туршлагыг нээж, дэлхий даяар инноваци хийж байна.

Нэг сайшаалтай зүйл нь эдгээр орнуудад хэрэглэдэг АУ-ны дэвшилтэт тоног төхөөрөмж, эмчилгээний аргуудыг манай улсын болон хувийн эмнэлгүүд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Манай улсад энэ чиглэлийн эмчилгээг хийх чадвартай боловсон хүчин ч бэлтгэгдсэн. Энэ нь сүүлийн 5-6 жилд хугацаанд нүдний салбарт гарсан асар том давуу тал. 10-аад жилийн өмнө торлог шилэнцрийн эмгэгийн оношилгоо тааруу, ихэнх тохиолдолд гадагшаа явж эмчлүүлэх шаардлагатай байсан бол одоо монголдоо эмчлэгдэх боломжтой болсон. Гэхдээ нэг хүнд оногдох мэс заслын эмчилгээний төлбөр харьцангуй өндөр.

Оношлоход үүсдэг хүндрэл бэрхшээл нь юу байдаг вэ?

-Торлог шилэнцрийн эмгэг нь дотроо маш олон төрөлтэй. Ангилахад олон мэт боловч шинж тэмдгийн хувьд төстэй, ялгаж оношлоход бэрх, яалт ч үгүй өндөр чанарын тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай эмгэгүүд олон бий. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж зөв оношлуулах шаардлагатай. Онош зөв байж эмчилгээ зөв явна. Эмчилгээ зөв байвал хараа алдалтад хүрэхгүй. Манай улсын хувьд торлог шилэнцрийн эмгэгийг клиник талаас нь харьцангуй сайн эмчилж байгаа.

– Ямар төрлийн эмгэг түгээмэл тохиолддог вэ?

-Торлог хуурах эмгэг элбэг тохиолдож байна. Торлог ховхорч, мэдээлэл тархи руу дамжин анализ хийгдэж бидэнд мэдрэгдэхгүй. Үүний шалтгаан нь (-6)-аас дээш буюу өндөр миоб нүдтэй хүмүүс дэглэм сайн барихгүй хүнд юм өргөх, тархи толгойгоо гэмтээх зэрэг. Зарим тохиолдолд гадны ямар ч нөлөөгүйгээр торлог өөрөө ховхорч унадаг. Миоб нүд гэдэг нь энгийн хүний нүдийг бодвол хойш сунасан урт нүд. Нүдний гадна давхарга хойш сунаж байхад дотор талын торлог сунадаггүй, харин татагдаж, нимгэрдэг. Хэтэрхий их татагдаж, нимгэрсэн торлогт зарим тохиолдолд цоорол үүсдэг. Тэрхүү цоорлоор нүдний дотор байдаг шингэн гадагшилж, улмаар гадны нөлөөгүйгээр буюу шингэнээр түрэгдэн өөрөө ховхордог.

Нэг харамсалтай зүйл нь залуучууд эвээр хэлэлцэж чадаагүйн улмаас зодоон цохион хийж торлогийн шилэцрийн хууралт, цус алдалт, торлог шилэнцрийн эмгэгтэй болж байна. Энэ бол гадны механик гэмтлээс үүссэн эмгэг.

Энэ тохиолдолд ямар эмчилгээ хийх вэ?  

-Ямар шалтгаанаар торлог ховхрон унаснаас үл хамааран эмнэлэгт яаралтай хандаж мэс ажиллабраар торлогийг наахаас өөр аргагүй болдог. Торлог ховхорно гэдэг нь харааны хувьд маш их эрсдэл дагуулдаг. Торлог ховхорсноос үүдэн хараа алддаг нийтлэг шалтгаан нь эмчлүүлэхгүй, хугацаа алдах. Торлог нь доод талын давхаргын судсаар тэжээгдэж байдаг. 6 сарын хугацаа өнгөрөхөд л ямар ч үр дүнтэй мэс ажиллабар хийсэн эргэж сэргэдэггүй. Тиймээс торлог ховхрох эмгэг үүссэн л бол яаралтай эмчид хандаж, мэс засал хийлгэх шаардлагатай. Ингэснээр хараа 100 хувь нөхөн сэргээгдэх боломжтой юм. Торлог дээр нүх үүсэх, язрах, урагдал зэргийг бол лазераар тогтоож, эмчлэх бүрэн боломжтой.

Торлог ховхорсон үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Хэрэв торлог бүр ховхорсон бол таны хараа зөвхөн гэрэл мэдрэх түвшинд л очно. Тодорхой нэг хэсэг ховхорсон тохиолдолд харааны талбайн нэг хэсэгт хар сүүдэр үүснэ. Хараанд богино хугацаанд өөрчлөлт орно. Гэхдээ нүд таг харанхуй болно гэж байхгүй. Торлог ховхорсноос хойш 6 сарын хугацаанд эмчилгээ хийлгэхгүй бол аажмаар хараа алдалт үүсэх эрсдэлтэй.

-Манай иргэдийн хувьд энэ эмгэгийн талаар мэдлэг мэдээлэл, хэр байдаг вэ?

– Их муу. Нүдний торлог тань ховхорсон байна гээд тайлбарлахаар нүдний торлог гэж юу болохыг мэддэггүй. Энэ нь манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруухан байгаатай холбоотой.

-Та түрүүн үрэвслээс үүссэн торлог шилэнцрийн эмгэг гэж ярьлаа. Юунаас болж хүний нүд үрэвсэж, тэр нь торлог шилэнцэртээ нөлөөлдөг юм бол?

 -Сүүлийн үед  манай улсын хувьд сүрьеэ өвчин түгээмэл тархаад байна. Сүрьеэгийн шинж тэмдэг амьсгалын замын системд оношлогдохгүй  ч нүдээр илрэх тохиолдол цөөнгүй. Сүрьеэгийн үүсгэгч нүдэнд ороод шилэнцэр торлогийг өвчлүүлдэг. Мөн бэлгийн замын халдварт өвчин болох тэмбүү энэ эмгэгийг үүсгэдэг. Нүдийг оношлоход зөвхөн нүд ч бус биеийн бусад эрхтэн тогтолцоонд буй эмгэгүүдийг оношлох боломжтой.

Мөн дархлааны системийн эмгэгүүд тухайлбал, хялгасан судас хагардаг васкулит, монголчуудын дунд түгээмэл тохиолддог хоол боловсруулах замын васкулит зэрэг нь нүдэнд тохиолдохоор торлог шилэцрийн судас хагарч цусаа нүдний хөндий рүү хаяж эхэлдэг. Эдгээр эмгэгүүд нь харааг эргэж буцашгүйгээр муутгах эрсдэлийг дагуулж байдаг.

Вирус, нян, паразитаар халдварладаг өвчнүүд мөн эдгээр эмгэгүүдийг үүсгэнэ. Тухайлбал, муур нохой тэжээдэг хүмүүст паразитаар халдварладаг токсоплазмоз нь торлогийг гэмтээж, үрэвсүүлдэг. Хаана байрлалтай өвдөж байна вэ гэдгээс шалтгаалан хараа маш муудах, эдгэрэх, хараагүй болох эсэх нь шалтгаална.

-Чихрийн шижин өвчин торлог шилэнцрийн эмгэгт хэрхэн нөлөөлдөг бол, хараанд нөлөөлөх эрсдэл хэр байх вэ?

– Дараагийн нэг элбэг тохиолддог төрөл нь чихрийн шижингийн шалтгаант торлогийн эмгэг. Чихрийн шижин нь мэдээж системийн өвчин. Зөвхөн нүдний угийг дурандсанаар чихрийн шижингийн явц, гам дэглэм барьж байгаа эсэх, цус харвах, зүрхий шигдээс үүсэх болон бусад эрсдэлүүд хэр байгаад үнэлгээ өгөх боломжтой. Чихрийн шижингийн үед эмчилгээгээ сайн хийлгэх, эмчтэйгээ хамтран ажиллах, гам дэглэмээ сайн барьж байгаа тохиолдолд хараагаа алдах эрсдэл олон жилийн дараа тохиолдож болзошгүй. Эмчилгээгээ сайн хийлгэхгүй, гам дэглэмээ сайн бариагүй тохиолдолд 8-10 жилийн хугацаанд энэхүү эргэж буцалтгүй эмгэг өөрчлөлт гарах эрсдэлтэй.

– Манай иргэдийн дунд цусны даралт ихсэх эмгэг түгээмэл байдаг. Цусны даралт ихсэлт нь нүдэнд яаж нөлөөлдөг вэ?

-Манай орны газарзүйн барлал, хоол тэжээлийн онцлог, сүүлийн жилүүдэд хотжилт ихэссэн зэрэгтэй холбоотойгоор цусны даралт ихсэх өвчин улам залуужиж байна. Цусны даралт ихсэлтийг эмчилэхэд нүдний эмч нарын туслалцаа асар их. Цусны даралт ихсэлтийг зөв, алдаа мадаггүй оношлох нэгэн үзүүлэлт нь нүдний торлогийг дурандах. Цусны даралт ихсэлт мөн үү, түр зуурын даралт ихсэлт үү, даралт ихсэлт үүсэх гэж байна уу, аль үе шатандаа явж байна гэдгийг нарийн тодорхой хэлэх боломжтой юм. Цусны даралт ихсэлттэй удаан хугацаанд явснаар торлогийн судас бөглөрөх эрсдэл их тохиолддог. Үүнд насжилт хамаагүй. Торлогийн судас бөглөрснөөр торлог ажиллагаагүй болно. Өөрөөр хэлбэл таны нүдний нэг хэсэг ажиллагаагүй болжээ гэсэн үг. Зарим тохиолдолд хялгасан судас тасарснаас болж шилэцэр рүү цус харваж хараа алдах эрсдэлтэй.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн нүдний угийг дурандсанаар тухайн хүн маань  хуучин даралт ихсэлттэй байсан уу, жирэмснээс болсон даралт ихсэлт үү, төрөлтийн өмнөх таталтанд орох эрсдэл хэр байна вэ зэргийг тодорхойлж, яаралтай төрүүлэх үү, ямар арга хэмжээ авах вэ гэдгийг шийддэг.

-Төрөх үеийн эрсдэл нь юунаас болж үүсдэг вэ?

– Жирэмслэхээс өмнө цусны даралт хэлбэлздэг байсан ч түүнийгээ тоодоггүй, том жинтэй хүүхэд тээх, жирэмсний үед хожуу хордлогын шинж илрэх зэргээс болоод төрөхийн өмнөхөн цусны даралт огцомоор нэмэгддэг.                                                                                          

-Нүдний халдвар буюу бидний нэрэлдгээр нүдний ханиад юунаас болж үүсдэг вэ?

-Нүдний халдвар нүдний эмч нарыг залхаадаг өвчлөлийн нэг. Өвлийн улиралд гадаад орчны нөхцөл өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улам их тархаж байна. Агаар дуслаар дамждаг учраас ханиад гэж нэрлэдэг байх. Угтаа бол адино вирусээр халдварладаг халдварт өвчин. Нэг хүн уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд ойр тойрны дархлаа сул хүмүүст халдварладаг. Халдварт өвчин тул урьдчилан сэргийлэх боломжгүй. Нүдний халдвар авсан тохиолдолд хамгийн багадаа 4-5 хоног гэртээ байхгүй л бол эргэн тойрныхоо хүмүүст халдвар тараах эрсдэлтэй. Уг халдвар таны биед орсноос хойш дунджаар 7-15 хоногийн дараа илэрч гарч ирдэг. Сүүлийн үед уг өвчин ихсэж байгаатай холбоотойгоор дур мэдэн эмчлэх тохиолдол ч ихсэж байна. Хэрэв таны өрөөсөн нүд өглөө сэрэхэд аргаж, улайгаад, хавдчихсан байвал нүдний халдвар байх магадлал өндөр. Энэ тохиолдолд цаг алдалгүй эмчид хандаарай. Энэ бол халдварт өвчин шүү.  

-Нүдээ хэрхэн хамгаалах вэ, зөвлөгөө өгөөч?

– Манай улсын хувьд хүйтэн сэрүүн уур амьсгалтай, агаарын бохирдол өндөртэй. Нүд улайх, нүдэнд юм торж өвдөх, нулимс гоожих, хурц гэрэл харж чадахгүй байх зэрэг өдөрт тутамд нүдэнд илэрдэг зовиурууд олширч байна. Эдгээр нь нүдний суурь өвчлөл гадны хүчин зүйлс буюу хүйтрэлтэй холбоотойгоор сэдэрч байдаг. Нүд өөрийгөө хамгаалах чадваргүйгээс болж нүдний ханиад хүрэх эрсдэл өндөр. Хэрэв танд нүдний эмчид үзүүлэх цаг зав байхгүй бол хиймэл нулимсыг зааврын дагуу тусаах боломжтой. Энэ нь нүдний гадар хэсгийн өнгөн шарх, үрэвслийг тодорхой хэмжээнд эмчилнэ. Гэтэл үүний оронд хүмүүс судас агшаагч бүхий янз бүрийн дусаалгыг буруу хэрэглэснээс болоод өвчнөө улам бүр хүндрүүлдэг.

Эх сурвалж: “Эмчээс асууя” нэвтрүүлэг

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд