No menu items!
HomeЯрилцлагаР.Жаргалмаа: Хүүхдүүд Монгол л хамгийн муухай нь гэсэн ойлголттой өсөж байна

Р.Жаргалмаа: Хүүхдүүд Монгол л хамгийн муухай нь гэсэн ойлголттой өсөж байна

-

Монголд бүтэж байгаа юм ерөөсөө байхгүй, хамгийн муухай нь гэсэн ойлголтоор бид ирээдүйгээ өсгөж байна. Үнэндээ дэлхийг бүхэлд нь харвал тэгж хэлэх ёсгүй. Би дэлхийн улс орнуудын хамгийн хүнд хэцүү гэсэн газруудад очсон. Бангладешд эх оронгүй 1 сая хүн байна. Бид байшингүй, хашаагүй байлаа ч айлын хашаанд эсвэл нэг газар гэрээ бариад амьдарчихаж болдог. Эх орон минь юм чинь.

 Афганистан эмэгтэйчүүд “Хүүхдээ хичээлдээ явахад буудуулалгүй эргээд ирээсэй гээд залбираад үлддэг”. Харин бид “Машин сайн хараарай. Харанхуй болохоос өмнө ирээрэй” гээд үлддэг. Энэ хоёрын хооронд их ялгаа бий. Сэтгэл тайван байна гэдэг хамгийн чухал үзүүлэлт. Монгол Улс минь аз жаргалтай. Би аз жаргалтай оронд төрсөнөөрөө бахархдаг. Энд байгаа хүмүүс Монголд очвол ямар гоё юм бэ гээд хэлнэ дээ гэж боддог.

 Нобелийн шагналтан Тереза эхийн хэлсэн “Дэлхийн энх тайвны төлөө та юу хийж чадах вэ? Гэртээ хариуд гэр бүлдээ хайраа бэлэглэ” гэдэг үгэнд би дуртай. Өнөөдөр Монголын нийгмийг хараад байхад хүүхдүүд нь дураараа хүмүүжилгүй, олон толгойтой. Ээж аав нь хүүхдүүддээ хоол өгөхгүй. Аав архидаад, ээж нь гадуур зугаалаад байгаатай адилхан харагдаад байгаа. Төр гэдэг гэр бүл хэмээн энэ удаагийн ярилцлагын маань зочин маань онцолж байна.

 Ингээд уншигч танд, тусламж хэрэгтэй улс орнуудад ДЭМБ, НҮБ-ийн нэрийн өмнөөс мэргэжилтэн, зөвлөх, Монголдоо Эрүүл мэндийн төслийн мэргэжилтэн, Бие даасан зөвлөхөөр ажилласан Раднаабазарын Жаргалмаатай ярилцсанаа хүргэж байна. Таалан болгооно уу.

 Сая орчим дүрвэгсэд Кокс Базарын эргийг дүүргэсэн

-Хамгийн сүүлд Бангладеш улсад ажилласан гэсэн. Тэнд байгаа дүрвэгсэдэд тусалсан уу?

 -Миний хамгийн сүүлийн НҮБ-ын томилолт Бангладеш улс. Мяанмар Улсын лалын шашинтнууд хавчин гадуурхагдаад Бангладешийн Кокс Базар гэдэг далайн эргээр хиллэдэг газарт байрласан. Тухайн үед 700 мянга гаруй дүрвэгсэд, одоо 1 сая болсон гэж байна лээ. Кокс Базарт НҮБ-ын бүх байгууллагууд, олон улсын бусад байгууллагууд ажилладаг. Хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, цэвэр ус, эрүүл ахуйн төслүүд хэрэгжүүлнэ. Тэнд би НҮБ-ын Хүүхдийн санг төлөөлөөд Эрүүл мэндийн төсөл дээр мэргэжилтэнээр ажилласан. 

 -Танд эрүүл мэндийн асуудал тулгарсан гэсэн?

 -Бангладешт ажиллаж байхдаа хумхаа өвчин тусчихсан юм. Дотроо олон янз  байдаг. Аз болоход хамгийн хөнгөн хэлбэрийнх нь байсан. НҮБ эрүүл мэндийн  даатгалаар Сингапурт эмчлүүлээд одоо эх орондоо ирээд байна. Сая SОS олон улсын эмнэлэгт үзүүлсэн, бүх юм хэвийн байна гэсэн.

 -Дүрвэгсэдтэй ажиллах ямар байдаг вэ?

 -Бангладеш улс 140 сая хүн амтай.  Дорой буурай хөгжилтэй орон. Ариун цэвэр, эрүүл ахуй, хогны асуудал маш муу. Мяанмартай хиллэдэг Кокс Базар эрэгт амьдралын түвшин дорой. Гэтэл дээр нь нэмэгдээд Мяанмарын дүрвэгсэд гээд бүтэн 1 сая хүн ороод ирэхээр далайн эргээр битүү хүн. Ой байсан газар нь байхгүй болж, битүү хүн болчихсон. 

 НҮБ-ын болон хүмүүнлэгийн байгууллагууд бүх тусламжаа оруулна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ очно. Хүн амьдарч байгаа учраас хоол хүнсний тусламж, хувцас хунар, эрүүл ахуйн байгууламжууд, жорлон, гар угаах газар, худаг гаргах гээд бужигнасан л газар байдаг. Очоод харахад НҮБ-ын тараасан цагаан, хар, хөх өнгөтэй берзент маягийн материалаар бамбуу модонд чиг барьсан оромжнууд барьчихсан.

 Лалын шашинтнууд хүүхдийг бурхны бэлэг гэдэг учраас үр хөндүүлэх хориотой. Эрэгт байгаа хүмүүсийн 70 хувь нь хүүхэд. Зүгээр л майхан шиг оромжинд амьдардаг. Дундуур нь явахад үнэхээр аймшигтай, надад кинонд орчихсон юм шиг л санагдаж байсан. Би өмнө нь Вьетнамд, Бангладешд ажиллаж байхдаа тийм аймаар нөхцөл байдалтай хүмүүс дунд орж үзээгүй. Хүмүүсийн царай зүс, нүүрний дүр төрх ямар ч баяр баясалгүй, итгэл найдвараа алдчихсан, цөхөрсөн царайтай.

 Хүүхдүүдээ тэвэрчихсэн ээжүүд, халуун орон учраас хүүхдүүд нь нүцгэн. Тураалд орчихсон, рахиттай, ээж нар нь ч өөрсдөө туранхай. Хөхөө хөхүүлж байгааг нь харахаар сүү байгаа юм уу, үгүй юм уу гэмээр. Хүүхдүүд нь шавартай усанд тоглоод л, эрчүүд нь мод түлээгээ энд тэндээс олж ирэх гээд л яваад байна. Хүмүүнлэгийн, донорын байгууллагууд бүгд хамтарч ажилладаг.

 Лалын шашинтай орнуудын тусламж их очсон учраас зам, дэд бүтэц амьдрах оромжтой болоход нь тусална. Гэвч тэнд гэдэсний халдварт өвчин, цусан суулга, хордлогууд их гардаг. 

Дүрвэгсэд өдөр бүр завиар, машинаар, явган алхаад ирдэг

-Сая шахам хүний 70 хувь хүүхэд. Тэднийг хараад яахаа ч мэдэхгүй аав ээжүүд байна гэхээр үнэхээр аймаар юм аа?

 -Дүрвэгсэд өдөр бүр нэмэгддэг. Завиар, машинаар, явган алхаад ирнэ. Тэд нар ирээд зүгээр л зам дагуу суучихдаг. Цэвэр ус, хүнс, хувцасны тусламж явахаараа тэдэнд тараагаад явна. Майхан сав, гудас хөнжил дэвсгэр, хүүхдүүдэд нь өлгий өгөөд хэсэг хугацааны дараа тэдэнд багахан газар олгодог.

 Бангладеш тэдэнд албан ёсоор эзгүй байгаа газраа хуваарилж өгөхийг зөвшөөрч, НҮБ, олон улсын байгууллагуудтай хэлэлцэж, засаг захиргааны нэгж аймгийн удирдлагууд нь газар өгнө. Өдөрт 2 га орчим газар өгдөг. Нэг удаа 2000 акр газрыг гаргаж өгч байсан. Тэд багаж зэвсэг ашиглан бамбуу мод огтлоод, оромж барьж амьдардаг.

 -Газартай болсон хүмүүс амьдралаа өөд татах чадвартай байх юм уу, анзаарсан уу?

 -Үр хүүхдээ тэвэрчихсэн хүмүүс мэдээж бүгд л амьдрах гэж зүтгэнэ. Гэхдээ идэвхигүй хүмүүс ч харагддаг. Тэнд угаасаа хийх ажил байхгүй. Томчууд нь ихэвчлэн хоолондоо очирлоод л зогсож байдаг. Маш том газар нутаг учраас хүнс, усны цэгүүд энд тэнд байгуулагдсан. Хамгийн ойр газраа л оочерлож бүртгүүлж, нэг айлд нэг шуудай будаа, элсэн чихэр, гурил, 5л ус зэргийг өгнө.

 -Та бүхэн яг юу хийж байв?

 -Манай эрүүл мэндийн байгууллага эхэлж ирсэн дүрвэгсэдийн нэг том хуаранд эмнэлэг барьж өгч, тэр эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангасан. Маш их ажилтай. Тэнд ажиллах Бангладеш эмч, сувилагч нарыг шалгаруулж авна. Том эмнэлгээ тойруулаад 12 жижиг эрүүл мэндийн постууд байгуулсан. Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлж, эм антибиотик, хоросол зэргийг тарааж, үзлэг хийнэ. Янз бүрийн жижиг осол аваарыг эмчлэх, багахан мэс ажилбар хийдэг эмч нарын майхан шиг жижиг постууддаа шарх боох материал, түрхэх тос тараадаг.

 Компьютерийн багш маань хамгийн анх интернетээр НҮБ-ын талаар танилцуулж байлаа

-Та ямар замналаар явж байгаад НҮБ-ын олон улсад ажилладаг эмч хүн болчихсон юм бэ?

 -Би хуучнаар ЗХУ-ын Эрхүүгийн анагаахын дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр суралцаад 1995 онд төгссөн. Биднийг сурч байхад ЗХУ задраад анх компьютер гарч ирээд, оросууд дамжаанд их явж эхэлсэн. Тэр дамжаанд нь явж үзэхэд үнэхээр сонирхолтой санагдсан. Компьютерийн багш анх интернет гэж ийм байдаг юм гэж танилцуулаад эндээс ямар ч мэдээллийг авч болно гэсэн.

 Би гадаадын хүүхдийн эмч нар яаж ажилладаг юм гэж асуухад НҮБ-ын хүмүүс л их улс орнуудад очиж ажиллдаг юм даа гэсэн. Тэгээд НҮБ-ын Хүүхдийн сангийн веб сайтыг нээж өгөхөд маш сонирхолтой байсан. Тэр үед яаж ажиллах ухаанаа мэдэхгүй учраас ямар ч байсан сургуулиа амжилттай төгсөе гэж зорьсон. Сургуулиа төгсөж Монголдоо ирээд эмчээрээ ажиллан практик дээр сурахгүй бол бусад оронд ажиллаж чадахгүй гэж бодсон.

 Хүмүүнлэгийн  чиглэлээр  ажиллах бол анхан шат, яаралтай тусламж чиглэлээр явах ёстой гээд Хүүхдийн яаралтай тусламж, мэдээгүйжүүлэлтийн эмч гэдэг чиглэлээр сурч төгсөн. Үргэлжлүүлээд Эх нялхастаа Яаралтай тусламжийн тасгийн тасаг нээж, анхны стандартыг боловсруулж хэрэгжүүлэхэд оролцож байсан.

 Тэнд хүүхдийн эмчээрээ ажиллаад тэндээсээ Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар хоёр жил ажилласан. Дараа нь Яаралтай Тусламжийн чиглэлээр сургах тэтгэлэгт хөтөлбөрийн ярилцлагад орж тэнцээд Америкт 1 жил орчим практик хийсэн. Колумбын хүүхдийн эмнэлэг дээр Охояагийн их сургууль, Анагаахын сургууль түшиглээд тэнд жид шахам дадлага, сургалтаар анхны яаралтай тусламж гэж юу юм гэдэгт бүр сайн суралцсан.

 Америкийн 109 дугаарын ажиллагаанд оролцож, нисдэг тэргээр ослын газарт очиж, галын дуудлагад явж байсан. Тэгж явсаар 2000 онд Монголдоо ирэхэд ажилбэ лэн байгаагүй. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд судлаач, детимологичоор ажиллахаар хөөцөлдсөн чинь орон тоо байхгүй гээд боломж гараагүй. Тэгээд ЭХЭМҮТ-дөө гадаад харилцааны мэргэжилтэн, Хүлээн авахын эмчээр давхар ажилласан. Тэр үед Япон улсын Засгийн газрын “Залуу лидер” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан. Тэнд нь яамны мэргэжилтэнүүд эсвэл том мэргэжлийн эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүс хамрагдана гэсэн шалгуур тавьсан.

 Материалаа өгөөд сонгон шалгаруулалтад орсон. Аз болж Япончууд өөрсдөө Элчин дээрээ ирээд ярилцлага авсан. Хөтөлбөрт хамрагдах хоёр хүний нэг нь болж тэнцээд Эрүүл мэндийн удирдлага менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Магистраа төгсөөд ирэхэд ДЭМБ орчуулагч авна гэсэн. Багаас нь эхлэвэл зүгээр санагдаад орчуулагчаар ажилд орсон. Дараа нь ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эх хүүхдийн эрүүл мэндийн мэргэжилтэн ажилд авна гэж зарлахад материалаа өгч, тэнцээд 4 жил ажилласан. 

Хамгаалах хантааз 20 кг, төмөр малгай 5 кг жинтэй байсан

-Хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зогсолтгүй урагшилжээ?

 -Анхнаасаа гадаадын мэргэжилтэн болох сонирхолтой “Одоо би анкет аа өгвөл болох байх” гэж бодоод 20 гаруй байгууллагуудад анкетаа өгсөн. Тэгтэл НҮБ-ын Хүн амын санд тэнцээд Афганистанд ажиллах ярилцлагад орлоо. Тэр үед бодсон л доо. Тэнцвэл явах уу, яах вэ гэж. Тэнд мэдээж НҮБ-ын хүмүүс ажиллаж байгаа. Тэд нарын блог, санал сэтгэгдэлүүд, веб сайтаар мэдээллийг нь уншсан. Тэд нар яаж ажилладаг юм гэдгийг судалж, тэдний дундаас нэг эмэгтэйн бичсэн зүйл урам зориг өгсөн.

 Тэр “Афганистанд НҮБ-ын маш олон ажилтан ажилладаг. Гадаадын кинонууд дээр гардаг шиг өдөр бүр буудалцаад байдаггүй. АНУ-д нэг жилд замын осол, гэмт хэргийн улмаас амь эрсэдсэн хүмүүсээс хамаагүй бага хүн Афганистанд бөмбөгдөлтөд өртдөг” гэж байсан нь дайнтай улсад ажиллахад урам зориг өгсөн. Тэгээд явахаар шийдвэр гаргахад ээж минь “Миний охин тэнд очоод уул, усанд нь мөргөөрэй. Сайн яваад ирнэ ээ” гэж урам өгсөн.

 Би ерөөсөө айж санаа зовоогүй. Ингээд Кабулын олон улсын онгоцны  буудалд буухад буутай цэргүүд хүрээлчихсэн, НАТО-гийн онгоц, Оросын цэргийн онгоц, Канадын том онгоц, жижиг нисдэг тэргүүдийг харахад жаахан эвгүй санагдсан. НҮБ-ын Хүүхдийн сангаас Эх хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн чиглэлээр  мэргэжилтэнээр очиход тэнд 70 гаруй гадаад мэргэжилтэн ажиллаж байсан.

 Кабулд НҮБ-ын бүх оффисууд нэг дор байрладаг. Олон давхар хамгаалалтыг даваад очиход хэрэгтэй зүйлсийг маань хүлээлгэн өгсөн. Өөрийн гэсэн ID, үнэмлэх, бүх аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулж, холбооны аппарат өгсөн. Сумнаас хамгаалах хантааз 20 кг, төмөр малгай 5 кг жинтэй, цүнх компьютер гээд хэрэгтэй бүгдийг авсан. 

Афганистаны 250 мянган өрхийг вакцинд хамруулах шаардлагатай болсон

 -Хамгаалалтын хантааз малгайгаа өдөр болгон өмсөх үү?

 -Үгүй ээ. Ямар нэгэн осолтой байдалд орлоо гэвэл өмсөнө. Гэхдээ өмсөх шаардлага гарч байсан. Афганистан эх хүүхдийн нас баралт, эндэгдлээрээ дэлхийд тэргүүлдэг орон. Манай говь, баруун, зүүн, төв, хангай гэдэг  шиг бүсүүдэд төрөх эмнэлэг, эхийн амрах байр байгуулах гол зорилготой байсан. Тиймээс Кандагар дахь эмнэлгийг ашиглалтад оруулахаар зорьж Бадагшан, Херат, Мазар Шариф, Кабулд ажилласан.

 Кандагарт үнэхээр том буудалцаан шөнөжин болсон. Бид НҮБ-ын маш өндөр хамгаалалттай байранд байдаг ч баталгаагүй. Байрныхаа доод давхарт хоргодох байранд орсон. Тэнд бүрэн тохижуулсан номын сан дасгалын тоног төхөөрөмж,  хоол хүнсээр бүрэн хангасан байдаг. Тэндээ нөгөө хувцасаа өмсөөд ордог, зарим нь өмсөөгүй. Нарийн зохион байгуулалттай бүгд хоорондоо харилцдаг учраас өмс гэвэл өмсөнө.

 Орой бүр 19 цагт мэдээгээ өгдөг. Цаанаасаа ID дугаараар шууд орж ирээд нууц үгээрээ харилцаад “зүгээр” гэдгээ мэдэгддэг. Нэг удаа унтаж байгаад тэрийг нь өнгөрүүлчихсэн. НҮБ-ын хамгаалалтыг хариуцсан ажилтнууд ирж шалгаад “Юу болов” гээд асууж, тодруулж маш сүртэй юм болж байсан. Кандагар, Хиратад цөөхөн, Мозар Шарифт талибанчууд илүү их байсан.

 Афганистан тэр үед 60 хувь нь төр, засаг захиргаа засгийн газар нь хариуцдаг.  40 хувь нь Талибануудын мэдэлд байдаг. Зарим газар нь Талибанууд 60 хувийн эрх мэдэлтэй байсан болохоор тэр хэсэгтээ илүү түгшүүүртэй, хөдөлгөөн хориотой.

 НҮБ-ын орнуудын аюулгүй байдлын ангиллын хамгийн аюултай хэсэг болохоор жаахан хэцүү байсан. Хойшоо ОХУ-тай хиллэдэг Бадагшан, Бамянд арай гайгүй чөлөөтэй, заримдаа захаар явж болдог. НҮБ-ын афган мэргэжилтнүүдтэй Амударъяа мөрний эрэгт салхинд гаргах боломж олдсон. Амударъяа мөрөнд Чингисийн цэргүүд буудаллаж, хүчээ сэлбээд явсан гэдэг юм билээ.

 -Талибанчуудтай хэлэлцээр хийхэд өөрийн тань хувь нэмэр их байсан гэсэн?

 -Тэр нь Кандагарт болсон юм. Кандагарын Кундуз гээд  хэсгийн 250 мянган өрхийг вакцинд хамруулвал нийт Афганистаны эх хүүхдийн эндэгдэл буурч, вакцинд хамрагдалт дээшлэх юм байна. Нэг айлд 2-3 хүүхэд байдаг. Тэгээд эхний хэсэг хүмүүсийг вакцинд хамруулая гэсэн зөвшөөрөл авах хэлэлцээр хийх ёстой гэсэн даалгавартай байсан.

 Би НҮБ-ын хүүхдийн санг төлөөлж орох болсон. Манайхаар хотоос хол Ховдод гэсэн үг. Кабулд ажиллаж байсан суурин төлөөлөгч ирж амжихгүй тул би төлөөлөх болсон. НҮБ-ын 5 байгууллагын төлөөлөгч энэ зөвшөөрлийг авах ажилд томилогдож, дараагийн 7 хоногт цөмөөрөө Талибанчуудтай хэлэлцээрт орно гэсэн. Тэнд НҮБ-ын харилцааны дүрмээр хэлэлцээр явдаг. Цөмөөрөө ороод ингэж хэлнэ шүү гэж тохирсон байлаа. 

   Чингис хааныхаа буянаар 1 сая  хүүхдийн амь насыг аварсан

-Айж байсан уу?

 -Надад эхлээд гайгүй байсан. Суурин төлөөлөгч Кабулаас уулзалтад оролцоорой гэж сануулахад түгшсэн. Айх л юм даа. Тэгтэл маргааш хэлэлцээрт явна гэлээ. Олуулаа явж байгаа. Хэлэлцээр хийж байхад айлгаж ичээх юм байхгүй. Гэхдээ л юмыг яаж мэдэхэв гээд л олон юм бодсон. Талибануудын нэрийг бариад өөр хүмүүс таагүй үйлдлүүд хийгээд байсан юм билээ.

Маргааш нь яг орохын өмнө үнэхээр түшсэн. Тэгээд Арабын эртний гоёмсог байшинд ороход өөрийнхөө шашиныг хүндэлдэг нь ажиглагдсан. Гоё зассан ширээтэй танхимд ороход бүгд л айдастай, чимээгүй. Би бодохдоо ширүүн харцтай аймаар хүмүүс орж ирэх байх гэж бодож байлаа. Гэтэл гаднаас Арабын ханхүү шиг царайлаг таван залуу цав цагаан “кефия” алчуур, “гандуура” гэж нэрлэдэг урт цагаан өнгийн хувцастай ороод ирсэн.

 Нүдэнд дулаахан дүр төрхтэй хүмүүс ороод ирэхээр бага зэрэг тайвширтал нөгөөдүүл чинь “За сайн байцгаана уу. Ямар хэлээр ярих вэ. Мэдээж англиар ярих байлгүй дээ. Гэхдээ германаар ярьж болно, францаар ярьж болно” гэтэл нэг нь “Испаниар ч болно” гэсэн. Манай ахлах хариу мэндлээд хүмүүсээ, ирсэн байгууллагаа танилцуулаад зорилгоор хэлээд дуустал нэг нь “Япон уу” гээд намайг заасан. “Үгүй Монгол” гэсэн чинь “Өө, Монгол юм уу, Чингис хаан” гээд нүд нь сэргэсэн.

 Тэдний хоёр бүр илүү сонирхсон. Тэд “Монголын нууц товчоо”-г орос, англи хэл дээр уншсан. Монголын түүхийг сонирхдог гадаад хүмүүсийн бичсэн Чингис хааны тухай уншдаг гэсэн. Тэгээд англиар “Чи тэгвэл Чингис хааны охин юм уу” гээд алиалах байдлаар хэлэхэд нь “Тийм би охин нь” гэж адилхан хүний ёсоор хошин хариулт өгсөн. Тэгээд инээлдээд “Нээрээ Монгол харагдаж байна. Хятад арай өөр байдаг” гэж яриад уншсан номынхоо талаар хэсэг ярилцсан. Тэгээд “Манай Кандагарын баруун талын уулан дээр чулуун шатнууд байдаг. Чи тэнд очиж үзээрэй. Тэнд Чингисийн хаадуудтай дипломат хэлэлцээр хийдэг байсан газар шүү” гэж байсан.

 Яриа уулзалтын уур амьсгал сайхан болж биднийг дайлж цайлаад манай ахлагч “Бид өнөөдөр танай энэ хэсгийн 250 мянган өрхийг вакцинд хамруулах хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авбал бид үйл ажиллагаа явуулах болно” гэхэд “Бид нар мэдэж байгаа” гэсэн. Учир нь уулзалтын материалаа түрүүлж явуулсан байсан юм. Тэнд уур амьсгал их сайхан болсон учраас “Манай газар нутагт 0-5 насны хүүхэд хамгийн олон байдаг хэсэгт энэ жилдээ дархлаажуулалт хийхийг зөвшөөрье. Та бүхэнд зөвшөөрөл олгож, хаашаа ч нэвтрэхэд саадгүй байх болно. Амжилт хүсье” гээд уулзалт өндөрлөсөн.

 Биднийг ахалж байсан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч эмэгтэй тэнд 5-6 жил ажилласан хүн байсан болохоор маш их баярлаж, “Жаргалмаагийн хувь нэмрээр анхны уулзалтын мөсийг хагалаад ажлаа маш сайхан бүтээлээ” гэсэн. Тэгээд тэнд 250 мянган өрх. Дундажаар нэг айл 3-4 хүүхэдтэй. Тэгэхээр 1 сая  хүүхдийн амь насыг аварсан гэсэн үг. Хийхгүй байлаа гэхэд 40 хувь нь л амьд гарна шүү дээ. Тавт вакцинуудыг хийсэн. Полигийн вакцин, салхин цэцгийн тариаг 2010-2015 ондоо багтааж  хийсэн. Намайг буцсанаас хойш ч хэрэгжиж байгаа болов уу.

 -Дипломат уулзалт дахиж хийсэн үү

 -Олон ажил үргэлжлүүлж хэрэгжсэн гэж миний араас хамт ажиллаж байсан гадаад, афганистан мэргэжилтнүүд ч хэлсэн. Эхийн амаржих байрыг ашиглалтад оруулсан, эх нярайн эндэгдэл буурсан, вакцинжуулалтын хувь ихэссэн, салхин цэцэг, поли, балнад зэргээр өвдөх нь Кандагарт мэдэгдэхүйц буурсан гэсэн. Тэр эх нярайн эндэгдэл ихтэй хэсэгт анхаарахад ерөнхий үзүүлэлт буурна шүү дээ. 

Хүүхдүүд Монгол л хамгийн муухай нь гэсэн ойлголттой өсөж байна

-Тэнд байхдаа Монголынхоо амьдралтай харьцуулаад ямар мэдрэмж төрдөг байсан бэ. Монголчууд маань сайхан эх орондоо азтай, жаргалтай амьдардаг гэдгээ ойлгохгүй байгаа юм шиг санагддаг?

 -Харин тийм ээ. Мэдээ мэдээлэл, сошиалд Монголд бүтэж байгаа юм ерөөсөө байхгүй мэт бичих юм. Дандаа сайн сайхан, бүтэж байгаа юм аа мэдээлж байвал. Тэгэхгүй бол хүүхэд залуучууд “Манай Монгол л хамгийн муухай. Гадаадын бараа гоё, дотоодын бүхэн онцгүй. Монголын амьдрал хамгийн  муухай” гэсэн ойлголттой өсгөж байна. Миний хүүхдүүдэд ч тиймэрхүү зүйл анзаарагддаг. Тэр байтугай боловсролтой хүмүүс хүртэл манай улс тэрүүгээрээ хамгийн мууд ордог гэж ташаа мэдээлдэг.

 Үнэндээ дэлхийг  бүхэлд харвал тэгж хэлэх ёсгүй. Би дэлхийн улс орнуудын хамгийн хүнд хэцүү гэсэн газруудад л очсон. Бангладешд дүрвэгсэдийн дунд орж байсан. Афганистанд яг дайны дотор ороогүй, гэхдээ л тэнд орчин нь байсан. Эмнэлгүүд, өрхийн эмнэлгийн постод үйлчлүүлж байгаа хүмүүс, ажлыг нь шалгах гэж зөвөлгөө зөвлөмж, өгөх гэж техникийн  тусламж үзүүлэх гэж очно.

 Тэгэхэд  үнэхээр Монголтой харьцуулашгүй. З үгээр л наад захын жишээ Энх, тайван байдал. Түгшүүргүй дайнгүй байгаа нь сайхан. Цаашлах юм бол амьжиргаа хамаагүй дээр. Сурах, амьдрах, ажиллах, тоглох, амрах бүх эрхүүд нь байна. Эмэгтэйчүүдийн эрх хамаагүй дээгүүр байгаа. Яг шийдвэр гаргах түвшин энэ тэр л өөр ч гэлээ наад зах нь дайн байлдааны түгшүүргүй байна.

 Афганистан эмэгтэйчүүд “Хүүхдээ хичээлдээ явахад буудуулалгүй эргээд ирээсэй гээд залбираад үлддэг”. Харин бид “Машин сайн хараарай. Харанхуй болохоос өмнө ирээрэй” гээд үлддэг. Энэ хоёрын хооронд их ялгаа бий. Сэтгэл тайван байна гэдэг хамгийн чухал үзүүлэлт. Монгол Улс минь аз жаргалтай. Би аз жаргалтай оронд төрсөнөөрөө бахархдаг. Энд байгаа хүмүүс Монголд очвол ямар гоё юм бэ гээд хэлнэ дээ гэж боддог.

 -Тэр хүмүүст Монгол бол бурханы орон шиг л байна байх даа?

-Кандагарын НҮБ-ын оффист  ажиллаж байсан Хазара ажилтан маань Монгол руу би цагаачлах хүсэлтэй байдаг. Би интернэтээр Монголын амьдралын зөндөө бичлэг харсан. Би тэнд ажиллаж амьдрамаар байна. Надад тэр мэдээллийг олж өгөөч. Яаж цагаачлах вэ. Ямар хууль дүрмээр бичиг баримт бүрдүүлэх вэ, Афганистаны консул байдаг юм уу гэж асууж байсан. Би мэдээлэлээр хангаж өгсөн ч манайд тийм улсуудаас иргэн авахад асуудалтай л юм билээ.

Эх оронгүй хүн итгэл найдваргүй амьдардаг

 -Бангладешийн 1 сая дүрвэгсэд хэр  их газар нутгийг эзэлдэг вэ?

 -Бангладеш нь Бенгал гэсэн үгнээс гаралтай. Бенгал нь жунгл гэсэн үг. Далайн эрэг бүхий улс шүү дээ. Кокс Базар гэдэг хэсэгт нь өндөр газар гарч зогсоход хараа хүрэхгүй. Улаанбаатар хот шиг газар нутагт дүрвэгсэд байгаа гэсэн үг. Машинаар явж байж цаана нь хүрнэ. Мэдээж улс юм болохоор дотроо нэртэй. Кутуплоны 1, 2, Кутуплоны нэмэлт  гээ нэрлэчихсэн. Дроноор байдлыг нь шинжилж, хаана хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэнэ. Явуулын эмнэлгийн тусламж байна.

 -Хүн амьдрахын тулд яаж хичээдэг гэдгийг их харсан болов уу?

 -Зүгээр л төсөөлөөд бод доо. Эх оронгүй хүн. Эх оронгүй бол яах билээ. Бид нар байшингүй, хашаагүй байлаа ч нэг айлын хашаанд эсвэл нэг газар гэрээ бариад амьдарчихаж болдог. Эх орон минь юм чинь. Гэтэл тэнд эх оронгүй, нутаггүй хүнийг  бүртгэж авахад хүртэл хэцүү. Ямар ч улсын харьяат биш. Дотроо ангилалтай.

 Цагаач гэдэг чинь НҮБ-ын дүрвэгсэдийн байгууллалга бүртгэж авсан хүнийг хэлдэг. Гэтэл тэд цагаач ангилалдаа ч ордоггүй. Тэднийг “Мяанмарын бүртгэлгүй иргэд” гэж нэрлэдэг. Халуун орон тулдаа л хөлдөөд үхэхгүй, ил задгай унтаж хэвтэж болно. Гэхдээ бороо их орно. Маш халуун бүгчим. Тэнд ямар хэцүү байсан гэж санана. Тэр хүмүүсийн дунд явахад шавар шавхай юу ч биш.

 Бүгчим халуунд далайн чийглэг агаар хамаг хөлс шавхдаг. Нэг өдөр явахад л би 5 кг хассан байсан. Туршлагүйтээд их ус авч яваагүй учраас шингэн алдалтад ороод өөрсөддөө  орой нь шингэн нөхөх арга хэмжээ авсан. Тэдэнд тусламж тараагаад үнэлэх гэхээр тодорхойгүй хүмүүс учраас тооцоолж тоолоход заавал газар дээр нь очиж оролцох болдог. Яг хаана тусламж хэрэгтэйг бодит байдал дээр нь хуваарилдаг. НҮБ-ын бүх байгууллагуудаас гадна бусад олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд нэгдээд нэг кластер гэдэг юм. Эрүүл мэндийн баг хэн нь хаана ву хийж байна гэдэг уялдуулах зохицуулалт хийж, тэр ажилд нилээн оролцсон. 

 -Нутаггүй, амьдрах орчин хэцүү болохоор тэр хүмүүсийн нүдийг харах хэцүү биз?

 -Аймаар шүү дээ. Мэдээж онцгой байдал үүссэн тэр хүмүүсийг арай гайгүй байр оромж босгоход нь туслаад харилцахад арай амар. Орон сууцжуулах ажлын хэсгийн баг жорлон барьж, нэг хэсэг нь НҮБ-ын Хүн амын сангаас Хүүхэд хамгаалах байрыг барьж, тоглоом сурах бичгээр хангасан байрууд бий болгосон. Хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд, хүүхэд нь хоол тэжээлийн дутагдалтай тураалд орчихсон. Төөрсөн хүүхэд ч зөндөө.

 Нэг удаа ганцаараа уйлж зогсох хүү таарсан. Гэтэл 7 настай тэр хүүгийн аав нь Мяанмарт нүдэн дээр нь алагдчихсан. Ээж эгч хоёр нь хамт ирээд өвчний улмаас нас барчихсан. Ганцаараа хаачихаа мэдэхгүй зогсож байсан юм билээ. Тэр хэсгийг хариуцсан НҮБ-ын байгууллагад хүлээлгэж өгөөд хүүхдийг хамгаалалтад авсан. Машинтайгаа  явж байхад зам дагуу хүүхдүүд шавар шавхай дотор тоглоод, оромжууд нь халуунд сөхөөтэй. Халуунд амьсгаадчихсан хүүхдүүд нь цээж нь оволзоод л унтаж байдаг.

 Тоглож байгаа хүүхдүүдийг хараад инээмсэглээд “Hi” гээд мэндлэхэд тэд үл итгэсэн, хүүхэд биш харцаар харж байсан. Эрчүүд нь бүр зовлон шаналалд автчихсан зүс царайтай, итгэл найдвар, ирээдүйгүй байдалд амьдарч байсан.

Дэлхийд Монгол хүмүүсийн чадварыг маш сайн үнэлдэг

-Монголд янз бүрийн муу муухай мэдээлэл гарахад ядуугаас боллоо л гээд байдаг. Тэнд гэмт хэрэг хэр гардаг байв?

 -Зодоон цохион хааяа гардаг. Гэмт хэрэг ёстой дуулддаггүй. Лалын шашинтай болохоор тийм байх. Манай гадаад ажилтнууд ч тэгж дүгнэдэг байсан. Бангладешийн цагдаа 100 метр тутамд байна. Архидалт огт байхгүй. Эрүүл ухаанаараа гэсэн үг. Тэдний нэг сонсогдсон юм нь өөрсөдөө нэг өвс түүгээд татдаг гэсэн. Гэхдээ маш бага хувьтай. Хүмүүнлэгийн байгууллагууд сүм хийдийг нь барьж Тэр нь тайвшруулж сэтгэлийг нь засдаг байсан гэж боддог юм. Мөн сэтгэл зүйн зөвөлгөө өгөх багууд ажилладаг байсан.

 -Дэлхийн улс орнуудад очиход Монгол хүний чадал чансаа хэр үнэлэгддэг юм бэ?

 -Энэ дээр ам бардам нэг юм хэлмээр санагддаг. Тэнд Монгол хүмүүсийн чадварыг маш сайн үнэлдэг. Олон улсын байгууллагууд,  хамтарч ажилласан хүмүүсийн амнаас сонссоноо л хэлж байна. Монгол гэхээр мэдэхгүй ганц нэг хүн байдаг ч сөрөг биш эерэг ойлголттой. Тухайн орны ард түмэн ч тэр, хамтарч ажиллаж байсан хүмүүс ч адилхан.

 Тухайлбал, Бангладешд холерийн вакциний нийлэлт хийх гээд байх үеэр НҮБ-ын Женевээс ирсэн мэргэжилтнүүд “Манайд Сэлэнгэ байгаа. Сэлэнгэ миний найз” гэсэн. Нэг бангладеш залуу “Би өмнө нь НҮБ-ын хар тамхитай тэмцэх байгууллагад ажилладаг байхад миний босс Нараа гэдэг Монгол эмэгтэй байсан” гэсэн. Афганистанд UNDP Хөгжлийн хөтөлбөрийн нэг нигер залуу “Надтай Монгол хүн ажиллаж байсан” гэсэн. Хамгийн гол нь ихэнх нь эмэгтэйчүүд. 

Одоо НҮБ-ын Нью Йоркийн төвүүдэд Монголчууд зөндөө л ажиллаж байна.  Миний бахархдаг ДЭМБ-д 20 иод жил ажилласан Баярсайхан гээд хүн бий. Одоо НҮБ-ийн Хүүхдийн санд суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа.

Монголд хэзээ ч архаг тураалд орж хүн үхээгүй

-Ер нь харсан үзсэндээ хямарч, уйлмаар үе байсан уу?

 -НҮБ-ын шугамаар Вьетнам, Казахстан, Узбекстан, Таджикстан, Афганистан, Бангладешт очиж байсан. Бангладешт дүрвэгсэдийн хуаран бол гамшиг. Тэгэхэд аав нь нүдэн дээр нь алагдчихсан, ээж эгчийгээ алдчихсан. Гарт байгаа хэдэн хувцаснаас өөр юу ч үгүй тэр хүү. Тэр хүү цаанаасаа гомдчихсон. Афганистанд ч тэр. Тураалд орчихсон, яс арьс болчихсон хүүхэд хараад яана даа гэж бодохоор л хэнд ч юм гомдоод уйлж байсан. Монголд хэзээ ч архаг тураалд орж хүн үхээгүй. Тураалд орсон хүүүхэд байхгүй шүү дээ.

 -Хүний амьдрал хормын зуур. Ихийг харах тусам амьдралыг илүү их үнэлдэг болсон болов уу?

 -Тийм. Бахархдаг юм. Хичнээн хүнд хэцүү зүйлийг харж байгаа ч гэсэн хүн болж төрснийх өөртөө таарсан буян хийж байна гэж боддог. Энэ нь эмч болсоны минь буян. Манайд Монгол хүүхдийг эмчлэх эмч хангаллттай байгаа. Тэгэхэээр яг хүрч ажиллах, тусламж хүрдэггүй газар хүрч ажилласандаа буян гэж боддог.

 -Хүмүүс хэзээ нэгэн цагт, гэнэт л бүх юм гоё сайхан болох юм шиг, амьдрал дуусашгүй мөнх мэт хандах юм?

 -Афганистанд анх очиход намайг тосож байсан жолооч “Одоо нэг зөвлөх ирж байгаа. Та хоёрыг хамт аваад явья. Онгоц нь 30 минутын дараа ирнэ. Та хүлээчих тэгэх үү” гэсэн. Би мэдээж хүлээж л таарна. Оффис хүртэл зам хол. Тэгээд хүлээж байтал нэг африк эрэгтэй ирсэн. Түүнтэй танилцаад зэрэгцэж суугаад оффистоо очиж, мэнд устай болцгоосон.

 Тэр хоёр сарын хугацаатай л ирсэн гээд ярьж байсан. Тэгтэл намайг Бамяанд байхад тэр Этиоп хүн бөмбөгдөлтөнд өртөөд нас барчихсан байсан. Тэгэхээр их сонин, хэцүү санагдаж байсан. Зүв зүгээр зэрэгцэж суугаад ярилцаад, ажил мэргэжилээрээ санал солилцоод явж байсан хүн нутаг буцахгүй болчихсон гэхээр аймаар. 

 Амьдрал гэдэг үнэхээр хормын төдий зүйл. Намайг маш сайн ажилласан гээд гэрээний 2 жил дуусахад дахиад сунгах уу гэж асуусан. Үндсэн ажилтан 2 жил ажиллаад гэрээгээ 2 жилээр сунгадаг. Эсвэл өөр газар луу  ажиллах хүсэлтээ өгөхдөө ахиад шалгаруулалтад орно. Намайг бүр Кандагарын ахлахаар үлдэх үү гэж асууж байсан. Гэхдээ тийм газар 2 жилээс илүү байвал сэтгэл зүйн хувьд тогтворгүй болох юм билээ. Ямартаа ч, би чөлөөт цагаар усанд сэлж стрессээ тайлдаг байсан.

Гадаадад ажиллах болохоор тэнцээд, Монголдоо ажилд орж чаддагүй

 -Дуулах уу?

 Дуулалгүй яахав. С.Жавхлангийн “Монголын үнэртэй салхи”-ийг их сонсдог. Их сайхан ч болдог байсан.

 -Гадаадад Монголчууд өндрөөр үнэлэгдээд байдаг. Гэтэл яагаад эх орондоо үнэлэгддэгүй юм болоо?

 -Монголд надад их хэцүү. Би яаманд, НЭМХ-д ажилд орох гэж оролдсон. Орон тоогүй гээд бүтээгүй. Гадаадад ажиллах болохоор тэнцээд байдаг. Дэлхийн олон улсын иргэд материалаа өгч байгаа шүү дээ. Ярилцлагад орох цагийг зарлаад Нью-Йорк, Женевээс зэрэг холбогдож ярилцлагаа авдаг.

 Харилцааны өндөр соёл, мэргэжлийн ур чадвар, хэлний түвшинг харна. Үнэхээр хүнд, сандарна. Ярилцлага хийхдээ ирээдүйг биш өнгөрсөн он цагаас асуудаг. Тухайлбал, даргатайгаа ам зөрж байсан уу, тэгээд энэ асуудлыг яаж засаж залруулсан бэ гэж асууна. Бүтэн цагийн ярилцлага, бичгийн шалгалт 45 минут. Шалгалтын тест авсан цагаас тооцно. Тэнцдэг.

 Монголд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн. Хоёр ч өгсөн. Би хуулиудыг,  Эрүүл мэндийнхийг бүр сайн мэднэ.  Тэнцэхэд эмчийн ажил бол байна гэдэг. Гэхдээ би өөрийн чадвараа мэднэ. Салбартаа гадаад харилцаа хариуцах эсвэл  судлаач хиймээр байна. Одоо эрүүл мэндийн технологи, инноваци маш эрчимтэй хөгжиж байна. Хиймэл оюун ухаан, генетикийн судалгаа, үүдэл эсийн  талаар дэлхий ярьж байна. Хэдхэн хоногийн өмнө хавдрын эсрэг вакцин нээчихлээ. Би дандаа шинэ мэдээлэл авдаг өөрийн сувагтай. Тийм байтал ажилд авдаггүй.

 -Энэ бүхэн юутай холбоотой гэж хардаг вэ?

 -Мэдээж нэгд шударга биш. Шударга байна гэдэг бүх юмны эх. Хуулиа зөв мөрддөг шударгаар хүмүүсээ шалгаж авдаг байх хэрэгтэй. Шударгаар өрсөлдөж сонгон шалгаруулалт хийх боломж олгооч. Тэр үед л лав олдоогүй.

 Л.Энх-Амгалан гишүүнд эрүүл мэндийн ерөнхий стратеги төлөвлөгөөний санаа гаргаж өгсөн

 -Тэр үе гэдэг нь?

 2005-2015 он. Би гэхдээ боломж гарвал Монголынхоо эрүүл мэнлийн салбарыг өөрчлөх шинэчлэхэд хувь нэмрээ оруулах юмсан гэж хүсдэг. Би чинь олон улсын туршлагыг мэдэх учраас юу хийхийг харж байна. Наад захын жишээ, эмнэлэг маш их ачаалалтай. Хүн болгон судас тариа хий, эмнэлэгт хэвтэж байж эдгэх юм шиг боддог. Гэтэл анхан шатны тусламж үйлчилгээ муу байгаатай энэ нь холбоотой. Одооноос хүн рүү, гэр бүл рүү чиглэсэн зөвлөмжүүдийг хүргэхсэн.

 Монголдоо тохирсон жоохон ч гэсэн дэвшил болох юм хийхсэн гэж боддог болохоор бодлого шийдвэр гаргах хэмжээний байгууллагуулад ажиллахыг л хүснэ. Тэгээд афганистанаас ирлээ ажиллаж үзэх гэтэл орон тоо байхгүй гээд ажил олдоогүй. Дүүрэгт ажиллахыг санал болгосон. Тийм сонирхол байгаагүй учраас сүүлдээ ч больсон.

 Гэхдээ УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгаланд эрүүл мэндийн ерөнхий стратеги төлөвлөгөөний санаа гаргаж өгсөн. Тэрнээс Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиндаа оруулсан байна лээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч нар дүүрэг, хороон дээр юу хийх вэ гэж асуусан. Дүүргүүд дээр нийтийн биеийн тамирыг дэмжих ногоон байгууламж хэрэгтэй. Ахмадууд ядаж алхдаг байх орчин хэрэгтэй гэсэн. Ер нь энэ нийгмийн орчин, дуу чимээ, хөрсний бохирдол, тээвэр хүртэл стресс үүсгэж хүний сэтгэцэд нөөлөлж байна.

 -Яаж?

 -Тээвэр аюулгүй зорьсон газарт хүргэх ёстой. Гудамж гэрэлтэй байх ёстой. Хүүхэд гүйж яваад ёрдгор төмөрөнд хөл гараа гэмтээх ёсгүй. Гэртээ ээлгүй орчин бүрдүүлж байна. Жирэмсэн үед нь бэлддэг эмч нар гадаадад байдаг. Тэд гэрийн бүх юмаа хэсэг зуур ээлтэй болгож, тавилгаа намасгаж, хаалганы чимээнд хүртэл анхаардаг. Гэтэл манайд халуун тогоонд хүүхдүүд өртөж байна.     

 -Жилд дундажаар 2500 хүүхэд халуун тогоонд түлэгдсэн гэх статистик байна?

 -Гар хөлөө түлэх нь хүүхдийн сэтгэцэд нөлөөлнө. Тэрнээс болж амиа хорлосон охидууд байгаа. Сэтгэлийн тэнхээ чухал ч аймаар түлэгдсэн гар хөлтэй хүнтэй хүн үерхэхгүй гээд сэтгэцэд нь трама буюу гэмтэл болоод үлдчихдэг. Тэр нь нийгэмд мэдэгдэхгүй, харахад зүв зүгээр. Мөн аав нь ээжийг нь зодохыг харсан хүүхдийн сэтгэц гэмтэж байдаг. Тэрийг хэн ч мэдэхгүй, хожим амьдрал дээр нь  гарч ирдэг.

 Ажил дээрээ харилцааны бэрхшээлтэй болох зэргээр нөлөөлдөг учраас нийгмээрээ засагдахгүй бол бидний хүүхдүүд тийм л орчин харилцааг харж  өснө. Нийгэм бохирлогдож байна. Тиймээс би сэтгэц талын зөвөлгөө өгч байна. Хотын аюулгүй байдал, агаарын бохирдол зөндөө ярьж байгаа. Гэхдээ бүхнийг гэр доторх харилцаанаас л эхлэх ёстой байгаа юм. Миний мэдэх нэг залуу гэрийн гаднаа түлээгүй байж, Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуульд санаа зовоодя ярьж байхыг хараад инээд хүрээд байсан.

 Технологийн хөгжлөөс болоод сэтгэцийн өөрчлөлт их боллоо

-Сэтгэц гэмтэх талаар тодруулвал?

 -Сэтгэцийн эрүүл мэнд гээд маш том салбар байна. ДЭМБ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарч байна. Дэлхий даяараа техник технологи, үйлдвэрлэлийн хөгжлөөсөө болоод сэтгэцийн өөрчлөлт их болж байна. Тиймээс Сэтгэцийн эрүүл мэндийг тусгайлан анхаарч Сэтгэц хамгаалах өдөр, стрессээс хамгаалах өдөр гэж гаргалаа. Сэтгэцийн асуудлыг одоо л манайд анхаарч байна.

 Сэтгэцийн эмч нар цөөн байна. Сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг нь бага байна. Байгаа нь үнэн зөв сэтгэл зүйн зөвөлгөө өгч байна уу.  Зурагтаар сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг нэг эмэгтэй байгаа. Тэр “Эмэгтэй хүнийг найз залуугийнхаа хөлийг очиж угааж өг. Үнсэж өг” гээд түүний сонгосон үг хэллэг нь хэвийн биш. Энэ асуудлыг бодлогоор нь боловсруулах хэрэгтэй. Бага насны хүүхдийн сэтгэл зүй ямар байх юм, зөвлөмж нь өөр. Дунд ангийнхан ямар байх юм. Дунд анги дотроо охид, хөвгүүд өөр. Эмнэлэгт өөр.

 Хүүхдийг янз бүрийн мэдээллээр тархийг нь дүүргээд байна. Түүний оронд өөрийгөө хамгаалах, биеийн юм ирвэл ингэнэ, бэлгийн харьцаанд эрт орж болохгүй гэх зэргээр сэдэв бүрийг нэг л хуудас болгоод, багшийг нь сайн бэлдэд өгөх хэрэгтэй. Манайд бүх систем нь хоорондоо уялдаагүй. Сүүлийн үед энэ талаар яриад байгаа ч хэзээ ч бүтэхгүй.

 Нэг яамны нөхөр ажлаа хийгээд л байна. Нөгөөх нь бас хийгээд л байна. Хамтарна гэсэн гэрээтэй бол аргагүй уулзана. Уулзаад ажил нь нэгдэхгүй. Дунд нь хамтын ажлаа эвлүүлэх гэж нэг нь зовно. Хамт суугаад миний талаас энэ, чиний талаас энэ гээд нэгдсэн нэг зүг рүү хармаар байна.

 Тэрнээс болоод сэтгэл зүй, сэтгэцийг анхаарахгүй байна. Дунд сургуулийн 15 настай охины зургийг фотошопоор настай хүнтэй нэг оронд байгаагаар эвлүүлж тарааснаас болоод тэр хүүхэд сургуулиасаа гарч, дараа нь Сэтгэцийн эрүүл мэндэд очсон. Дараа нь яасныг мэдээгүй л байна. Сургуулиудад сэтгэлзүйч хэрэгтэй байна. Иогийг дунд сургууль дээр зааж болно шүү дээ.

 Ядаж л урт амьсгал гээд. Би хүүдээ урт, зөв амьсгал гэдэг. Ямар ч үед тэр өөрийгөө хянаж сурч байна гэсэн үг. Ийм л энгийн юмнуудыг НҮБ ярьдаг болсон. НҮБ бидэнд “Та нар тайлангаа өгөхдөө албан үгээр биш, энгийн үгээр бичиж өг” гэдэг. Тэгэхээр гэртээ байгаа юмнуудаа ч энгийн болгох хэрэгтэй. Монгол гэрт янз бүрийн тавилга байлгалгүй битүү хивс дэвсээд тавилгагүй хэсэг амьдраад үз л дээ. Зуухаа л хашаалаад хамгаалчих. Хүүхдээ том болтол хэсэг ингэж байхад яах ч үгүй. Орцондоо байгаа цаасыг ч авчихмаар байна.

 Одоо л эхлэхгүй бол бид сүйрэх нь. Наад захын шүлс, нус, цэрээ хаях нь бүүр дэндлээ. Дээр үеийн Соёлын хувьсгал шиг зүйлийг хийх цаг болсон. Технолгийн хөгжлийг дагаж буй бага насны хүүхдүүдийг утсаар оролдож болохгүй гэж булаах хэрэггүй. Хоригловол бусад орны хүүхдүүдээс хоцорчихно. Гол нь цагийн болон үзэх харах сувгийг нь хязгаартай болгочих. 

 Хүүхдийг өөрөө муу, сайныг ялгаж сурахад сургах хэрэгтэй. Хэт их хориод байвал зориггүй болчихно. Үгүй гэж хэлж чаддаг, муу сайныг ялгадаг болгоод л өсгөчихөд болно.

 Өнөөдөр Монголын нийгмийг хараад байхад хүүхдүүд нь дураараа хүмүүжилгүй, олон толгойтой.  Ээж аав нь хүүхдүүддээ хоол өгөхгүй. Аав архидаад, ээж нь гадуур зугаалаад байгаатай адилхан харагдаад байгаа. Төр гэдэг гэр бүл. Боловсруулж байгаа заавар журам нь энгийн баймаар байна.

 ДЭМБ  -ийн Харвардын зөвлөмж маш энгийн. Үнэндээ надад гэр бүлээ сайн авч яваа аав мундаг. Хүүхдээ машинд зөв суулгаад арын суудалд бүслээд явж байвал илүү мундаг. Гэр бүлээ зөв сайн удирдаж байж төр улсаа захирна. Монголын хуучны үгнүүд байгаа шүү дээ. Эхлээд гэрээ зас дараа нь төрөө зас. Сайн сайхан юмнууд байна. Хүүхдүүд илүү их сэтгэдэг, өөрийнхөөрөө болсон байна.

 Гадаад хэл, мэргэжилдээ сайн, өндөр ёс суртахуунтай байхыг дэлхий шаардаж байна

-Дэлхий хэмжээнд ажиллахыг хүсдэг залуучууд олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Хувь хүн юун дээрээ анхаарах вэ?

 -Дэлхийн хэмжээнд ажиллахад Монгол хүний чадвар хэзээ ч гологдохгүй. Хамгийн түрүүнд хэлний шаардлага хангах хэрэгтэй. Одоо хэл сурах боломж өргөн болчихсон. Тэгэхээр залуу хүмүүст захиахад НҮБ-ын зургаан хэлийг сурах. Англи, орос, франц, испани их хэрэглэгддэг. Чихэвч зүүгээд хөгжим сонсож явахаар Youtube –ээс англи хэлний хичээлүүдийг хуулж аваад сонсох хэрэгтэй.

 Маш сайн, том сургуулиудын хичээлийг татаж аваад чихээ дасгах, эсвэл англи хэлээр ярьдаг клубүүдэд очих. Англи хэлээр кино үзэх хэрэгтэй. Зүгээр л жишээ. Сайн хэлний курсүүд байгаа өөрсдөө хичээх хэрэгтэй. Мөн өөрийнхөө сурч байгаа чиглэлээр сургуулийн программаас давсан хичээлээ үз. Англи хэлтэй л бол одоо интернэтээс ямар л бол ямар мэдээллийг авч болж байна.

 Мэдэхгүй зүйлээ үгээр нь тэмдэглэж аваад хуулж бичихэд ой тогтоолтод их сайн. Хадгалагдаж үлддэг. Би өдөрт нэг хуудас хуулдаг байсан. Сонирхуулахад, хүүхдийг  аль болох багаас нь хэл сургах хэрэгтэй. Заавал 6 наснаас нь гэдэг. Тэр тийм биш. Хүүхэд бага байх тусам хэд хэдэн хэлийг сурах чадвартай байдаг.

 Мэргэжлийн чиглэлийн хичээлээ бичихэд их сайхан тогтдог. Үг цээжилж биш, өгүүлбэр цээжилж гадаад хэлийг сур. Ажлынхаа хажуугаар, амралтаар 1 сар ч гэсэн гадаад явж үз. Энэтхэг, филиппин ч юм уу очих хэрэгтэй. Хамгийн цэвэрхэн англиар ярьдаг Азийн улс бол Филиппин. Сингапур явж болно. Бага зэрэг өртөг өндөр л  дөө. Тухайн сурч байгаа хэлнийхээ орчинд ядаж нэг сар амрах, ажиллах нь хамаагүй явж үзэх хэрэгтэй. Энэ маш чухал. Амьдралд хэрэглэж байж хэл хоногшино.

 НҮБ-ийн залуу оюутнуудад зориулсан эсвэл дөнгөж төгссөн, 1-2 жил ажилласан залуучуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр байдаг. Цалингүй сайн дурынх ч бий. Сайн дурын олон улсын байгууллагуудыг судлаад дайн байлдаангүй бүс нутагт нийгмийн ажилд хамрагдаж болно. Дэлхийн хэмжээний томоохон мэргэжлийн сургуулиудын твиттер, фейсбүүкийг дагаж, мэдээлэл авч байх хэрэгтэй. Зааж байгаа юмыг нь харж болно.

 Тэр сургуулиудын хичээл онлайнаар байдаг. Ядаж 20 слайд байгаа. Товч бичсэн байдаг ч тэрийг нь орчуулаад өөртөө, сурахдаа ашиглах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Ёс суртахуун, харилцаа их чухал. “Өөрийн эрх хүний эрхээр хязгаарлагддаг” гэдгийг мэддэг харилцааны өндөр соёлтой байх хэрэгтэй. Хүнд туслах нинжин сэтгэл, хүнлэг чанартай байх хэрэгтэй.

 Хүнлэг чанар маш чухал.  Багаар ажилладаг болохоор өөрт байгаагаа нууж болохгүй. Манайд тийм асуудал зөндөө л байгаа. Өөрөө л ганцаараа баатар болох гээд байвал хэзээ ч тэнцэхгүй. Хэрвээ НҮБ-д ажиллаж байхдаа нэг и-мэйл нуучихсан бол шууд халагдана. Ахиж хэзээ ч сонгогдохгүй. Яагаад гэвэл бүгд хоорондоо холбоотой учраас  танайд тэр ажиллаж байсан байна. Тэр ямар байсан бэ гээд л асууна. Хүнийг мөрддөг юм шиг судалдаг. Тэгэхээр дахин хэзээ ч шансгүй.

 Твиттер дээр саяхан байсан даа. “Францад маш сайн сургууль төгссөн нэг эмэгтэй анх очоод метронд хаалтыг нь даваад үнэгүй зорччихсон. Дараа нь дахиад бас үнэгүй явчихсан. Сургуулиа төгсөөд ажилд орох гэсэн хаана ч аваагүй. SV-гээ олон газар өгөөд болдоггүй. Тэгтэл “Чи үнэнч бишээр нийтийн тээвэр ашигласан. Эхний удаа өөр орноос ирсэн, манай орны дүрэм журмыг мэдэхгүй байж болох ч дараа нь дахин зөрчсөн. Чи ийм болохоор тэнцэхгүй. Цаашдаа ч тэнцэхгүй байх” гэсэн хариулт авч нэг ёсондоо Франц улс хаалгаа хаасан гэсэн үг.

 Үнэндээ одоо бүх дэлхий цахимжиж, камержсан байна. Бидний бүх мэдээллүүд дэлхийгээр тарж байгаа энэ цаг үед үг үйлдэлээ хянаж, намайг хүн харж байгаа гэсэн утгаар өөртөө итгэлтэй, үнэнч шударга л байх хэрэгтэй. Дүгнэвэл, гадаад хэл, мэргэжилдээ сайн байх хэрэгтэй. Хамгийн гол нь өндөр ёс суртахуунтай байх хэрэгтэй. Энэ дотор үнэнч зан, хүнлэг чанар нь орчихно доо.

 -Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын тань ажил үйлс, зорьсон бүхэнд амжилт хүсье.

Ярилцсан: П.Нарандэлгэр

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд