No menu items!
HomeЭрүүл мэндО.Урандэлгэр: Өглөөний цайндаа ядаж хярам ууж хэвших хэрэгтэй

О.Урандэлгэр: Өглөөний цайндаа ядаж хярам ууж хэвших хэрэгтэй

-

Улсын гуравдугаар эмнэлгийн хоол үйлдвэрлэлийн албаны дарга О.Урандэлгэртэй зөв хооллолтын талаар ярилцлаа.

-Улиралдаа тохируулан хэрхэн зөв хоол­лох вэ?  

-Бидний өвчлөх гол шалтгаан нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаас маш их шалтгаалдаг. Иргэд  нүүрс ус их хэрэглэж байна, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа газтай ундааны хэрэглээ замбараагүй болсон.  Мөн иргэдийн ихэнх нь хэт туйлширч байна.  Жишээлбэл, өөх, мах идэхгүй байх тохиолдол  олширсон. 

Монголчуудын хооллолтын онцлог гэж бий. Тиймээс  биеийнхээ  онцлогт тохируулан өөх мах тодорхой хэмжээгээр хэрэглэдэг монголчууд  энерги, эрч хүчээ мах, сүүнээс авна. Би турах гэж байгаа, эмч мах битгий идээрэй гэсэн гэж туйлширч болохгүй.

Зах зээлд шилжих үед эрүүл, эрүүл бус нь үл мэдэгдэх замбараагүй хүнсний бүтээгдэхүүн их орж ирсэн. Тухайн үед түүнийг төр зохицуулж өгөөгүй, замбараагүй хооллосноос болж өнөөдрийн ахимаг насны хүмүүс суурь өвчин ихтэй болсон байна.  Сүүлийн жилүүдэд эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс өссөн.

Би соц нийгмийн үед ажиллаж байсан. Арай өнөөдрийнх шиг байгаагүй. Эмнэлгээр үйлчлүүлэх иргэдийн тоо маш цөөн байдаг байлаа. Одоо бол жилийн дөрвөн улиралд оочер дугаар ихтэй байна. Амьдралын буруу хэвшил, тэр дундаа буруу хооллолтоос болж өвчний боол болж байгаа гэж хэлнэ. Монгол Улсын Эрүүл мэндийн салбар эмчлэх гээд ч  дийлэхгүй байна шүү дээ. 

-Өглөө өлөн дээрээ өтгөн кофе, цай уух нь хэр оновчтой вэ. Өглөө ер нь ямар хоол зохимжтой вэ?

-Кофе гэдэг маань европ хүний биеийн онцлогт тохирсон ундаа. Бидний уламжлалт идээ ундаа бол сүү цагаан идээ. Дээр дурдсан амьдралын буруу хэв маягаас болж орой унтаж, өглөө цагаа тулган босдогоос болж өглөөний цай уух хүн ховор болсон.

Ядаж хярам ууж хэвших хэрэгтэй. Өглөөний цайндаа болж өгвөл нарийн ногоогоо жигнэж идэх, овъёос, будаа, сүүтэй будаа, каш зэргийг идэх хэрэгтэй. Хоосон ходоодон дээр өтгөн кофе уухаар ходоодны хананд юу болж үлдэх нь тодорхой, хоол гэхээсээ илүү хор болно.  

Өглөөний  цай уусан хүн тухайн өдрөө сэтгэл өөдрөг байж,  тэр энергиэр эрч хүч авдаг. Мөн хөц, гурвалжин, шар, няцалсан будаа буюу геркулес зэрэг нь өглөө идэхэд маш зохимжтой гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг.  

Учир нь эдгээр будаанууд шөнөжин бидний биед өтгөн болон хуримтлагдсан муу зүйлийг хөөж гаргадаг. Зарим хүмүүс овъёос, няцалсан будаа зэргийг тараг болон сүүнд шууд хольж иддэг. Энэ нь маш буруу.  

Угаасаа эдгээр бүтээгдэхүүнд ямар ч халуун боловсруулалт хийгээгүй. Иймд заавал болгож идэх хэрэгтэй. Ер нь бол өглөөний цай ууж хэвших нь маш чухал. Хүн  өдөрт авах ёстой хоолныхоо 25 хувийг өглөө, 11.00 цагийн орчимд 15 хувийг,  өдрийн хоолноос хамгийн их буюу 30 хувийг, орой хоолноос үлдсэн 15 хувийг авах ёстой.

Уг нь хүн болгон мэддэг хэрнээ дадал, зуршил болгож амьдралдаа хэрэгжүүлж чадахгүй байна. Нөгөө талаасаа нарийн ногоо бусад энгийн ногоотой харьцуулахад арай үнэтэй учраас иргэд авч чадахгүй тохиолдол  их байдаг.

-Ус уухын ач холбогдол  юу вэ. Хоол идэхэд хэзээ нь ус уухад зохимжтой вэ. Усыг  ааруул, нимбэгтэй уух нь зөв үү?

-Хоол идэхдээ  ус уух нь маш буруу. Хүний ходоод зангидсан гар шиг жижиг байдаг. Тиймээс хоол идэхдээ ус, цай уух нь зохимжгүй. Ийм учраас хоол идэхээс 30 минутын өмнө ходоодоо  бэлдэж ус ууна. Ингэснээр уусан ус маань тодорхой хэмжээгээр шингэж хоол идэхэд ходоод бэлтгэгдэнэ гэсэн үг.

Мөн хоол идсэнээс хойш 30 минутын дараа ус уух хэрэгтэй. Ходоодны хүчил ихтэй буюу цээж нь хорсдог хүмүүс ааруултай усыг ууж болохгүй. Яагаад гэхээр ааруул өөрөө хүчиллэг ихтэй учраас ходоодны хүчлийг  улам ихэсгэдэг.

Ер нь ааруул, ээзгийтэй ус нь элэг цэвэрлэдэг. Харин ходоодны хүчил багатай хүмүүс жорыг нь тааруулж буюу нэг өдөр өнжиж уувал үр дүнтэй. Мөн ааруултай усыг өвөл хаврын цагт уувал илүү тохиромжтой. Нимбэг ааруултай адил хүчиллэг ихтэй, харин нимбэгийг зуны улиралд уух нь зохимжтой.

Ногоон цай хоол боловсруулах, хоол шингээх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан биеэс хэрэггүй хорт бодисыг хөөж гаргах ид шидтэй байдаг. Сүүлийн үед “Их тайга” компани ногоон цай үйлдвэрлэх болсон. Ер нь аль болох Монголд үйлдвэрлэсэн хүнсний бү­тээгдэхүүн хэрэглэж,  импортын бараа бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. 

-Хүүхдийн зөв хооллолт гэж юу вэ. Хүүхдэд уламжлалт хоол зохимж­той юу,  өөр төрлийн зутан шөл, та­хиа, гахай зэрэг нь  зохимжтой  юу?

-Манай эцэг эхчүүд Ерөнхий боловсролын сургуулийн  үдийн хоолонд  их найддаг болсон. ЕБС-ийн “Үдийн цай” хөтөлбөрийн  хоолыг харахад мөнгөний хойноос хөөцөлдсөн, хүүхдийн биед ашиг тус болохгүй хүнсний бүтээгдэхүүн өгч байгаа  харагддаг.  Тухайн хоол нь хаана, хэзээ үйлдвэрлэсэн эрүүл ахуйн шаардлага хэрхэн хангасан нь мэдэгдэхгүй байдаг.

Өндөр хөгжилтэй гадаадын улс, оронд хүүхдэд  багаас нь хүнсний бүтээгдэхүүнийг хүний биед хэрхэн нөлөөлөх талаар мэдлэг боловсрол олгодог юм билээ. Манай улсын Засгийн газраас үүнтэй адил бодлого баримталж ийм жишигт шилжих хэрэгтэй.  Мөн бид  цэцэрлэг сургуулиар явж тогооч нарт сургалт семинар зохион байгуулдаг.

Ийнхүү ажиглах явцад монгол  хүүхдүүдэд уламжлал болсон хоолоо  хүлээж авах, идэх сонирхол нь түлхүү ажиглагдсан. Жишээлбэл бантан, гурилтай шөл, чанасан мах зэрэг уламжлалт хоолыг хүлээн авдаг.  

Харин брокли, тахианы зутан хийж өгөхөөр хүлээн авах нь муу. Цэцэрлэгт өнгө болон хэлбэрийн хувьд  өөр өөр, мөн хоолонд орж байгаа ногоог өөр хэлбэрээр хэрчих зэргээр хоолонд  хийвэл  хүүхдийн  сонирхол илүү төрнө. Түүнээс биш шууд брокли, манжин чанаад ид гэвэл идэхгүй. Иймд  уламжлал болсон хоолыг баяжуулж өгөх нь тохиромжтой. Хүүхдүүд хэт их саахар агуулсан бүтээгдэхүүн, гаазтай ундаа маш их хэрэглэж  байна.

Хүнсний хэрэглээний тухай хуульд хяналт  тавьж хүүхдэд зарах хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах хэрэгтэй. Уг нь монголчууд юманд дасан зохицохдоо маш хурдан. Жишээлбэл хоёр жилийн өмнө автобусны урд,  хойд хаалгаар үйлчлүүлж мэдэхгүй байсан. Өнөөдөр автобусанд хойд талын хаалгаар орж картгүй үйлчлүүлж буй иргэн байхгүй болсон. Иймд юмыг том харах биш, жижиг зүйлээс эхлэх нь зүйтэй юм болов уу. 

-Хоол хүнсээр дамжуулан хэрэгцээт аминдэмийг хэрхэн авах ёстой вэ. Эмийн сангаас дур мэдэн  витамин авч уух нь хэр оновчтой вэ?

-Нэг талаар хоол хүнсээрээ авч чадахгүй тохиолдолд витаминаас авах боломжтой. Гэхдээ витамин ууна гэдэг нь химийн бодис хэрэглэж байгаа гэсэн үг. Иймд болж өгвөл органик хүнснээс эрдэс бодисоо нөхөх  хэрэгтэй.

Аарц гэхэд хэчнээн сайхан илчлэгтэй билээ. Орчин үед хүмүүс хэтэрхий залхуу ч болсон. Аарцаа буцалгаж уухын оронд бэлэн эм витамин хэрэглэх жишээтэй. Иймд ямартай ч эрүүл хүнсээр  дамжуулж авах нь зөв.

Зуны улиралд хоол хүнсний бүтээгдэхүүн хурдан мууддаг учраас хүнсний бүтээгдэхүүнийг аль болох бага багаар худалдан авах, шинэ бүтээгдэхүүн сонгох зэрэг нь маш чухал. Ер нь зун аль болох хөнгөн хооллох, ногоо жимс хэрэглэх хэрэгтэй гэдгийг дээр дурдсан. Гэхдээ махыг  орхигдуулж болохгүй.

Бүр болохгүй бол махыг өөр махан бүтээгдэхүүн болох таван цул, тахиа, гахайны махаар орлуулах хэрэгтэй. Зуны цагт хүнд хоол  идсэнээс наранд гарахад амархан харлах босч суухад бие хүндрэх зэрэг хүндрэл  үүсдэг. Гэхдээ жимс ногоог аль болох найдвартай газраас авах нь чухал.

Жишээлбэл, манай эмнэлэг гэхэд зарлагдсан тендерийн компаниас жимс, ногоогоо авдаг. Гудамжинд зарж буй хүнсний ногоо болон жимс халуун наранд удсан, нян бактери ихээр үржсэн байдаг. Уг нь бол хүнсний ногоо, жимс жимсгэнийг нүдээр харж барьж үзэж авах боломжтой. Иймд авч буй хүнсэндээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хүн хоногт 120 гр мах идэх ёстой. Харин зуны улиралд арай бага буюу хоногт 80 гр мах, бүр болохгүй бол  махан бүтээгдэхүүн орлуулж хөнгөн хооллох хэрэгтэй. 

-Эмчилгээний хоол гэж ямар хоолыг хэлэх вэ?

-Тухайн өвчтөний оношинд таарсан хоолыг эмчилгээний хоол гэнэ. Өвчнийх нь  явцыг сэдрээхгүй, эмчилгээний явцад дэмжлэг үзүүлэх ийм хоолыг хэлнэ. Жишээлбэл, цөсний хагалгаанд орсон хүнд эмч тусгай хоол бичиж өгдөг.

Нэг зүйлийг иргэдэд хандаж хэлэхэд, манай эмнэлгээр хэвтэн эмчлүүлж буй иргэдэд эмчилгээний хоолыг тухайн хүний өвчний онцлогт тохируулан цаг хугацаатай өгдөг. Үүнийг хэвтэн эмчлүүлэгч нар ойлгодоггүй. Тухайн хоолыг амтгүй, хол зайтай өгдөг мэтээр харж гэрээсээ дур мэдэн нөгөө л хуушуур, бууз, баншаа авчруулж иддэг.

Ингэснээр тухайн хүний өвчин дээрдсэн юмгүй, эмч нарын эмчилгээний үр дүн гарахгүй тохиолдол их. Мэдээж эмчилгээний хоол болохоор давс, өөх тос багатай байх нь тодорхой. Ийм учраас эмнэлэгт хэвтэх хугацаандаа эмчилгээний хоолыг идэх нь үр дүнтэй байдаг гэдгийг онцолмоор байна.

Г.НАРАНТУУЛ

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд