No menu items!
HomeЭмч зөвлөж байнаЦ.Минжүүр: Ходоодны шархыг эмчлэхгүй бол хавдар үүсгэх эрсдэлтэй

Ц.Минжүүр: Ходоодны шархыг эмчлэхгүй бол хавдар үүсгэх эрсдэлтэй

-

Элэг цөс, ходоод гэдэсний нарийн мэргэжлийн тэргүүлэх зэргийн их эмч, Клиникийн профессор Ц.Минжүүрийн Ходоод, гэдэс, цөс, нойр булчирхайн өвчлөлийн талаар “Эмчээс асууя” нэвтрүүлэгт  өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Ходоод гэдэсний өвчлөл дэлхийд болон Монгол ямархуу байдаг, аль нь илүү давамгайлдаг болохыг хэлж өгнө үү?

– Манай улсад хоол боловсруулах системийн өвчлөл нилээн дээгүүрт ордог. Амны хөндийгөөс эхлээд л хоол боловсруулах үйл ажиллагаа явагдана. Улаан хоолой, ходоод, бүдүүн нарийн гэдэс, элэг, цөс бүгд нийлж байж хоол боловсруулах эрхтэн систем болно. Тэгэхээр энэ төрлийн өвчлөл 2-4 байранд явдаг. Нас баралтаараа ч мөн дээгүүр байна.

-Цөс, нойр булчирхайн өвчлөл их байна гэж боддог. Ер нь аль илүү давамгайлаад байна вэ?

Их нарийн судалгаанууд байгаа байх. Миний практикаас үзвэл элэг цөс, ходоодны өвчин давамгай байна.

-Шалтгаан нь нилээн олон байгаа байх?

-Мэдээж маш олон шалтгаан бий. Ерөнхийд нь харвал хүний амьдралын хэв маягтай их холбоотой. Хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлд амьдралын зөв хэв маяг ихээхэн чухал. Хүн зөв хэвшилтэй байвал хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлөөс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлж болно. Хүмүүс эмчид үзүүлчих юм чинь гээд тоодоггүй. Өвчилсний дараа эмч эмчлэх боломжгүй, эм эмнэлэг дийлэхгүй ч өвчин байна шүү дээ. Тийм болохоор хүн өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө хамгаалах учиртай.

-Монголчууд жилийн дөрвөн улирал мах иддэггүй байсан. Тийм учраас ходоод гэдэсний өвчлөл харьцангуй гайгүй байжээ гэдэг. Энэ хэр үнэн бэ?

-Хоёр талтай л асуудал. Бидний дээд үе ээж аав, эмээ өвөө хоолны дэглэмтэй байсан. Улиралдаа тааруулаад, эрс тэс уур амьсгалдаа тохируулан хүнсээ хэрэглэдэг байжээ. Өвлийн хүйтэн уур амьсгалын даван туулахын тулд энерги, элчтэй махаа иддэг байсан. Гэтэл бидний хоол болон амьдралын дэглэм алдагдсан байна. Үүнтэй холбоотой өвчлөл нэмэгдсэн тал бий. Нөгөө талаасаа тэр үеийн оношлогоо маш бага байсан. Харин өнөөдөр бид оношийг нарийн тогтоож чадаж байгаа юм. Эмч нар ч сайжирсан байна. Тэгэхээр аль аль талаас нь бодож үзэх хэрэгтэй.

-Ходоодны өвчлөл, тэр дундаа шарх, хеликобактерийн тухай их яригддаг. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

Ходоод  өвчлөл дундаа эхлээд үрэвсэл үүсдэг. Үрэвсэл гэдэг нь ямар нэг эд эсэд өвчлөл гараагүй ч үйл ажиллагааны хямрал үүссэнийг хэлж байгаа юм. Үүнийг тоохгүй байвал ходоодны шарх үүснэ. Ходоодны шархыг эмчлэхгүй бол хавдар үүсгэх эрсдэлтэй. Тийм учраас өвчнийг бага дээр нь эмчлэх нь зүйтэй байдаг. Мөн урьдчилан сэргийлж чавдал ходоодны өвчинд нэрвэгдэхгүй байх бүрэн боломжтой. Хүүхдүүд ходоод гэдэсний өвчлөлтэй болж байна. Мөн л хоолны дэглэмээс шалтгаалж байгаа юм. Ходоод гэдэсний өвчин нь нянгийн гаралтай үүсдэг. Тухайлбал хеликобактер байна. Хеликобактерыг нарийн сайн шинжилдэг болчихсон. Үүнээс гадна халуун дулааны улиралд ганцхан хеликобактериас биш бусад бактери нянгуудаас үрэвсэл үүсэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа сургуулийн насны хүүхдэд бохир гарын өвчин их байдаг. Хүнсний бүтээгдэхүүнээ эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхийг нь шалгаж үзэх хэрэгтэй. Зуны цагт гэдэсний халдварт өвчин ихэсдэг. Үүнтэй холбоотой хоолны хордлого үүсдэг. Энэ нь саяын хэлсэн бактери нянтай холбоотой байж болно. Мөн хэтэрхий их цочромтгой хоол идсэнтэй холбоотой архаг өвчин сэдэрч хүндрэл үүсдэг. Ходоод болон цөсний өвчин сэдэрсэн үед дагаад нойр булчирхай өвддөг. Тийм учир амьдралын зөв хэв маяг, идэж буй хоолондоо анхаарах нь чухал.

-Хүүхдээ өвчлүүлэхгүй байх нь эцэг эхээс 80-90 хувь хамаатай гэж ярьдаг. Хүүхдэд өгч байгаа хүнс, орчинд анхаарах нь чухал. Мэргэжлийн хүний хувьд юу гэж боддог вэ?

– Хэнэггүй л дээ манайхан. Хүүхдэд чихэр, ундаа их өгөхөөр шүд нь цоорно. Шүд цоорсноос үүдээд дараагийн өвчлөлүүд гарч ирнэ шүү дээ. Ингээд хүүхэд амны хөндийдөө архаг халдвар тээх голомттой болчихно. Халуун хүйтэн харшилдуулснаас болоод гүйлсэн булчирхайд бактери нян үүснэ. Энэ бүхнээс өвчнүүд цаашаа даамжраад л явна. Ийм учраас хүнсний аюулгүй байдалд нилээн анхаарах хэрэгтэй.

-Та сая элэг цөс, нойр булчирхай холбоотой гэжхэллээ. Элэг бол шүүдэг эрхтэн гэж ойлгодог. Яагаад хоол боловсруулах эрхтэн системд хамруулж үздэг юм бэ?

Элэг бол хүний хор шүүдэг эрхтэн. Лаборатори юм. Хор шүүхийн зэрэгцээ элэг өөрөө цөс ялгаруулна. Цөс нь хоолыг боловсруулж, хайлуулж өгдөг. Ийм учраас элэг цөс салшгүй холбоотой. Цөсний чулуутай хүний элэг өвчилдөг. Дагаад нойр булчирхай өвддөг нь ийм учиртай. Ер нь 20-оод эрхтэн хоол боловсруулах системд багтдаг. Элэг бол маш нарийн механизмаар хоол боловсруулалтад оролцдог эрхтэн.

Монголчуудын дунд элэгний вирусууд их байна. Энэ нь бас нөлөөлдөг байх?

– Нөлөөлнө. Олон вирусийг илрүүлэх боломжтой шинжилгээний аргууд нэвтэрсэн байна. Бид А, В,С гэх гурван вирусийг л ярьдаг байсан. Вирусууд элгийг маш их гэмтээдэг. Эдгээр нь цусаар дамждаг. Янз бүрийн тариа, цус юүлэх, шивээс хийлгэх, мэс заслын хагалгааны үед  халдвар авах эрсдэлтэй. Бид арьс, судсаа бүтэн байлгахын тулд мэрийх ёстой. Манайхан тариа хийлгэх дуртай шүү дээ.

– Эм хэрэглээд вирус багасдаг уу?

-Нэг үеэ бодвол бид С вирусийн эсрэг эмтэй болсон. Эм уусан хүмүүсийг эргээд үзэхэд вирус нь идэвхгүй болсон байна. Ийм учраас үр дүнтэй гэж үзэж байгаа. В вирусийн эмийг урт хугацаанд уух шаардлагатай байдаг. Гэхдээ хувь хүнд нь тохируулна. Мөн л үр дүн гарч байгаа.

Эх сурвалж: Эмчээс асууя нэвтрүүлэг

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд