No menu items!
HomeЯрилцлагаН.Дэмидмаа: Амар хялбар аргаар амжилтанд хүрэх нь тухайн зүйлийг үнэ цэнэгүй болгодог

Н.Дэмидмаа: Амар хялбар аргаар амжилтанд хүрэх нь тухайн зүйлийг үнэ цэнэгүй болгодог

-

“Хэрхэн өөдрөг амьдрах вэ” сэдвийн хүрээнд Сэтгэц судлаач эмч, Анагаах ухааны доктор, профессор Н. Дэмидмаа дараах зүйлсийг зөвлөж байна.

Хүн бүр л өөрийн гэсэн сайн тал, давуу чанартай. Өөрт байгаа давуу талыг хэрхэн зөвөөр ашиглах вэ?

-Хүн өөдрөг амьдарна гэдэг бол тухайн хүний үзэл бодол, амьдралд болон өөртөө хандаж байгаа хандлагааас шалтгаалдаг. Аз жаргалтай байна гэж бодож байгаа хүнийг өөдрөг амьдарч байна гэж тооцдог. Эрүүл байх, хоолтой ундтай, гэртээ хүлээдэг хүнтэй байна гэдэг бол аз жаргал юм. Гурвуулаа нэгдэж байж аз жаргал болно.

-Өөртөө байгаа давуу чанарыг өөдрөг байхад хэрхэн ашиглах вэ?

Аз жаргал гэдэг бол хүнийг өөдрөг байх нөхцлийг бүрдүүлж байдаг. Миний бодлоор жаргалтай байх бол амьдралын зорилго биш. Харин амьдарч байгаагийн нэг нотолгоо.

Хүнийг аз жаргалтай болгодог зүйлс:

БУСДЫН АМЖИЛТААР БАХАРХАХ: Орчин сайхан байх нь хувь хүнд нөлөөлж байдаг. Тиймээс зөвхөн өөрийн бус бусдын амжилтаар бахархаж сурах нь чухал.

ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ: Шинэ зүйлийг эрэлхийлнэ гэдэг бол аз жаргалтай хүний хийдэг зүйл. Шинэ зүйл эрэлхийлнэ гэдэг бол заавал нэг нээлт, туршилт хийх биш. Жижиг санаа сэдэл нийлэхээрээ нэг том цогц зүйл бий болдог.

ОРЧИНДОО ДАСАН ЗОХИЦОХ: Хүн ажил амьдралын тэнцвэрт байдлыг олох гэж их ядардаг. Аз жаргалтай хүн энэ тэнцвэрийг бий болгохоос илүү байгаа байдалдаа зохицож амьдардаг. Дуртай ажлаа хийж эдийн засгийн хувьд ар гэрийнхээ хэрэгцээг хангах, гэртээ харихад халуун дулаан уур амьсгалтай угтаж байх нь аз жаргал.

БУСДЫН ОРОНД ӨӨРИЙГӨӨ ТАВИХ: Бусдын асуудлыг ойлгож, тухайн хүний оронд өөрийгөө тавьж сурах хэрэгтэй. Тухайн моментод хүний оронд өөрийгөө тавьна гэдэг бол тайвширлын үндэс.

ӨӨРИЙГӨӨ НОТЛОХ: Өөрөө өөртөө хэн бэ гэдгээ нотолж харуулах. Энэ бол аз жаргалтай хүний хийдэг ажил. Хүнд атаархаж, муулж суухын оронд өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Хор шартай зан чанарыг эерэгээр ашиглах хэрэгтэй. “Би бусдаас юугаараа дутуу гэж…” ингэж бодох нь атаархлаас өөр. Харин ч эерэгээр ашилавал өөрийгөө хурцлах зэвсэг.

ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ: Аливаа амжилтад маш их хичээл зүтгэл гаргаж хүрдэг гэдгийг хүлээн зөвшөөрөх. Энэ бол аз жаргалд хүргэхээс гадна аз жаргал гэдэг зүйлийг мэдрүүлдэг. Амархан амжилтад хүрэх нь тухайн зүйлийг үнэ цэнэгүй болгодог. Шүүмжлүүлж, унаж, босож тодорхой түвшинд очно гэдэг бол хувь хүн өөрийгөө “би хэн байсан билээ, би хэн болсон билээ” гэдгийг үнэлж, бахархах мэдрэмжийг төрүүлдэг. Байгаагаасаа илүү түвшинд хүрч чадна гэдэг итгэлийг өөртөө бий болгодог. Мөнгийг шагнал гэж харахаас илүү боломж гэж харах нь чухал. Хүн дараа дараагийн эдийн засгийн асуудлыг шийдэхийн тулд боломжийг эрэлхийлээд эхэлдэг.

ӨӨРИЙГӨӨ ОНЦЛОГ ГЭДГИЙГ МЭДРЭХ: Хувь хүн өөрийгөө онцлог гэдгийг мэдэрч байх. Ойр орчиндоо хайртай хүмүүсээ байлгаж, тодорхой эдийн засгийн боломжийг бий болгож чадаж байгаа бол итгэл, сэтгэл, хөдөлмөрөөр энэ бүгд бүтсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Дийлэнх хүмүүс бусдад талархдаг. Гэтэл өөрөө бусдад хүндлүүлж, хүмүүсийн итгэлийг олж чадахгүй бол тухайн ажилд хэн ч ажиллуулахгүй, хэн ч цалин өгөхгүй шүү дээ. Тиймээс өөрөөрөө бахархаж сурах нь аз жаргалыг бий болгодог.

ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ, ХҮНДЛЭХ: Хамгийн сүүлийн нэг чухал зүйл нь хүн өөрийгөө хайрлаж, хүндэлж сурах. Өөрийгөө хүндэлж сурна гэдэг бол өөрийн үнэт чанаруудыг мэдэх. Өөртөө хайртай хүн хоол унд, нойр, ажлын ачааллаа зохицуулна. Өөрийгөө хүндэлж байгаа хүн хүнтэй хэрхэн харилцахаа хянаж чаддаг. Өөрөөсөө доогуур нэгнийг дээрэлхэх, илүү нэгэнд долигонож гүйх үйлдэл гаргахгүй. Өөрийн түвшин хэдий чинээ дээшилнэ төдий чинээ бусдыг хүндэлж сурах ёстой. Бусдыг хүндлэхгүй байна гэдэг бол өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг.

-Заримдаа хүмүүстэй харилцахдаа нөгөө хүнээ сэтгэл хангалуун байлгах зорилгоор сөрөг үг хэллэг хэрэглэхгүй байхыг хичээдэг. Энэ нь тухайн хүндээ тааруулж харьцаж байна гэсэн үг үү?

Өөрийгөө зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан биднийг аз жаргалд хүрэхэд саад болж байдаг зүйлсийг дурьдвал:

АЙДАСТАЙ БАЙХ: Хүмүүс өөрчлөлт хийхээс айдаг, аливаа нэгэн зүйлийг өөрчилвөл өнөөдрийнхөөсөө илүү дор байдалд орчих юм шигээр сэтгэдэг хэрнээ дотооддоо хийж  үзэх юмсан гэдэг хүсэл нь байдаг. Энэ нь хувь хүний дотоодод зөрчил бий болгодог. Юу ч хийхгүй байснаас аливаа зүйлийг хийх гэж оролдох нь дээр. Эцсийн мөчид хүн алдсан ч байсан, оносон ч бай харамсахгүй. Оролдлого хийж үзсэн л бол сэтгэл хангалуун байх болно.

БУСДЫГ БУРУУТГАХ:  Аливаа бүх зүйлд өөрийгөө зөвтгөх нь хүнийг аз жаргалгүй болгодог. Бусдаас заавал бурууг хайх, өөрийгөө үндсэлэлгүйгээр зөвтгөх нь буруу зүйл. Алдааг хэн нэгнээс хйвал заавал эзэн олддог. Өөрийн буруу гэдгийг мэдэж байгаа хүн итгэлтэйгээр өөрийгөө хамгаалахгүй.

ЮМЫГ ХОЙШ ТАВИХ: Цагийн юмыг цагт нь хийхгүй, төлөвлөгөөгүй, дэглэмгүй байдлаас шалтгаалж хийх ажлаа хойшлуулснаар хийхэд урамгүй болдог. Хугацаандаа болоогүй юм утга болон чанараа алддаг. Хүн урмаар тэтгэгдэж амьдардаг учраас хийж байгаа зүйл урам өгөхгүй бол хийх шаарлдага байхгүй мэт санагддаг. Юмыг “маргааш больё, монголын маргааш дуусдаггүй…” гэх нь хувь хүнийг аз жаргалгүй болгодог.

ХЯНАЖ БОЛОХГҮЙ ЗҮЙЛИЙГ ХЯНАХ ГЭЖ ОРОЛДОХ:  Өөрөөс шалтгаалахгүй энгийн зүйлд бухимдах нь тухайн мөчийн аз жаргалаас хулгайлдаг. Хянах гэдэг дээр нэмж хэлэхэд бусдын амьдралын асуудлыг шийдэх гэж айл гэрийн асуудалд оролддог хүмүүс байдаг.  Өөрийн амьдрал, асуудлыг шийдэж чадахгүй хүн бусдын амьдралыг хянах гэж гүйдэг гэж үг байдаг. Өөрийн амьдрал нь болж бүтэж байгаа хүн бусдын амьдрал руу ханцуй шамлан гүйдэггүй. Үгээ хэлж болох ч зааг хязгаарыг сайн баримтлах ёстой.

ХЭТЭРХИЙ ИХ ШҮҮМЖЛЭХ:  Би ийм, тийм гээд л хэн ч асуугаагүй байхад өөрийгөө өөлж,  шүүмжлээд байдаг хүмүүс байдаг. Энэ нь өөрийгөө муулаад байгаа юм шиг. Миний хөл ийм майга, би ийм тарган… гээд л өөрийн бийеийн өө сэвийг хайгаад л байдаг.  

АСУУДАЛ БОЛОН АЛДААНААС АЙХ: “Чи айдсаасаа л ай” гэж үг байдаг. Бид айхгүй зүйлээс айж, хэт их болгоомжилдог.

БУСДЫН ӨМНӨ БАГ ЗҮҮЖ АМЬДРАХ: Амьдралд заримдаа жүжиглэх асуудал гардаг. Гэхдээ амьдралыг жүжиг болгож хувиргах нь эмгэнэл. Хүн өөрөөрөө байж чадахгүйд хүрнэ.  

БАЯРЛАЖ, ТАЛАРХАХГҮЙ БАЙХ: Хүнийг аз жаргалгүй болгодог хамгийн гол зүйл нь аливаа юм, хүмүүст баярлаж, талархахгүй байх. Гэтэл өнөөдөр бидэнд талархах зүйл ямар их байна вэ?

Олон хүмүүс “өөр газарт, өөр цаг үед би байсансан бол…” гэж ярьдаг. Энэ нь аз жаргалгүй байгаагаа нотолж байгаа хэрэг. Үүнээс гарах хамгийн том гаргалгаа нь эргэн тойрон, орчноо харах. Ямар сайхан, амар амгалан эх оронд төрснөө л хар. Дайн  самуунтай газар төрөөгүйдээ баярлах хэрэгтэй. Ямар нөхцөлд байгаа нь биш ямар өнцгөөс хорвоо ертөнцийг харж байгаагаар аз жаргалыг хэмждэг.  Стрессээс гарах, аз жаргалтай байх үндэслэлийг хүн өөрөө л хийдэг. Хүн бүрт зориулагдсан дүрэм гэж байхгүй шүү дээ. Тиймээс аливаа зүйлд талархаж сурах хэрэгтэй.

Заавал 90:60:90 гэсэн биеийн харьцаатай байх албатай биш. Эрүүл, эрхтэн дутуу биш төрсөндөө баярлах ёстой. Өдий зэрэгтэй амьдарч байгаадаа талархах ёстой.

-Таны ярианаас өөрөө өөрийгөө өөрчилж байж бусадтай харилцахдаа сэтгэл хангалуун байдаг гэж ойлголоо. Зарим хүмүүс “би угаасаа л ийм” гэж хэлэх үе цөөнгүй байдаг. Өөрийгөө өөрчлөхөд хэр хэцүү вэ?

-Өөрийгөө өөрчлөнө гэдэг тийм амар биш. Нас ахих тусам улам бүр хэцүү болдог. Өөртөө зориг өгөх, өөрт сайхан эерэг сэдэл бий болгох өгүүлбэрүүдийг уншигчиддаа хүргэе.

Бүх зүйлийг хянах чадвар надад байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч сурах ёстой. Би юуг хянаж чадах вэ гэвэл өөрийн үйлдэл, үгийг хянаж чадна.

Ийм зүйлийг ингэх байсан юм, тийм зүйлийг тэгэх байсан юм гэж хэтэрхий их бодохоос илүүтэй өнөөдөр өөрт байгаа зүйлийг үнэлж, түүндээ баярлаж сурах.

Өөрийн амьдралд болж буй зүйлийг хүлээн зөвшөөрөх. Үүнээс гадна амьдралдаа болж буй үйл явдлыг эерэг, чанартай болгохын тулд хичээл зүтгэл гаргах ёстой.

Төгс мэт харагдахын оронд алдаатай хүнээрээ байх нь зөв. Учир нь дэлхий дээр төгс хүн гэж хаана ч байхгүй. Хүн бүр л алдааны “набор”. Тиймээс алдаатайгаа эвлэрч сурах хэрэгтэй. Эвлэрнэ гэдэг бол хүлээн зөвшөөрөхийн нэр, хүлээн зөвшөөрч байна гэдэг бол түүнийгээ засаж залруулах тэмүүлэл бий болохын нэр.

Бүх зүйл дээр ялалт байгулах гэж өөрийгөө ядраахын оронд хааяа алддаг, ялагддаг гэдгээ хүлээн зөвшөөрөх. Ялагдаж сураагүй хүн ялагдсан мэдрэмж авах үедээ шууд сэтгэл гутралын байдалд ордог.  

Аливаа нэгэн зүйлийг заавал асуудал болгож хувиргах биш харин асуудал бол амжилтад хүргэх сорилт гэж харах. Гэрэл хаана байна сүүдэр тэнд байна гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал.

Бэрхшээл бүрт буруутанг хайж суухын оронд яаж хурдан алдаагаа засч амжилтанд хүрэх вэ гэж бодох ёстой. Цаг хугацаа хэзээ ч чамайг хүлээхгүй.

Өөрт ач холбогдол өндөртэй зүйлсийг ихээс нь багаруу жагсааж бичих. Ач холбогдол их, багатайг нь мэдэхгүй, алийг нь ч биелүүлээд байгаагаа мэдэхгүй бүгдийг хийх гэж оролдох нь аз жаргалгүй болгодог.

Долоо хэмжиж нэг огтол гэдэг. Түүн шиг төлөвлөж хийх нь чухал. Алдсан ч гэсэн олон өнцгөөс нь харсан, бүх боломжит хувилбаруудаа ашигласан байдаг. Сэтгэлийн хөдөлгөөнөөрөө хандаж хийгээгүй учраас харамсах нь бага.

Аз жаргалаа амьдралдаа би л өөрөө бий болгоно гэдэгтээ бат итгэлтэй байх.  Хэн нэгэн алган дээр маань авч ирээд тавихгүй. Би л өөрөө зүтгэх ёстой гэдгээ ухамсарлах. Өөрийнхөө хэмжээнд тултал нь хөдөлмөрлөх, зүтгэх, таашаалаа өөртэйгөө хуваалцах, өөрөө өөртөө урам өгөх ёстой.

-Надад нэг баримталдаг зарчим бий. Би дургүй ч байсан хамаагүй хийх ёстой зүйл гэ бодсон л бол түүнийгээ хийдэг. Хийх ёстой зүйлдээ дуртай болохыг хичээдэг. Хийж байгаа зүйлдээ дурлах нь чухал уу, дуртай зүйлээ хийх нь чухал уу, хийх ёстой гэдэг хандлага яваад байна л даа.

Бүх зүйл чамд таалагдах албагүй. Амьдралд чиний дургүй зүйл зөндөө бий. Хүн тодорхой амжилтын түвшинд хүрээд эргэж харахад дургүй зүйлсээ хийсэн л байдаг.

Би хүн бүрт таалагдах албагүй. Байгаагаар минь хүлээж авах эсэх нь тухайн хүний сонголт гэж хандах дуртай.

-Өөдрөг, сэтгэл хангалуун амьдахын давуу тал нь юу вэ?

-Өөдрөг байна гэдэг бол гадаа цастай ч бай, бороотой ч бай, халаасандаа их мөнгөтэй ч бай бага мөнгөтэй ч бай инээмсэглэн дуу аялаж явахын нэр гэж бодож байна. Аз жаргалтай байх хамгийн том үндэс бол эрүүл байх. Бие махбдийн төдийгүй сэтгэлийн, сэтгэцийн эрүүл мэнд маш чухал.

Эргэн тойрноо ажаад өөрийгөө аз жаргалгүй болгож байгаа зүйлийг олж харан засаж залруулах нь чухал. Бүх зүйл өөрөөс тань л хамаарна.

Эх сурвалж: MGLRADIO FM-88.3

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд