No menu items!
HomeОнцлохИ.Батчулуун: Хамрын таславчийн муруйлтаас үүдэлтэйгээр үнэрлэхүйн мэдрэмж алдагддаг

И.Батчулуун: Хамрын таславчийн муруйлтаас үүдэлтэйгээр үнэрлэхүйн мэдрэмж алдагддаг

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ удаагийн дугаарт “Хамрын таславчийн муруйлт” сэдвээр ШУГТЭ-ийн, Чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн ахлах зэрэгтэй их эмч, АУ-ны магистрант И.Батчулуунтай ярилцлаа.

-Хамрын таславчийн муруйлт гэж юу болох талаар яриагаа эхлүүлье?

– Хамар нь өөрөө хүний нүүрний төв хэсэгт байрласан, цац хэлбэртэй амьсгалах, үнэрлэх, гоо сайхны талаас чухал ач холбогдолтой эрхтэн юм. Хамар эргэн тойрондоо агаартай, хийтэй,  дайвар хөндийнүүдтэй байдаг. Хацрын хоёр талын зажуурын буюу гайморийн хөндий, духны хөндий, хамрын нармай хэсэгт байрласан этмойд хөндий, хамрын арын суурь хөндий гэсэн дайвар хөндийнүүдтэй. Энэ дайвар хөндийнүүд нь дуу авиаг цэвэр тод гаргах үүрэгтэй. Мөн хамраар орсон амьсгалыг чийгшүүлэн, бүлээцүүлж уушигруу дамжуулдаг.

-Хамрын өвчлөл дундаас хамгийн их тохиолддог нь хамрын таславчийн муруйлт юм. Үүнээс үүдэлтэй хамрын дайвар хөндийн үрэвслүүд нь хурц болон архаг хэлбэрээр их тохиолддог. Таславч мөгөөрс нь хамрын хөндийг баруун зүүн хэсэгт голоор нь хувааж байгаа тасалгаа гэж ойлгож болно. Хамраар агаар орж, гарч амьсгалж байх ёстой атал хамрын таславч мөгөөрс муруйсний улмаас хамар нэг болон хоёр талдаа битүүрч эхэлдэг. Удаан хугацаагаар хамрын битүүрэлтэй яваад байвал хамрын үндсэн үйл ажиллагаа алдагдана. Мөн хамрын эргэн тойрон байгаа дайвар хөндийнүүд маань хамрын амьсгалтай зэрэгцэн агаарын сэлгэлцэл явуулж байх ёстой. Гэтэл таславчийн мурийлтаас шалтгаалаад агаарын солилцоо нь алдагдаад ирдэг. Хамар нь гадаад орчинтой шууд харьцаж байдаг эрхтэн учир нян болон вирусийн халдвар авах боломжтой. Үндсэн үйл ажиллагаагаа алдсан байгаа дээр нь бид нар, агаар дуслын замаар халдвар авлаа гэхэд агааржуулалт алдсан дайвар хөндийнүүдэд маань үрэвсэл үүсч эхэлдэг. Энэ үрэвслийг гайморит гэж нэрлээд байгаа юм. Аль хөндийд  байрласнаас нь хамаараад тухайн үрэвслийг нэрлэдэг.  Бүтэц, байрлалын хувьд өөр өөр газар байгаа болохоос хамрын дайвар хөндийнүүдийн үрэвсэл гэж ойлгож болно.

-Ямар нийтлэг шалтгаануудын улмаас хамрын таславч муруйдаг вэ?

-Хоёр шалтгааны улмаас үүсдэг гэж үздэг. Нэгдүгээрт төрөлхийн. Хоёрдугаарт гаднын механик хүчин зүйлийн үйлчлэлээр буюу гэмтлийн шалтгаантай хамрын таславч муруйдаг. Хамрын таславчийн мөгөөрс нь хүүхдийг бага насанд тэгшхэн байдаг. Зарим тохиолдолд хүүхдийн өсөлтийн бүс хэт өндөр байх юм бол хамрын хөндийн доторх мөгөөрс нь муруйдаг гэж үздэг. Ерөнхийдөө 18-25 нас хүртэл хамрын таславч гүйцэд хөгждөг . Хоёрдугаарт гаднын механик хүчин зүйлийн үйлчлэлээр, аваар осол, санамсаргүй байдлаар гэмтэх зэрэг шалтгаануудаас таславчийн муруйлт үүсэх шалтгаан болно.

-Төрөлхийн муруйлт байдаг гэлээ. Энэ тохиолдолд заавал мэс засал хийх шаардлагатай байдаг уу. Хэдэн наснаас мэс ажилбар хийлгэдэг вэ?

-Нярай хүүхэд төрөхөд хамрын таславч тэгшхэн байдаг гэж үздэг. Харин хүүхэд өсөх явцдаа таславчийн мурийлт үүсэх тохиолдол гардаг. Хүүхдэд үүссэн хамрын таславчийн муруйлтын үед тодорхой заалтаар л мэс ажилбар хийнэ. 18-25 нас хүртэл өсөлт нь явагдаж байгаа учраас эрт хамрын таславчийн мурийлтийг мэс заслын аргаар шийдэх юм бол хамрын өсөлт хөгжил нь хоцрогддог. Тийм учраас төрөлхийн хамрын таславчний мурийлттай хүүхдийг өсөлт хөгжил нь гүйцтэл мэс засалд оруулахаас татгалзах хэрэгтэй. Тухайн хүүхдийг үзээд хамрын амьсгал нь бүрэн болон бурэн бус эсэхийг тодорхойлно. Хэрэв бүрэн саадтай, хамраараа амьсгалж чадахгүй байгаа тохиолдолд тухайн хүүхэд маань үе тэнгийнхнээсээ бие махбодын хувьд хоцрогдож эхэлдэг. Хэрэв бүрэн бус саадтай байвал насанд хүртэл нь эмийн болон хэсгийн эмчилгээгээр эмчилж болно. Түүнээс муруй байна гээд толгой дараалан хагалгаа хийдэггүй.

-Таславчийн мурийлтын төрлүүд гэж бий юу. Аль нь илүү аюултай байдаг вэ?

-Хамрын таславчний хагалгааны үед элбэг тохиолддог хэд хэдэн төрөл байдаг. Эдгээр төрлүүд нь бүгд л  анатоми болон үйл ажиллагааны  хувьд алдагдалд оруулдаг. Мөн хамрын таславчийн мурийлтаас үүдэлтэйгээр зарим тохиолдолд  үнэрлэхүйн мэдрэмж алдагддаг.

-Хамрын таславчийн мурийлтын үед ямар эмчилгээ хийгдэх вэ?

-Хамрын таславч нэгэнд муруйсан амьсгалын үйл ажиллагаанд саадтай болсон тохиолдолд мэс заслын эмчилгээ шаардлагатай. Хамрын таславч мурийсан тохиолдолд эм уугаад, дусаалга хэрэглээд үр дүнгүй. Түүнийг мэс заслын аргаар амьсгалын замд саад болж буй мөгөөрсний мурий хэсгийг тайрч авдаг. Мөгөөрс нь бүтцийн хувьд голдоо мөгөөрс, хоёр талаараа нимгэн салстаар хучигдсан байдаг. Түүнийг хоёр салстаас нь хуулж салгаад амьсгалахад саад болж байгааг нь хэсэгчлэн тайрч авдаг. Тэрнээс биш бүтнээр тайрдаггүй. Гэхдээ мэс заслын явцад гэмтлийн зэргээсээ хамаараад хэр их тайрахыг тухайн эмч шийддэг. Хамар өөрөө гоо сайхны хувьд ач холбогдолтой эрхтэн учир мэс ажилбарын явцад үүнийг чухалчилж үздэг. Харин таславчийн мурийлтаас үүссэн хамар дайвар хөндийнүүдийн  үрэвслийн үед эмийн болон хэсэг газрын эмчилгээ хийгддэг. Хамар дайврын хөндийнүүдийн үрэвсэлтэй байвал түүнийг эмчилсний  дараа  мэс ажилбар хийнэ. Иймээс нарийн мэргэжлийн чих хамар хоолойн эмчид үзүүлээд оношлуулах хэрэгтэй.

-Хамрын мурийлт нь чих, толгой зэрэг бусад эрхтэндээ нөлөөлдөг үү?

– Нөлөөлнө. Хүн хамраараа амьсгалах амаараа амьсгал авах ялгаатай. Хүн хамраар амьсгалж байж уушиг бүрэн хэмжээгээр амьсгалд оролцоно. Хамар нь  битүү, байнга амаараа амьсгалаг хүн ажлын ачаалал даах чадваргүй болж,  хүчилтөрөгчийн дутагдалд орж эхэлнэ. Хамар чих хоёр нь үйл ажиллагааны хувьд хамааралтай эрхтнүүд. Хамар битүү үед түүнтэй уялдаатай байдаг чих ний үйл ажиллагаа нь алдагдаж эхэлдэг. Тухайлбал, сонсголын алдагдалд орох, чих хоёрдогчоор үрэвсэх тохиолдол гарна. Хамрын таславчийн мурийлтаас шалтгаалж  дунд чихний хурц болон архаг үрэвслээр өвчлөх эрсдэл нэмэгддэг.

-Манай улсад уг мэс заслыг хэр өндөр өртгөөр хийдэг вэ? ЭМД-хөнгөлөлтөд хамрагддаг уу?

Улсын эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Мөн хамгийн бага өртгөөр хийдэг. Хамрын таславчийн хагалгаа  одоогийн байдлаар манай эмнэлгийн хувьд 250.000 төгрөгөөр хийгдэж байгаа. Гэхдээ тухайн хүний эмгэг болон бусад шалтгаанаас хамаарч хагалгааны өртөг нэмэгдэх тохиолдол гардаг. Учир нь хамрын таславчийн муруйлт дан ганц бие дааж тэр болгон тохиолдоод байдаггүй.

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд