No menu items!
HomeЭрүүл мэнд“Уургийн бэлдмэлийг зөв үед хэрэглээгүйгээс цус өтгөрч, харвах тохиолдол ихсэж байна”

“Уургийн бэлдмэлийг зөв үед хэрэглээгүйгээс цус өтгөрч, харвах тохиолдол ихсэж байна”

-

Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, АУ-ы доктор Ц. Төмөр-Очир, НЭМҮТ-ийн ерөнхий захирал, УГТЭ-ийн зүрхний шигдээс өвчний зөвлөх эмч, АУ-ы доктор Д. Нарантуяа, УГТЭ-ийн мэдрэлийн төвийн дарга П. Алтанцэцэг, УГТЭ-ийн ангиографийн тасгийн эрхлэгч Ц. Дамдинсүрэн, УГТЭ-ийн зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч Ч.Гэрэлтуяа нарын зүрхний шигдээс өвчний талаар хийсэн хэлэлцүүлгийг хүргэж байна.  

-Өнөөдрийн байдлаар зүрхний шигдээс өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Ц. Төмөр-Очир: Хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны нэг нь зүрх судасны өвчин, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны эмгэг. Үүн дотроо өндөр хувийг эзэлж байгаа нь цусны даралт ихсэлт, түүнээс үүдэлтэй тархины харвалт, зүрхний шигдээсийн асуудал бол монгол хүний эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг. Тархины харвалт, зүрхний шигдээс өвчин тогтвортой сүүлийн хорь гаруй жил өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байгаа.

– Энэ өвчлөл өсөн нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь юу вэ, амьдралын буруу хэвшилтэй холбоотой юу?

-П. Нарантуяа: Гурван хүн тутмын нэг нь цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны эмгэгээр нас барж байгаа. Тархины харвалтын 61 хувь, зүрхний шигдээс буюу зүрхийг тэжээж байгаа титэм судасны эмгэгийн 49 хувийн гол шалтгаан нь даралт ихсэлт. Судалгаагаар насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь даралт ихсэлттэй гэж гарсан. Шинж тэмдэггүй удаан явдаг учраас төдийлөн анхаардаггүйгээс болж эмчилгээнд оройтож ордог. Хоёрдугаарт эмчилгээнд орсон ч эмийг тогтвортой хэрэглэдэггүй. Эхний хэдэн хоног хэрэглээд зовиур нь намдахаар хэрэглэхээ больдог. Тиймээс даралт ихсэлт бүрэн хянагдаж чадаагүйн улмаас тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсэх нэг шалтгаан болдог.

Амьдралын хэв маяг өөрчлөгдсөн гэдгийг ард түмэн мэднэ. Хотжилт хүн амын нягтаршил ихсэхээр хоол, хөдөлгөөний асуудал хэвээрээ л байна. Мөн архи, агаарын бохирдол уг өвчлөлийг нэмэгдүүлж байна. Агаарын бохирдол ганц өвөл байдаггүй. Эдгээр асуудал зөвхөн Улаанбаатарт ч биш хаана хот суурин байна тэнд яригдаж байдаг. Зүрх судасны эмгэг гэдэг нь дан ганц амьдралын хэв маяг бус хүрээлэн буй орчинтой холбоотой. Хөрсний бохирдол, агаарын бохирдол зэрэг нь зүрх судасны өвчлөлийг хүндрүүлж байна. Бидний яриад байгаа тархины харвалт, зүрхний шигдээс гэдэг нь цусны эргэлтийн тогтолцооны өвчний хүндрэл. Тиймээс энэ хүндрэлээс сэргийлэхийн тулд саяын дурьдсан өвчин, эмгэгүүдээс сэргийлэх нь зөв юм. Хуучин бол  40-өөс дээш насныхан буюу ахимаг насныхны өвчин гэж үздэг байсан. Гэтэл одоо залуучууд өвчлөх болсон. Залуучуудын хувьд фитнесс, сагсан бөмбөгөөр хэтрүүлэн хичээллэх болсонтой холбоотой уургийн хэрэглээнүүд ихсэж байна. Мөн турах аян гээд янз бүрийн бэлдмэлүүдийг их хэрэглэж байна.

-Тархины харвалт, зүрхний шигдээс өвчин гэж оношлогдсон тохиолдолд эдгэрэлт нь хэдэн хувьтай байдаг вэ, хичнээн хувь нь эдгэрэх боломжтой вэ?

– Ч. Гэрэлтуяа: зүрхний шигдээсийн үед түргэн тусламжийг цаг алдалгүй, шуурхай хүргэх ёстой байдаг. Ард иргэд маань тусамж үйлчилгээндээ цаг алдалгүй хүрэх шаардлагатай байдаг. Үүн дээр иргэдийн мэдлэг дутуугаас болж хугацаа их алддаг. Зүрхний шигдээс болсноо мэдэхгүйгээр удаан явж, эргэшгүй өөрчлөлтөд орсон хойноо эмчид ханддаг. “Алтан хугацаа” гэж нэрлэгдэх хоёр цагийн хугацаандаа тусламж үйлчилгээгээ авч, цусны эргэлтээ сэргээх юм бол бүрэн эдгэх боломжтой.  Зүрхний эд эсээ хамгаалах боломжтой байдаг. Тиймээс цаг хугацаа маш чухал.

Ц. Дамдинсүрэн: Ангиографийн талаас нь ярья гэж бодож байна. Зүрхний шигдээс, тархины харвалтын үед оношлогоо, эмчилгээний чухал хэсэг нь ангиографи юм. Зүрхний шигдээсийн үед цаг алдалгүй ирэх гэдэг тулгамдсан асуудал болоод байна. Эхний  хоёр цагийн дотор тусламж авч чадах юм бол зүрхний булчин үхжихгүй, эргээд сэргэх боломжтой. Бараг 98 хувь нь үр дүнтэй байх бүрэн боломжтой. Гэтэл манайхан эргэшгүй өөрчлөлтөд орсон хойно нь ханддаг. Энэ нь иргэдийн эрүүл мэндийн боловсролтой холбоотой. Жишээлбэл, цээжний өвдөлт гэдэг зүйл мэдрэгдсэн бол яаралтай эмнэлэгт хандах ёстой гэдгийг мэддэг хүмүүс бага байдаг. Өвчин намдаах эм уусан гээд л цаг алдах тохиолдол их. Энэ бол тулгамдсан асуудал.

Тархины харвалтыг ангиографигаар эмчилдэг, оношилдог. Бөглөрсөн судсыг онгойлгох, стен тавих, цусны урсгалыг нь чөлөөтэй сэргээх эмчилгээнүүд манай ангиографийн тасагт хийгдэж байгаа.

-Тархины харвалт, зүрхний шигдээсийн улмаас мэдрэлийн тал илүү цочроо авах, саажилт өгөх нөхцлүүд хэр байдаг вэ, эдгээр өвчлөлүүдийн улмаас ирэх өвчтөн хэр байна вэ?

– П. Алтанцэцэг: Тархины харвалт нь 21-р зуунд залуужиж байгаа. XX зууны II хагасаас эхлэн маш их залуужиж дэлхий нийтэд “чимээгүй тахал” гэж нэрлэгпэх болсон. Дэлхийн нийт хүн амын таван хүн тутмын нэг нь харвалт өгдөг гэсэн судалгаа байдаг. Манай улсад ч мөн харвалт нь өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байна. Сүүлийн жилүүдэд жилдээ 6000 орчим хүн тархины цочмог харвалт өвчнөөр өвчилж байна гэсэн судалгаа байдаг. Үүний 1100-1200 орчимд нь УГТЭ, түүний мэдрэлийн төв үйлчилж байна. Мэдрэлийн төв нь үйлчилгээний хувьд дэлхийн төвшинд нэлээд ойртож байгаа. Манай оронд өрх бүрийн нэг гишүүн харвалт гэдэг өвчинд нэрвэгдэж байдаг. Харвалт гэдэг өвчин нь зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх өвчний хүндрэлийн улмаас тархины судсанд цочмог, гэнэтийн үйлдэл болж байна гэсэн үг. Тархины харвалт өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн гуравны нэг нь эргэж сэргэдэг, гуравны нэг нь хөдөлмөрийн чадвараа алддаг, гуравны нэг нь нас бардаг гэсэн судалгаа байдаг. Манай улсын хувьд манай эмнэлэг сүүлийн 5 жилд 5000 гаруй харвалт өвчнийг эмчилсэн.  Нас баралт 16,5 хувьтай.Өмнөх жилүүдтэй харьцуулахад нас баралт буурч байгаа. Дэлхийн түвшинд нас баралтын нэг хувиар бууруулахад тархины харвалтын тусламж үйлчилгээ хүртээмжтэй болж байна гэж үздэг.

– УНТЭ, “Мянганы сорилтын сан” зэрэг хэд хэдэн байгууллагууд нийлж өнгөрсөн 5 жилийн хугацанд тархины харвалт, зүрхний шигдээсийн талаар дорвитой төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн гэсэн. Ямар зүйл дутагдалтай байсныг уг үйл ажиллагаагаар бий болгож чадав?

 -Ц. Төмөр-Очир: “Мянганы сорилтын сан”-ийн санхүүжилтээр Эрүүл мэндийн салбарт нийтдээ зургаан төсөл хэрэгжсэн. Үүний нэг нь тархины харвалт, зүрхний шигдээсийн төсөл. Үүний гол зорилго нь тусламж үйлчилгээг орчин үеийн түвшинд хүргэх, ОУ-ын стандартад хүргэх, өндөр хөгжилтэй орнуудад байгаа тоног төхөөрөмж, тэнд ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдийн түвшинд хүргэх байсан. Энэ зорилгоо 100 хувь хангасан гэж үзэж байгаа. Урьд нь бид хуучин Оросын системээр тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан. Уг төсөл хэрэгжсэнээс хойш олон улсын стандартын дагуу, яаралтай тусламж шаардлагатай иргэдийн амь насыг аврах боломж нэлээд бүрдсэн.

Д. Нарантуяа: 5 жилийн өмнө аль ч эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний тасаг гэж ерөнхий байдаг байлаа. Тархины харвалт, зүрхний шигдээсийг тэндээ авдаг байсан бол одоо төрөлжсөн, мэргэшсэн шаталсан тасгийн бүтэц руу шилжсэн. 24 цагаар тасралтгүй ангиографи буюу тусламж үйлчилгээний компьютер томографитай оношилгоо, эмчилгээ явагдах нөхцлийг бүрдүүлсэн. УГТЭ-ийн авсан томоохон арга хэмжээ бол энд хүн хүч болон ажиллах санхүү, бүх нөөц боломжийг хангаж өгсөн. 24 цагийн тусламж үзүүлэх, хүндрэлтэй зэрэгцээ сэргээн засах үйл ажиллагаа явагдах цогц үйлчилгээ, МУ-д өмнө нь байгаагүй бүлэн уусгах эмчилгээг шинээр нэвтрүүлсэн.

-Төслийн хүрээнд орон нутагт тусламж үйлчилгээ үзүүлэх боломж хэр хангагдсан бэ, шаардлагатай тоног төхөөрөмж, бэлтгэгдсэн боловсон хүчингээр хангагдаж чадсан уу?

–  Уг төсөл нь УГТЭ дээр туршилтат байдлаар буюу зөвхөн нэг эмнэлгийг сонгодог жишээ загвар болгосон. 5 жилийн өмнө гадаадад мэргэжилтнээ явуулж сургадаг байлаа. Одоо бол Монгол оронд суурьшлаа. Хөдөө орон нутгаас энд ирээд суралцах бүрэн боломжтой болсон. Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас захиалгаар харвалт, зүрхний шигдээсийн чиглэлээр багаараа ирж суралцах, мэргэших, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаанууд тасралтгүй явагдаж байгаа. Эмнэлзүйн заавар гэдэг бол орон нутагт сумын түвшинд ямар тусламж үзүүлэх вэ, аймгийн түвшинд ямар тусламж үзүүлэх вэ гэдэг нь бүгд стандартчилагдсан байгаа. Энэ заавар удирдамжийн дагуу аль ч эмнэлэг тархины харвалт, зүрхний шигдээсийн оноштой орж ирэхэд анхан шатны тусламж үзүүлж амь насыг нь эрсдэх нөхцлийг багасгах бүрэн боломж байгаа.

– Эмнэлгийн тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлэхэд бэлэн ажилладаг уу?

-Ц. Дамдинсүрэн: 24 цагийн турш бэлэн байдалд байдаг. Хуваарийн дагуу ажиллаж түргэн шуурхай тусламж үзүүлж ажилладаг. Манай эмнэлэгт ганцхан ангиографийн аппараттай, хүлээлт үүсгэх нөхцөл үүсдэг байсан бол 2018-2019 оны улсын төсвийн санхүүжилтээр саяхан шинэ ангиографийн аппарат суурилуулсан. 30 гаруй оношилгоо эмчилгээний төхөөрөмж нэвтэрнэ гэдэг бол маш том ололт юм.

-Зүрний шигдээс, тархины харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-П. Нарантуяа: НЭМҮТ-ийн гол үүрэг бол хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилсан сэргийлүүлэх. Тархины харвалт, зүрхний шигдээсийн үед ямар шинж илэрвэл яаралтай түргэн тусламж дуудах хэрэгтэйг мэдэж байх хэрэгтэй. Зүрхний шигдээс, тархины харвалт үүсгэдэг гол эмгэг нь даралт ихсэлт гэж дурьдсан. ЭМЯ-аас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн аяныг улс орон даяар зарлаж, ЭМД-аараа санхүүжилтээ аваад энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Үүнд хамрагдсан хүмүүсийг урьдчилсан байдлаар судлахад хоёр хүн тутмын нэг нь даралт өндөртэй гарч байна. Монгол хүний нэг онцлог нь давсны хэрэглээ өндөртэй. Сүүтэй цайндаа давс хийгээд, баншиндаа мөн давс хийдэг.  Мөн зүрхниий цахилгаан бичлэг хийж үзэхэд зүрхний тэжээлийн дутагдалтай хүмүүс их байна. Энэ нь шигдээс үсэх эхний дохио.

Ц.Төмөр-Очир: Сүүлийн жилүүдэд жирэмсэн, төрөх насны эмэгтэйчүүд харвалт өгч хүндрэх асуудлууд практикт өдөр тутам тохиолдож байна. Үүн дээр бодлогын төвшний арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Иргэдийн эрүүл мэндийн хариуцлага сул байна. Жирэмсний хяналтад огт орохгүй явж байгаа харвалт өгөөд ирсэн тохиолдол ч байна.

Д. Алтанцэцэг: Урьдчилан сэргийлэлт, хяналт ихээхэн дутмагшилтай байна. Бид зөвхөн тухайн хүнийг өвдсөн үед амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөрийн чадвар алдалтыг багасгах үйл ажиллагааны төлөө тэмцэж байдаг. Дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэхээр хүн бүр фитнессийн асуудлыг ярьдаг. Мэдээж фитнесст явж илүүдэл калороо шатаах ёстой. Гэхдээ түүнд хэрэглэж байгаа уургийн бэлдмэлүүд, бусад нэмэлт бүтээгдэхүүнүүдийг мэргэжлийн эмчийн хяналтан дор зөв тунгаар, зөв хэрэглэж байна уу? Зөв үед хэрэглэхгүй бол цус өтгөрч харвах тохиолдол ихээр тохиолдож байна. Ард иргэддээ анхааруулж хэлэхэд хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө цусны даралтаа тогтмол хянах, өдөрт 30 минут алхах энгийн алхмуудыг хэрэгжүүлэх шаардлагатай.

  Эмчилгээний хувьд сүүлийн 5 жилийн хугацаанд технологийн шинэчлэл нэлээд хийсэн. Тархины харвалтыг бүлэн хайлуулах, эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээнүүдийг хийдэг. Мэс заслын эмчилгээг зөвхөн УГТЭ-ийн мэдрэлийн мэс заслын тасаг гүйцэтгэж байгаа. Гадаад улс орнуудад хийгдэхэд 100-150 сая төгрөгийн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг манай улсад ЭМД-ийн сангаас 70 хувийг нь дааж үлдсэн 25-30 хувийг иргэн өөрөө төлдөг. Энэ бол Эрүүл мэндийн даатгалын системд гарсан шинэ хувьсал. Эдийн засгийн хүндрэл багасаж байгаа юм. Манай улсад жилдээ тархи нуруу нугасны 1200 орчим хагалгаа хийгддэг.

-УГТЭ-ийн бусад эмнэлгээс онцлог, давуу болсон тусламж үйлчилгээний хэлбэр нь юу вэ?

Ч. Гэрэлтуяа: Зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээг УГТЭцогцоор нь үзүүлж байгаа.Өвчтөн эмнэлгийн хаалгаар орж ирэхээс эхлээд хүлээн авах, зүрхний, ангиографи, сэргээн засахын эмч нар багаараа цогц тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Хамгийн гол нь манай эмнэлэг дээр зүрхний шигдээс мөн үү биш үү гэдгийг тодорхойлдог шинжлгээний багаж байдаг. Зарим дүүргийн эмнэлгүүдэд тэр нь байдаггүй учраас үүнийг тодруулахын тулд манай эмнэлэг рүү явуулдаг. Дээр дурьдсан бүлэн уусгалт гэдэг эмчилгээ бол зөвхөн тархины харвалт дээр биш мөн зүрхний шигдээс дээр хэрэглэдэг.

Эх сурвалж: 120/80 Эрүүл мэндийн хэлэлцүүлэг нэвтрүүлэг

шинэ мэдээ

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

трэнд