No menu items!
HomeХүмүүс"Исмэл" Дамчаа

“Исмэл” Дамчаа

-

Дээд Монголын урианхай овгийн Цадим эзний хүн, гар хөл нь бүгд зургаан хуруутай байсны учир өвөг дээдсийг минь Олон гар хэмээн нэрлэж байв. Олон гар буюу зургаадай өвгөдийн хүн маань зуны тэргүүн сарын 15-ны тэргэл саран гийсний маргааш өглөөнөөс эхлээд намар цагаан хяруу унах хүртэл хөл нүцгэн явж гадаа унтдаг хүн байсан юм гэнэ лээ. Тэрээр үүр цүүрээр босож голын эрэг дээр очоод суучихдаг байж. Их үд өнгөрөхөд  моринд мордоод нар гудайхын цагт ирнэ. “Та туж л ингэж явах юм. Хаа хүрдэг байна?” гэвэл “Шувуудын жиргэх, ялаа зөгийнүүдийн дүнгнэлдэх, сүнгнэлдэхийг чагнах гэж л тэр” гэдэг байж. Орой хоол унд болсны хойно нэг лонх нанчид халаалгаад  түүнийгээ шимэн, цуур татан суух дуртай. Ерөөлч магтаалч ирвэл ихэд хүндэтгэн цайлаад, товшууртай ерөөл аялуулан хэлүүлээд машид таашааж чагнадаг хүн байжээ”

Өрөөсөө дээш долоон үеийн тухай үр ачдаа ийн ярин суудаг байсан хүн бол бидний дунд уран бүтээл, кино дүрүүдээрээ мөнхөрсөн Банзарын Дамчаа билээ.

Тэрээр Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар, одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутагт мэндэлжээ. Нэрт жүжигчин, дуучин Б.Дамчаа гуайн үүх түүх бараг л үлгэр домог шиг.

Учир нь Дамчаа гуай өөрөө ч олон талтай, тал бүрийн гэмээр авьяастай уран бүтээлч. Аливаа хүмүүний нэр их утга учиртай. Нэр төрөө авч явна гэдэг түүнээс ч өргөн утгатай гэдэг.

Түүний нэр нь төвд. Уг нэрийг эх хэлэнд хөрвүүлвээс дам-дээд, чой-ном хэмээсэн билэг ерөөлт утгатай аж.  

Б.Дамчаа урианхай удмын хүн. Түүний энэ хуучлан суух яриа өвөг дээдсийнх нь тухай.  Б.Дамчаа гуайн анхны эрдэм номын багш нь аав нь.  Тэрээр өөрийн бичсэн “Би зэлэмийн удам” номдоо “Би 5 ой өнгөрүүт үгүй юу эцэг өөрөө надад бичиг заахаар боллоо. Эцэг надад монгол бичиг зааж өгөх гэж оюунаа хөвчилхийн хажуугаар бас бичиг ном сурахад бие махбодын хөшүүрэг хэрэгтэй гэж модон саваа, гутал зэргийг ашиглана. Гутал нь ямар учиртай гэхээр хар үүрээр намайг сэрээх гэж тэр. Надруу гутлаа шиднэ. Энэ нь одоо босч хичээл номоо хий гэсэн нэг “хамаанд” дэг байсан юм” хэмээжээ.

            Б.Дамчаа гэр бүлийн хамт

Түүний аавыг Банзар гэнэ. Тэрээр мөн л цуур сайхан татдаг, гарын ур дүйтэй хүн байсан гэдгийг ач зээ нар дурссан байдаг юм билээ. Б.Дамчаа таван настайгаасаа л эрдэмд шамджээ. Тод бичиг, уйгаржин бичгийг эл багадаа эзэмшсэн түүнийг оюун билэгтэй хүн гэхэд болох буй за. Тэрээр мөн өөрөө ч номонд хачин их дуртай, оролдлого сайтай хүү байсан гэдэг. Мөн бие дааж Орос, Esperanto хэл сурчээ. Ингээд бодоход кино дүрээ  дэлгэцэд мөнхөлж, оюун мэдлэгээрээ гэрлээ цацраасан хүн байж. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай түүний номд редактор хийхдээ “Бичиг үсэг, өгүүлбэр зүйн ийм их авьяастайг би мэдсэнгүй” гэж тэмдэглэн бичиж үлдээжээ. Дамчаа гуайн энэ номоос харахад тэрээр түүхийн үлэмж их мэдлэгтэй уран бүтээлч байсан нь мэдрэгдэнэ.

Кино урлагт орсон нь

Б.Дамчаа сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистын курс төгссөн байна. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар Төмөр замд машинист хийж байжээ.

Харин 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд анхлан бүжигчнээр орж байсан түүхтэй. Яваандаа жүжигчин, дууны багш болсон гэдэг.

Төмөр замын театрт гитартай дуулж явсан түүнийг найруулагч Б.Жигжидсүрэн хараад “Энэ хүн жүжигчин байх ёстой юм байна” гээд л ямар ч проб хийлгүй шууд дүр оноож байсан гэдэг. Түүний авьяас аргагүй л мэдрэгдэж байсан байх.

1968-1990 онд Монгол Кино Үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн “Бэрс” дээд сургуулийг байгуулж шавь нараа бэлдэж байжээ. Мөн 1998-1999 онд “Кино урлагийн дээд сургуульд” багшаар тус тус ажилласан байна.

Б. Дамчаа нь кино урлагт жүжигчнээр ажиллахын зэрэгцээ “Говийн нүдэн”, “Зуслангийн найзууд”, “Хатанбаатар”, “Нарны унага”,”3арлаагүй дайны оршил”, ”Тань руу нүүж явна”, “Би чамд хайртай”, “Ацаг шүдний зөрүү” зэрэг кинонуудад 2-р найруулагч хийж кино урлагийг хөгжүүлэхэд өөрийн бүх хүчээ дайчилсан эрхэм хүндэт хүний нэг.

Тэрээр уран сайхны “Үер” киноны Молом, “Мандухай цэцэн хатан” киноны Исмэл, “Хүргэн хүү” киноны Хайдав, “Өглөө” киноны Хачиг Луузан, “Хатанбаатар” киноны Жав зэрэг дүрүүдийг кино дэлгэцнээ онц сайн бүтээж кино судлаач, шүүмжлэгчид болон үзэгч олноос өндөр үнэлэлт авч байсныг зориуд тэмдэглүүштэй юм.

Түүний анхны дүр бол “Үер” киноны Молом занги. Тэрээр уг кинонд тоглохдоо 37 настай байжээ.

Энэ тухай “Хөөрхөн алаг үрсийнхээ зургийг үзүүлж тэднийгээ их санаж байна гэж үнэн учраа хэлсэн орос цэргийг бусдаар хөнөөлгөөд дараа нь хээв нэг сувдан зүүлт авч зогсох дүрийг хараад айх гайхах, жигших зэрэгцэн, “Яаж чадаж байна аа”  хэмээн уулга алдсан. Би олон хүүхнүүдийн дунд суугаад киног нь үзэж байлаа. “Балиар хорон санаатай хүн хаанаас гараад ирэв. Хөөрхийг алуулахгүй байх байсан юм” гээд л хүмүүс уурлаж байна аа. Би ч бас сэтгэл гонсгор театраас гарлаа. Гараад ханьтайгаа харихаар алхаж явахад “За ямар болж” гэлээ. Би “Чи тэр орос цэргийг алуулчих юм” гэсэн чинь “Би Молом биш шүү дээ” гээд л инээлдэж билээ” хэмээн түүний гэргий З.Онги ярьсан байдаг.

Аливаа кинонд дүрийг зөв оноосон жүжигчдийн чуулбар маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж кино судлаачид хэлдэг. Тэгвэл Б.Дамчаагийн дүр авьяасаар бүтээгдсэн учраас эерэг, эсрэг дүрүүдийг тэнцвэржүүлэхэд гайхамшигтай нөлөө өгсөн гэдэг. Тэрээр Моломын хорон муу санаа, арга заль, шунаг сэтгэлийг үзэгчдийн оюун ухаанд хоногштол хурц тод харуулсан билээ. Оргож явсан улаантны цэргийг туслах нэрээр гэртээ авч ирээд цагаантнуудад барьж өгөн буудуулж байгаа хэсэгт Б.Дамчаа гуай дүрийнхээ бодол санааны хувирлыг маш уран нарийн гаргасан гэдэг.

Мөн түүний бүтээсэн Исмэл тайжийн дүрийг дурдахгүй өнгөрч болохгүй. “Мандухай сэцэн хатан” киноны Исмэлийн  дүрийг бүтээхдээ бусад хорон санаатнуудаасаа тэс өөрөөр шийдсэн нь түүний урлан бүтээх арга барилын нарийн нууц бизээ. 

Исмэл бол төрийн том сайдын дүр. Гэхдээ цаад санаа нь хаан төрийг булааж авах зорилготой. Түүний зорилго, амьдралын гол шугамыг жүжигчин Б.Дамчаа гүнзгий ойлгож, гаднаа ихэмсэг дүр эсгэж, хорон санаагаа чанд нууцлан хамраараа хорон санааныхаа “утааг” огт гаргахгүйг хичээж явсаар эцсийн эцэст Мандухайг егүүтгээд санасандаа хүрлээ хэмээн хаан суудалд сэтгэл тэнүүн суудаг.

Эр зориг харамгүй гаргаж шороонд бүтэн булуулдаг хэсгийг уншигчид санаж байгаа байх. Тэрээр бүтээлээ сайн болгохын төлөө тийнхүү бүхий л эрч хүчээ дайчилдаг няцашгүй уран бүтээлч байсан нь харагдаж байна. Дамчаа гуай өөрийн олон сайхан дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэл зүрхэнд мөнхөрч үлдсэн төдийгүй монголын кино урлагийн хөгжил дэвшилд асар их үнэтэй хувь нэмэр оруулсан нэртэй уран бүтээлч байсныг Монголын ард түмэн яахан мартах билээ.

Тэрээр өөрөө ярихдаа “Кино бол их сайн болсон. Мандухай бол их бүрхэг дүр. Түүхэнд түүний тухай тодорхой юм бараг байхгүй. Харин манай Сувд маш сайн бүтээсэндээ. Исмэлийн тухайд ном судруудад Монголын төрийг хутган үймүүлэгч гэж дурдсан байдаг. Кинонд энэ тал нь тодорхой гарсан. Исмэл уйгар удмын хүн шүү дээ. Тиймээс өндөр боловсролтой байсан гэж боддог. Монголын төрд уйгарууд маш олноороо алба хашсан гэдэг.

“Мандухай сэцэн хатан” киног хагас жил бэлдсэн. Исмэлийг бүтээх гэж мунгинаж байхад минь тооныг минь өргөлцөж, унийг нь хатгалцсан, ханыг нь шийрлүүлж өгсөн хамт олондоо баярлаж явдаг” хэмээжээ.

Ардын жүжигчин Б.Дамчаа, МУАЖ жүжигчин Н.Сувд, найруулагч Б.Балжинням нар.

Б.Дамчаа агсны том охин Д.Оюунхүү:  “Үер” кино дэлгэцэнд гарахад би нэг бил үү, хоёрдугаар анги байсан санагдана. Төмөр замын соёлын ордонд тэр киног үзээд “Манай аав ийм муу хүн юм байх даа” гэж бодож байлаа. Аавыг буудуулаад унангуут нь киногоо дуусгалгүй гараад гүйчихсэн. Хар эрчээрээ гүйгээд гэртээ иртэл аав маань сууж байлаа. Ерөөсөө санаанаас гардаггүй юм” хэмээн ярьжээ. Түүний дунд охин Д.Сувд ч аавынхаа энэ л дүрд хамгийн их хайртайгаа хэлсэн байдаг. Тэрбээр аргагүй л жүжигчин бүрийн хүсэж мөрөөддөг хэрнээ амилуулж чаддаггүй эсрэг дүрийн аварга байжээ.

Харин кино судлаач Д.Цолмон: “Б.Дамчаа бол түүхэн кинонд ч, орчин үеийн кинонд ч оногдсон дүрээ сайн бүтээсэн том авьяастан, гүн сэтгэдэг, нөр их хөдөлмөрч нэгэн байжээ” гэсэн байдаг.

Дуучин, өгүүлэхүйн мастер Б.Дамчаа

Тэрээр чадварлаг жүжигчин төдийгүй сайн дуучин байсан. Түүний “Цэнгэлтэй үдэш”, “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны дуу, “Эх орон” дууг мэдэхгүй хүн үгүй.  Б.Дамчаа гуайд тэнгэр бурхны хайрласан их хишиг буюу дуулж, олныг уяраан сэтгэл зүрхийг нь өөртөө татах ер бусын гэмээр авьяас билэг хурсан байжээ.

Тэрээр орос, монгол олон дуугаар түмний сонорыг мялааж байсан. Түүний баргил сайхан ховор хоолой, дуулах уран чадварыг нь бишрэх хүн олон.  Б.Дамчаа гуай “Дайсны цэргүүд сонсоцгоо” кинонд тэрхүү киноны ерөнхий найруулагч Б.Сумхүү, Б.Ермолаев нарын хүсэлтээр  дууг дуулсан гэдэг. Мөн “Хурд” хамтлагийн клипэнд дуулсан эх орны тухай дуу ч өвөрмөц нэгэн том уран бүтээл болсон юм.

Мөн Б.Дамчаа гуай  400 гаруй кинонд дуу оруулсан байна. Түүнийг өгүүлхүйн урлагийн мастер гэдэг. Түүний хүнгэнэсэн сайхан хоолой одоо ч чихэнд сонсогдоно. Ийм нэгэн хууч бий. МҮОНР-д Н.Дагийранз, Б.Дамчаа нар кинонд дуу оруулан зэрэгцэн явсан үе. Орчуулагчийн киноны өрөөнд хүмүүс ярилцаад сууж байхад Н.Дагийранз гуай, Б.Дамчаа гуай 2 муудалцаж гэнэ. Хоёр хүнгэнэсэн хоолойтой хүмүүс дуугарахад тэнд ирсэн оюутнууд айгаад гарч байсан гэдэг.

Ардын жүжигчин Б.Дамчаа гуайн дундаршгүй авьяасыг төрөөс үнэлэн 1985 онд Гавьяат жүжигчин, 2007 онд Ардын жүжигчин цолоор мялаажээ. Тэрээр таалал төгсөхийнхөө өмнө “Тэнгэрийн ивээл” кинонд зөвлөхөөр ажиллаж, “Би чамд хайртай-2” кинонд 30-аад жилийн өмнө бүтээсэн Жигмэд багшийнхаа дүрийг дахин амилуулсан байдаг. Дэлгэцийн дүрүүд нь үзэгчдийн сэтгэлд хоногшиж, “Цэнгэлтэй үдэш”, “Эх орон” дуу түүний баргил хоолойгоор эгшиглэсээр байгаа цагт түүнийг хэзээ ч мартахгүй.

Түүний өгч байсан ярилцлагаас ишлэл болгон хүргэе

-Алдаа оноо гаралгүй л яахав. Нарийн яривал бид чинь одооны залуучуудаас илүү алдаа гаргаж байсан юм шүү. Гэтэл зарим ахмадууд үүнийгээ мэдэхгүй байна. Бидний үед ийм ч байсан тийм байсан гээд сайрхах юм. Тэгж болохгүй шүү дээ. Бид чинь мөнх биш.

-1992 онд би “Бэрс” дээд сургуулийг Гомбосүрэн, Цэрэн нартай хамт байгуулж байлаа. Өөрийнхөө ангийг төгсгөөд сургуулиа би орхисон. Яагаад гэхээр багш бид чинь мэдэх юмаар маруухан байна. Дэлхийн киноны чиг хандлагыг мэдэхгүй байж дээд сургуульд багшилна гэдэг маруухан санагдаад

-Ганц туршлагаар лаахайдаад хол явахгүй. Дэлхийн дэвжээг мэдрэхгүй бол дэлэм ч урагшлахгүй гэж би боддог.

-Таны бахархал юу гэсэнд? Тэрээр “Үзэл сурталддаг бэрх цаг үед зохиолын баатруудыг бодит, амьд дүр болгох гэж зүтгэж явснаараа бахархдаг.

“Шижир туяа цацруулан мишээсэн

Шингэх наран юутай гоёхон бэ

Сэрүүхэн үдэш зугаалан яваа

Сэргэлэн залуус юутай цэнгэлтэй вэ              

Аав ээждээ эрхлэн тоглосон

Алаг үрс юутай хөгжилтэй вэ

Алтанхан найгалд эргэлдэн ниссэн

Алаг эрвээхэй юутай хөөрхөн бэ”

Б.Дамчаа, З.Онги нар МҮЭСТО-нд нэгдсэн тоглолтод оролцож байхдаа танилцаж байжээ. Энэ тухай түүний гэргий З.Онги “Нэг том их хурал л болж байсан юм даг. Эмээ нь бүжигчин хүн л дээ. Дуулж, бүжиглэж, хөгжимдөж явлаа. Хүүхдийн театр биднийг залуу байхад “Ромео Жулета”-г тавьдаг байсан юм. Тэр жүжигт миний хань ламын дүр бүтээж байсан” хэмээн хуучилжээ. Тэд гэр бүл болоод тавь гаран жил болжээ. Гурван хүү, гурван охинтой ач зээ олуул. З.Онги гуай ханийнхаа талаар хожим дурсахдаа “Миний хань уур уцаар бухимдал гэдгийг мэддэггүй хүн байлаа. Одоо эргээд бодох нь ээ бид хоёр бие биендээ хэзээ ч эвгүй үг хэлж байгаагүй, нэг ч удаа  муудалцаж үзээгүй юм билээ” хэмээжээ. Тэр хэмжээлшгүй их авьяастан төдийгүй айл гэрийн ноён нуруу, энхрий үрсийнхээ хайрт аав, өвөө нь байсан юм.

Нэгэн удаа гудамжинд явж байхад хүмүүс “Хүүе энэ чинь Дамчаа гуай юу даа” гэхээр “Биш ээ миний хүү. Би ах нь байна”  гэсэн гэдэг. Хүмүүс байнга эргэж хараад зарим хүүхэд “Мандухайг алсан хүн” гээд л ярихаар хэцүү байсан байх. Түүнээс хэцүү зүйл өөр юу байхав дээ хэмээн гэргий нь мөн хуучилжээ.

“Дорнийн тэнгэрт утаа манраад

Довтлох салхи улам ширүүснэ

Эрийн ёсоор тангаргаа өргөөд

Эрэлхэг дайчдын цуваа хөвөрнө өө” гэсэн дуу баатарлаг үгтэй, уянгалаг дуу нь мөнхрөн үлджээ. Кино урлаг, дэлгэцэд мөнхөрсөн Ардын жүжигчин Б.Дамчаа бол дэлгэцийн урлагийн тод од мөн. Монголын кино, тайз, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай 2009 оны 06 сарын 24-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Түүний дүр бүтээсэн кинонуудаас

  • Үер – Молом занги (1966)
  • Өглөө – Луузан (1968)
  • Хүргэн хүү – Хайдав (1970)
  • Дайсны цэргүүдээ сонсоцгоо! – хурандаа Накаяма (1971)
  • Ичээнд нь – Тянь Жань (1972)
  • Хөдөөгийн баясгалан – Рагчаа (1974)
  • Газрын жигүүр (1978)
  • Хатанбаатар – Жав (1981)
  • Сахиус уу, сахиул уу – үсчин (1983)
  • Зарлаагүй дайны оршил – Ясуко (1984)
  • Нарны унага – Чүлтэм (1984)
  • Би чамд хайртай – Жигмэд (1985)
  • Ацаг шүдний зөрөө – Банзрагч (1985)
  • Мандухай сэцэн хатан – Исмэл сайд (1988)
  • Төөрсөөр төрөлдөө – хятад худалдаачин
  • Хааны сүүлчийн хатан – Найдансүрэн хутагт
  • Би чамд хайртай 2 – Жигмэд (2009)
  • Сэрүүн дуганы мөхөл (1989) – өөрийн найруулсан кино

Г.Жаргал

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд