No menu items!
HomeЭмч зөвлөж байнаВ.Баярмаа: Хүүхэд хулгай хийж, худлаа ярих нь сэтгэцийн өвчин

В.Баярмаа: Хүүхэд хулгай хийж, худлаа ярих нь сэтгэцийн өвчин

-

Өдгөө нийгэмд эрчээ аван дэгдэж буй нэгэн аюултай “шуурга” бол өсвөр насныхны компьютер тоглоомд донтох асуудал болжээ. Сургуулийн насны хүүхэд нэг шөнө бүү хэл бүтэн сараар гэрээсээ оргож, аав, ээжийнхээ үнэт зүйлсийг хулгайлан зарж, мөнгөөр нь РС тоглох тохиолдол ихэссэн байна. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч В.Баярмаатай уулзаж ярилцав.

-Компьютер тоглоомд донтогсод жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэсэн мэдээлэл сонслоо. Тухайлбал, танай эмнэлэгт эмчлүүлэгчдийн ачаалал хэр байна вэ?

-Компьютер тоглоомд донтогсдын статистик үзүүлэлт бага багаар өссөөр байна. Харин манай эмнэлэгт бодит тоо гардаг. Анх 2003 онд компьютер тоглодог хүүхдүүд эмчлүүлэх гэж манай төвд ирсэн. Мэдээж компьютер, интернэтийн эрин зуун эхэлсэнтэй холбоотой. Анх энэ эмгэгээр жилд тав, зургаан хүүхэд л ирдэг байсан бол эл тоо өссөөр энэ онд л гэхэд компьютер тоглоомын асуудалтай 26 хүүхэд эмчлүүлсэн.

Компьютер тоглоомын гэдэг тодотгол бол сэтгэл зүйн маш тулгамдсан асуудал. Хүүхэд сэтгэлдээ бугшсан гутрал, түгшүүр, уйлах гэх мэт сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлж чаддаггүй. Байгаа төрх, хийж буй үйлдлийнхээ шинж тэмдгээр энэ бүхнээ илэрхийлдэг. Гадуур зорилгогүй тэнэх, компьютер тоглох, худлаа ярих, хулгай хийх, хичээлээ таслах, сурлагаар хоцрох, сургууль завсардах, архи тамхи хэрэглэх гэх зэрэг олон янзаар нийгэмд энэхүү шинж тэмдэг илэрдэг.

Гэтэл ганцхан компьютер тоглоомоор илэрч байгааг нь л нийгэм арай түлхүү анхаарч яриад байна. Анагаах ухаанд энэ өвчлөлийг олон улсын жишгээр тодорхой ангилдаг. 2012 оны эхний 11 сарын байдлаар 40 хүүхэд компьютерт донтох өвчнөөр эмнэлэгт хэвтсэн байна. Зарим хүүхэд хичээл таслах, архи, тамхи хэрэглэх зэрэг хавсарсан өвчлөлтэй байх нь ч бий.

-Хичээл таслах, хулгай хийхийг ч Та өвчин гэж хэлэх гээд байна уу?

-Тийм. Энэ бол хүүхдийн сэтгэцийн нэг төрлийн өвчин юм шүү дээ. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдээ худлаа ярьж, хулгай хийгээд байгааг мэддэг ч сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэхээ мэддэггүй. Тиймээс ч манай эмнэлэгт ханддаггүй. Бүр нойр хоолноосоо гарчихсан, шөнө зүүдэлдэг, нүднийх нь өмнүүр янз бүрийн дүрс жирэлзэж, бүр эцсийн шатандаа орчихсон хойно нь анзаардаг.

Эцэг, эхчүүд арга тасрахдаа тоглоомдоо автаад долоо хоног, сараар гэртээ ирэхгүй болчихсон хүүхдүүдээ олж манай эмнэлэгт хэвтүүлдэг. Компьютерийг өдөр бүр хоёр, гурван цагаар тоглож байгаа хүүхдүүд ч донтсон байна гэсэн үг. Хичээлээ ганц нэг таслаад л, сургуулиасаа завсардаад байгаа хүүхдүүд ч гэсэн сэтгэцийн энэ төрлийн асуудалтай юм шүү дээ. Манай эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүд бол Монголын нийт донтогчдын маш бага, 1-3 хувийг л эзэлнэ.

-Насанд хүрэгчид ч донтдог гэж сонссон?

-Тийм тохиолдлууд ирэх нь ирдэг. Гэхдээ нас биед хүрсэн хүмүүс өөрсдийгөө донтолтоос татаад авчих бүрэн боломжтой шүү дээ.

-Хүүхдүүдийг эмчлээд гаргадаг. Эргээд ирэх тохиолдол байх уу?

-Энэ бол маш чухал асуудал. Давтан хэвтэлтийн тоо 14-16 насны хүүхдүүдийн дунд их бий. Одоогийн байдлаар 12 хүүхэд давтан хэвтэж эмчлүүлсэн байна.

-Давтан хэвтээгүй хүүхдүүдийг бүрэн эдгэрсэн гэж ойлгож болох уу?

-Өмнөх донтолтоосоо арай гайгүй байгаа тул эцэг, эхчүүд авчрахгүй байх тал бий. Бүрэн төгс эдгэрээд хичээл номдоо явж байгаа эсэхийг бид мэдэх арга алга. Тухайн хүүхэд гэртээ хариад аав, ээжийнхээ хараа хяналтад байна уу, эсвэл РС тоглоомын газраар яваагаа нуугаад байна уу гэх мэт хяналт манай улсын хэмжээнд байхгүй.

Бүрэн эдгэрсэн эсэхийг нь шалгахын тулд бид зургаан сараар ч юм уу, жилийн турш тухайн хүүхдээ хянаж байж дүгнэлт гаргах ёстой. Тиймээс илрээд байгаа шинж тэмдгүүд хэвтэж эмчлүүлэх хугацаанд буурснаар нь л гайгүй болоод гарлаа даа гэж боддог. Нойрондоо сайн болох, донтолтын шинж тэмдгүүд цөөрч буйг ажигласан төдийхнөөр л бид эмчилгээний үр дүнг ярьж байна.

Дээрх 12 хүүхдийн тухайд гэртээ харихаараа өнөөх л тоглоомоо тоглож, тоглохын тулд дэвтэр, номоо зараад байгаа болохоор дахин эмчлүүлэхээр ирж байна л гэж ойлгохоос өөр арга байхгүй.

-Энэ өвчнийг сэтгэл зүйн заслаар эмчилбэл үр дүнд хүрэх үү?

-Сэтгэл зүйн болон биеийн хавсарсан эмчилгээ хийдэг. Эм хэрэглэх шаардлагатай болж байгаа гэсэн үг. Эм хэрэглэх шаардлагагүй бол бид сэтгэл зүйчид хэлж ойлгуулаад байж болно шүү дээ. Сэтгэл зүйн заслыг сэтгэл зүйч хийх нэг өөр. Зарим аав, ээж хүүхдээ засах гэж сэтгэл зүйн дэмжлэг, эмчилгээ хийж болно. Харин аав ээж нь ч хүчирдэггүй, сэтгэл зүйч ч тусламж үзүүлж чадахгүй болсон хүүхэд л манай төвд ирдэг гэсэн үг.

Тэгэхээр энэ өвчин бидний оношийн төвшинд үзэхэд эмгэг болчихоод байгаа юм. Зургаан сар ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилж байж л эмч нар эмгэг гэж үздэг. Гэхдээ энэ хугацааны эмгэг түр зуурын шинжтэй, засрах боломжтой байдаг. Эмчилгээндээ засарч байгаа нь ч, засрахгүй байгаа нь ч бий.

-Танай эмнэлэгт хандах, хэвтэх боломжгүй хүүхдүүд эцэстээ ямар аюулд хүрэх бол?

-Энэ асуудал компьютер тоглоомыг тоглуулж байгаа газартай их холбоотой. Өнөөдөр нийслэлд компьютер тоглоом тоглуулж байгаа ихэнх газар эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Хүүхдийн эрх, эрүүл мэндийг бодолцдоггүй тэдэнд ашигтай, тустай газар биш. Байрны хонгилд байрладаг учраас бие засах газаргүй, ариун цэврийн шаардлага хангаагүй, агааржуулалтгүй.

Гэрэл гэгээ муу, битүү газар байх нь олонтаа. Наад зах нь нүдний харааг муутгах нөхцөлд хүүхдүүд тоглож байна. Компьютер тоглоом тоглуулдаг газар чинь өөрөө аюул дагуулсан орчин. Тийм газар тоглож байгаа хүүхдийн сэтгэл, сэтгэцэд нь өөрчлөлт орохоос өөр яах билээ. Мөн хараа хяналтгүй хүүхдүүд нэг нь нөгөөдөө нөлөөлөөд бүлэг гэмт хэрэгт орооцолдох ч тохиолдол бий.

-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг хүйсээр нь ангилбал?

-Насны хувьд 11-16 насныхан. Хүйсний хувьд дандаа эрэгтэй хүүхдүүд. Судлаач хүний хувьд би юу гэж үүнийг дүгнэж байна гэхээр эрэгтэй хүүхдүүдийн ядаргаа, бухимдлаа тайлах арга нь л компьютер тоглоом юм байна. Эмэгтэй хүүхдүүд бүжиг, тоглоом гэх мэт өөр зүйлд анхаарлаа хандуулдаг. Мөн бие биедээ нарийн ширийн нууцаа ярина.

Аав, ээждээ хөвгүүдээс илүү нээлттэй байж уйлж чаддаг. Эрэгтэй хүүхдүүд харьцангуй дотогшоо, бусдад юмаа ярьдаггүй. Найз нөхдөдөө ярьсан ч асуудлаа шийдэж чаддаггүй. Тиймээс сэтгэлдээ хуралдсан бухимдал, зовлонгоо гадагшлуулахын тулд зодоон хийх, архи ууж, тамхи татаж, компьютер тоглодог. Архи, тамхи хэрэглэж болохгүй гэдэг цочроог нийгэм өгдөг учраас өөр юманд анхаарлаа хандуулж, таагүй мэдрэмжээ бөөнөөрөө тайлдаг ганц арга нь компьютер тоглоом болчихжээ.

-Компьютерийн дагнасан өвчин гэж бий юу?

-Компьютерийн тоглоом өөрөө сэтгэцийн эмгэгт өвчинд ордоггүй. Энэ тохиолдолд хүүхдийн сэтгэцийн эмгэг гэж явдаг. Үүний гол шалтгаан нь стресс. Стрессийн цаана гэр бүлийн таагүй байдал, салалт, дарамт шахалт, хүнд хүчир хөдөлмөр гэх мэт бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл багтдаг.

-Танай эмнэлгийг цонхны цаанаас харж, ярьж байгаа хүмүүс их хүндээр хүлээж авч галзуу, гаж донтонгуудаар дүүрчихсэн гэж ойлгодог. Үүнээс үүдээд зарим эцэг эх донтсон хүүхдүүдээ эмчлүүлэхийг хүсдэггүй байж болох юм?

-Тийм ойлголт бий. Манай эмнэлэг олон жил социалист тогтолцоогоор явсан. Тэр үед гол чиглэж байсан зүйл нь өвчин. Тиймээс манай эмнэлэг сэтгэцийн эмгэгт өвчин буюу шизофрени, оюуны хомсдлын тухай хамгийн их ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл, тэр нь эдгэрдэггүй архаг өвчин учраас ихэнх хувийг эзэлдэг байсан. Шизофрений дэмийрэл, солиорол, оюуны хомсдолын өнөөх тэнэг, мангар, нус, шүлсээ гоожуулсан дүр зураг олон жил хүмүүсийн сэтгэлд хадагдсан.

Хүмүүс тэр бодлоосоо одоо хүртэл салахгүй байна. Бид нийгмийг тэр бодлоос нь салгах гэж, стресс болон сэтгэцийн эмгэг, түгших, гутрах, амиа хорлох гээд нийгмийн ийм олон сөрөг хүчин зүйл манай эмнэлэгтэй холбоотой байдгийг ойлгуулахын тулд 10 гаруй жил ажиллаж байна. Үүний үр дүнд хүмүүсийн ойлголт бага багаар өөрчлөгдөж байгаа.

Бид үүнийгээ гавьяатай ажил хийсэн гэж үнэлдэг. Сэтгэц гэдэг чинь шүлсээ гоожуулсан оюуны хомсдол биш, дэмийрч солиорсон шизофрени биш. Нөгөө айдаг түгшдэг, гутардаг, уурладаг, бухимддаг таагүй байдлууд чинь бүгд сэтгэцийн асуудал гэдгийг хүмүүс ойлгодог болсон. Тиймээс ч сүүлийн үед хүмүүс сэтгэл зүйчид ханддаг болж байгаа.

-Сэтгэл зүйчдийн ажиллах арга барил өнөөгийн шаардлагад нийцэж байна уу?

-Сэтгэл зүйн төвд ажиллаж хүний тархи толгой, оюун ухааныг эмчлэх гэж байгаа хүн нь мэргэжлээрээ олон жил ажилласан байх ёстой. Гэтэл дөнгөж МУИС-ийн сэтгэл судлалын анги төгссөн хүүхдүүд тэр албан тушаалд суучихаараа мөн чанарыг нь ойлгохгүй учраас хүмүүсийн хүсээд байгаа тусламжийг өгч чаддаггүй. Үүнээс болж сэтгэл зүйн салбар, сэтгэл зүйчийн нэр хүнд унах гээд байна.

Ямар ч хүн сэтгэцийн эмчээс эмээх хэрэггүй. Тэр тусмаа сэтгэл зүйн талаар мэргэшсэн хүнээс тусламж авбал сэтгэл зүйч гэсэн хаягтай өрөөнд сууж байгаа хүмүүсээс илүү тусална. Сэтгэл зүйчид байх ёстой, тэр хүмүүсийг би буруутгахгүй. Гэхдээ эрүүл сэтгэцтэй хүмүүстэй ажиллах ёстой. Эрүүл сэтгэцийг сэтгэцийн эмгэг рүү орохгүй байх талаас нь анхаарч ажиллах нь чухал. Энэ чиглэлд хүмүүс багаар ажиллах нь илүү үр дүнтэй.

В.Нэргүй

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд