No menu items!
HomeЯрилцлагаЗураач Л.Амарсанаа: Би ямар нэгэн урсгал чиглэлд баригдах дургүй

Зураач Л.Амарсанаа: Би ямар нэгэн урсгал чиглэлд баригдах дургүй

-

Өнгөрөгч есдүгээр сард МУЭ-ийн гишүүн, зураач Л.Амарсанаа уран бүтээлийн “20 жил” хэмээх бие даасан үзэсгэлэн болсон билээ. Түүний бүтээлүүдээс Монгол ахуй үнэртдэг төдийгүй жирийн нэгэн мод л гэхэд тус үзэсгэлэнд урлагийн бүтээл болон хувирсан нь уран бүтээлч хүний нүд энгийнээс ер бусын зүйлийг хардаг гэдэгтэй утга нэгэн буй. Уран бүтээлч хүний дотоод ертөнцийг нээхүй дор, урлаг хэмээх ертөнцөд хөл тавьсан түүний дотоод ертөнцийн талаарх ярилцлагийг хүргэж байна.

-Сайхан өвөлжиж байна уу та. Уран бүтээлийн олз омог арвин байна уу?

-2019 он уран бүтээлийн олз омог ихтэй сайхан жил гарлаа. Саяхан Герман улсад Монгол зураачдын хамтарсан үзэсгэлэнд оролцоод ирлээ.

– Уран бүтээлч болох зам мөрд хэрхэн хөтлөгдөн оров? Юу нөлөөлсөн бэ?

-Би солгой гараараа зурдаг. Багаасаа л харандаа цаас нийлүүлж өссөн. 5 настай байх үедээ зурж байсан зургаа санадаг. Тухайн үед эх орны дайны талаарх байлдаантай кинонууд их гардаг байсан. “Нохойтой дөрвөн танкчин” гэдэг киног үзээд л уулын цаанаас цэргүүд, нөгөө талаас нь хас тэмдэгтэй танкнууд гарч ирж байгаа талаар дүрсэлдэг байсан. Зурахдаа үйл явдлаа ярьж зурдаг хүүхэд байсан. Багаасаа авьяасаа нээх гэж хичээсэн. Ээж маань намайг зургадугаар ангиас эхлэн зургийн дугуйланд явуулсан. Хүүхдийн пионерийн ордон, залуу техникчдийн ордны өсвөрийн залуу зохион бүтээгч, дизайнерийн дугуйлангуудад тус тус хичээллэж байлаа. Тэндээс л уран бүтээлч болох гараа маань эхэлсэн.

-Анхны бие даасан үзэсгэлэнгийнхээ талаар ярихгүй юу?

– 1994-1999 оны хооронд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураасан зургийн мэргэжлээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Я.Оюунчимэг багшийн удирдлага дор суралцаж төгссөн. Зураасан зураг, графикийн урлагийг эзэмшсэн цагаасаа бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж бодож зорьж явсаар 2011 онд “Тэнгэрийн дардас” нэртэй үзэсгэлэнгээ гаргасан.

-Таныг хүмүүсээс сурахаар “Аль, Монгол бичгийн үү? гэж асуух юм. Та бийрийн уран бичлэгийг сайхан эзэмшсэн хүн шүү дээ.

-Нэр нэгтний чих нэг гэдэг шиг адил нэртэй зураач нар олон бий. Би тодорхой хугацаанд ДУДС-д багшилж байсан. Тэр үед Монгол зургийн Амарсанаа гэж байсан. Намайг зураасан зургийн Амарсанаа гэдэг байлаа. Хүмүүс их будилж ярьдаг. Одоо ч тэгдэг. /инээв/

Сүүлийн үед намайг калиграфын Амараа гэх болсон. Ерөнхийдөө миний сурч боловсорсон, өндийж өссөн цаг үе маань үндэсний бичиг соёлыг сэргээх эх хэлний үе байсан тул 1980-аад онд бие даан Монгол уран бичгийг сурсан. Хожмоо зураач болж өнөөгийн уран бичлэгийн хөгжилд хувь нэмрээ оруулна чинээ бодоогүй л явлаа. Энэ бүхэн маань биелэлээ олж Монгол уран бичлэгийн соёлыг хөгжүүлэхээр өөрийн гар бие оролцоод явж байна. Тэр утгаараа калиграфын Амараа хэмээн нэрлэгдэх болоод байна.

-Уран бүтээлч хүний сэрэл, мэдрэмжийн талаар ярихгүй юу? Та Түлэгэ  үзэсгэлэнгийнхээ бүтээлийг зүүдэндээ олж харсан гэдэг.

-Одоогоос нэг жилийн өмнө “Түлэгэ” хэмээх үзэсгэлэнгээ Хаан галлерейд гаргасан. Өмнөх оноос нь үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн. Хэмнэл, график, мод модон бартай холбоотой бүтээл хийнэ гээд төлөвлөсөн байсан ч яг гол зангилааг нь олоогүй эрэл хайгуул хийж байсан юм. Тэгтэл 2018 оны зургадугаар сард нэг зүүд зүүдэллээ. Миний үзэсгэлэнгийн нэр болон бүтээлүүд харагдсан.

Миний үзэсгэлэнгийн нэр “Түлэгэ” байх ёстой юм байна. Түлээ гэдэг нь мод түлш гэсэн үг. Түлээ гэдэгт аргал, мод, нүүрс зэрэг Монголчуудын нүүдлийн ахуй соёлын маш том хэсэг. Цаашлаад гал юм. Хүн төрөлхтөн анх бий болсон цагаас галыг хэрэглэснээр оюун ухаант хүний нийгэмд томоохон дэвшил, шинэчлэлт гарч ирсэн нээлт юм. Түүнийг үүсгэгч гол хэрэгсэл нь мод, түлээ. Зураач хүний гол багаж хэрэгсэл ч мөн мод, модон бар юм. Энэ хоёрыг хослуулж үзэсгэлэн гаргах ёстой юм байна хэмээн түлээ мод аргал нүүрс зэрэг дүрслэлүүд зүүдэнд бууж ирсэн.

Сэрээд санаж байгаагаа тэмдэглэж авсан. Тэмдэглэлүүдээ үүрээр бичиж авсан байдаг. Ингэж миний дотроо бодож явсан дотоод сэтгэлийн маань бодрол зүүд зөнгөөр дамжин ирэрхийлэгдсэн. Жилийн өмнө үзэсгэлэн маань амжилттай зохион байгуулагдсан.

Зураач, уран бүтээлч хүний мөн чанар бол бодол, бясалгал, сэтгэлгээн дээр гадаад ур чадвар, илэрхийлэл бүгд хоорондоо уялдаатай байж сайн бүтээл төрдөг. Өөрийнхөө ертөнц дотор амьтай оршино. Өөрийн дотоод ертөнц рүү өнгийнө гэдэг уран бүтээлч хүний хамгийн гол онцлог юм болов уу гэж боддог.

-Ихэвчлэн ямар үед бүтээлийн санаа төрдөг вэ?

-Бүтээлийн санаа янз янзын үед төрдөг л дөө. Бид чинь байнга л эрэл хайгуул хийж явдаг. Уран бүтээлч хүний нэг хэцүү зүйл тархи амрах завгүй ажиллаж байдаг. Амралт чөлөөт цагаараа ч үргэлж эрэл хайгуул, зохиомж хайж явдаг. Ганцаар төвлөрсөн үед бүтээлүүдийнхээ гол санааг эрж хайдаг. Алхам тутамдаа бодож бясалгаж боловсруулсны эцэст чимээгүй, нам гүм орчинд шөнийн хоёр цаг, дөрвөн цагт ч  бүтээл төрөх жишээтэй. Гол төлөв оройн цагаар суудаг. Энэ үед хүн дотоод ертөнц рүүгээ төвлөрч чаддаг.

-Бүтээлүүдээ ямар урсгал чиглэлээр бүтээдэг вэ?

-Би ямар нэгэн урсгал чиглэлд баригдах дургүй. Хүн хүсвэл юу ч хийж болно. Гэхдээ тодорхой чиглэл, урсгалаар уран бүтээлээ хийж болно. Уран бүтээлч хүний хувьд эрэлхийлэл, хайгуул хийгээд төрөл бүрийн хэв маягаар зурдаг. Тэр дундаасаа өөрийн гэсэн арга барил, хэв маягийг олж түүгээрээ илэрхийлэх нь тухайн уран бүтээлчийн онцлог. Миний хувьд өөрийн бодсон бүхнээ үндэсний урлагийн хэв шинжийг агуулж, орчин үеийн чиг хандлагаар бүтээлээ туурвихыг зорьдог. 

-Уран бүтээлч хүний хувьд бүтээл төрөх агшин дахь дотоод ертөнцөө үгээр илэрхийлвэл?

-Гал, ус гэж хэлмээр байна. Мэдээж гал ус хоёр бол харшилдана. Гал руу ус хийвэл шажигнаж тал бүрт хүчтэй оргилдог. Үүн шиг бүтээл төрөх агшинд бол гал, усны аюул, тэсрэлт мэт хүчтэй сэтгэгдэл надад төрдөг.

-Таны “20 жил” үзэсгэлэнд дэлгэгдсэн “Зэрэглээн зүүд хэмээх бүтээл саяхан дүрслэх урлагийн оны шилдэг бүтээлд бас багтсан шүү дээ. Энэ бүтээлийнхээ санааг хэрхэн олсон бэ, ямар арга техник ашиглаж бүтээсэн бэ?

-2016 онд уг бүтээл маань төрсөн. Модон бар, өнгөт модон барын холимог техникийн аргаар бүтээгдсэн. Тухайн жилдээ оны шилдэг бүтээлийн зураасан зургийн төрөлд оны шилдэг бүтээлээр тодорч байлаа. Миний хайртай бүтээлүүдийн нэг. Саяхан Германд уг бүтээл маань эзнээ олсон. Миний дотоод ертөнц маань зүүд түүнийг илэрхийлэх маань зэрэглээ адил гэсэн үзлээр бүтээсэн. Эх орондоо байлгахыг хүссэн ч харамсалтай нь хилийн чанадад байна даа. Бүтээл бүхэн нэг эзэнтэй байдаг тэр зарчмаар эзэндээ очсон.

-Норд Арт үзэсгэлэнд хэдэн жил оролцов. Тус үзэсгэлэнгийн талаар ярихгүй юу?

-Сүүлийн  үед бидний уран бүтээлийг дэмжиж гадна, дотны томоохон үзэсгэлэн финалууд, ОУ-ын чанартай арга хэмжээнүүдэд Монголын уран бүтээлчдийг оролцуулдаг, дэмжих холбоосууд гарч ирэх болсон. Миний хувьд энэ жил Норд Арт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд хоёр дахь удаагаа оролцсон. Европ болон барууны орнуудад тодорхой хэмжээнд байр суурь нь өндөрсөж байгаа, маш нэр хүндтэй, нэлээн өндөр чансаатай арга хэмжээ гэж боддог. Тус үзэсгэлэнгийн хоёр удаагийн нээлтэд очин, тэнд оролцож байгаа дэлхийн шилдэг олон уран бүтээлчидийн бүтээлийг сонирхож, Европ болон барууны орнуудын дүрслэх урлагийн хөгжлийн чиг хандлага, байр суурийг харах сайхан байдаг. Норд Арт бол Монголын уран бүтээлчид болон дүрслэх урлагт тодорхой хэмжээнд үр өгөөжөө өгч байгаа гэж боддог.

-Та хөрөг зургийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй хэмээн нэг ярилцлагадаа дурьдсан байсан. Үзэсгэлэнгээ хэзээ гаргахыг зорьж байна вэ?

-Уран бүтээлч хүн нэг хэв, нэг маягаараа уран бүтээл хийхээсээ илүү дараагийн удаа юу хийх вэ гэдгийг бодож байдаг. Хөрөг зураг бол хэцүү урлаг. Уран бүтээлч болгоны бодож байдаг, өөрийгөө сорих хамгийн хүнд төрөл. Хүн зурна гэдэг бол тийм амар биш. Төстэй бол зураад байж бол болно. Гэтэл тухайн хүний ажил мэргэжил, дотоод ертөнц, зан чанар, сэтгэл хөдлөлийг хөрөг зурганд гаргаж илэрхийлнэ гэдэг бол хэцүү. Тиймээс дотроо бодож, судалж явдаг. Тодорхой хугацааг нь хэлж мэдэхгүй байна.

 Ярилцлага өгсөнд танд баярлалаа. Ирэх онд уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд