No menu items!
HomeЭмч зөвлөж байнаГ.Батжаргал: MRSA халдварыг хатигтай андуурч, дур мэдэн “эмчилж” болохгүй

Г.Батжаргал: MRSA халдварыг хатигтай андуурч, дур мэдэн “эмчилж” болохгүй

-

Хүний биед маш олон тооны үсний хүүдий байдаг гэнэ. Бидний мэддэг хатиг нь энэхүү үсний хүүдийн хөлс, тосны булчирхайд идээт үрэвсэл үүсгэдэг нян аж. Ихэвчлэн хүний хамар, залгиур, арьсны гадаргуу дээр гардаг. Сүүлийн үед хүүхдүүд хатиг, түүнтэй төстэй идээт үрэвслээр өвдөх тохиолдол нэмэгдсэнийг эмч нар анхааруулах болсон. Одоогоос 10 жилийн өмнө багачуудын дунд арьсны идээт үрэвсэл харьцангуй бага байж. 2009 онд ЭХЭМҮТ-д гэхэд 300 орчим хүүхэд хатигтай төстэй яр шархны улмаас хандсан нь үүнийг батлах биз ээ. Гэвч Улаанбаатар хотын хүн ам өсөхийн хэрээр агаар, хөрсний бохирдол ихсэж, хүүхдийн өвчин нэмэгдэх болсныг эмч нар хэлсэн. Тэр дундаа бага насныхны дунд хатиг, буглаагаар өвчлөгсдийн тоо нэмэгдэж, жилд дунджаар 3000 гаруй тохиолдол бүртгэгдэх болжээ. Идээт үрэвсэл нь голдуу бохироос үүсдэг нянгийн халдвар аж. Өдгөө хүүхдүүдийн дунд арьсны идээт үрэвсэл MRSA гэх халдвар элбэгшээд буй юм байна. Үүнийг иргэд, эцэг, эхчүүд хатигтай андуурч дур мэдэн “эмчилж”, яр шарханд нь халдвар оруулан, өвчнийг улам хүндрүүлэх болжээ. MRSA хатигнаас ялгаатай нь хүнээс хүнд халдварладаг, бактери аж.

Саяхан нэг танилын минь хүүхдэд тодорхой давтамжтайгаар идээт гөвдрүү гарч, ээж нь хатиг хэмээн шахаж, цусанд нь бохир оруулах шахсан юм. Эмчийн зааваргүйгээр өндөр тунтай антибиотик уулгаж, хүүхдээ мөөгөнцөртүүлсэн, шархаа тэвчихгүй маажиж, арьсаа нэлэнхүйдээ гэмтээсэн хүүхэд ч цөөнгүй байна. Тиймээс бид “Урьдчилан сэргийлэх тарилга” буландаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, хүүхдийн их эмч Г.Батжаргалыг урьж, MRSA халдварын талаар ярилцлаа.

-Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаториор хатигтай төстэй идээт үрэвсэл буюу MRSA гэх халдвартай хүүхэд олноор үйлчлүүлэх болжээ. Үүний талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөөч?

-Эрдэмтэд MRSA халдварыг анх 1961 онд нээсэн байдаг. Өдгөө энэ халдвар нь метициллин, амоксициллин, пенициллин, оксациллин болон бусад антибиотикт тэсвэртэй болжээ. Сүүлийн жилүүдэд, ялангуяа хавар, намрын цагт бактерийн гаралтай идээт үрэвсэл, буглаа өвчин хүүхдүүдийн дунд түгээмэл тархаж байна. Надад үзүүлэх, зөвлөгөө авах гэсэн хүмүүсийн багагүй хувь нь энэ шалтгаанаар ханддаг. Мэдээж өдийд улирлын томуу, томуу төст өвчний дуудлага, бусад төрлийн вирусийн гаралтай өвчин ч ихсэх хандлагатай хэвээр. Түүн дотор ЭХЭМҮТ болон дүүргийн эмнэлгүүдэд идээт үрэвслээр өвчилсөн хүүхдүүд цөөнгүй байгаа гэсэн мэдээлэл авлаа. Бага насны хүүхдүүдийн дунд уг халдвар элбэг байгаа нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой. Манайд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу. Тэр хэрээр анги танхимуудын нэг хүүхдэд ногдох талбай бага, агааржуулалт бараг байхгүй, үдийн хоол, цайных нь чанартай ч холбон тайлбарлаж болно. Тоосжилт, утааны улирал эхэлсэн нь үүнд бас нөлөөлнө.

Намар ажил, сургууль эхэлмэгц эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулснаар дархлаа нь муудаж, өвчлөх үндэс болдог.

-Өвчний шинж тэмдгийг хатигнаас хэрхэн ялгаж, таних вэ?

-Шинж тэмдгийг ялгах гэхээсээ илүүтэй хүүхдэд чинь ямар нэгэн идээт үрэвсэл гарсан, арьс салст нь гүн шархалсан байвал мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах шаардлагатай. Гэтэл манайхан эмчид хандахын оронд “Фэйсбүүк” хуудсуудын гишүүдээс энэ талаар асууж, янз бүрийн эм, тосон түрхлэг дур мэдэн хэрэглэн, олны ам дамжсан аргуудыг хүртэл туршиж байгаа нь өвчнийг улам даамжруулах боллоо. Идээт үрэвсэл гарсан даруйд эцэг, эхчүүд хүүхдэдээ нэг удаад антибиотикт мэдрэг эм өгөх нь зөв юм. Энгийнээр тайлбарлавал энэ нь тухайн өвчинд аль антибиотик тохирохыг шинжлэхэд тус болно. Уг өвчин ихэнх антибиотикт тэсвэртэй болсон тул мэдрэг чанарыг нь заавал үзнэ. Түүнээс биш дур мэдэн эм уулгаж, аль эсвэл “өмхий ногоон” зэрэг янз бүрийн тос, бусад аргыг хэрэглэж болохгүй гэдгийг дахин хэлье.

Өвчний ихэнх тохиолдолд арьсанд буглаа, бага зэргийн идээт гөвдрүү нэг, хоёроор, эсвэл зэрэг гардаг. Тухайн хэсгийн арьс хавагнаж, улаан өнгийн гөвдрүү гарч, томорно. Зарим хүүхдийн залгиур орчимд идээлж, халуурна. Тиймээс шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлэгт хандахыг зөвлөе.

-Энэ халдвараар хүүхдүүд голдуу өвчилдгийн шалтгаан, ямар тохиолдолд хүндэрдэг юм бэ?

-Хүүхдийн арьс салст маш эмзэг, дархлааны систем нь бүрэн хөгжөөгүй байдагтай холбоотой. Хүүхдийн асаргаа, сувилгаа багасах төдийд дархлаа нь мууддаг тул ялангуяа хавар, намрын цагт хоол унд, аминдэмээр сайтар тордох хэрэгтэй. Адаглаад хүүхдийг тогтмол усанд оруулж, хөлөргөхгүй байх, арьс салстыг гэмтээхээс сэргийлээрэй. Хатиг, буглаагаар өвдсөн хүнтэй шүргэлцэх төдийд, хамт нэг өрөөнд байхад хүртэл халдварлах магадлалтай. Антибиотикт тэсвэртэй тул эмчлэхэд бэрхшээлтэй. Үжил, уушгины хатгалгаа, зүрх, яс, үений идээт үрэвслээр хүндрэх эрсдэлтэй.

-Насанд хүрэгчдийн дунд MRSA халдварын тархалт ямар байдаг вэ?

-Насанд хүрсэн хүн өвчлөхгүй гэсэн юм байхгүй. Ажил, амралтаа зохицуулахгүй, ядарч сульдсанаар дархлаа нь суларч, бусад өвчний суурин дээр хатиг, буглаа гарах нь бий. Өөр замаар халдвар авсан тохиолдол ч бий. Ерөнхийдөө хүүхэд гэлтгүй өөрсдөө ч дархлаагаа сайн дэмжиж, хангалттай унтаж амрах хэрэгтэй. Монголчууд ярьдаг даа, хатиг долоо дахидаг гэж. Нэг гарвал хэсэгтээ л салахгүй.

-Уг халдвар Монголд төдийгүй дэлхийд газар авч байгааг эмч нар анхааруулж байна. Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөөч.

-Дээр хэлсэнчлэн хүүхдийн дархлааг дэмжих, сайжруулах, чанартай хоол хүнс тогтмол өгч, агаарт гарган, нас насанд нь тохирсон цагаар унтуулж амрааж хэвшээрэй. Тухайлбал, 6-12 сартай хүүхэд хоногт 11-12, 1-2 насныхан 11, 5-12 настай хүүхэд 10 цаг гэхчлэн эрт, олон цагаар унтуулж амраах хэрэгтэй. Учир нь эрт унтаж, амарсан хүүхдийн бие махбодод өсөлтийн болон дархлаа дэмжих даавар ихээр ялгардаг.

Түүнээс гадна эмнэлэгт хэвтэх үед уг халдварыг авах магадлал бий тул иргэд болон эмч, мэргэжилтнүүд ариутгал, халдваргүйжүүлэлт сайн хийх, МRSA оношлогдсон тохиолдолд өвчтөнийг тусгаарладаг. Халдвар авсан дөрвөн тохиолдол тутмын нэг нь арьсны хүрэлцэж, шүргэлцсэнээр өвчилсөн байдаг тул шархыг ил байлгадаггүй. Ариун самбайгаар шархыг боож, эмнэлэгт хүргэх нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд том тус хүргэнэ. Ядаж өөрсдөөсөө шалтгаалах урьдчилан сэргийлэх эдгээр аргыг амьдралдаа хэвшүүлснээр өвдөхгүй байх боломжтой.

Тамирчдын дунд MRSA тархах магадлалтай байдаг. Тиймээс бэлтгэл сургуулилалт хийсний дараа шүрүүрт орж, биеийн болон гарын алчуураа дамжуулж хэрэглэхээс татгалзаарай.

Эх сурвалж: Unuudur.mn

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд