No menu items!
HomeМонгол брэндГ.Эрдэнэтуяа: Монгол дархны ур ухааныг дэлхийн хэмжээнд таниулна

Г.Эрдэнэтуяа: Монгол дархны ур ухааныг дэлхийн хэмжээнд таниулна

-

Энэ удаагийн “Монгол бренд” булангаараа мөнгөн эдлэл урладаг уран дархан “Сод Гоёлжин” ХХК-ийн захирал,  “Гоёлжин” брэндийн үүсгэн байгуулагч Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Та өөрийнхөө талаар товч танилцуулахгүй юу?

-Би СУИС-ийн харьяа Дүрслэх Урлагийн Дээд Сургууль төгсөөд гоёл чимэглэлийн зураач, загвар зохион бүтээгч, уран дарханы мэргэжлээр “Зоос гоёл” ХК-иас хөдөлмөрийн гараагаа эхэлcэн. Тэр үеэс хойш маркетинг, санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэн тодорхой хугацаанд ажиллаж дадлагажсан ч үндсэн мэргэжлийн ажлаа орхиогүй, уран дархан гоёл чимэглэлийн салбарт 20 жил тасралтгүй ажиллаж байна.

-Өөрийн хийдэг мөнгөн гоёл чимэглэлийн талаар ярихгүй юу?

-Манай “Сод Гоёлжин” компани “Гоёлжин” брэнд болж танигдсан эмэгтэй хүний толгойн гоёл, үндэсний болон гоёлын дээлэн дээр зүүх өргөн ба нарийн цул мөнгөн бүс, мөнгөн тоногтой арьсан бүс, мөнгөн тоногтой тэлээ, ээмэг, бөгж, зүүлт, эмэгтэй мөнгөн хөөрөг, жинхэнэ байгалийн чулуугаар хийсэн модерн загварын коллекшн зэргийг Монголын сайхан эмэгтэйчүүддээ зориулж урладаг.        

-Хэзээнээс эхэлж хийх болсон бэ? хэрхэн мөнгөн эдлэл хийж сурсан талаарх дурсамжаасаа хуваалцаач?

– Арван жилд сурч байхаас “Зоос Гоёл”-ын ХК-ны цагаан халаат өмссөн ах эгч нарын хүч хөдөлмөр, ур ухаан шингэсэн гоёмсог бүтээлүүдийг хараад сэтгэл татагддаг байв, энэ нь эцэстээ намайг дархан болох хүсэл сэдэлтэй болгосон юм. СУИС-д сурч байхад Төрийн дархан Д.Энхдаваа багш, Д.Даваасүрэн, Цэнгэнбаяр багш нар анх надад дархны ур чадварыг зааж сургаж байсан.

-Таны хийдэг бүтээгдэхүүний онцлог юу вэ? мөнгөн эдлэл хийхийн давуу тал?

Монгол дархан бүтээлээ хийхэд олон арга бий. Миний бүтээлүүд ихэвчлэн утсан сүлжмэлийн аргаар бүтээгдсэн байгаа. Бүтээлээ хийхдээ байгалийн цэвэр чулуун шигтгээгээр чимж, алт, мөнгө ашиглаж утсан сүлжмэл, хөөмөл, цутгуур зэрэг аргуудаар урладаг. Хүмүүсийн хүсэл сонирхолд нийцсэн Монгол үндэсний өв соёлыг орчин үеийн хэв загвартай хослуулан буулгасан өөрийн онцлог бүхий уран дархны гоёмсог бүтээлүүдийг урлаж байна. Би аль болох байгалийн чулууг гар аргаар засч, мөнгөн дээр суулгасан, загвар дизайн нь дахин давтагдашгүй  бүтээлийг урлахыг хүсдэг. Гэсэн хэдий ч техник технологийн дэвшил, хөгжлийн өнөө үед уг хувьсал өөрчлөлттэй хөл нийлүүлэн алхахын тулд цаашид бид 3D тоног төхөөрөмж дээр үнэт эдлэлийн загварыг хийж, олон улсын нийтлэг нийтлэг жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай, орчин үеийн үйлдвэр, худалдаа борлуулалтын газартай болох зорилго тавин ажиллаж байна.

-Таны баримталдаг зарчим юу вэ?

– Итгэл, Зүтгэл, Сэтгэл байхад бүтэхгүй ажил байхгүй. Бусдын захиалсан зүйлийг цаг хугацаанд нь багтааж, сэтгэл ханамжийг дээд зэрэгт нь нийцүүлэн урлаж өгөх ёстой. Баригдмал бус өнгөрсөн, одоо, ирээдүйн цагийг холбосон бүтээл урлах нь миний ажилдаа баримталдаг гол зарчим юм.

Захиалагчийн хүсэл сонирхолд нийцсэн хэв загварыг хэрхэн гаргадаг вэ? бэрхшээлтэй зүйл нь юу байдаг вэ?

-Бүгдийг нь төсөөлж байж л урладаг. Хэд орчим насны хүнд хийж байна гэдгээсээ хамаарч загвар нь өөр өөр байна. Залууст бол гял цял, эсвэл энгийндүү байх жишээний. Энэ яг тэд орчим насны хүнд таалагдана даа гэдэг байдлаар загвараа гаргадаг. Харин захиалга өгвөл үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж зөвлөгөө өгөөд, энэ хүнд ийм гоёл зохино доо гэж хараад, ивээл чулууг нь хүртэл асууж, зүс царай болон арьсны өнгө гээд тохирох загварыг санал болгодог юм. Эхлээд зургийг нь гаргана. Зураг загвар нь үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцвэл урлах ажилдаа орно. Ер нь хэрэглэгчийн бүх юмыг нь мэддэг байх шаардлага гардаг учраас сэтгэл судлаачийн түвшинд хүртэл ажиллах болдог. Ийм бүтээлд цаг хугацаа нэлээд шаардагддаг онцлогтой.

Мөнгөн эдлэл хийхэд хамгийн чухал анхаарах зүйл юу байдаг вэ? хийх процессийн талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Загвараа гаргахад үндэсний болон орчин үеийн загварын хэв маягийг хослуулан байнга хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд мэдрэмжтэй байх хэрэгтэй болдог. Мөнгөн эдлэл хийх олон арга хэлбэр байдаг. Нарийн ажиллагаатай бүтээлийг хийхэд олон чадвартай болох шаардлага тулгардаг. Ном, бүтээлээс хээ угалз, зураас гээд судалж үзэх зүйл их гардаг, дараа нь зураг төслийг нарийн гаргана, түүн дээрээ үндэслээд ажил эхлэнэ дээ.

Бүтээгдэхүүний зах зээлийн цар хүрээ, гадагш гаргадаг уу? Борлуулах цэг нь хаагуур байдаг вэ?

-“Гоёлжин” брэнд бараа бүтээгдэхүүнээ сошиал медиад байрлуулж суртачилдаг, захиалга авдаг. Бид улсаас зохион байгуулах үзэсгэлэн яармагт өөрийн үйлдвэрийн нэрийн бүтээгдэхүүнээ дэлгэж суртачилдаг, жишээлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Монгол уран дархан 2019” үзэсгэлэнд “Гоёлжин” брэндийн утсан сүлжмэл хийц бүхий бүтээгдэхүүнээ дэлгэж танилцуулан амжилттай оролцсон юм. Бид Монголд төдийгүй Ази, Европын зах зээлд өөрийн брэндийг таниулах, нэрд гаргах, худалдан авагчтай болохыг зорьж байна.

Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?

-Манай компани уламжлалт арга технологио орчин үеийн техникийн дэвшилттэй хослуулан, нано технологиор бүтээгдэхүүний загварыг зохион бүтээх, импортыг орлох үнэт эдлэлийн үндэсний брэнд бүтээгдэхүүнтэй болох, улмаар экспортын шинэ шугам бий болгох үндсэн зорилго дэвшүүлэн ажиллаж байна. “Гоёлжин” брэндээр дамжуулан Монгол дархны ур ухаан, нарийн нандин хийцийг дэлхийн хэмжээнд таниулах, суртачилах зорилго тавин ажиллаж байна.

О.Цэцэгсүрэн

шинэ мэдээ

I улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байна

2024 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдрөөс/2024.04.29/ иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын байгууллагаас мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралд нийт 80.5 тэрбум төгрөгийг олгохоос...

Хөтөч: Нийслэл, орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийж буй эмнэлгүүд

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний ерөнхий мэдээлэл болон аймаг, нийслэлийн хэмжээнд эрт илрүүлэг хийж буй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалтыг танилцуулж байна. ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХЭН...

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулах зөвлөмж

Ерөнхий боловсролын сургууль, багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээ нь: Эрх зүйн баримт бичгийн шинэчлэл Цахим шалгалт Үнэлгээний мэдээллийн...

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн...

трэнд