No menu items!
HomeЭмч зөвлөж байнаШ.Цэрэнсамбуу: Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинтэй холбоотой жирэмслэлт төрөх үеийн хүндрэл их болсон

Ш.Цэрэнсамбуу: Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинтэй холбоотой жирэмслэлт төрөх үеийн хүндрэл их болсон

-

“Эмч зөвлөж байна” булангийн энэ дугаарт Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч, Анагаах ухааны доктор Ш.Цэрэнсамбуутай ярилцлаа.

-Төрөх нас 20-35 байх ёстой гэж ярьдаг. Төрөлт сүүлийн үед залуужиж байгаа. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Монгол улсын нөхөн үржихүйн эрүүл мэндийн бодлого болон гэр бүл төлөвлөлтийн асуудалд төрөх, нөхөн үржихүйн хамгийн тохиромжтой нас болон төрөлт хоорондын хугацааг 20-35 насны хооронд 2-3 жилийн зайтай хүүхэд төрүүлэхэд хамгийн  тохиромжтой гэж үздэг.  

Монгол улс  төрөлт, хүн амын цэвэр өсөлтийг төрийн бодлогоор дэмждэг, төрөлт жирэмслэлтийн бүхий л асуудлыг төр хариуцдаг улс юм.

Манай улс дэлхийн бусад хөгжингүй болон хөгжиж байгаа улсуудтай харьцуулахад хүн амын цэвэр өсөлт өндөртэй. Нийт хүн амын дотор залуусын эзлэх хувь өндөртэй улс.

Монгол улсын хувьд 25-35 насны эмэгтэйчүүдийн төрөлтийн давтамж хамгийн өндөр хувьтай байна. Мөн нийгмийн шилжилтийн үетэй холбоотойгоор хожуу насны анхан төрөлт сүүлийн үед элбэг байна.

Монгол улсад 28 наснаас хойш насны анхан төрөгч эхчүүдийг хожуу насны тулгар төрөгч гэж үздэг.

Иймд анхан төрөгч эхчүүдийн хувьд хожуу насны тулгар төрөгчийн эзлэх хувь өсөх хандлагатай байна. Сүүлийн 30-аад жилд залуучууд маань сурч боловсорч, нийгэм эдийн засгийн хувьд харьцангуй боломжтой болсон үедээ гэрлэх хандлагатай болсон тул төрөх нас харьцангуй оройтох, хожуу тулгар төрөгчид элбэг байх зүйл ажиглагдаж байна. 

Социализмын үед гэрлэлт болон анхан төрөх нас харьцангуй эрт байсан.  Харин одоо үед хүмүүс өөрсдийн сурч боловсрох, бас нийгэм эдийн засгийн байдалтай холбоотойгоор хожуу гэрлэлт их болжээ.

Мөн өсвөр насны болон харьцангуй залуу насанд хүсээгүй жирэмслэлт их байгаа нь нийгэм хэт нээлттэй, хотжилт, мэдээллийн чөлөөтэй замбараагүй байгаатай, мөн өсвөр насанд бэлгийн болон ёс зүйн төлөвшлийн боловсрол олголт бага байгаатай холбоотой гэж боддог.

Өнөөдөр 17-гоос доош насны өсвөр насны жирэмслэлт болон бүртгэгдэж мэдээлэгдэхгүй байгаа үр хөндөлт байсаар байна. Өсвөр насны жирэмслэлт төрөлтийн хувьд нөхөн үржихүйн эрүүл мэндийн хувьд бүрэн төгөлдөржөөгүй, бэлгийн хоёрдогч шинж, бэлгийн бүрэн бойжилт бүрэн боловсроогүй мөн сэтгэл санааны гүнзгий хямралтай холбоотойгоор жирэмсний явц болон төрөлтийн үед гарах хүндрэлүүд түгээмэл байна.

-Хожуу төрөлт ямар эрсдэлтэй байдаг вэ. Энэ тохиолдолд юу анхаарах хэрэгтэй вэ?

-Хожуу насны анхан төрөгчдийн хувьд төрөлт кесар мэс заслаар шийдэгдэх мэс заслын төрөлтийн хувь өндөр байна. Ер нь хожуу насанд жирэмсэлж төрөхөд (35-с дээш) удамшлын болон төрөлхийн эмгэгтэй, хромосомын гажигтай хүүхэд төрөх магадлал нэмэгддэг. Иймд хожуу насанд төрж байгаа эхчүүдэд пренатал оношлогоо хийх ургийн бүтцийн болон үйл ажиллагааны гажиг эмгэг оношлох, тодорхой мэс заслын болон мэс заслын бус шинжилгээний ажилбарууд хийлгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Эхийн хэвлийд ураг 5 сартай байхаас төрлөг явагдаад шинэ төрсөн  нярайн эхний долоо хоногийг пренатал үе гэдэг. Иймд энэ үеийн ургийн эмгэгийг оношлох, пренатал эрсдэл тооцоолох, пренатал халдвар илрүүлэх, пренатал оношлогоо нь орчин үед хамгийн чухлаар тавигдах боллоо. 

Жишээлбэл: Дауны өвчин байна. Хожуу төрөх /35-с дээш насанд/ тусам дауны өвчтэй хүүхэд төрүүлэх магадлал нэмэгддэг. Энэ бол ургийн гажиг үүсгэдэг хромосомын өвчин. Ийм учраас эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрүүлэх, ургийн гаж хөгжил, удамшлийн болон хромосомын өвчин, амьдралд үл нийцэх гажигтай хүүхэд төрөхөөс сэргийлэхийн  тулд пренатал оношлогоо зайлшгүй хийлгэх  шаардлагатай.

-Эмэгтэйчүүд өөрөөрөө төрхөөс илүү кесар мэс заслаар төрөх нь их боллоо. Үүнд та ямар бодолтой байдаг?

-Сүүлийн үед кесар хагалгааны давтамж эрс нэмэгдсэн. Манай амаржих газрын хувьд 30-33 хувьтай байна. Ер нь дэлхий даяар кесар хагалгааны давтамж ихэсч байна.

Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Кесар хагалгааг эхийн болон ургийн талаас заавал мэс заслаар төрөх тодорхой заалт байж байж хийдэг. Ер нь сүүлийн үед кесар мэс заслын заалт их өргөн хүрээтэй, туйлын болон харьцангуй заалт нэмэгдсэн.

Анхан төрөлт мэс заслаар төрөхөөр давтан кесар хагалгааны тоо ихсээд нийт кесарын давтамж нэмэгдээд байна.

Мөн өнгөрсөн зууны сүүлийн жилүүдэд эх барихын гар тусламж, сонгодог тусламж үзүүлэх явдал манай эх барихын шинжлэх ухааны тэргүүн зорилт байлаа.

Харин одоо бол ургийн оношлогоо, пренатал эмгэг халдвар оношлогоог сайжруулах эхийн хэвлий дэх ургийн байдлыг бүрэн тодруулах шинжлэх асуудал хамгийн тэргүүлэх зорилт болоод байна.  Мөн халдварт өвчин, бэлгийн замын халдвар, үр хөндөлт, зулбалт, өсөлтгүй жирэмслэлт их байгаатай холбоотой эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин нэмэгдээд байна.

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчинтэй холбоотой жирэмслэлт төрөх үеийн хүндрэл, ихсийн буруу байрлал, ургийн эмгэг их болсон. Түүнчлэн ургийн халдварууд их байна. Эхчүүдийн халдварт өвчин үрэвсэлт өвчин эрхтэн тогтолцооны өвчин их байгаагаас ургийн дотоод халдвар  ихэссэн. Хүмүүс эмэгтэйчүүдийг хүсэлтээрээ кесар мэс заслаар төрөөд байна гэж ойлгодог. Манай улсад эхчүүд хүсэлтээрээ хагалгаагаар төрдөг хууль эрх зүйн акттай улс биш.

-Таныг анх ажиллаж эхэлж байх үе болон өнөөгийн төрж буй ээж нар, нярайн эрүүл мэндийн байдал хэр өөрчлөгдөж байгаа вэ?

-Хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол, мэдээлэл авах боломж их өргөн болсон.  Өнөөдөр жирэмслэлт, төрөлт, ургийн оношлогоо, эмчилгээ, орчин үеийн анагаах ухааны техник технологийн хөгжлийн талаар хүмүүсийн мэдлэг мэдээлэл эрс нэмэгдсэн.

Боловсрол өндөртэй, гадаад хэлтэй эмэгтэйчүүд залуу гэр бүл бүх мэдээлэл, эрүүл мэндийн боловсролыг гар утаснаасаа интернетээс хангалттай мэдээлэл авах өргөн боломж нээгдсэн байна. Гэхдээ нөгөө талдаа, мэдээллийн хэрэгсэл чөлөөтэй болсон учраас тодорхой хэмжээний жирэмслэлт төрөлтийн хүндрэл гарахаар маш их сенсаци болдог болоод байна. Үүнийг манай нийгэм хүмүүс жирэмслэлт төрөлтийн хүндрэл,  эх, ургийн эндэгдэл их байна ойлгодог.

Гэтэл бодит байдал манай тусламж үйлчилгээний чанар, ажлын үзүүлэлт, манай  шинжлэх ухааны хөгжил эрс сайжирсан.

Сүүлийн жилүүдэд эх нярайн эндэгдэл гэхэд эрс буурч манай улс мянганы хөгжлийн зорилтод хүрэх зорилтот түвшиндээ  амлалтандаа хүрч эхийн эндэгдэл эрс бууруулсан дэлхийн 9 орны нэг болсон. 30 жилийн хугацаанд эхийн эндэгдлийг  8-9 дахин бууруулж чадсан нь манай салбарт ажиллаж байгаа эмч эх баригч эрдэмтэн доктор салбарын бүх мэргэжилтнүүдийн хичээл зүтгэл уйгагүй хөдөлмөрийн үр шим юм.

Бид бол зорьсон хэмжээндээ хүрч , олон улсын өмнө  хүлээсэн үүргээ биелүүлсэн. Энэ бол манай мэргэжилтнүүд ЭМЯ, Засгийн газар төр засгийн бодлого шийдвэрийн үр дүн юм.

-Сүүлийн үед анхаарал татаж байгаа нэг асуудал бол ургийн гажиг. Үүний шалтгаан нь юутай холбоотой гэж боддог вэ?

Маш олон шалтгаан байна. Мэдээж хоол хүнсний бүтцийн өөрчлөлт. Байгалын гаралтай эко хоол хүнс өөрчлөгдөж нийлэг химийн гаралтай хагас боловсруулсан хоол хүнс, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн ихээр хэрэглэх болсон. Мөн орчны эрүүл ахуй өөрчлөгдөж агаар, ус, хөрсний бохирдол ихэссэн, халдварт өвчин вирус, нян, бактерийн халдвар нэмэгдсэн, байгаль дэлхийн өөрчлөлт уул уурхайтай холбоотой янз бүрийн бодис материалаар байгаль орчин бохирдсон зэрэг нь маш их нөлөөлж байна. Агаарын бохирдолтой холбоотой төрж байгаа хүүхдүүдийн 90-95 хувь тархины цусан хангамж хямралтай гэсэн оноштой төрдөг.  Харин сүүлийн жил утаа агаарын бохирдол эрс багассан нь сайшаалтай байна.

Ярилцсанд баярлалаа.

Г.ЖАРГАЛ

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд