Ж.Ганбаатар: Роснефтээс авдаг дизель түлш хоригт багтаагүй

ОХУ бензин шатахууны экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод буй. Шатахууны нөөц болон цаашид авах арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ангарскийн үйлдвэр хоёр сар гаруй хийсэн засварын ажил бүрэн дууссан. Экспортыг зогсоосон тогтоол нь энэ үйлдвэрийн засварын ажилтай холбоогүй.

Өнөөдрийн байдлаар манай улс АИ92 болон дизель түлшний 30 гаруй хоногийн нөөцтэй байна. ОХУ-аас арилжааны бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол өчигдөр гарсан, тогтоол манай яаманд албан ёсоор ирлээ.

Гэхдээ тогтоолд зааснаар Евро Азийн гаалийн кодын ангиллаар заасан зарим нэр төрлийн дизель түлшийг экспортлох боломжтой байгаа. Үүнд Роснефть компаниас манай улсад өгдөг дизель түлш багтах боломжтой гэж бид харж байна. Эцсийн шийдвэр хоёр хоногийн дараа гарна. Манай улсын авдаг дизель түлш уг хоригт багтаагүй гэж ойлгож болно.

Харин манай улсын импортолдог АИ92 авто бензин хоригт орсон байна. щОХУ дотооддоо Евро-5 ангиллын бензин хэрэглэдэг бол манай улс Евро-2-ыг авч хэрэглэдэг учраас Ангарскийн газрын тосны үйлдвэрийн Евро-2 авто бензин энэ тогтоолд хамаарахгүй байх магадлалтай. Энэ талаар хоёр хоногтоо багтаан нийтэд мэдээлнэ.

Тогтоолд Засгийн газар хоорондын комиссын гэрээтэй бол уг хоригт хамаарахгүй байх магадлалтай гэсэн үг, өгүүлбэр бий. Монгол Улсын 2023 онд байгуулсан Засгийн газар хоорондын Комиссын 24 дүгээр зүйлд заасан газрын тосны бүтээгдэхүүнийг захиалсан хэмжээгээр бүрэн нийлүүлэх арга хэмжээ авах гэсэн агуулга байгаа. Энэ хүрээнд ОХУ-тай эдгээр агуулгыг тавьж ярилцана.

Монгол Улс нийт шатахууныхаа 85-95%-ийг Роснефть компаниас импортолдог. Энэ хоригт ОХУ-ын томоохон шатахуун экспортлогч Роснефть, Газпром, Сибнефть, компани бүгд хамаарагдахгүй байх гэж харж байна” гэв.