А.Ханхонгор: Бөөр чулуужихаас сэргийлэхийн тулд шингэн маш сайн уух хэрэгтэй

0
171

УХТЭ-ийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч А.Ханхонгор бөөр чулуужих өвчний талаар мэдээлэл өглөө.

Бөөрний чулуужих өвчин талаар мэдээлэл өгнө үү. Энэ нь юунаас болж үүсдэг вэ?

– Бөөр чулуужих өвчин нь удамшлын болон халдварт өвчин биш. Харин хүний амьдралын буруу хэв маягаас шалтгаалан үүсдэг.

Хүний биеэр орж байгаа шингэн бүр бөөрөөр дамжин шүүгдэж байдаг. Тэр шээсэнд химийн болон физикийн элэментүүд хуримтлагдсаар байгаад талст талстаараа нийлж чулуу үүсэх процесс явагддаг. Тухайн чулуу нь бөөрний аль нэг аяганд үүсч ямар нэгэн тохиолдлоор “унадаг”. Өөрөөр хэлбэл, их хэмжээний шингэн уух эсвэл бөөр доргих үед бөөрөнд байгаа чулуу унана гэсэн үг.

Чулуу унах явцдаа маш хүчтэй өвдөлт өгдөг. Энэ үед байж суухын аргагаүй өвдөж өвчтөн эмнэлэгт ханддаг. Ирсэн өвчтөнүүдийн  50 хувь нь яаралтай хагалгаанд ордог, үлдсэн 50 хувь нь чулууний хэмжээ, нягтралаас хамаарч  эмийн эмчилгээнд ордог.

Сүүлийн жилүүдэд хүмүүс дархлаагаа дэмжиж байна гээд дур мэдэн витамин C, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх болсон. Эдгээр нь хүний биед байх ёстой хэмжээнээсээ их байхаар илүүдэл болно. Мөн бөөрний чулуу өвчин үүсгэх шалтгаан болж байна.

Урьдчилан сэргийлэхийн юу анхаарах хэрэгтэй вэ?

– Энэ өвчнөөр өвдөхгүй байхын тулд шингэн маш сайн уух хэрэгтэй. Мөн пицца, бургер, дарсан огурцы, шарсан төмс, түргэн хоол  гэх мэт химийн найрлагатай, удаан хадгалагддаг бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй. Түүнчлэн махны хэрэглээндээ анхаарч, нарийн ногоог түлхүү хэрэглэх хэрэгтэй. Шингэн уудаг хирнээ их хөлөрдөг хүмүүст шингэний хэмжээгээ 2 дахин нэмэх хэрэгтэй.