Г.Ган-Очир: Х.Нямбаатар сайд намайг гүтгэж, хууль бусаар яллаж, Францын шоронд хорьж байна

0
77

Франц улсын шоронд хоригдож буй иргэн Г.Ган-Очир цахимаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар намайг гүтгэж байна. Хууль бусаар яллаж, шоронд хорьж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас надтай ирж уулзсан. Францын улсын шүүх болон прокурорт хандаж, тэд асуулга тавьсан. Шүүхийн тогтоолыг нь гардуулж өгөхийг шаардсан. Ямар үндэслэлээр хорьж буй шүүхийн шийдвэр байхгүй. Тэдний зүгээс намайг удахгүй Монголд удахгүй хүлээлгэж өгнө ч гэсэн хариу хэлж байгаа. 

Францын хууль хүчний байгууллагууд миний эрхийг зөрчиж, үнэхээр хүнлэг бус хандаж байна. Таван сарын турш гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадаагүй. Ахыг маань нас барснаас хойш сарын дараа хүмүүстэй холбоо барих боломж олгож, утас өгсөн. Түүнчлэн, өөрийнхөө хүсэлтээр Францын шоронд хоригдож байгаа гэсэн бичиг хийж өгөхийг надаас шаардсан. Үүнийг шаардсан албан тушаалтныг сая наймдугаар сарын 23-нд ажлаас нь чөлөөлсөн.

Мөн эхнэрээ зодсон гэсэн шүүхийн шийдвэр надад ирээгүй. Манай эхнэр шүүх хурал дээр “Манай нөхөр надад хүч хэрэглэдэг. Хүүхдүүд болон намайг хүчээр хил гаргаж авч гарч ирсэн” гэж ярьсан. Гэтэл манай эхнэр болон хүүхдүүд миний араас долоон хоногийн дараа ирсэн. 

Францын Элчин сайдаас манай эгч миний шүүхийн шийдвэрийг гаргаж өгөхийг есөн сарын турш хүсэж байна. 2023 оны зургаадугаар сарын 25-нд намайг суллана гэсэн ч улс төрийн байдлаар би хоригдсоор байгаа. Монгол руу намайг шилжүүл гэсэн бичиг нь Францад ирсэн юм байна. Унтуулах тариа хийгээд онгоцоор аваад явдаг гэсэн” гэв.

Мөн тэрбээр “Д.Сумъяабазар БНХАУ-тай нүүрсний гэрээ хийхдээ авлигын мөнгөндөө зэвсэг авсан байж болзошгүй баримт надад байдаг. Хар машины хэргийг би гаргаж тавьсан. Олон улсын хүний эрхийн байгууллагуудаас “Г.Ган-Очир нь өөрийн улсынхаа Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа авлигын хэргийг илчилж, шүгэл үлээж байсан нь үнэн” гэсэн бичиг ирсэн. Надад худлаа ярих шаардлага байхгүй” гэсэн юм.