No menu items!
HomeХүмүүсЕлена, Брайен хоёр

Елена, Брайен хоёр

-

Хүмүүс уулзалдаж, хүмүүс танилцаж, дурлалцаж гэрлэцгээдэг. Эгэл жирийн хүмүүсийн хувьд энэ бол ердийн үзэгдэл тул нийтээр тэр болгоныг хэрэг болгон сонирхдоггүй.  

Харин олонд танигдаж алдаршсан болон гадны нэгэн энэ явдалд нэр холбогдож гэрлэх эсвэл салах бол бид бүгд л түүний хувийн амьдралынх нь шүүгч болж шуугицгаадаг юм. Алдар гавъяагүй жирийн хүмүүс мөртлөө олныг гэгээн Валентинаас ч дутахааргүй шуугиулсан үнэнч дурлалт хосын тухай нэгэнтээ  хэвлэлээс олж уншсан ер бусын тэр үйл явдал  санаанаас минь ер гардаггүй юм. Энэ хоёр хүний хайр сэтгэлийн тухай Уншигч авгай Танаа тоймлон хүргэсү

 Үнэнч хайр дурлал гэдэг агуа их хүчтэй агаад тэн хэмжээ гэж үгүй.

Баярлах бахархах, харамсах хардах, зовж шаналах сэтгэгдэл төрүүлдэгч ч хайрын хүчээр түүнийг давж чадах тэвчээр хүн бүрт хүртээдэг ид шидтэй. Дурлах хувь тавилан хэнийг ч үл тойрох агаад хэрэв хэн нэгэн хайр дурлалтайгаа учирваас хорвоод хамгийн аз жаргалтай, олохгүй бол үргэлж гуниж, шаналж явах ажгуу. Хөхөндөө цадаагүй хурга, төлөг болтлоо майлдаг гэж хуучны үг байдаг шүү дээ, яг л түүн шиг. Хайр дурлалтайгаа учирч, мэдэрч, ямарч хариу нэхэлгүй бүхнээ зориулдаг нь хүн төрөлхтний хамгийн ховор нандин шинж чанар юм. 

1939 оны намрын адаг сар дундаа орж Орос оронд аль хэдийнээ хөхөө өвлийн хүйт нөмөрсөн үе байлаа.  Калинин мужийн Глухова тосгонд үл ойлгогдох гадаад бичигтэй нэгэн жижиг онгоц |аероплан| бууж дотроос нь гадаад дүр төрхтөй нэгэн эр гарч ирээд тосгонынхонд хандан

-Энд Елена Галиус гэж эмэгтэй бий юу гэж халтар хултар орос хэлээр асууж байна гэнэ шүү. Энэ бол таван жил авааль эхнэрээ олж уулзаж чадаагүй яваа англи эр Брайен Гровер гэгч байлаа. Тосгоныхноос хэн ч түүнд хариу хэлж чадсангүй, мэгдэн сандарч, юуны түрүүнд цагдаад мэдэгдэн тагнуул хэмээн баривчлав. Ингэж капиталист Гровер, Зөвлөлт социалист холбоот орос улсын дархан хилийг зөрчсөн хэргээр Лубянка-д дор хаяж арван жилийн ял эдлэх болов.

Глухова хэмээх нэртэй дүлий, бөглүү энэ тосгонд төвийн шуудан сарын зайтай ирдэг атал, гадаадын онгоц шууд ирж буусан нэг талаас маш хариуцлагагүй бөгөөд нөгөө талаас  сонин, хачин үйл явдал болж ам дамжин яригдсаар төдөлгүй хоёр гүрний дээд түвшинд Английн ерөнхий сайд Чемберлин, СССР-ийн КГБ-гийн дарга Лаврентий Берия нар эл хэргийг хяналтдаа авчээ

Елена Галиус Глухова тосгонд 1896 онд орос тариачны гэр бүлд, Брайн Гровер 1901 онд Английн Фолгстоне тосгонд англи тариачны гэр бүлд төрж, үйлийн үрээр учрах тавиланд заяагдсан эгэл жирийн гаралтай энэ эр эм хоёр Грозный-д анх учирсан юмсанж.

Елена залуудаа хижгээр өвчлөж гинекологч эмч Рогозин түүнийг эмчлэн энэ аюулт өвчнөөс аварсан юмсанж. Гарцаагүй үхлээс аврагдсан Елена Рогозиноос олон дүү боловч ачийг нь санаж түүнтэй гэрлэн нэг гэрт оржээ. Рогозин хижиг өвчний тухай лекц уншдаг, эхнэр Елена нь гэрийн эзэгтэй болон амьдарлаа залгуулж байв.

Рогозин нэг удаа лекц уншиж байхдаа  бохир заваан, бөөстөй чеченчүүдээс энэ хижиг өвчин гардаг гэж хэлснийг нь үндэстний дээрэнгүй үзэл |шовинизм| хэмээн үзэж түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ингээд Рогозин шоронд орох болоход тэрээр авааль эхнэрээ, ажил төрлөө, орон гэрээ орхиод ор сураггүй оргоод алга болж өгчээ.

Елена гэртээ ганцаар үлдэн эр нөхрөө хүлээж суусаар бүр цөхрөнгөө барж, өлбөрч үхэхгүйн тулд Грозный хотын эмнэлэгт өдрийн хоол олж идэхээр сайн дурын ажилчнаар орсон байна. Энэ үеэр АНУ-аас хоёрдугаар дайны холбоотон СССР улсад туслах зорилгоор Грозный-д дэлхийд толгой цохих газрын тос боловсруулах үйлдвэр барихаар хоёр инженер ирсний нэг нь Брайен Гровер байлаа. Ингэж Брайен, Елена хоёр танилцаад удаагүй байтал Брайены Орост байх визийн хугацаа дуусчээ.

Иймээс тэд хамт Москва-д ирж гэрлээд Брайен эргэж ирэхээр, хайрт эхнэр Еленагаа орхин нутаг буцав. Үүний дараа түүнд Орост ирэх, Елена-д Англид очих виз хэн хэнд нь олдсонгүй таван жил болжээ.

Цөхрөнгөө барсан Брайен Гровер Англи дахь бүх эд хөрөнгөө зарж жижиг аероплан худалдаж аваад Амстердам, Бремен, Гамбург, Стокгольм, Москва тэндээс Глухова тосгонд бууснаар дээр хэлснээр тэр дороо баривчлагдан Лубянка-д хүргэгдсэн нь ийм учиртай юмсанж.

Брайен Гровер шоронд байхдаа долоо хоногт хоёр,  жилд 104 удаа хайрын захиа Елена-д бичсэн байна. Нэг жлийн дараа Москва хотын шүүх Брайен Гроверийг мянган рублээр торгоод хэргийг хүчингүй болгосноор түүнээс хойш Елена Брайен хоёр үргэлж хамт байж үр хүүхэдтэй болон Англи, Танзани, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэгт амьдарч байгаад 1990 онд Елена 96 насандаа, 1991 онд Брайн 90 насандаа, нэг өдөр хорвоог орхисон гэдэг. Үнэнч хайр дурлалт жирийн  хоёр хүний бодит амьдрал нь олонд гайхагдсаар түүх болон үлдсэн энэхүү үйл явдлын тухай  хайр дурлалдаа үнэнч яваа залуу, хөгшин хэнд нь ч болов  Валетиний өдрийн  бэлэг болгон  өргөмүү. Хайр дурлалд насны хязгаар үгүй билээ.

   Найдансүрэнгийн  Бадарч

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд