Н.Ариун-Эрдэнэ: Хоёр наснаас хүүхдийн өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ нь хүчтэй илэрдэг

Хүүхдийн үүрэг хариуцлагын талаар сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнийн өгсөн чухал зөвлөгөөг хүргэж байна.

Хүүхэд хэдэн наснаасаа бие хүн болдог вэ?

Хүүхэд хоёр наснаасаа эхлэн хүйсийн ялгаагаа мэддэг болж, өөрийгөө бие хүн гэж мэдэрдэг бөгөөд өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ нь хүчтэй илэрдэг. Хүүхэд өөрийгөө бие хүн гэж мэдрэхийн хэрээр аливаа зүйлийг өөрөө хийх гэсэн хүсэлтэй болдог. Мэдээж олон зүйлийг хийх гэхээр хүүхдэд туршлага дутагдана. Яг ийм үед нь аав, ээжүүд хүүхдээ дэмжих биш “Чи чадахгүй, чиний чаддаг гэж юу байсан юм” гэх мэтээр загнаж, бүхнийг өмнөөс нь хийдэг. Мөн хариуцлага огт хүлээлгэдэггүй.

Хүүхдэд үүрэг хариуцлага оноох нь ямар ач холбогдолтой вэ?

Хүүхдээ ямар нэг зүйлийг хийх гэхээр л боль чадахгүй, дутуу хийлээ, заваан хийлээ, том болсон хойноо хий гэх мэтээр загнах нь хүүхдэд өөрийгөө мэдэрч, илэрхийлэхийг хүсэж байгаа тэр зүйлд нь муугаар нөлөөлж байдаг. Мөн аливаа зүйлийг хийх хүсэлгүй болж, туршлага мэдлэггүй нэгэн болж хүмүүждэг. Өөрөөр хэлбэл хүүхэд би чадахгүй юм байна гэсэн бодол төсөөллийг авч бие хүн байхаа больж, эргээд аав ээжийнхээ хамааралд орж эхэлдэг. Ингэснээр хүүхэд өөрөө юм хийх хүсэлгүй бусдаар шийдүүлдэг, хойш суудаг, өөртөө итгэлгүй болдог.

Хүүхдэд үйлдэл төлөвших нас гэж байдаг. Энэ нь 2-7 нас бөгөөд энэ үед хүүхэд сурахгүй бол үүнээс хойш таны хэлдгээр залхуу, зохион байгуулалтгүй болно. Та бага насанд нь чиний чадна гэж юу байсан юм гэж хэлсэн учраас хүүхэд чадахгүй гэж хэлэх нь зөв.

Хариуцлага хаанаас эхэлдэг вэ?

Хоёр настайгаасаа л хүүхэд тоос арчих гэж загалтуулах, аяга угаах гэж хагалж,  аливаа зүйлийг өөрөө хийх гэж зүтгэнэ. Энэ үед нь түүнийг дэмжиж, урамшуулаарай. Тэгж чадвал хүүхдийн өөртөө итгэх, хариуцлагатай, идэвхтэй, санаачлагатай байх суурь нь тавигдана. Аль болох урдуур нь орохгүй байж, хүлээцтэй хандаж, дэм өгөн, урамшуулж хамтран хийх  хэрэгтэй.

Тоглоомоо хураах, хувцсаа өмсөж, тайлж эвхэж хураах, аяга тавгаа хураах, өөрөө хоолоо идэх, оймс, дотуур хувцсаа өөрөө угаах, цүнхээ өөрөө үүрэх, өөрөө алхах гэх мэтийг хийлгэх нь зүйтэй.

Хүүхэд багаасаа насандаа тохирсон үүрэг хариуцлага хүлээж сурах хэрэгтэй. Гэрийн ажилд болон бусдад туслах, хүн бүр өөр өөрийн гэсэн үүрэг хариуцлага хүлээдэг гэсэн ойлголтыг өгөх нь түүнийг өөрөө өөртөө итгэх, өөрийгөө үнэлэх, өөрийн хүчиндээ итгэх, бусдыг хүндлэх гэсэн маш чухал хандлага, төлөвшлийг бий болгодог.