Б.Ариунхишиг: Уушгины хатгаа бүрэн эдгэхэд сар орчим болдог

Уушгины хатгалаагаар өвдөөд, эмчлүүлсний дараа анхаарах зүйлсийн талаар ЭХЭМҮТ-ийн АЭЭСТ-ийн эрхлэг Б.Ариунхишиг мэдээлэл өглөө.

Уушгины хатгалаагаар өвдөөд, эмнэлэгт эмчлүүлсний дараа юу анхаарах вэ?

Эмнэлэгт хэвтээд гарч байгаа хүүхдүүдийн хувьд анхаарах гол зүйл нь асаргаа, сувилгаа. Эмнэлэг бол хурц үеийг нь дарж өгөөд өрхийн эмчийн хяналтад гаргадаг. Уушгины хатгааг 5-7 хоног эмнэлэгт эмчилдэг. Үүнийг хүмүүс манай хүүхдийн хатгаа эдгэчихсэн гэж ойлгоод байдаг. Үнэн хэрэгтээ, уушгины хатгаа бүрэн эдгэхэд сар орчим болдог. Ямар нэг байдлаар хавсарсан эмгэгтэй, архаг өвчтэй хүүхдийн хувьд хатгаа эдгэх хугацаа үүнээс ч удаан байдаг.

Манайхан тав хоног эмнэлэгт хэвтүүлчхээд эмийг нь өгөөд буцаад цэцэрлэгт нь явуулчихдаг. Гэтэл хүүхдийн дархлаа бүрэн сэргээгүй, дараагийн халдварт өртөхөд бэлэн байдаг. Томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор орчилд олон төрлийн вирус байна. Нэг вирусээр өвдөөд хүүхдийн дархлаа суларчихсан байхад дараагийн вирусээр өвдөх эрсдэлтэй. Тиймээс асаргаа чухал.

Гэрийн нөхцөлд ямар асаргаа хийх вэ?

  • Эрт унтуулж амраах хэрэгтэй. 21-22 цагийн хооронд орондоо орсон байна.
  • Мөн дэлгэцээс хол байлгана.
  • Илүү тэжээллэг хоол өгнө. Гэхдээ эмчийн заавраар хооллох хэрэгтэй. Учир нь харшлын суурьтай хүүхэд харшил төрүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэвэл улам дордох эрсдэлтэй.
  • Шингэн бүлээн зүйлийг ердийн хэмжээнээс 2-3 дахин их уулгах шаардлагатай.