No menu items!
HomeДэлхийЖо Байден: Польшид унасан пуужинг Оросын талаас харвасан гэхэд одоогоор эргэлзээтэй байна

Жо Байден: Польшид унасан пуужинг Оросын талаас харвасан гэхэд одоогоор эргэлзээтэй байна

-

ОХУ-д үйлдвэрлэсэн пуужин Польшийн зүүн хэсгийн нэгэн тосгоны газар нутагт тусаж, тариан талбайд ажиллаж байсан хоёр польш иргэний аминд хүрсэн явдал олон улсын анхаарлын төвд ороод байна. Одоогийн байдлаар пуужинг хаанаас харвасан, пуужин яагаад Польш улсын нутаг дэвсгэрт унасан тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа юм.

CNN агентлагаас мэдээлснээр пуужин Польшийн Прзеводов мужид унасан бөгөөд пуужин унах мөчид ОХУ Украины хотууд руу олон тооны пуужин харваж байсан гэнэ. Тодруулбал Украины баруун хэсгийн Львов мужид л гэхэд Оросын талаас 13 далавчит пуужин харвасан бөгөөд ихэнхийг нь замд нь тосч устгасан гэж Украины талаас мэдээлээд байгаа юм. Тиймээс пуужин харвасан ОХУ, тэдгээрийг нь амдан сөнөөх пуужин харвасан Украины альных нь талаас энэхүү Польшид туссан пуужинг харвасан болохыг тогтоохоор Польшийн тусгай алба болон НАТО-гийн тусгайлан томилсон шуурхай комисс ажиллаж байгаа аж.

Үйл явдлын хүрээнд Польш улсын Ерөнхий сайд Матеуш Моравецки Польшийн Үндэсний Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулсан байна. Хурлын хүрээнд тэд цэргийн бэлэн байдал зарласан юм. Харин ОХУ-ын зүгээс болсон явдлыг “санаатай өдөөн хатгалга” хэмээн тодорхойлж, тэдний зүгээс Украин-Польшийн хилийн ойролцоо бүсийг онилон ямар ч дайралт хийгээгүй гэдгээ мэдэгдсэн юм. Үүгээр ч зогсохгүй, Оросын талаас дэлбэрэлтэд Украин улсыг буруутгаж, тус улсын төрийн хэвлэлээс Оросын пуужингууд Польш улсын нутаг дэвсгэрт хүрэх хүчин чадалгүй харин Украины хэвийн бус ажиллагаатай S-300 загварын пуужингийн систем Польш хүрэх боломжтой гэж мэдээлжээ.

Хэрэв пуужинг ОХУ-аас харвасан нь тогтоогдвол, Польш улс НАТО-ийн Дөрөвдүгээр зүйлийг идэвхжүүлж, улмаар НАТО-ийн гишүүн орнууд нэгдсэн хариу арга хэмжээ аван дайны цар хүрээг улам тэлэх эрсдэлтэй юм.

1949 онд байгуулагдсан тус эвслийн гэрээний дагуу ийм тохиолдолд гэрээний Дөрөвдүгээр заалтыг хэрэгжүүлэх ёстой. Дөрөвдүгээр заалтын дагуу НАТО-гийн гишүүн орнууд аль нэг гишүүнийх нь аюулгүй байдал хөндөгдсөн тохиолдолд улс төрийн шийдвэр гаргах дээд байгууллагадаа асуудал оруулж, хэлэлцүүлдэг. Хэрвээ эндээс шийдвэр гарвал Тавдугаар заалтыг хэрэгжүүлдэг юм. Энэ заалтад НАТО гишүүн орноо гадны халдлагаас хамтын хүчээр хамгаалах тухай заасан байдаг ажээ. НАТО байгуулагдсан цагаасаа хойш гэрээний Тавдугаар заалтаа долоон удаа хэрэгжүүлж байсан гэнэ.

Өнөөдөр Индонезийн Балид эхэлж буй “Их-20”-ийн удирдагчдын чуулган дээрх хэрэг явдлаас болж яаралтай төлөвлөгөөгөө өөрчилсөн байна. Мөн өдөр хийхээр төлөвлөж байсан Япон, Их Британийн удирдагчдын уулзалтыг түр хойшлуулжээ.

Энэ хэрэг явдалтай холбогдуулан АНУ-ын талаас “Их-7”-гийн бүлгийн удирдагч нарын шуурхай хурлыг зарласан бөгөөд Цагаан ордны нэрлэснээр “яаралтай дугуй ширээний уулзалт”-д “Их-7”-ийн удирдагчдаас гадна Европын холбоо, Испани, Нидерландын удирдагчид нэгджээ. Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын удирдагчид дээр Европын комиссын дарга Урсула фон дер Лейен, Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте нэмэгдсэн энэхүү хуралдааны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэл хийхдээ, “Польшид унасан пуужинг Оросын талаас харвасан гэхэд одоогоор эргэлзээтэй байна. Хоёр хүний амийг авсан уг хэргийг мөрдөн шалгах ажилд Польш улсад дэмжлэг үзүүлнэ. Урьдчилж авсан мэдээлэл зөрчилдөж байна. Би шалгалтын дүгнэлтийг эцэслэн гарах хүртэл энэ тухай яримааргүй байгаа ч пуужингийн нислэгийн траектор Оросын талаас биш байх магадлалтай байна. Гэхдээ ямар дүгнэлт гарахыг харцгаая“ гэсэн байна.

НАТО-гийн орнууд, тэр дундаа АНУ пуужин харвасан бурууг одоогоор хэн нэгэнд өгөхийг урьтал болгохгүй байна.

Тухайлбал АНУ-ын гурван албан тушаалтан мэдэгдэлдээ, “Урьдчилсан дүгнэлтэд үндэслээд Оросын агаарын довтолгооны эсрэг Украины талаас харвасан пуужин Польшид унасан байх магадлал өндөр байна” гэж мэдэгдсэн байна. ОХУ нь өчигдөр орой Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд агаараас цохилт өгч, 80 гаруй пуужин харвасан юм.

Удирдагчид Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нартайгаа утсаар ярьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак нар Польштой холбоо тогтоогоод байна. Жо Байден НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй мөн утсаар ярилцсан хэмээн Си Эн Эн мэдээлжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский өчигдөр Оросын талаас нийт 85 пуужин харвасны ихэнх нь тус улсын олон хотын эрчим хүчний байгууламжуудад туссан тухай мэдээлсэн байна. Тэрбээр энэ үйлдлийг “Их 20”-ийн гишүүн орнуудын нүүрийг алгадсан” хэрэг гэж тодорхойлсон юм.

Харин ажиглагчид мягмар гарагийн агаарын цохилт нь Херсон хотыг Украины талд алдсантай холбоотой Кремлийн эрх баригчдын уур бухимдлын илрэл гэж дүгнэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш пуужин Польшийн нутаг дэвсгэрт унасан тухай мэдээг хүлээж аваад “маш их” санаа зовж байгаагаа мэдэгджээ. “Украины дайныг өргөжүүлэхээс зайлсхийх нь өнөөдөр маш чухал юм” гэж НҮБ-ын хэвлэлийн албаны дэд төлөөлөгч Фархан Хак мэдэгдсэн байна.

шинэ мэдээ

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид...

Монгол болон Их Британи улс ховор металлын чиглэлээр хамтран ажиллах баримт бичиг байгуулжээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.  Айлчлалын эхний өдөр буюу өчигдөр...

Эрт илрүүлэх үзлэгийн багцад дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн насны багцуудад багтсан үзлэг, оношилгоо, шинжилгээ болон товлолт хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулж байна. Та өөрийн тохирох насны багцад 2 жилдээ...

трэнд