No menu items!
HomeДэлхийЖо Байден: Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл бид зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой

Жо Байден: Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл бид зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой

-

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж сүрдүүлсэн нь Хүйтэн дайны үеийн Кубын пуужингийн хямралаас хойших “Армагеддон”-ы эрсдэлийг хамгийн өндөр түвшинд авчирсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв. Сүүлийн өдрүүдэд Украины арми байлдааны талбарт амжилттай урагшилж, Оросын цэргийн хүчний хяналтад байсан олон арван хот, сууриныг чөлөөлөөд байгаа.

Тэгвэл эсрэгээрээ Оросын зэвсэгт хүчний бүтэлгүйтэл нь Кремлийн холбоотнуудын зүгээс хатуу шүүмжлэл дагуулаад байна. Украины Херсон мужид Оросоос томилогдсон захиргааны орлогч дарга Кирилл Стремоусов Оросын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгуг “офицер хүнийхээ хувьд өөрийгөө буудвал таарна” гэж мэдэгдсэн байна. Харин Байден Орос ялагдаад ирэхээр Путин цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй гэж хэлээд, үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, ЗХУ-ын удирдагч Никита Хрущев нарын 1962 онын Кубын цөмийн хямралаас хойших хамгийн том эрсдэл гэж нэрлэв.

Тэрээр Нью-Йорк хотноо “Кеннеди болон Кубын пуужингийн хямралаас хойш бид Армагеддоны эрсдэлтэй тулгараагүй байсан. Харин одоо бидэнд Кубын пуужингийн хямралаас хойш анх удаа цөмийн зэвсгийн шууд аюул заналхийлж байна. Путин цөмийн зэвсэг хэрэглэвэл бид зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Тийм учраас В.Путин дэлхийг цөмийн дайн буюу Армагеддон руу түлхэхийг хүсэхгүй гэж найдаж байна” гэж мэдэгджээ.

“Путин тактикийн цөмийн зэвсэг, биологийн болон химийн зэвсгийг ашиглах боломжийн талаар ярихдаа хошигноогүй. Учир нь түүний арми мэдэгдэхүйц муу амжилт үзүүлээд байна” гэж Байден хэлэв. Орос улс алсын тусгалтай стратегийн зэвсгээс илүү тактикийн цөмийн зэвсэг буюу байлдааны талбарт ашиглах боломжтой ойрын тусгалтай зэвсэг байршуулах болов уу гэж шинжээчид таамаглаж байгаа. Харин Байден аль ч пуужинг ялгаагүй гэж үзэж байна. “Тактикийн цөмийн зэвсгийг ашиглахад хялбар хэдий ч Армагеддон үүсэхгүй байх боломжтой гэж би бодохгүй байна.”

Путин өнгөрсөн долоо хоногт Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэсэн бөгөөд Оросын нутаг дэвсгэрийг хамгаалахын тулд цөмийн зэвсгийг оролцуулан шаардлагатай бүх арга хэрэгслийг ашиглахаа мэдэгдсэн. Тэгвэл Зеленский Австралийн “Lowy” институтэд хэлсэн үгэндээ Оросыг цөмийн зэвсэг хэрэглэхээс сэргийлэхийн тулд НАТО урьдчилан сэргийлэх цохилт өгөх ёстой гэж мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг тайлбарын хариуд “урьдчилан таамаглах аргагүй, аймшигтай үр дагавартай дэлхийн дахиныг хамарсан дайн эхлүүлэхийг уриалж байна” гэж буруушаав. Харин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Зеленскийгийн хэлсэн үг “тусгай ажиллагаа явуулах нь зөв байсныг баталж байна” гэжээ.

ОХУ-ын 700 мянган иргэн эх орноо орхин гарчээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн цэргийн дайчилгаа  зарласнаас хойш 700 мянган иргэн ОХУ-ыг орхин гарчээ. Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд 600-700 мянган иргэн эх орноосоо дайжсан байна. Дайчилгаа зарласны маргаашаас буюу есдүгээр сарын 22-ны 08:00 цагаас есдүгээр сарын 29-ний 08:00 цаг хүртэлх хугацаанд манай улсад л гэхэд ОХУ-ын 6,268 иргэн орж ирсэн бол 1,107 иргэн буцаж гарсан талаар мэдээлж байв.

Казахстаны Дотоод хэргийн сайд Ахметжанов Марат Муратовичийн мэдээлснээр есдүгээр сарын 21-нээс хойш ОХУ-ын 200 мянган иргэн тус улс руу нэвтэрч, 147 мянган хүн гарчээ. Харин Гүржийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр өдөрт дунджаар 10 мянга, долоо хоногт 53 мянга гаруй ОХУ-ын иргэн тус улсын хилээр орж ирж байгаа нь есдүгээр сарын 21-нээс өмнөх үетэй харьцуулахад 40-45 хувиар өсчээ.

Харин ЕХ-ны орнуудад зорчсон ОХУ-ын иргэдийн дийлэнх нь визгүй зорчдог Финланд болон Эстони руу нэвтэрсэн байна. Гэвч өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн шөнө дундаас эхлэн Финланд улс Оросын жуулчдад хилээ хаах шийдвэр гаргасан юм. Ингэснээр Польш, Эстони, Латви, Литва улсуудтай адил Финланд улс мөн хөршийнхөө жуулчны визтэй иргэдийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй болсон билээ. Гэхдээ Финландад амьдардаг төрөл төрөгсдөдөө зочлох, ажиллах, суралцах зорилгоор виз авсан Оросын иргэдийг хилээрээ нэвтрүүлсэн хэвээр байх ажээ. Европын Холбооны гишүүн орнуудаас Финланд улс ганцаараа Оросын жуулчны визтэй иргэдэд нээлттэй байсан. Энэхүү шийдвэрийг урьдаас төлөвлөсөн байсан тул өөрчлөхгүй хэмээн Финландын гэж эрх баригчид мэдэгдээд буй.

Рамзан Кадыров: Өсвөр насны хөвгүүдээ цэргийн тусгай ажиллагаанд оролцуулна

Чечений удирдагч Рамзан Кадыров өчигдөр буюу даваа гарагт өөрийн өсвөр насны гурван хүүгээ цэргийн ажиллагаанд оролцуулна гэж мэдэгджээ. Түүний гурван хүү  14, 15, 16 настай боловч цэргийн бэлтгэл нь аль эрт, багаасаа хангагдсан гэсэн байна. “Ахмат, Эли, Адам нар тусгай цэргийн ажиллагааны бүсэд ур чадвараа ашиглахад бэлэн байгаа бөгөөд би огт тоглоогүй” гэж Чечений удирдагч телеграм хуудаснаа бичжээ.

“Тэд жинхэнэ тулалдаанд өөрсдийн үнэ цэнийг харуулах цаг нь болсон. Тэдний хүслийг хүлээж авахаас өөр арга надад байхгүй. Удахгүй тэд фронт руу, байлдааны шугамын хамгийн “хэцүү” хэсгүүдэд очих болно” гэж Кадыров онцлон тэмдэглэв. Кадыровын хэлснээр, түүний хөвгүүд төрөл бүрийн зэвсэгтэй харьцах, ямар ч зайд ашиглах аргад суралцахын зэрэгцээ үндсэн онолыг судалж байгаа ажээ.

Эх сурвалж: TASS

Г.Жаргал
Г.Жаргал
Zaag.mn сайтын редактор

шинэ мэдээ

Өөх соруулах мэс заслын үед хүний амь хохироосон хэргийг 5 жилийн дараа шийдвэрлэжээ

"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алдсан. Хан-Уул дүүргийн прокурорын газраас...

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг. Энэ дагуу...

Англи хэлний сургалтад зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлэхээ Их Британийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Гадаад...

ЦЕГ: Өмгөөлөгч Г.Батбаярыг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна

"Иргэн Г.Батбаяр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны дөрөвдүгээр сарын 22-нд бүртгэгдсэн. Түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна. Уг хүнийг харсан, тааралдсан...

трэнд